Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 161

 

Б.Алтанзулд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн төлөөлөгч С.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар магадлалтай, 201513000106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Тойн овогт Бямбаноровын Алтанзул нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Алтанзулыг бусдын эд хөрөнгийг завшин үрэгдүүлж “Ази-Фарма” ХХК-д 19,685,404 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанзулд оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Алтанзулаас 17,685,974 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Ази-Фарма” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Алтанзул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан этгээд биш байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэсэн байдаг. Би Ази-Фарма ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 01 хүртэл ямар ч гэрээгүйгээр цэвэрлэгч, худалдагч, хамгаалагч, зөөгч, ачигч гээд бүх ажлыг нь сайн санаж хийж байсан. Би тийм их үнэтэй эм барааг итгэмжлэгдэн хариуцсан этгээд огт биш бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэт нэг талыг барьж шийдэж байгаад гомдолтой байна. Шүүх намайг 19 сая төгрөгийг аваад юунд зарцуулсан, хэрэглэсэн, худалдсан талаар ямар ч баримт байхгүй байхад ялласан. Анхнаасаа Сарантуяа бид 2 тоолохоор нэг бол бүрэн гараад, нэг бол дутаад байсан. Энэ хуурамч баримт, гэрээ гаргаж өгдөг Ази-фарма ХХК-д анх ороход л юунаас болж дутсан нь мэдэгдэхгүй 683,000 төгрөг дутаж байсан. Үүнийг эрхлэгч Сарантуяа Яруу суман дээр биччих гэсэн. Түүнээс хойш хаанаас нь дутагдсан нь мэдэгдэхгүй өр гарч ирээд байсан. Шинжээчийн дүгнэлт хохирогч талд гарах нь ойлгомжтой, яагаад гэхээр хохирогч байгууллага 2 сая төгрөгөөр хөлсөлж дүгнэлт гаргуулсан. Хууль мөнгөгүй ядарсан хүнд үйлчилдэггүй, мөнгөтэй компанид нь үйлчилж гаргасан дүгнэлтийг үндэслээд яллаад байгаад гомдолтой байна. Дүгнэлт гаргасан баримтууд нь дан хуулбар хувь, ядаж миний гарын үсэгтэй байгаагүй.

Шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдсэн талаар. Худал мэдүүлэг өгсөн нь илт болсон гэрч Ази-Фарма ХХК-ийн гүйцэтгэх захирал Баяржаргалын мэдүүлэг одоог хүртэл хүчинтэй гээд шүүх шийдээд байгааг огт ойлгохгүй байна. Сэжигтэн байсан Сарантуяа нь 2012 оны хөдөлмөрийн гэрээг бүтэн 5 жилийн дараа нотлох баримтаар гаргаж өгч, түүнийг сэжигтэн байсан Сарантуяагийн ангийн хүүхэд гэрч Баяржаргал захирал нь манай компани шүүгдэгч Б.Алтанзултай 2012 оны хөдөлмөрийн гэрээг 2012 онд ажилд ороход нь Завхан салбарын эрхлэгч Сарантуяагаар дамжуулан хийсэн. Дараа нь 2013 оны 05 дугаар сард хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийсэн гэж худал мэдүүлэг өгсөөр байхад шүүх гол нотлох баримт, үндэслэл болгоод байгааг гайхаж байна. Энэ нь шүүхүүд үнэнийг олох бус зөвхөн хохирогч талыг буюу хуурамч хөдөлмөрийн гэрээ гаргаж өгдөг Ази-Фарма ХХК-д үйлчилж, хэт нэг талыг барьж шийдэж байгаад үнэхээр гомдолтой байна. 2012 оны хөдөлмөрийн гэрээ нь нөхөж хийсэн гэрээ гэдэг нь маш тодорхой байгаа бөгөөд тус 2012 оны гэрээнд Ази-Фарма ХХК-ийн Завхан салбарын тамга тэмдэг дарагдсан байдаг. Улсын бүртгэлийн лавлагаа, тамга тэмдгийн үйлдвэрийн албан тоотоор Ази-Фарма ХХК-ийн Завхан аймаг дахь салбар нь 2013 оны 02 дугаар сарын 20-нд байгуулагдаж, тамга тэмдгээ авсан байдаг. Сэжигтэн байсан Сарантуяа нь мэдүүлэг өгөхдөө би Б.Алтанзултай 2012 онд ажилд ороход нь энэ хөдөлмөрийн гэрээг хийж, гарын үсэг зурж тамга дарсан гэж худал мэдүүлэг өгсөн. Үүнд шүүх ямар ч дүгнэлт хийхгүйгээр гэрч Ази-Фарма ХХК-ийн гүйцэтгэх захирал Баяржаргалын мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг болгож байгаад гомдолтой байна. Би Завхан аймгийн нэг ч эмийн сангийн эздүүдийг таньдаггүй, харин Сарантуяа бүгдийг таньдаг, найз нөхөд гээд л зээл өг гээд утсаар ярьдаг байсан. Ази-Фарма ХХК-д ажиллаж байх хугацаандаа Сарантуяа хоёр эмийн сан нээсэн. Түүнийг хаанаас энэ их эм бараатай болсныг шалгуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч нэг ч баримт гаргаж өгөөгүй. Мөн Аудитын дүгнэлт гаргахад Сарантуяагийн дансны хуулгыг авсан боловч шалгалгүй хэргийн материалд хавсаргасан. Хаан банкны дансны хуулга дээр нь эмийн үнэ гэж маш их мөнгө орж ирсэн байсан. Үүнийг тушаасан баримт огт байхгүй. Өрөнд орлоо гээд Ази-Фарма ХХК-ийн төв дээр очиход нягтлангууд нь өрийг нь шахья гээд нэг нь ч туслаагүй, ерөнхий нягтлан нь нэг удаа үзэхдээ захирлынхаа нэг данснаас 2,000,000 төгрөг гарч ирлээ гээд хасчихсан. Сарантуяатай хамт өрөө шахахад 10 орчим сая төгрөг гарч ирсэн боловч тоогоогүй. Тэгтэл Сарантуяа миний өмнөөс миний гарын үсгийг зурж баталгаажуулаад би төлнө гэж өргөдөл гаргаад таньдаг нотариатаараа батлуулан Ази-Фарма ХХК-ийн төв рүү явуулсан байсан. Мөн дандаа худал мэдүүлэг өгч таньдаг эмийн санч нартайгаа хуйвалдаж янз бүрийн юм хийж, ярьж явсаар байгаад прокурор дээр хэргээ хэрэгсэхгүй болгуулсан байсан. Улиастай ван аудитын дүгнэлтийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хоёр удаагийн дүгнэлт гаргасан. Үнэхээр өр гарсан юм уу, Макс гээд програмыг нь мэддэг хүнээр нь шалгуулья гэхэд тэр компьютерийг хэнд, хаана өгсөн нь мэдэгдэхгүй алга болсон. Өдрийн орсон орлогыг маргааш өглөө нь Ази-Фарма ХХК-ийн захирлын данс, мөн компанийн данс руу тушаадаг байсан. Орой нь Ази-Фарма ХХК-ийн төвөөс утсаар яриад Тием вевирын кодоо өг гээд миний ажиллаж байсан компьютер лүү нэвтрэн орж бэлэн борлуулалтыг хараад ийм төгрөг бэлэн орсон байна, тушаа гээд компьютерийн програмыг дахин кодлон хаадаг байсан. Мөн хүссэн үедээ л кодоо гэж нэхэн авч үнийн өөрчлөлт хийдэг байсан, заримдаа огт ирж байгаагүй эм бараа хүртэл гараад л ирдэг байсан. Салбарын эрхлэгч Сарантуяа нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй байсан бөгөөд дансаар нь эмийн мөнгө маш их орж ирдэг байсан. Тэгтэл ямар ч буруугүй гээд хэргээс гаргасан. Мөн Макс програмыг нь шалгуулья гэхээр устгасан. Би ажлаас 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гарахад Сарантуяа дүүгээ авч ажиллуулсан. Тэгтэл дүүгийнх нь ажиллаж байсан 2014 оны 05 дугаар сарын 17-ноос 2014 оны 05 дугаар сарын 23 хүртэлх хугацаанд 14 сая төгрөгийн татан авалт хийчихээд түүнийгээ миний ажиллаж байсан хугацааны эм барааны үнийн дүн дээр нэмж дүгнэлт гаргуулсан. Иймээс би энэ хэргийг сайн шалгаад өгөөсэй гэж удаа дараа хүсэж байсан. Гэвч бүх юм яг хэвээрээ л гараад ирдэг. Энэ эм, бараа үнэхээр нотолгоотой яг хэзээ, хэдний өдөр ямар замаар дутаж, хэн энэ мөнгийг хэрэглэсэн, юунд зарцуулсан эсэхийг нотлоогүй. 24 удаагийн татан авалт хийсэн гэж яриад байгаа боловч миний хүлээж авсан гэсэн гарын үсэг, он, сар, өдөр байхгүй, тэгсэн хэрнээ л би өрөнд орчихоод байх юм. Гэрээгээрээ намайг төл гээд байгаа юм бол Сарантуяа бас л гэрээ байгуулсан, Ази-Фарма ХХК нь 6 сар тутамд тоолно, байнга хяналттай байна гэсэн гэрээнүүдтэй байхад энэ хүмүүсийн гэрээ яагаад нөлөөлдөггүй, миний гэрээ болохоор яагаад намайг ялтан болгоод байгаа юм бэ, үнэхээр гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Алтанзулын өмгөөлөгч Б.Алтангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэсэн хуулийн шаардлагатай, энэ шаардлагаар хохирогч байгууллага нь шүүгдэгчид хууль буюу гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээлгэсэн байх шаардлагатай юм. Ийм шаардлагыг хангаагүй этгээдийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлээр зүйлчлэх боломжгүй. Гэтэл шүүгдэгч Б.Алтанзул нь Ази-Фарма ХХК-ийн Завхан аймаг дахь борлуулалтын төвд 2012 оны 07 дугаар сард ажилд орсон боловч шүүгдэгчтэй ямар нэгэн хөдөлмөрийн болон эд хариуцагчийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгээгүй, зөвхөн салбарын эрхлэгч Сарантуяатай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийсэн байдаг ба шүүгдэгч Б.Алтанзултай хохирогч байгууллага нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж ажиллуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн шаардлагыг шүүгдэгч Б.Алтанзул нь 2013 оны 05 дугаар сараас хангасан байх магадлалтай юм. Гэхдээ үүнийг зааглан нотолсон шинжээчийн дүгнэлт гараагүй юм. Тэгэхээр 2012 оны 07 дугаар сараас 2013 оны 05 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд хичнээн төгрөгийн эм, бараа материал дутагдсан, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хичнээн бараа материал дутсаныг тодорхой зааглаж шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан.

Хэргийг бүрэн гүйцэд тал бүрээс нь шалгаагүй талаар. Шинжээчийн дүгнэлтүүд нь 2012 оны 07 дугаар сараас 2014 оны 05 дугаар сарын 23 хүртэлх татан авалтыг хамруулсан бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 17-ноос 23-ны хооронд 14 сая төгрөгийн татан авалтыг бас оруулан дүгнэлт гаргасан ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч байгууллагын зүгээс шүүгдэгч Б.Алтанзул нь бусад хүмүүст өр болгож тавьсан өр нь 19,685,404 гэж мэдүүлж байгаа нь шинжээчийн дүгнэлтүүдтэй зөрүүтэй байна. Шүүгдэгчийг 2014 оны 05 дугаар сарын 17 хүртэл ажиллуулаад 17-ноос хойш ажиллуулаагүй байхад 14 сая төгрөгийн эмийн татан авалтыг шинжээчийн дүгнэлтэд оруулсан нь үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгч нь Ази-Фарма ХХК-ийн харилцах данс болон захирал Баяржаргалын данс руу орлогоо хийдэг байсан гэдэг дээр шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч маргадаггүй боловч шинжээчийн дүгнэлтүүдэд захирал нь ямар данстай байсан, түүний хуулгыг оруулаагүй. Анх 683,000 төгрөг дутчихлаа гэж шүүгдэгч салбарын эрхлэгчид хэлэхэд түүнийг салбарын эрхлэгч Сарантуяа нь Яруу суман дээр биччих гэж хэлсэн гэснийг салбарын эрхлэгч Сарантуяа нь хүлээн зөвшөөрч маргадаггүй, гэтэл Ази-Фарма ХХК-ийн Завхан аймаг дахь салбар байгуулагдсан цагаас хойш татан буугдах хүртэлх ирсэн бүх бараа материалаас шинжээчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Алтанзулд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Алтанзул нь “Ази Фарм” ХХК-ны Завхан аймаг дахь салбарт эм найруулагчаар 2012 оны 7 дугаар сарын 16-наас 2014 оны 5 дугаар сарын 23-ны хооронд ажиллах хугацаандаа компаний итгэмжлэн хариуцуулсан эм, эмийн бүтээгдэхүүнээс 19.685.404 төгрөгийн эд зүйл үрэгдүүлж тус компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Б.Алтанзулыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь заалтад заасан аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлж Эрүүгийн болон Өршөөлийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв.  

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээтэй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх нь  анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, тогтоосон үйл баримтыг хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн эсэх талаар дахин дүгнэлт хийх, хэргийн үйл баримтыг өөрчлөх, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН