Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

 2022         5            19                                    2022/ШЦТ/186

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э

улсын яллагч Г.Э

хохирогч Б.Ц,

шүүгдэгч У.Т, түүний өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Т-т холбогдох эрүүгийн 2225000000194 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, У.Т

Шүүгдэгч У.Т нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны байрны 408б тоот өрөөнд нэвтэрч Б.Цын өмчлөлийн “HP i-5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч У.Т мэдүүлэхдээ “...Тухайн үед би оюутны байрны 402в тоотод амьдардаг байсан. Аав жолооны курсын мөнгө өгснийг хоолны мөнгө олчих зорилгоор тоглоод алдсан, тухайн өдөр  тоот өрөөнд 00 цаас хайж орсон боловч өрөөнөөс гарахад нөүтбүүк харагдахаар нь аваад гарсан, би бооцоотой мөнгө олдог тоглоом тоглосон юм.” гэв.

хохирогч Б.Ц мэдүүлэхдээ ...2022 оны 3 дугаар сарын 22-ны шөнө 02.30 цаг болтол шалгалтандаа бэлдсэн, өглөө 09.00 цагт шалгалттай байсан тул сургууль орсон. Өдөр 14.40 цагийн үед компьютер дээр юм хийх гэтэл компьютер байхгүй байсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Ц-ын “...Би өөрийн зөөврийн компьютерыг хүлээн авсан байгаа, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Миний хохирлыг бүрэн гүйцэт барагдуулж намайг хохиролгүй болгосон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

гэрч Б.У “...би У.Тийн аав нь байгаа юм, У.Т Орхон аймаг Баян-Өндөр сум “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн барилгын инженерийн 1 дүгээр курсын оюутан. Би 2022 оны 3 дугаар сард “жолооны сургалтанд суугаарай” гээд 500.000 төгрөг явуулсан, миний явуулсан 500.000 төгрөгийг тоглоом тоглоод үрчихсэн байсан, би тухайн үед “жолооны мөнгөө өгсөн юм уу, баримтаа үзүүл” гэж хэлтэл мөнгөө үрчихсэн байсан болохоор айснаасаа болоод оюутны дотуур байрнаасаа зөөврийн компьютер хулгай хийгээд 600.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газар тавьсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч С.Э ...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нүдний шилтэй урт үстэй жаахан хүүхэд, нэрийг нь Төгөлдөр гэж байсан байх, ах нь гээд нэлээд настай эрэгтэй хүнтэй орж ирээд, нөүтбүүк 20 хоногоор барьцаалан 600.000 төгрөгөөр тавьсан. Эхлээд ганцаараа орж ирээд нөүтбүүк тавих гэсэн юм гэхээр нь насанд хүрээгүй байхаар нь би авахгүй гэж хэлээд гаргасан, хэсэг хугацааны дараа хөгшин хүн дагуулаад “манай ах” гэж орж ирсэн. 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Төгөлдөр өөрөө нөүтбүүкийг авсан, авахдаа 654.000 төгрөг тушаагаад аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

У.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн...оюутны дотуур байрны 402в тоотод амьдардаг. Манай сургууль 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс жолооны курсын сургалтанд суух хүмүүсээс бүртгэл авч эхэлсэн бөгөөд би тухайн үед жолооны курст суралцахаар төлбөр болох 400.000 төгрөгийг аав, ээжээсээ аваад уг мөнгөө цахим 1хBet мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан. Тэгсэн аав маань “жолооныхоо мөнгийг өгсөн үү” гэсэн, “өгсөн” гэсэн чинь “баримтаа явуул” гэж орой болгон асуугаад байсан. Тухайн үед “мөнгө яаж олох уу” гэж бодон явж байсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед хажуу талын эмэгтэйчүүдийн 408б тоот Цээлхам эгчийн өрөөнд ороод 00 цаас хайж байтал ширээн дээр нь i-5 зэрэглэлийн HP брэндийн саарал өнгийн зөөврийн компьютер байхаар нь өөрийнхөө хар өнгийн цүнхэнд хийн хулгайлан авч гараад Уурхайчин багийн нутаг дэвсгэр Уртцагааны зүүн талын үзүүрт байрлах “Smart” барьцаалан зээлдүүлэх газарт тавих гэтэл “21 нас хүрээгүй хүнээс эд зүйл авахгүй” гэсэн. Би тэгэхээр нь уг ломбарднаас гараад Уртцагааны гудамжаар алхаж явсан 40 гаран насны эрэгтэй хүнээс “мөнгөний хэрэг гараад байна, миний компьютерыг ломбарданд тавиад өгөөч” гэж гуйтал “ах нь чамд тусалъя” гэж хэлээд тухайн ломбард ороод 600.000 төгрөгийн барьцаанд тавьж өгөхөөр нь уг мөнгөөр жолооны курсын төлбөрийг төлсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

“...яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан тул нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

хохирогч Б.Ц-ын “...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны байрны 408б тоотоос өөрийн А5 10 зэрэглэлийн HP брендийн зөөврийн компьютер алдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

хохирогч Б.Ц-ын өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-622/3361 дугаартай “...HP i-5Notebook зах зээлийн дундаж ханш 2.190.000 төгрөг” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

У.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн зохион байгуулагчийн “Ам бүлийн тодорхойлолт”, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34, 37, 38, 39 дэх тал/,

Smart” сүлжээ ломбардын барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ /хавтаст хэргийн 40 дэх тал/,

хохирогч Б.Цын гаргаж өгсөн “BSBкомпьютер баталгаат үйлчилгээний карт, НӨАТ-ын баримт /хавтаст хэргийн 41, 42 дахь тал/,

хохирогч Б.Ц HP i-5” загварын зөөврийн компьютерыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн У.Төөс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч У.Тийг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч У.Т нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны байрны 408б тоот өрөөнд нэвтэрч Б.Цын өмчлөлийн “HP i-5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Б.Цын “...Би өөрийн зөөврийн компьютерыг хүлээн авсан байгаа, ...миний хохирлыг бүрэн гүйцэт барагдуулж намайг хохиролгүй болгосон.” гэх,

гэрч Б.У “...2022 оны 3 дугаар сард “жолооны сургалтад суугаарай” гээд 500.000 төгрөг явуулсан, миний явуулсан 500.000 төгрөгийг тоглоом тоглоод үрчихсэн байсан, би тухайн үед “жолооны мөнгөө өгсөн юм уу, баримтаа үзүүл” гэж хэлтэл мөнгөө үрчихсэн байсан болохоор айснаасаа болоод оюутны дотуур байрнаасаа зөөврийн компьютер хулгай хийгээд 600.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газар тавьсан байсан.” гэх,

гэрч С.Э ...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нүдний шилтэй урт үстэй жаахан хүүхэд, нэрийг нь Төгөлдөр гэж байсан байх, ах нь гээд нэлээд настай эрэгтэй хүнтэй орж ирээд, нөүтбүүк 20 хоногоор барьцаалан 600.000 төгрөгөөр тавьсан.” гэх,

У.Т-ийн “...би тухайн үед жолооны курст суралцахаар төлбөр болох 400.000 төгрөгийг аав, ээжээсээ аваад уг мөнгөө цахим 1хBet мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан. ...Тухайн үед “мөнгө яаж олох уу” гэж бодон явж байсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед хажуу талын эмэгтэйчүүдийн 408б тоот Цээлхам эгчийн өрөөнд ороод 00 цаас хайж байтал ширээн дээр нь i-5 зэрэглэлийн HP брэндийн саарал өнгийн зөөврийн компьютер байхаар нь өөрийнхөө хар өнгийн цүнхэнд хийн хулгайлан авч гараад ... Уртцагааны гудамжаар алхаж явсан 40 гаран насны эрэгтэй хүнээс “мөнгөний хэрэг гараад байна, миний компьютерыг ломбарданд тавиад өгөөч” гэж гуйтал “ах нь чамд тусалъя” гэж хэлээд тухайн ломбард ороод 600.000 төгрөгийн барьцаанд тавьж өгөхөөр нь уг мөнгөөр жолооны курсын төлбөрийг төлсөн.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Цын “...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны байрны 408б тоотоос өөрийн А5 10 зэрэглэлийн HP брендийн зөөврийн компьютер алдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Цын өргөдөл,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-622/3361 дугаартай “...HP i-5Notebook зах зээлийн дундаж ханш 2.190.000 төгрөг” гэсэн үнэлгээ, Smart” сүлжээ ломбардын барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ, хохирогч Б.Ц HP i-5” загварын зөөврийн компьютерыг хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй ч хуульчийн хувьд шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг оюутны байранд болсон бөгөөд 408б тоот өрөөнд нэвтэрсэн үйлдэл нь хууль бус биш, мөн өрөөнөөс гарахдаа зөөврийн компьютер авах санаа гэнэт төрсөн байдаг тул зүйлчлэлтэй санал нэгдэхгүй байна.” гэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж хуульчилсан байна.

Оюутны дотуур байр нь тухайн амьдарч байгаа оюутнуудын хувьд нийтийн эзэмшлийн орон зай боловч шүүгдэгч нь 408б тоот хохирогч Б.Цын өрөөнд дураараа чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй этгээд биш бөгөөд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай тул түүний энэ үйлдлийг хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд, улмаар хохирогчийн орон байрны халдашгүй эрхэд халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ. 

Шүүгдэгч У.Тийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан, түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...өрөөнөөс гарахдаа зөөврийн компьютер авах санаа гэнэт төрсөн” гэж тайлбарласан нь У.Тийн сэжигтнээр өгсөн “...аав маань “жолооныхоо мөнгийг өгсөн үү” гэсэн, “өгсөн” гэсэн чинь “баримтаа явуул” гэж орой болгон асуугаад байсан. Тухайн үед “мөнгө яаж олох уу” гэж бодон явж байсан.” гэх мэдүүлгээр няцаагдсан болно.

Шүүгдэгч У.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн”, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч У.Т нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны байрны -тоот өрөөнд нэвтэрч Б.Цын өмчлөлийн “HP i-5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, мөн шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч У.Тт эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч У.Т-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.  

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн шаардлагыг хангаж байгаа зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж нэг жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч У.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.3-т заасан “эд хөрөнгийн эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудал;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-д 2.190.000 төгрөгийн үнэлгээ бүхий HP i-5” загварын зөөврийн компьютер алдсан хохирол учирсан бөгөөд тухайн эд зүйлийг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэргийн хэргийн 44 дэх тал авагдсан тул шүүгдэгч У.Тийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч У.Т “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Т-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ