Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00354

 

Н.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаар шийдвэртэй,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

Н.М-ын нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 02 сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, 2018 оны амралтын мөнгө 270,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд 2011 оноос хойш жолооч, мужаанаар тасралтгүй 8 дахь жилдээ үр бүтээлтэй, ямар нэгэн алдаа дутагдал, зөрчилгүй ажиллаж байгаад үндэслэлгүйгээр 2019 оны 02 сарын 18-ны өдөр хууль бусаар халагдсан. Б.Амаржаргал нь 2017 оны хавар захирлаар томилогдон орж ирэнгүйтээ надад сануулах арга хэмжээтэй цуг цалин хасаж сахилгын шийтгэлийг давхардуулан авсан ба ажлаас хална гэж шахалт үзүүлж байсан. Тэгээд би амралтаа аваад 2017 оны 08 сарын сүүлээр ажилдаа орохоор ирэхэд энэ машинд чинь хоёр дугуй болон жижиг сажиг юмнууд авсан гэснээ эднийг авсан мөнгийг чиний цалин дээрээс суутган авна. Чиний 8 сарын цалинг бүтэн ажилсанаар нь гаргасан гээд надаас 100.000 төгрөгийн цалинг дээрхи сэлбэгэнд суутган авсан. 2018 оны амралтын мөнгө 316.000 төгрөг гарсанаас 270.000 төгрөгийг өгөөгүй, зөвхөн 47.000 төгрөг өгсөн, ажлаас халагдахаас 4 хоногийн өмнө амралтын мөнгөө авье гэж нягтланд хэлэхэд захирал суутга гэсэн гэж хэлсэн. Тэгээд захирлаас энэ талаар тодруулахад таниас нягтлан суутган авсан гэхээр нь нягтлан суутган авах эрхтэй юм уу гэхэд нягтланд тийм эрх байгаа гэсэн. Мөн 2018 оны 8 сарын сүүлээр ажилдаа орохоор ирэхэд бас л машинд аккумлятор авсан, таны цалинг 8 сард бүтэн гаргачихье гэхэд нь би зөвшөөрөөгүй ажилласан хоногийн мөнгөө л авна гээд зөвхөн ажилласан хоногийн мөнгөө авсан. 2018 оны 09 сарын эхээр миний бие өвдөөд Дөрвөлжин сумын эмнэлэгт хэвтээд халуун буурахгүй байсан тул Улаанбаатар хотын улсын эмнэлэгт шулуун гэдэсний хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 10 сарын 14-нд Дөрвөлжинд ирж 16-ны үед ажилдаа орсон. Манай эхнэр сургуулийн тогоочоор ажилладаг бөгөөд намайг хотод байхад захирал чамайг галч хий эсвэл ажлаа өг гэсэн гэж надад ярьсан. 2018 оны 10 сарын 16-ны үед ажилдаа оронгууд таны ажлын байр байхгүй болсон ба нэгэнт таны ажлын байр байхгүй болсон юм чинь захирлын хувьд та манай сургуульд одоо байгаа ажлын байр болох галчийн ажлын байранд ажилла гэсэн санал тавьсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, эрүүл мэндийн хувьд хүнд хүчир ажил хийх боломжгүй, хагалгаанд ороод ирсэн, бас элэг муу гэдгээ хэлсэн. Түүнээс хойш галчийн байрыг л удаа дараа санал болгоод байсан. Би эрүүл мэндийн хувьд галчаар ажиллах боломжгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Ажлаас халсан тушаалд сайдын тушаалыг үндэслэж удаа дараа галчийн ажлын байрыг санал болгосон ч ажиллаагүй, мөн мужаан жолоочийн ажлын байр хасагдсан гэсэн шалтгаанаар чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай сургуулийн орон тоо 2018 онд 40 байсан, 2019 онд 41 болж харин ч эсрэгээрээ нэмэгдсэн. Би хоёр оюутан хүүхэдтэй ажлаас үндэслэлгүй халагдаж эдийн засгийн болон сэтгэл зүйн хямралд орж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Н.М- нь Дөрвөлжин сумын дунд сургуулийн захирлын 2012 оны 09 сарын 20-ны өдрийн 25 тоот тушаалаар тус сургуулийн жолооч, мужааны ажилд томилогдсон байна. Түүнийг ийнхүү томилохдоо Сангийн сайдын 2012 оны 07 сарын 16-ны өдрийн 156 дугаар тушаалын 2-р хавсралтын 4-р хэсгээр баталсан. Сумын суурь боловсролын сургууль 1-9-р ангитай 10-12 бүлэгтэй сургуульд хамрагдах хэсгийн 8-р заалт буюу мужааны албан тушаалыг 0,5 орон тоотой буюу хавсран гүйцэтгүүлж болохоор орон тоо баталсны дагуу түүнийг мужаан, жолоочийн албан тушаалд томилсон байна. Мөн Боловсрол, соёл шинжлэх, ухаан спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг норматив батлах тухай тушаалаар мужааны орон тоог батлаагүй. Ийм учраас дээрээс энэ жишиг нормативаа барьж ажиллах шаардлагатай тул Н.М-ыг боломжийнхоо хэрээр галчийн албан тушаалд томилж болохоор байна. Энэ ажлыг хийх үү гэсэн саналыг удаа дараа тавьсаар өнөөдрийг хүргэсэн. Гэтэл Н.М- нь галчийн ажлыг хийхгүй гэсэн учраас түүний орон тоо хасагдсаны дагуу мужаан, жолоочийн албан тушаалаас нь Дөрвөлжин сумын сургуулийн захирлын 2019 оны 02 сарын 18-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 31.1.2, 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн. Түүний орон тоо хасагдсан, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг захирал Б.Амаржаргал нь 2018 оны 10 сарын 18-ны өдөр Н.М-од гардуулж, бичиг хэргийн ажилтан явуулсан бичгийн бүртгэлд бүртгэсэн байна. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан амралтын мөнгөний тухайд илүү олгосон мөнгийг суутган авсан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Н.М-ыг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ойн домог овогт Надмидын Мөнхцогтыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн 2018 оны амралтын мөнгө 270,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсгүүдэд зааснаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулиас 1005600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.М-од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийхийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 98884 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.М-ын Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн мужаан, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, 2018 оны амралтын мөнгө 270.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...ажил олгогч нь орон тоо хасагдсан талаарх мэдэгдэл бичиж, түүний явуулсан бичгийн бүртгэлд бүртгэж, уг мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н.М-од гардуулж өгсөн талаарх үндэслэлтэй тайлбар хийж байхад зөвхөн Н.М-ын мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй гэсэн тайлбарт ач холбогдол өгсөн нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх... гэсэн заалтыг зөрчсөн. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 17-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “Сарын өмнө мэдэгдэх” тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна... гэж заасан. Гэтэл хэргийн 26-р хуудасны арын нүүрэнд 37-р мөрөнд жолооч Н.М- мэдэгдэх хуудас хүргүүлсэн захирал гэх бичигт мэдэгдлийг нэхэмжлэгч буюу хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байхад, нэхэмжлэгч мэдэгдэл надад өгөөгүй гэж маргаж байхад магадлалд нэхэмжлэгчийг хүлээн авсан мэтээр дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй юм. Мэдэгдэл гардуулан өгөх үүрэг нь хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид хамаарах ба түүнийгээ шүүхэд нотлох ёстой нэхэмжлэгчийн гарын үсэг байхгүй бол бичиг хэргийн ажилтангаа болон хүлээлгэн өгсөн хүнийг хууль сануулж гэрчээр асуулгах хүсэлт гаргаж болох байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд хөдөлмөрийн тухай хуульд тухайлан заасан урьдчилсан нөхцөл буюу уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь “орон тоо хасагдсан” гэх агуулгатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтыг ажил олгогч хэрэгжүүлэхэд дараах урьдчилсан нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Тухайлбал тухайн байгууллагад буюу сургуульд бүтцийн өөрчлөлт хийх болсон нөхцөл, шалтгаан байх, байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулсан тушаал, шийдвэр гарсан байх, хуучин орон тооны бүтцээр өөр шинэчилсэн бүтэц баталсан шийдвэр, хавсралтаар баталсан шинэчилсэн орон тооны жагсаалт байх, тэр дотроо жолооч, мужааны ажлын байр тухайн сургуулийн орон тооноос хасагдсан байх, /тухайн сургуулийн шинэчилсэн бүтэц нь 2018 оны 10 сарын 18-ны өдрөөс өмнө буюу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийн огнооноос өмнө байх/, Тухайн ажлын байр буюу жолооч, мужааны ажлын байранд ажиллаж байгаа ажилтанд шинэчилсэн бүтцийн дагуу ажил олгогчийн санаачлагаар орон тоо хасагдаж чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг байгууллагын хурал цуглаан дээр эсхүл бусад ажилтны өмнө гардуулан өгөх, гарын үсэг зурж баталгаажуулсан байх ёстой. Дээрх шаардлагыг хангасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдэх юм. Гэтэл дээрхи нөхцөл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн чөлөөлсөн нь хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон ажилтны үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн юм. Хэргийн 34 дүгээр хуудаст “...Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн А/25 тоот “Цалин тогтоомж шинжлэх тухай" тушаалаар сургуулийн багш, ажилчдын орон тоо, цалин хөлс болон нэмэгдлийг хавсралтаар баталсан ба хэргийн 35 дугаар талд Н.М-ыг жолоочоор гэж баталсан байдаг. Сургуулийн нийт ажилтны тоо 41, үйлчлэх ажилтан 25 байсан. Мөн хэргийн 6-р хуудас “...Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 01 сарын 02-ны өдрийн А/01 тоот “Цалин тогтоомж өөрчлөн тогтоох тухай” тушаалаар тухайн сургуулийн ажилтны орон тоо, цалин, нэмэгдлийг баталсан байдаг бөгөөд уг тушаалын хавсралтаар нэхэмжлэгч Н.М-ыг 23 дугаар мөрөнд жолоочоор баталсан ба сургуулийн нийт ажилтны тоо 42 болж хасагдах биш нэмэгдсэн байдаг. Хэргийн 12-р хуудас Дөрвөлжин сумын ИТХ-н 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 44-р тогтоолын хавсраптад сургуулийн 2018, 2019 оны төсвийг баталсан ба 2018 онд 41, 2019 онд 42 байхаар батлагдсан үүнээс үйлчлэх ажилтан 25 байсныг 2019 онд 26 болгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажлын байр, цалингийн сан нь 2018 оны 9 сард болон 2019 оны 01 сард хүртэл хэвээр хадгалагдаж байсан нь нотлогддог. Түүнээс хойш цалингийн сан, бүтцэд өөрчлөлт орсон тухай баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа намайг захирал автомашинд тавих олон юм нэхлээ гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэж маргадаг. Хариуцагчаас гаргаж өгсөн мэдэгдэл нь 2018 оны 10 сарын 18-ны огноотой хөдөлмөрийн гэрээг 4 сарын дараа цуцалсан боловч 2019 оны 01 сарын 02-нд орон тоо, цалингийн санг батлаж байгаа нь ойлгомжгүй юм. Магадлалд “...Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай тушаалыг хэрэгжүүлэн ажлын байрны ачааллыг нягтруулан, зардал хэмнэх зорилгоор орон тооны жишиг батлах тухай тушаалаар мужааны орон тоог батлаагүй, өмнө нь мужааны орон тоон дээр жолоочийг хавсруулан ажил үүрэг гүйцэтгүүлж байсан юм. Одоо мужаан, жолоочийн орон тоо аль аль нь байхгүй учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.” гэж хариуцагчийн тайлбарт байхгүй, сайд нарын тушаалд ч байхгүй зүйлийг бичиж хэт нэг талыг барьсан байна. Учир нь хариуцагч талаас ажлын байрны ачааллыг нягтруулан, зардал хэмнэх зорилгоор гэж маргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан байна. Магадлалд “...хэрэгт авагдсан баримтуудаас харахад Сангийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны едрийн 156 дугаар тушаалын 2-р хавсралтын 4-р хэсгээр баталсан сумын суурь боловсролын сургууль 1-9 ангитай, 10-12 бүлэгтэй сургуульд хамрагдах хэсгийн 8-р заалтаар тус сургуулийн мужааны албан тушаалыг 0,5 гэсэн орон тоотой баталсан байна. ...гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь тухайн сургуулийг хэдэн ангитай талаарх нотлох баримт байхгүй. Магадлалд “...дээрх тушаалаас харахад тус сургуульд жолооч гэсэн орон тоо байхгүй байхаар тогтоосон байна. Гэтэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай тушаалаар Н.М-ыг тус сургуулийн мужаан, жолоочийн ажилд томилж, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна ...гэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 2012 оны тушаалыг иш татаж нэхэмжлэгчийг ажилд авсан тушаалын үндэслэлд дүгнэлт хийсэн нь анхнаасаа нэхэмжлэгчийн авах ёстой мэтээр тайлбарласан байна. Магадлалд “...Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг норматив батлах тухай тушаалаар тус сургуульд мужаан болон жолоочийн орон тоо батлагдаагүй байгаа учраас Н.М-ыг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Н.М-ын урьд эрхэлж байсан мужаан болон жолоочийн ажлын байр аль аль нь сургуулийн бүтцэд батлагдаагүй тул... гэж дүгнэсний хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2012 оны болон 2018 оны жишиг нормативийн талаарх сайдын тушаалд жолоочийн ажлын байр гэж тусгайлан заагаагүй. 2018 оны сайд нарын хамтарсан тушаалын хавсралт буюу хэргийн 83-р хуудасны арын нүүрний 6-р мөрөнд Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны болон үйлчилгээний ажилтны орон тооны нормативт тусгайлан заагаагүй чиг үүргийг гэрээгээр эсхүл захиргааны бусад ажилтнуудын ажил үүргийн хуваарьт тусган гүйцэтгүүлнэ... гэж заасан ба тухайн сургууль өөрийн онцлог байдлаа харгалзан тухайн жишиг нормативт тусгайлан заагаагүй ажлын байрыг цалингийн сандаа багтаан ажиллуулж болохоор журамласан байна. Жолоочийн ажлын байр нь тухайн сургуулийн онцлогтой холбоотой ажлын байр юм. Дөрвөлжин сум нь аймгийн төвөөс 156 км алслагдсан 5 багтай зарим хөдөөний баг /онц/ сумын төвөөс 250 км алслагдсан Говь-Алтай аймагтай хил залгаа байдаг. Тийм ч учраас сургууль нь өөрийн өмчийн автомашинтай хүүхдийн амралт, олимпиад, тэмцээн уралдаанд улс, бүс, аймагт багш ажилчдыг, хүүхдүүдийн хамт аюулгүй тээвэрлэх, зардал хэмнэх зорилгоор тухайн ажлын байрыг бий болгосон гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Магадлалд дурьдсанаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан мужаан болон жолоочийн ажлын байр аль аль нь сургуулийн бүтцэд батлагдаагүй тул... гэж дүгнэсэн нь хэт нэг талын барьсан дүгнэлт бөгөөд сургуулийн 2018 оны 09 сарын 03-ны өдрийн бүтэц орон тоо, цалингийн сан, мөн 2019 оны 01 сарын 02-ны өдрийн бүтэц орон тоо, Цалингийн санг шинэчлэн тогтоох тухай тушаалуудаар нэхэмжлэгчийн ажлын байр хэвээр хадгалагдаж 2018 оны төсөв, 2019 оны сургуулийн төсөвт суугдаж, санхүүжилтээ авсан, автомашин нь байгаа, 2019 оны 02 сарын 15-нд сургуулийн захирал, багш нар хүүхдүүдээ аваад аймаг явах гэж байснаас дүгнэхэд нэхэмжлэгчийн ажлын байр, цалингийн сан одоо ч хүртэл байгааг илтгэж байхад магадлалд аль аль сургуулийн бүтцэд батлагдаагүй гэж хийсвэр бөгөөд нотлох баримтгүй дүгнэлт хийсэн байна. Мөн хэрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын агуулгад жишиг нормативд жолоочийн орон тоо хасагдсан тул чөлөөлсүгэй гэж гаргачихаад хариу тайлбартаа жишиг нормативт мужааны орон тоо хасагдсан тул чөлөөлсөн гэж тушаалаасаа зөрүүтэй тайлбар хийж маргасан. Нэхэмжлэгчийн амралтын мөнгийг ажил олгогчийн ямар нэгэн шийдвэргүйгээр шууд хууль бусаар суутган авсан байдаг. Үүнийг хариуцагч байгууллага нь хариу тайлбартаа суутган авснаа хүлээн зөвшөөрч тайлбарласан. Хариуцагч байгууллагын хариу тайлбарт “...харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан амралтын мөнгөний тухайд илүү олгосон мөнгийг суутган авсан байх бөгөөд уг мөнгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргаж байхад хоёр шатны шүүх уг амралтын мөнгийг шаардах эрхээ нотолж чадаагүй гэж хариуцагчаас маргаагүй үйл баримтад дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.М-, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор болон 2018 оны ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон тоо хасагдсан тул тушаал хуульд нийцсэн гэж маргажээ.

Анхан шатны шүүх, Н.М-ыг жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн хангаж, ээлжийн амралтын олговорт 270.000 төгрөг гаргуулах шаардлагыг нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн тус шүүх “...тушаал хүчингүй болгох нь шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл гэж” үзсэн байна.

Давж заалдах шатны шүүх, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

1. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгов.

Тус шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...Сангийн сайдын 2012.07.16-ны өдрийн 156 дугаар ...тушаалаас... тус сургуульд жолооч гэсэн орон тоо байхгүйгээр  тогтоосон байна. Гэтэл ...мужаан, жолоочийн ажилд томилж, ..гэрээ байгуулагдсан..., Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018.01.23-ны ...А/024/11 тушаалаар ...мужаан, жолоочийн орон тоо батлагдаагүй учраас ...орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ...буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь  үндэслэл муутай болжээ. Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн дүгнэлтийг  ийнхүү үгүйсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэв.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

а/ Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар зөв дүгнэлт хийсэн боловч Н.М-ыг жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон нь учир дутагдалтай болжээ.

Н.М- нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн гэрээний дагуу жолооч, мужаанаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2019.02.18-ны өдрийн Б/06 тоот тушаалаар мужаан, жолоочийн ажлаас чөлөөлөгджээ.

Тэрээр нэхэмжлэлээ, “...урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох...” гэж тодорхойлсноос үзвэл, Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн жолооч, мужааны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн гэж үзнэ.

б/ Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн ...байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж болох бөгөөд Н.М-ыг ажилд авсан тушаал, талуудын хооронд байгуулагдсан 2018.01.02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд, Н.М-ын эрхлэх албан тушаал гэдэгт сургуулийн жолооч, мужаан, гүйцэтгэх гэж заасан байх тул эдгээр ажлыг хавсран гүйцэтгэж байсан гэж дүгнэх үндэслэлтэй. Мөн тушаалд үндсэн үүргийг сургуулийн жолооч гэсэн байна.

в/ ...Орон тоо хасагдсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан байна.

Сангийн сайдын 2012.07.16-ны өдрийн 156 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн орон тооны жишиг тогтоох аргачлалыг баталсан байх ба тушаалын 2.3.7-д “давхар хариуцан гүйцэтгэх ажлыг нь энэ тушаалаар тодорхойлоогүй, 0.5-аар тогтоосон орон тооны ажилтныг гэрээний үндсэн дээр авч ажиллуулна” гэж, 2.3.8-д “бусад үйлчилгээний ажилтны орон тоог энэхүү тушаалын хоёр... хавсралтаар батлагдсан орон тооны дээд жишиг нормативт багтаан тооцно.” гээд хоёрдугаар хавсралтын 4-т сумын суурь боловсролын 10-12 бүлэгтэй сургуулийн ажилтны орон тоог баталсан байна.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон тус сургуулийн захирлын 2018.09.03-ны өдрийн А/25 дугаар тушаалаар ажилчдын цалин шинэчлэхдээ Н.М-ыг жолооч, түүний албан тушаалын зэрэглэлийг ТҮ-3, цалинг 437.390 төгрөг гэж, мөн захирлын 2019.01.02-ны өдрийн тушаалаар багш, ажилчдын цалин хөлс, нэмэгдлийг батлахдаа Н.М-ын ажиллаж байгаа албан тушаалыг жолооч, албан тушаалын зэрэглэлийг ТҮ-3, цалинг 464.754 төгрөг гэж тус тус тодорхойлжээ. Эдгээр баримтаас үзэхэд Н.М- жолоочийн орон тоонд, батлагдсан цалинтай ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Ажил олгогч нэхэмжлэгчийг жолоочийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэл зааж ажлаас халсан бөгөөд жолоочийн орон тоо хасагдсан нь тогтоогдоогүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

г/ Сангийн сайдын 2012.07.16-ны өдрийн 156 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 4-т сумын суурь боловсролын 10-12 бүлэгтэй сургуулийн ажилтны орон тоонд мужаан 0.5-р ажиллуулах гэжээ. Нэхэмжлэгч Н.М- жолоочоос гадна мужаанаар ажилласан ба Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018.01.23-ны өдрийн орон тооны жишиг норматив батлах тухай А/024/11 тушаалын дагуу мужааны орон тоог хассан хэдий ч тэрээр халагдах хүртлээ тухайн ажилд ажиллаж байсныг зохигч маргаагүй юм.

д/ Ажил олгогч орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүнд энэ тухай нэг сарын өмнө мэдэгдэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заажээ. Гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгчид 1 сарын өмнө мэдэгдсэнээ хариуцагч нотлоогүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Учир нь мэдэгдэх хуудсыг Н.М- хүлээн аваагүй, түүнд танилцуулсан талаар хариуцагч талаас гаргаж өгсөн “явуулсан бичгийн бүртгэл”-д тэмдэглэгээг хийгээгүй байх тул мэдэгдэл өгсөн гэж үзэх боломжгүй байна.

Н.М-ыг жолоочийн орон тоо хасагдсан үндэслэлээр халсан нь үндэслэлгүй болсноос гадна хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдээгүйгээс гэрээ цуцалсан тушаал хуульд нийцээгүй тул нэхэмжлэгч Н.М-ыг урьд эрхэлж байсан ажилд буюу жолооч, мужааны ажилд эгүүлэн тогтоох нь хуульд нийцэх тул энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

е/ Ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх Н.М-ын шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

Амралтын мөнгө 270.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч шаардлага нотлоогүй гэж дүгнэсэн нь буруу байна. 2018 оны амралтын мөнгөнөөс суутгал хийсэн үндэслэлээ хариуцагч нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгч тухайн нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлжээ. Энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүйгээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийг баримтлаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “жолоочийн” гэснийг “жолооч, мужааны” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Нэхэмжлэгчийн гэсний өмнө Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                               Г.АЛТАНЧИМЭГ