Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/420

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         05          11                                 2022/ШЦТ/420

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Б.Э,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч А.Азжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2211000000943 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигин овгийн Б.Э

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, онгоцны порд механик мэргэжилтэй, хувиараа нүүрс борлуулдаг, ам бүл 1, Улаанбаатар хот, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Э нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30-441 тоотод 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхэд болох 7 настай, эрэгтэй, Ж.Бын нуруун тус газарт сандлаар цохиж бүсэлхийд зөөлөн эдийн няцрал, цус харалт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өглөө би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 30-441 тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүү Бтой хамт байсан. Тэгээд 9 цагийн үед манай ард байдаг баз хүргэн Батсайханы гэрт ороход Батсайхан надад өчигдөр төрсөн өдөр чинь болсон шараа тайл гээд бид 2 1 шил 0.5 литрийн хараа нэртэй архи уусан. Тэгээд гэртээ буцаж ороод манай хүү гэрийн даалгавраа хийгээгүй байхаар нь уур хүрээд хүүхдээ загнаад үгэнд орохгүй болохоор нь манай гэрт байдаг хуванцар цэнхэр өнгөтэй сандлыг аваад хана руу шидээд, хагараад хэлтэрхий нь манай хүүхдийн нурууг цохиод гэмтээчихсэн. Тэгээд Билгүүнээг уйлаад сууж байхад нь манай эхнэр орж ирээд цагдаа дуудчихсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/,

- насанд хүрээгүй хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өглөө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 30-441 тоотод өөрийн төрсөн аав Этой хамт байсан юм. Тэгээд намайг ээж рүү утсаар ярьж байхад аав гаднаас согтуу орж ирээд “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд миний утсыг авч шидээд задалчихсан. Тэгээд би айгаад утсаа янзлах гээд сууж байхад манай гэрч байдаг сандлаар миний нуруу хэсэгт цохисон. Яагаад цохиод байгаа гэдгийг нь би ойлгоогүй. Тэгээд байж байтал ээж орж ирээд цагдаад дуудсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/,

- гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өглөө намайг Баянгол дүүргийн 3 дугаар хороо өрхийн эрүүл мэндийн төвд байхад манай хүү Б над руу залгаад “аав орж ирж байна” гээд цаана яриа сонсогдоод би Эыг согтуу байгааг мэдсэн юм. Тэгээд утсаа салгаад 11 цагийн үед гэртээ ороход Э гэрт согтуу, манай хүү Б орон дээр буруу хараад уйлаад хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад “аав намайг цохичихсон” гэхээр нь хартал нурууны доод хэсэгтээ шалбарчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь насанд хүрээгүй хохирогч Э.Быг зодсон үйл баримт тогтоогдож байна.

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4872 дугаартай “...Э.Бын биед бүсэлхийд зөөлөн эдийн няцрал, цус харалт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлтээр /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/ хохирогч Э.Бын Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30-441 тоот гэртээ өөрийн төрсөн хүүхэд хохирогч Э.Бын нуруун тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30-441 тоот гэртээ өөрийн төрсөн хүүхэд, хохирогч Э.Быг даалгавраа хийсэнгүй гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодсон буюу шууд санаатайгаар хохирогчын эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Б.Эод шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Насанд хүрээгүй хохирогч Э.Б, түүний хууль ёсны төлөөлөгч С.Одонтунгалаг нарын: “...гомдол санал байхгүй...” гэх хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Эыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигин овогт Б.Эыг хохирогчийн бие хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ