Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0002

 

"К Ж Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор "К Ж Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Ц.О нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 243174 дүгээр акт болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартааТатварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газар, Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны мэдээллийн дагуу "К Ж Э" ХХК нь "Ж" ХХК, "Х х" ХХК, "Д" ХХК-аас бараа материал авсан гэх боловч энэ компаниас авсан 10294258, 11785534, 11979268, 12283698, 12283699 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хий бичилттэй падаан байх тул худалдан авсан компаниудад ногдох татварыг төлүүлэх, тайланг засварлуулах шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах гэсний дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй учраас татварын хуулийн дагуу хяналт шалгалтын акт тогтоогдсон болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 657 шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "К Ж Э" ХХК-ийн Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 243174 дүгээр акт болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 102 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: Татварын улсын байцаагч нар манай компанийн санхүү татварын тайлан, түүний ногдуулалт төлөлтийг шалгах явцдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материал, санхүүгийн баримтуудыг бүрэн гүйцэт шалгаагүй, Худалдан авалт хийсэн гэх этгээдүүдийн хооронд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээний борлуулалт хийгдсэн эсэхийг тодруулалгүй дээрх актыг зөвхөн татварын тайлан, хий бичилт хийгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд үндэслэн тогтоосонд нь гомдолтой байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд ямар бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох тухай заасан. Энэ нь албан татвар төлөгчдийн хооронд тодорхой бараа, ажил үйлчилгээг борлуулсан буюу худалдан авалт хийсэн байхыг шаардаж байна.

Гэтэл нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийсэн аж ахуйн нэгж, манай компанийн хооронд ямар ч худалдан авалт болоод борлуулалт байхгүй бөгөөд үүнийг ч татварын улсын байцаагч нар хий бичилт байсан гэж тогтоосон юм.

Ийм байхад татварын улсын байцаагч нар өөр бусад этгээдээс ямар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдан авсныг тогтоолгүй зөвхөн татварын тайланд үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 заалтуудыг баримтлан манай компанийг хий бичилт хийж татвар ногдох орлогоос хассан хэмээн хариуцлага тооцож их хэмжээний нөхөн татвар, хүү торгууль тооцож төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

Манай компани тухайн үед Төрөөс зарласан бараа, ажил үйлчилгээг худалдах, худалдан авах ажиллагаанд буюу тендерт оролцох шалгуурт тэнцэх зорилгоор хий бичилт хийж борлуулалтын орлогоо өсгөж тавьсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдсан, худалдан авсан зүйл огт байхгүй билээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдан аваагүй борлуулаагүй байхад түүнд ногдох татвар гэж байхгүй бөгөөд нөхөн татвар, түүнд хүү, алданги, торгууль тооцож дээрх хуулийн заалтаар хариуцлага тооцох нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Иймд татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 243174 дүгээр акт болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102 дугаар тогтоол Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 68 дугаар тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасан үүргийн дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захиргааны акт бүрийн улмаас зөрчигдсөн эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Нэг. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 243174 дүгээр актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заажээ.

Гэвч нэхэмжлэгч "К Ж Э" ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланг өөрөө тодорхойлж тайлагнахдаа

а. "Ж" ХХК-аас 2012 оны 03 дугаар сард 10294258 дугаартай падаанаар 15454,5 мянган төгрөгийн,

б. "Х х" ХХК-аас 2012 оны 03 дугаар сард 11785534 дүгээр падаанаар 90909.1 төгрөгийн, 7 дугаар сард 11979268 дугаар падаанаар 90909.1 мянган төгрөгийн,

в. "Д" ХХК-аас 2012 оны 10 дугаар сард 12283698, 12283699 дугаар падаануудаар 136318.2 мянган төгрөгийн, нийт 333590,9 мянган төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган тайлагнасан, тухайн тайланг нь үндэслэн улсын байцаагчаас хяналт шалгалтыг хийх явцад дурдсан компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж өөрсдийн тодорхойлсон албан татвар ногдох орлогоо бууруулан тайлагнажээ.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 /Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/, 74.1.3 /нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах/, 74.3 /Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна/-д зааснаар татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Хоёр. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102 дугаар, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хоёрдугаар бүлэг, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Татварын маргаан таслах зөвлөлд "К Ж Э" ХХК-ийн татварын улсын байцаагч нарын актад гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан хэлэлцэж, татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн, түүнийг нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хянан шийдвэрлэдэг учир урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянасан Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг тусдаа нэхэмжлэл болгон хүлээн авч хянан шийдвэрлэхгүй бөгөөд эдгээр тогтоолуудын улмаас татварын улсын байцаагч нарын актаар тогтоосон хариуцлагаас өөр байдлаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох бус харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ.

Иймд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох нь хэсэгтээ татварын улсын байцаагчийн актын талаар буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 657 шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 14 дэх заалтыг 1. Татварын ерөнхий хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "К Ж Э" ХХК-ийн Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 243174 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 102 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР