| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0172/э |
| Дугаар | 2022/ШЦТ/190 |
| Огноо | 2022-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/190
2022 05 20 2022/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э
улсын яллагч Н.Д
шүүгдэгч Ш.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Х-т холбогдох эрүүгийн 2225002260244 дугаартай хэргийг 2022 оны 5 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ш.Х
Шүүгдэгч Ш.Х нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод эхнэр Б.У-ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ш.Х мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;
хохирогч Б.У-ийн “...2022 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 9 цагийн үед нөхөр Ш.Х гэрээсээ гарсан, ...өдөр 14 цагийн үед гаднаас согтуу орж ирээд “чи хүнтэй утсаар ярьсан, чи гэртээ хүн оруулсан” гэж хэлээд намайг янз бүрийн хараалын үгээр харааж байгаад шалан дээр түлхэж унагаагаад мангасдаж, хоорондоо хэрэлдээд орой 22 цаг хүртэл гэртээ байсан. ...Содбилэг эгч орж ирээд уурлаж, бид хоёрыг загнаж байх үед би гэрээс гараад явсан, байрны орцны хаалгаар гарч байх үед нөхөр Хашбаатар миний араас гарч ирэхээр нь би зугтаагаад такси бариад явчихсан. 00.00 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд миний хүүхдүүд байсан ба нөхөр Хашбаатар гэртээ байгаагүй. 2022 оны 3 дугаар сарын 27-ны өглөө босоод гэртээ байж байгаад гараад машин дотроо хоёр лааз шар айраг уугаад буцаж орж ирээд байж байтал Содбилэг, Хашбаатар хоёр гаднаас орж ирээд Хашбаатар намайг түлхэж, мангасдаж зодоод байхаар нь би “ингэж амьдарснаас үхсэн нь дээр” гээд цонхоор гарах үед Содбилэг эгч барьж аваад цагдаа дуудсан. ...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. ...шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 28 дахь тал/,
гэрч Ш.С “...2022 оны 3 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед миний дүү Хашбаатарын охин Хулан над руу залгаад “аав, ээж хоёр зодолдоод байна, бөөн цус нөж боллоо та хүрээд ирээч” гэж хэлсэн, би гэрээсээ гарч амжаагүй байх үед Хулан дахин залгаад “та ирэх болж байна уу” гэж асуухаар нь би “очиж байна” гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ гараад такси бариад дүү Хашбаатарын гэрт очиж, гэрт нь орох үед гэрийн доторх эд зүйлс нь эмх замбараагүй, газарт энд, тэнд цус, нөж болсон байсан, дүү Хашбаатарын гэрт түүний гурван хүүхэд болон эхнэр Ууганцэцэг нар байсан, Ууганцэцэг, Хашбаатар нар хоёулаа согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Х.Х “...аав, ээж хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би билүү Хулан бид хоёрын нэг нь залгаж Содбилэг эгчийг дуудсан. аав, ээжийг буйдан руу шидчихээд гараараа зодоод байсан, аав гэрээс гарч яваад буцаж орж ирээд ээжийг зодоод байсан, ээж архи ууснаас болоод аав уурлаж архи уусан, ээжийн хамраас цус гарсан, ээжийн бие хавьд хөх алаг болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Х.Х “...Тэр өдөр ээж архи уучихсан байсан болохоор аав уурлаад бас архи уугаад гэртээ орж ирээд хэрэлдэж маргалдаад зодолдоод байхаар нь би өөрийнхөө гар утсаар эгч Содбилэг рүү залгаад “аав, ээж хоёр зодолдоод байна, та хурдан ирээч” гэж хэлсэн. Тэгээд Содбилэг эгч ирээд аав, ээж хоёрыг загнаад байсан чинь ээж гараад явчихсан, Содбилэг эгч аавыг загнаж байгаад явсны дараа ээж орж ирсэн. ...тэр өдөр ээж гэртээ архи нуугаад уугаад байхаар нь аав “болиоч” гэж хэлсэн чинь ээж болихгүй байхаар нь тэр хоёр зодолдсон, аав, ээжийг гараараа цохисон, хаана нь цохисныг би сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Ш.Х-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэртээ унтаж амарч байгаад сэрэхэд эхнэр Ууганцэцэг архи уусан байсан ба гэрээсээ гараад явчихсан. ...Ууганцэцэг согтуу байдалтай гартаа шилтэй архи барьчихсан орж ирэхээр нь би түүнд уурлаж, ...барьж орж ирсэн архинаас нь уусан. Би архи уучихаад Ууганцэцэгийг “чи энэ гэрээс яв” гэж хэлээд хөөхөд Ууганцэцэг “явахгүй” гэхээр би түүнийг гэрээс гаргах гэж түлхсэн, энэ үед Хулан манай эгч Содбилэг рүү залгаад “аав, ээж хоёр муудалцаад байна” гэж хэлсэн. Би урьд нь Ууганцэцэгийг зодож, цохиж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38, 51 дэх тал/,
Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 298 дугаартай, “...Б.У-ийн биед их бие, дөрвөн мөч, толгойд зөөлөн эдэд 45 тооны цус хуралт, нэг тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
иргэн Ш.Содбилэгийн мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Зөрчлийн хэрэгт цуглуулсан баримтууд /хавтаст хэргийн 4-22 дахь тал/,
Ш.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56, 72 дахь тал/,
яллагдагч Ш.Х-ын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг болно.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Б хохирогч Б.У-т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэснийг тэмдэглэсэн тухай баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ш.Х-аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгч Ш.Х-ыг гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Ш.Х нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод эхнэр Б.У-ийг зодож, түүнд их бие, дөрвөн мөч, толгойд зөөлөн эдэд 45 тооны цус хуралт, нэг тооны зулгаралт бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Б.У-ийн “...Хашбаатар намайг түлхэж, мангасдаж зодоод байхаар нь би “ингэж амьдарснаас үхсэн нь дээр” гээд цонхоор гарах үед Содбилэг эгч барьж аваад цагдаа дуудсан.” гэх,
гэрч Ш.Содбилэгийн “...Хашбаатарын гэрт очиж, гэрт нь орох үед гэрийн доторх эд зүйлс нь эмх замбараагүй, газарт энд, тэнд цус, нөж болсон байсан, ... Ууганцэцэг, Хашбаатар нар хоёулаа согтуу байсан.” гэх,
насанд хүрээгүй гэрч Х.Хүслэнгийн “...аав гэрээс гарч яваад буцаж орж ирээд ээжийг зодоод байсан, ээж архи ууснаас болоод аав уурлаж архи уусан, ээжийн хамраас цус гарсан, ээжийн бие хавьд хөх алаг болчихсон байсан.” гэх,
насанд хүрээгүй гэрч Х.Хулангийн “...тэр өдөр ээж гэртээ архи нуугаад уугаад байхаар нь аав “болиоч” гэж хэлсэн чинь ээж болихгүй байхаар нь тэр хоёр зодолдсон, аав, ээжийг гараараа цохисон.” гэх,
Ш.Х-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Ууганцэцэг согтуу байдалтай гартаа шилтэй архи барьчихсан орж ирэхээр нь би түүнд уурлаж, ...барьж орж ирсэн архинаас нь уусан. Би архи уучихаад Ууганцэцэгийг “чи энэ гэрээс яв” гэж хэлээд хөөхөд Ууганцэцэг “явахгүй” гэхээр би түүнийг гэрээс гаргах гэж түлхсэн.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 298 дугаартай, “...Б.У-ийн биед их бие, дөрвөн мөч, толгойд зөөлөн эдэд 45 тооны цус хуралт, нэг тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,
иргэн Ш.Содбилэгийн мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Зөрчлийн хэрэгт цуглуулсан баримтууд,
яллагдагч Ш.Х-ын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч Ш.Х-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Ш.Х-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгч Ш.Х-т эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүх шүүгдэгч Ш.Х-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Ш.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч Ш.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч Б.У-ийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ш.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ