Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/412

 

 

 

 

 

 

 

   2022         05          09                                 2022/ШЦТ/412

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Л.А,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч О.Нандинцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211000000874 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ар долоот овогт Л.А

Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Л.А нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Н.Нгаас урьдчилгаа гэж 2.000.000 төгрөгийг нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027691820 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

                - хохирогч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай аав Нацагдорж нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан ба аавын найз Галт гэх хүн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр над руу залгаад “Төрийн орон сууцны корпорацад ахынх нь найз ажилладаг юмаа, Түрээсийн орон сууцанд асуудалгүй, хүмүүсийн урдуур хурдан шуурхай оруулаад өгөх боломж байна, ах нь чиний учир байдлыг хэлчихсэн байгаа гээд надад А гэх хүний 86864092 гэх дугаарыг нь өгсөн. Үүний дагуу би А гэх хүнтэй холбогдож утсаар ярихад “Ах нь чиний учир байдлыг мэдлээ, байранд оруулж өгнө урьдчилгаа 2 сая төгрөгийг ахынхаа данс руу хийчих гэсэн. Тэгэхээр нь би Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо 8 дугаар байр 10 тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглан эгч Номингийн 5059256200 тоот данснаас А гэх хүний 5027691820 тоот Хаан банкны данс руу 2 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэтэл А нь гэдэг нь түр хүлээж байгаарай гэсээр байгаад одоог хүртэл байранд оруулж өгөөгүй, мөнгийг минь буцааж өгөхгүй намайг залилсан байгаа юм. Тухайн 2 сая төгрөг нь манай төрсөн эгч Номингийн дансанд байсан миний мөнгө байгаа юм. ...Миний хувьд түрээс нь хямд болохоор надад боломжийн санагдаж түрээсийн орон сууцанд хамрагдахаар Ат 2 сая төгрөг өсгөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

- гэрч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би талийгаач найзынхаа охин Нд тус болох санаатай өөрийн танил А гэх хүнийг Нийслэлийн орон сууц корпорацад хүн таньдаг, урьд өмнө ажилладаг байсан гэж ярьдаг болохоор нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр түүнд хандаад “Манай найз талийгаач болсон, түүний охин Нд тус болоод орон сууцанд хамруулах боломж байгаа юу’ гэж асуусан. Тэгсэн чинь А надад миний 86864092 дугаарыг наад хүндээ өгөөд над руу холбогд гээд хэлчих, би тусалъя’ гэсэн. Тэгэхээр нь би талийгаач найзынхаа төрсөн охин Н руу залгаад “Нийслэлийн орон сууц корпорацад ахынх нь танил байгаа, чи залгаад уулзаарай, чамд туслаад орон сууцанд хамруулж өгнө’ гэсэн. Атай утсаар ярихад бага зэрэг мөнгө хэрэг болж магадгүй гэснийг би Нд дамжуулж хэлсэн. Дараа нь Н 2.000.000 төгрөг Ат өгсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/,

- Н.Нгийн эзэмшлийн Хаан банкны 5059256200 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

- Л.Аийн эзэмшлийн Хаан банкны 5027691820 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.А нь хохирогч Н.Нгаас 2.000.000 төгрөг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд Л.А нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хэлэн хохирогч Н.Нгаас урьдчилгаа гэж 2.000.000 төгрөгийг нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027691820 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Л.А нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр шууд санаатайгаар хохирогч Н.Нд Төрийн орон сууцны корпорацад ахынх нь найз ажилладаг юмаа, Түрээсийн орон сууцанд асуудалгүй, хүмүүсийн урдуур хурдан шуурхай оруулаад өгөх боломж байна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хохирогчоос 2.000.000 төгрөгийг өртөө шилжүүлэн залилан авч хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Л.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, хохирогчид үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлж хоорондоо гэрээ байгуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Л.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Л.А нь хохирогч Н.Нд 2.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 600.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1.400.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан баримт хавтас хэрэгт авагдсан тул уг гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл хохирлыг нөхөн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв..

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ар долоот овогт Л.Аийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Аийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Л.Аийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Л.Ааас нийт 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н /РД:УХ88062644/-д олгуулан, шүүгдэгч Л.Аийг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ