Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01651

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01651

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, ..дугаар байрны .. тоотод оршин суух, эрэгтэй, 47 настай, …регистртэй, Торгууд ургийн овогт Магсар овогтой Ганхөлөгийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны ..тоотод оршин суух, эрэгтэй, 35 настай, …регистртэй, Урианхай ургийн овогт Н овогтой М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэв оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Н.М нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр надаас бизнес эрхлэх шаардлагын улмаас 40,000,000 төгрөгийг баталгаа гэгчийг бичиж өгөн хүлээн авсан юм. Гэвч хариуцагч тал болох Н.М өдий болтол хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэв шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэн М.Г нь Н.Мтай 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан төлбөр төлөх баталгааг үндэслэн хариуцагч Н.Маас 40,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Мтай ярилцаад 20,000,000 төгрөгийг н.Сансрайдоржоос шаардах болсон. Иймд Н.Маас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

2013 оны 12 дугаар сараас 2014 оны 1 дүгээр сарын дундуур хүртэл мөрийтэй тоглоомын газар ажиллахаар би байр, рулетыг гаргахаар болсон. Загдзүсэм, Сансрайдорж хоёр 2013 оны 9 дүгээр сард хоорондоо холбогдож Мөнхбатад ширээ байгаа мөнгө гаргаж мөрийтэй тоглоомын газар ажиллуулъя гэж ярилцсан байсан. Энэ 2 хоорондоо ярилцаад байр болон ширээг ирж үзсэн. Тэгээд мөнгө гаргасан. Тус тус 6,000,000 төгрөгөөр 2 удаа гаргасан. Загдзүсэм гэдэг хүн тухайн үед Ганхөлөг гэдэг хүний ажилтан байсан. Загдзүсэм мөнгө санхүүг барин захиран зарцуулах эрх эдэлж, хяналт тавьж байсан. Дараа энэ оны 11 дүгээр сард уулзаад Ганхөлөг дахиад мөнгө өгье, урьдныхаа алдсан мөнгийг олоод дахиад ашиг олоход хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэж асуусан гэсэн. Одоо ширээ байхгүй, ширээ олдвол яръя гэж хэлсэн. Удахгүй 2-3 хоногийн дараа ширээ олоод холбогдтол Загдзүсэмээ болиулаад Пүрэвсүрэн гэж өөрийн туслах залууг ажиллуулъя гэсэн. Ганхөлөг хорооллын эцэст ирж ширээ үзсэн. Болно гэж Пүрэвсүрэнд мөнгө өгөөд явуулна гэсэн. Пүрэвсүрэн мобайлаар миний дансанд мөнгө хийсэн бэлэн мөнгө авчрах уу гээд 6,000,000 төгрөг авчирсан. 2,000,000 төгрөгөөр 1 удаа, 1,000,000 гаруй төгрөгөөр 1 удаа ашигтай ажилласан. 1,500,000 төгрөгөөр ашигтай 1 удаа ажилласан. Дараа нь хүмүүс цуглуулаад дуудахад Пүрэвсүрэн ирээгүй. 2014 он гараад 1 дүгээр сарын 03-нд дуудахад ирээгүй, 5-нд дуудахад Пүрэвсүрэн ирэхэд тоглогч ирээгүй. 2-3 хоногийн дараа дуудахад Пүрэвсүрэн ирээд хүн ирээд, тамирын хувцас авах гээд надаас мөнгө авсан. Тэгээд сүүлдээ мөнгөгүй гээд Пүрэвсүрэн ирэхээ больсон. Бид нар Баясгалан гэдэг хүнээс ширээгээ 1 тоглуулахад 300,000 төгрөгөөр түрээслэдэг байсан. Сансрайдорж бид хоёр мөнгөнд оролцож байгаагүй, 1 төгрөг ч аваагүй. Ганхөлөг, Сансрайдорж бид хоёрыг 40,000,000 төгрөг бизнесийн зээл авсан гэж гарын үсэг зуруулсан байсан. 40,000,000 төгрөг авсан гэж гарын үсэг зурчих гэж хэлсэн. Ганхөлөгөөс 1 ч төгрөг аваагүй. Тухайн үед бөхчүүдийг бид хоёр луу явуулах, утсаар яриулах зэргээр дарамталж байгаад гарын үсэг зуруулсан. Цагдаагаар хориулна гэж айлгасан, аргагүй байдалд орж гарын үсэг зурсан. Ганхөлөг цагдаад өргөдөл өгөөд хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. Иймд би 1 ч төгрөг аваагүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Н.Мад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг хасч, хариуцагч Н.М нь 20,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхдөө 10,000,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний дотор бэлэн мөнгөөр төлөх, үлдэгдэл төлбөрт С овогтой Э-н эзэмшлийн амины хашааг 567 м.кв газартай, иргэн Н овогтой М-ы эзэмшлийн амины хашааг 660 м.кв газартай хамт нийт 10,000,000 төгрөгөөр үнэлэн төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн.

Гэвч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “...Зохигчийн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан байдаг бөгөөд энэ тохиолдолд зохигчдын эвлэрлийн гэрээгээр төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон амины хашаа болон газар зэрэг нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзэн, тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2017/07998 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталгаажуулахаас татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагч Н.М шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Н.М болон иргэн Д.Сансрайдорж нарт 40,000,000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд зээлдүүлэхээр тохирч, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд М.Г нь 40,000,000 төгрөгийг зээлдэгч нарт хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн “Баталгаа гаргах нь” гэх баримт зэргээр тогтоогдсон тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад М.Гөөс өөрт олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр хамтран зээлдэгч Д.Сансрайдоржоос зээлийн гэрээний дагуу түүнд ногдох хувь болох 20,000,000 төгрөгийг жич нэхэмжлэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг энэ үнийн дүнгийн хэмжээгээр багасгаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Н.Маас гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь маргаан бүхий мөнгийг нэхэмжлэгч М.Гөөс хүлээн аваагүй, бусдад дарамтлуулсны улмаас дээрх баримтанд гарын үсэг зурсан гэж тайлбарлах боловч шүүхэд гаргаж буй тайлбар татгалзлыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөхөөр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгасан 20,000,000 төгрөгт төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж буцаан олгогдохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Урианхай овогт Н.М-с 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Торгууд овогт М.Г-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

ДАРГАЛАГЧ                     А.САРАНТУЯА