Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 49

 

“Айвико интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзагас, П.Еркебулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, Г.Мөнхнасан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Жанчив нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны  өдрийн 962 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0001 дүгээр магадлалтай, “Айвико интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 962 дугаар шийдвэрээр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17, 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “Айвико интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц/21 “Давс хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгожээ.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0001 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 962 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.5, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримтлан “Айвико интернэшнл” ХХК-ийн “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц 21 “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Цэрэндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0001 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Айвико интернэшнл” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйн улмаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

1.1. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа Хянавал хэсэгт “Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд “тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тухайн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн талаар маргаагүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар “Мөнхийн тун” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон шаардлага хангасан эсэхийг хянан үзэх үүргээ огт биелүүлээгүйн улмаас тендерт оролцсон “Айвико интернэшнл” ХХК, “Айвико” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн. Тухайн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашгийг хөндсөн учраас “Айвико интернэшнл” ХХК, “Айвико” ХХК нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар анхан шатны шүүхэд “тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

Гэтэл давж заалдах шатны шүүх “тухайн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн талаар маргаагүй, тендер шалгаруулалтаас хасч шийдвэрлэсэн талаар маргаагүй, тендер шалгаруулалтын үр дүнгээс хамаарч нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тухай, гуравдагч этгээдийг шалгаруулж шийдвэрлэснийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч хуулийн этгээд өөрөө уг тендерт шалгарах эрх сэргэх боломж, үндэслэлийн талаар маргаагүй байна” гэж нэхэмжлэгч “Айвико интернэшнл” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буруу тодорхойлж, нэхэмжлэлд дурдагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэнд гайхан эргэлзэж байна. Давж заалдах шатны шүүх манай компанийн “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох, хариуцагчаа чөлөөтэй сонгох” эрхийг бүдүүлгээр зөрчсөнд гомдолтой байна.

1.2. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа Хянавал хэсэгт “Гэтэл шүүх маргаж буй захиргааны үйл ажиллагаа хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд тендерийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-ийн зохицуулалтын зөрчиж тендер шалгалтуулалтыг хүчингүй болгосон байна” гэсэн нь хууль бус болжээ.

Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн болох нь тогтоогдсон тухайд: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц-21 “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ийн тендер шалгаруулалтад “Айвико интернэшнл” ХХК болон “Айвико” ХХК-уудын түншлэл, “Мөнхийн тун” ХХК, “Инээмсэглэл Эрдэнэ” ХХК-ууд оролцсон. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтыг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр явуулж, “Мөнхийн тун” ХХК-ийг “хамгийн сайн” гэж үнэлж, гэрээ байгуулах эрхийг олгосон. “Хамгийн сайн” үнэлгээ авсан “Мөнхийн тун” ХХК-ийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг бүхэлд нь хангаагүй. Учир нь “Мөнхийн тун” ХХК “техникийн тодорхойлолт”-д заасан бүтээгдэхүүн санал болгоогүй, санал болгосон бүтээгдэхүүнүүд нь “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа” болон “Тендерийн баримт бичиг”-т заасан шаардлагуудыг огт хангаагүй, тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг буруу тооцсон зэрэг олон зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон.

Гэтэл хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Мөнхийн тун” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон шаардлага хангасан эсэхийг хянан үзэх үүргээ огт биелүүлээгүйн улмаас тендерт оролцсон “Айвико интернэшнл” ХХК болон “Айвико” ХХК-уудын түншлэлийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн.

Тендер шалгаруулалт хууль бусаар явагдсан тухайд: Нийслэлийн Эрүүл мэндийн газар 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/266 тоот албан бичгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хандан харьяа эмнэлгүүдийн 2016 онд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн ажиллагааг холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг хүсэж, хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгслийн жасгаалт, техникийн тодорхойлолтыг хавсралтаар хүргүүлсэн. Хавсралтаар хүргүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт, техникийн тодорхойлолтын Багц-21 буюу Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэнүүд гэдгийг “натрихлорид 0,9%-500 мл, натрихлорид 0,9%-250 мл, рингер лактат 500 мл, рингер лактат 250 мл, глюкоза 5%-500 мл, глюкоза 5%-250 мл, глюкоза 5%-100 мл” гэж тодорхойлсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/266 тоот албан хүсэлт болон хүсэлтийн хавсралтаар хүргүүлсэн хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт, техникийн тодорхойлолтоос үзэхэд захиалагч “натрихлорид, рингер лактат, глюкоза” гэсэн дуслын шингэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулахыг хүссэн, эмнэлгийн байгууллагуудад “натрихлорид, рингер лактат, глюкоза” гэсэн дуслын шингэнүүд шаардлагатай болох нь тодорхой харагдана.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын хүсэлтээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажил” тендерийн багц-21 “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн буюу натрихлорид 0,9%-500 мл, натрихлорид 0,9%-250 мл, рингер лактат 500 мл, рингер лактат 250 мл, глюкоза 5%-500 мл, глюкоза 5%-250 мл, глюкоза 5%-100 мл худалдан авах ажил”-ыг зарласан. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас рингер лактат нийлүүлэгчийг сонгон шалгаруулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас хүсэж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар рингер лактат нийлүүлэх тендер зарласан байхад “хамгийн сайн” үнэлгээ авсан “Мөнхийн тун” ХХК рингер лактатын оронд рингерийн уусмал санал болгосон. Харин Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас хууль зөрчиж, Багц-21-д хамаарахгүй бүтээгдэхүүн болох рингерийн уусмал санал болгосон “Мөнхийн тун” ХХК-ийг сонгон шалгаруулсан.

Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “маргаан бүхий тендерээр хүний давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх натрихлорид 0,9%, глюкоза 5%, рингрер лактат гэх гурван дуслын шингэнүүдэд тендер зарлажээ. Гэтэл тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн “Мөнхийн тун” ХХК нь рингер лактатын оронд рингерийн уусмал санал болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасан “техникийн тодорхойлолт” нийцээгүй эм нийлүүлэх тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Рингер лактат нийлүүлэх тендерт рингерийн уусмал санал болгосон оролцогчийг шалгаруулсан тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасныг ноцтой зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Айвико интернэшнл” ХХК болон “Айвико” ХХК-уудын түншлэлийг тендер шалгаруулалтаас үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн учраас маргаж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, “Мөнхийн тун” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж шийдвэрлэснийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “Айвико интернэшнл” ХХК болон “Айвико” ХХК-уудын түншлэлийн уг тендерт шалгарах эрх сэргэх хууль зүйн бүрэн боломжтой байхад давж заалдах шатны шүүх “тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн талаар маргаагүй байна”, “тендер шалгаруулалтаас хасч шийдвэрлэсэн талаар маргаагүй”, “гуравдагч этгээдийг шалгаруулж шийдвэрлэснийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч хуулийн этгээд өөрөө уг тендерт шалгарах эрх сэргэх боломж, үндэслэлийн талаар маргаагүй байна” гэсэн хууль бус үндэслэлээр нхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа Хянавал хэсэгт “Эрүүл мэнд, спортын яамны Эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16/14 дүгээр албан бичгээр рингер лактат болон рингерийн уусмал нь бүтэц найрлагын хувьд өөр боловч давс, ус, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх фармокологийн үйлдлээрээ ижил гэх дүгнэлтийг гаргасан байна. Рингер лактат болон рингер уусмал нь хэрэглэгчид үзүүлэх эмийн үйлчлэлээрээ адил хэмээн дүгнэсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг илт буруу гэж дүгнэх боломжгүй байна” гэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16/14 дүгээр албан бичгээр рингер лактат болон рингерийн уусмал нь химийн тогтвортой байдал, ус татамхай чанар болон химийн бүтэц, орц найрлагын хувьд өөр өөр эмийн бэлдмэл болох нь нотлогдсон. Рингер лактат нь 5 найрлагатай, үйлчлэгч бодисын агууламж 11,6 гр байхад рингер уусмал нь 4 найрлагатай, үйлчлэгч бодисын агууламж 9,23 гр. Рингерийн уусмалын химийн бүтцэд хүний давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх гол үйлчлэгч бодис болох натрийн лактат агуулагдаагүй байдаг болох нь тогтоогдсон. Рингер лактат нь хүчил, шүлтийн тэнцвэрийн алдагдал нөхөх бэлдмэл бол рингерийн уусмал нь хүчил, шүлтийн алдагдлыг тэнцвэржүүлэх бэлдмэл болох тухай хавтаст хэрэгт авагдсан эмийн хэрэглэх зааварт заасан байдаг. Мөн түүнчлэн рингер лактат нь элоктролитын солилцооны тэнцвэржилтийг зохицуулах үүрэгтэй давсны уусмал юм. Ус давсны алдагдлыг нөхнө. Цусны буферийн системийг хэвийн болгоно. Лактат хувирч бикарбонатыг үүсгэн цусыг шүлтжүүлдэг. Биеийн хүчиллэгшилийг тэнцвэржүүлж, хортой бодисыг биеэс гадагшлуулж, шээс ялгаралтыг ихэсгэдэг. Харин рингерийн уусмал нь шингэн нөхөх, хоргүйжүүлэх, цусан дахь ус электролитын хэмжээг тогтворжуулах үйлдэлтэй бэлдмэл. Цусны урсгалаас хурдан гарч эс завсрын шингэнд тархаж үйлдлээ 30-40 минут хадгалдаг. Өөрөөр хэлбэл цусны эргэлтийн эзэлхүүнийг нөхөн сэргээх богино хугацааны үйлдэлтэй бэлдмэл болох тухай хавтаст хэрэгт авагдсан эмийн хэрэглэх зааварт дэлгэрэнгүй тусгасан.

Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/266 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2016 онд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслийн жасгаалт, техникийн тодорхойлолтод тусгагдаагүй, Багц-21-т заасан рингер лактатын оронд химийн тогтвортой байдал, ус татамхай чанар болон химийн бүтэц, орц найрлага, эмчилгээний үйлчилгээний хувьд өөр эмийн бэлдмэл болох рингерийн уусмал санал болгосон “Мөнхийн тун” ХХК-ийг сонгон шалгаруулж холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдлийг давж заалдах шатны шүүх “рингер лактат болон рингер уусмал нь хэрэглэгчид үзүүлэх эмийн үйлчлэлээрээ адил хэмээн дүгнэсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг илт буруу гэж дүгнэх боломжгүй байна” гэж зөвтгөсөнд гомдолтой байна.

Гурав. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг хэрэглээгүй байна.

Рингер лактат болон рингерийн уусмал нь өөр өөр эмийн бэлдмэл учраас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Энхийн шүүдэр” ХХК-д “Рингер” тарилгын шингэн үйлдвэрлэх эрхийг, “Айвико” ХХК-д “Рингер лактат” тарилгын шингэн үйлдвэрлэх эрхийг тус тус олгосон болохыг давж заалдах шатны шүүх анхааран үзээгүй байна. Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэдэг өөр өөр эмийн бэлдмэлийг “хоорондоо ижил үйлчилгээтэй бүтээгдэхүүн” хэмээн үзэх эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй. “Мөнхийн тун” ХХК-ийн санал болгосон “Энхийн шүүдэр” ХХК-ийн үйлдвэр “Рингер лактат” үйлдвэрлэх эрхгүй байхад “Рингер лактат” нийлүүлэх тендерт “Мөнхийн тун” ХХК-ийг сонгон шалгаруулсныг зөвтгөх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт хууль бус байна. “Энхийн шүүдэр” ХХК-д “Рингер лактат” үйлдвэрлэх эрх олгогдоогүй болох нь “Рингер лактат”-ын оронд “Рингерийн уусмал” санал болгож, “Рингер лактат” нийлүүлэх тендерт сонгон шалгаруулах үндэслэл болохгүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхааран үзээгүйд харамсаж байна.

Энэ тухай анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д “Фармакопейн өгүүлэл” гэж эмэнд тавих шаардлага, чанарын үзүүлэлт болон тэдгээрийг шинжлэх аргыг заасан зайлшгүй мөрдөх стандартыг” гэж заасны дагуу эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх сонгон шалгаруулалт нь хүний эрүүл мэндтэй холбоотой тул чанга мөрдөж ажиллах, онцгой анхаарал шаардах ажиллагаа тул зөвхөн техникийн тодорхойлолтод заагдсан нэр төрлийн эмийг тендерээр сонгон шалгаруулах шаардлагатай байтал эмийн үйлдэл олон хэрэглэх заалт нь ижил гэж дүгнэн тендерийн тодорхойлолтоос өөр эм санал болгосон компанийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн нь хууль бус болно” гэж зөв зүйтэй дүгнэлт хийсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг хэрэглэлгүй шийдвэр гаргасан гомдолтой байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1/. Иймээс нэхэмжлэгч нь захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны /шийдвэрийн/ улмаас түүний ямар эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэх талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдах ёстой /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3/. Ялангуяа өөрт хаяглагдаагүй буюу гуравдагч этгээдэд хандсан эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд энэхүү шаардлага илүү тавигддаг. Учир нь, нэхэмжлэгч нь “бусдын /гуравдагч этгээдийн/ эрхээс миний эрх илүү хамгаалагдах ёстой” гэж шаардаж буй “нийтийн эрх зүйн субьектив эрх”-ээ тодорхой үндэслэх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрх байгаа эсэх, маргаан бүхий актын улмаас түүний эрх нь зөрчигдсөн эсэх, актыг хүчингүй болгосноор /гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласнаар/ нэхэмжлэгчийн эрх хамгаалагдах эсэхийг тогтоох ёстой.

Гэтэл нэхэмжлэгч “Айвико интернэшнл” ХХК нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц/21 “Давс хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ийн тендерт “Мөнхийн тун” ХХК /гуравдагч этгээд/ “хамгийн сайн” үнэлгээ авсан шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргахдаа өөрийг нь тендер шалгаруулалтаас хассан хариуцагчийн шийдвэртэй маргаагүй, харин гуравдагч этгээдийг шалгаруулсан шийдвэртэй маргадаг бөгөөд тухайн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг яаж зөрчсөн, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор түүний эрх нь /тендерт оролцох, шалгарах/ хэрхэн сэргэх талаар тодорхой дурдаагүй, энэ талаар маргаагүй байдаг. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой үндэслээгүй атлаа “давж заалдах шатны шүүх “Айвико интернэшнл” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буруу тодорхойлж, нэхэмжлэлд дурдагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэж буруутгаж буй гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх” бөгөөд 27.3-ийн дагуу тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн 28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх” үе шат эхлэхээр байна.

Харин “Айвико интернэшнл” ХХК-ийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар тендер хянан үзэх үе шатнаас хасагдсан байх бөгөөд тэрээр энэ талаараа маргаагүй тул түүний хувьд “тендерээ үнэлүүлэх” дараагийн үе шатанд оролцох, үнэлгээтэй холбоотой маргах эрх үүсэхээргүй байна. Иймд тендер шалгаруулалтыг /гуравдагч этгээд “хамгийн сайн” үнэлгээ авсан/ хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хамгаалагдах боломжгүй.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн буюу гуравдагч этгээдэд хаяглагдсан актыг хүчингүй болгосноор түүний эрх хамгаалагдах үндэслэл тогтоогдоогүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болох тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын бусад үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Иймд, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                                 Г.БАНЗРАГЧ