Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/373

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг /томилолтоор/,

хохирогч Д.М, түүний өмгөөлөгч С.Одгариг,

гэрч Б.Ч, О.М, Г.М,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Баясгалан, Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Б-т холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

************************************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төв”-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд тус байгууллагын эзэмшлийн “Ногоон зоорь”-ийг худалдана гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.М-ын 49.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Би 1984 оноос улсад ажиллаж эхэлсэн. 1990 оноос эхлэн Улаанбаатар төмөр замын худалдааны албанд хэлтсийн даргаар 2020 он хүртэл ажилласан. Төмөр зам мерит зарчмаар дэвшүүлж ажиллуулдаг. Энэ байгууллагад 30 жил удирдах албан тушаалтнаар ажилласан. 2014 оны 07 дугаар сард Улаанбаатар төмөр зам бүтцийн өөрчлөлт хийсэн. Бүтцийн өөрчлөлт хийснээр 3 газрыг татан буулгаж Улаанбаатар худалдааны төв байгуулсан. Энэ төвийн харьяанд байсан ногоон зоорь шилжиж ирсэн. Ногоон зоорийг түрээсэлдэг байсан М-тай 2014 оны 09 дүгээр сард бүтцийн өөрчлөлтийн дараа гэрээ байгуулахад уулзсан. Учир нь гэрээг шинэчлэх, өөрчлөх шаардлагатай болсон. Бүтцэд өөрчлөлт орсон учраас ногоон зооринд ажиллаж байсан 9 хүний орон тоо цомтголд орсон. М-тай тэгж анх уулзсан. Хуучин ажиллаж байсан манаач, ногоочин, нярав гээд 9 хүний орон тоо байхгүй болсон учраас ногоон зоорь том объект эзгүйрсэн. Баянгол дүүргийн 4-р хороонд байдаг 15189 метр квадрат том газар 8 вагоны ачиж буулгах талбайтай, 200 тонны 2 том зоорь, 50 тонны нэг зоорь 2 модон зоорь байсан. Тухайн 2 модон зоорь нь тухайн үедээ актлагдсан. 7 вагоны салаа зам дээр “Барс” захын хүнсний ногоо болон барилгын материал байнга бууж байсан. Сардаа 50-150 вагон ачиж буулгадаг том объект тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд орон тоо байлгаж ажиллуулдаг байсан. Энэ орон тоо байхгүй болсон. “М гэдэг хүнтэй ерөнхий түрээслэгчийн гэрээ хий” гэдэг үүрэг даалгавар өгсөн. Надад М “би танай ерөнхий түрээслэгч болсон” гэж өөрөө утсаар ярьж албан бичгийг надад авчирч өгсөн бөгөөд 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж гэрээ байгуулсан. Энэ өдөр М-тай уулзсан болохоос урьд нь ямар нэгэн харьцаа байгаагүй. Прокурорын яллаж байгаа үндэслэл нь урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэсэн байсан. Тийм зүйл байхгүй. 2019 оны 10 дугаар сард намайг Цагдаагийн хэлтсээс дуудсан. Та ийм гэрээ байгуулж 10.000.000 төгрөг авсан байна гэсэн. Би мөрдөгчид аваагүй гэдгээ хэлсэн. Олон хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн, манай хүмүүс гэрчилнэ. Надад тухайн мөнгийг бэлнээр өгсөн байх ямар ч асуудал байхгүй. Төмөр зам бэлэн мөнгө авдаггүй, бэлэн бусаар тооцоо хийдэг хатуу журамтай. Би хийгээгүй хэргийнхээ төлөө хэрэгтэн болж байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хохирогч гэх Д.М-аас нэг ч төгрөг аваагүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ: “...Б намайг удаа дараа шүүхэд мэдүүлэг өгөхдөө архаг гэмт хэрэгтэн гэдэг. Миний хувьд шоронд сууж байгаагүй. Энэ хүмүүс худлаа зүйл яриад байна. Би бичиг үсгийн чадвар муу, 8 дугаар анги төгссөн уншиж чаддаг. Харин алдаатай бичдэг учраас сайн бичиж чаддаггүй. Би бизнес хийж ашиг олох гэж л байсан хүн. Хуулийн этгээд байх ёстойн гэхээр нь 2010 онд “***********ХК-ийг байгуулсан. 2014 оны 08 дугаар сард Б- худалдааны төвийн дарга байсан. Би Б-тай сар гаран ярьж маргалдаж сүүлдээ эвлэрээд энэ хүнтэй гэрээ хийсэн. Б надад “энэ объектыг дуртай хүн нь хүрч ирээд авна, ийм нөхцөл байгаа гэдгийг танилцуулж байна, өөрөө мэд” гэхээр нь “би авъя” л гэсэн. Гэхдээ яг одоо 250.000.000 төгрөг гаргаж өгч чадахгүй гэсэн чинь “урьдчилаад 20 сая төгрөг өгчих” гэсэн. Би ногоон зоорийг авах гэж Бт нийтдээ 49.500.000 төгрөг өгсөн түүнийгээ одоо нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ч мэдүүлэхдээ: “...М Б-т 10.000.000 төгрөг өгөхөд нь хамт явсан. Сүүлд мөнгө өгөхөд нь мөн хаалганы завсраар харсан. Ногоон зоорь худалдаж авах гээд мөнгөө өгч байгаа юм байна гэж ойлгосон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.М мэдүүлэхдээ: “...М надаас Ногоон зоорь худалдаж авах гэж байгаа гээд 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр 1 сая төгрөг зээлсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.М мэдүүлэхдээ: “...М 04 дүгээр сарын сүүлээр “1-2 сая төгрөг байна уу” гэж асуусан, би “байгаа” гэж хэлээд ажил дээр нь очиж өгсөн. Тухайн үед М байсан. Дараа нь манай найзын эхнэр М орж ирж М-д мөнгө өгсөн. Бид хоёрт Ногоон зоорь худалдаж авах гэж байгаа гэж хэлж байсан. М бид 2 багийн найзууд. Бид 2 өөр сургууль төгссөн боловч нэг гудамжны дээд доод хашаанд байсан. 09 дүгээр сарын 15-ны өдөр О--ээс жижиг хар цүнхтэй мөнгө авсан. Дотор нь мөнгө байгаа нь тодорхой байсан. Нээж үзэх шаардлага байгаагүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.М-ын:

“....2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “УБТЗ” ХНН-ээс “*************” ХХК-ийн захирал Д.М манай эзэмшлийн зоорь, 33-р дэлгүүр, 24-р байрны 1 давхрын дэлгүүрийг хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг” гэсэн нэхэмжлэл гаргаж ирсний дагуу шүүх хурал хуралдахад би бүх объектуудын түрээсийн гэрээг гаргаж өгсөн. Түрээс ба худалдан авалтын төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. Хамгийн анх 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын Худалдаа үйлчилгээний бизнес төвийн дарга Т гэдэг хүнтэй ногоон зоорийг түрээслэх гэрээг байгуулж түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулахаар талууд тохирсон байсан. Үүний дараа 2014 онд 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээгээ сунгачихсан байсан. Түрээсийн төлбөр нь тухайн үед нэг сарын 1.000.000 төгрөгийн түрээстэй байсан. Түрээсийн төлбөрийг Улаанбаатар төмөр замын Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд төлдөг байсан. Д.Б нь Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний даргаар томилогдож ирсний дараа намайг ирж уулз гэснээр бид 2 удаа дараа уулзаж байсан ба уг объектын ашиглалтын хугацаа дууссан, акталчихсан /Удирдах газраас зах зээлийн үнэлгээг хийгдээд дахин үнэлгээгээр 24.000.0000 төгрөгөөр үнэлэгдсэн/ учраас зооринуудыг хэсэгчлэн худалдаж авснаас бүхэлд нь 250.000.000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан. Б надтай байгуулсан гэрээг нэг ёсондоо худалдах худалдан авах гэрээгээр өөрчилж байгууллаа гээд намайг хуурч түрээсийн гэрээ дахин байгуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

...Би Улаанбаатар төмөр зам ХНН-н Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Б-т “Ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийхдээ өгсөн. Мөн 2015 оны 06 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг өгсөн. 2016 оны 04 дүгээр сард бас дахин гэрээ хийхдээ “Ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Мөн 2016 оны 06 дугаар сарын сүүлээр би 5.500.000 төгрөг өгсөн. “Р” ХХК-д албан бичиг гаргаж өгөх болгондоо надаас мөнгө авдаг байсан. Нэг ёсондоо хамтран ажиллаж байна гээд надаас мөнгө авдаг байсан. Баримтаа авъя гэхээр худал шалтаг хэлээд надад өгдөггүй байсан шүү дээ...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

...Би эхлээд 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн, хамгийн сүүлд Б-тай нүүрэлдүүлж байцаалт өгөхөд Б надаас мөнгө аваагүй гээд гүрийгээд дургүй хүргээд, үгүй гээд байхаар нь би сүүлийн мэдүүлэгт надаас авсан бүх мөнгийг нь хэлж нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт хавсаргасан хоёр зоорь, нэг ногоон сараа буулгасан талаар улаан тамгатай бичиг байгаа, улаан тамгатай бичгээс миний мөнгө өгсөн өдөр нь тухайн бичгийн он, сар, өдрийн өдөр нь би мөнгө өгсөн байгаа. Он, сар, өдрийг яагаад мэдээд байна гэхээр 2014 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр өгсөн 10.000.000 төгрөг нь гэрээ байгаа болохоор, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг өгсөн нь албан бичиг бичигдсэн өдөр өгсөн болохоор санаж байна, 2015 оны 06 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг өгсөн нь наадмын өмнө өгсөн болохоор санаж байна, “наадмын хуушуурын мөнгө” гээд тоглоом хийж байгаад өгсөн болохоор сайн санаж байна, тэгээд зээлчих гээд авсан, яг таг хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна. 2015 оны 06 дугаар сарын сүүлээр Б намайг өөрөө дуудаад мэнд ус асуугаад, “улсын наадам болох гэж байна мөнгө байвал зээлээч” гэхээр нь би 3.500.000 төгрөг байна гэхэд “тэрийгээ зээлчих, наадам болох гээд мөнгө цаасны хэрэг байна” гэхээр нь би 3.500.000 төгрөгийг бэлнээр зээлсэн. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр наадам болох гэж байх үед намайг өрөөндөө дуудаад “хэдэн цаас хэрэгтэй байна, 5.000.0000-6.000.000 төгрөгийг зээлээч” гэхээр нь “за наадмынхаа хуушуурын мөнгийг гэж байна уу би маргааш авч ирж өгье” гээд маргааш нь ажил дээр нь очиж 5.500.000 төгрөгийг өгсөн, надад 6.000.000 төгрөг байсан ч би 500.000 төгрөгийг нь Ч-ад хөдөө явах гэж байгаа гэхээр нь бензиний мөнгө гээд өөрийн ажилтан Ч-ад өгчхөөд дараа нь Б-ийн ажил дээр очиж үлдэгдэл 5.500.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн Б-тай “гэрээг тэдэн сарын тэдний өдрөөс тохирлоо шүү” гээд гэрээ байгуулах өдрөөс 2-3 хоногийн өмнө байх 4-5 хоногийн өмнө үү, тийм л байх ёстой би 10.000.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ нь мөрдөгдөж байгаа.

...Ингээд харилцан бүх юмаа тохирсны дараа 2015 оны 02 дугаар сарын дундуур гэрээ байгуулсан, өдрийг нь санахгүй байна, гэрээн дээр байгаа. Гэрээ үйлдээд, гарын үсэг зураад би гэрээгээ аваад явсан, тэгээд маргааш нь намайг дахиж дуудахаар нь яваад очиход “дэлгүүрээ хэзээ хүлээлцэх бэ” гэхээр нь би “чи хүлээлцэх хүнээ гаргачих, би хүмүүсээ гаргая” гэхэд “за хөгшинд нь хэдэн цаас хэрэгтэй байна” гэхээр нь би “мөнгө маруухан байна” гэхэд “зохицуулаач” гэхээр нь “хэдэн цаас бэ” гэхэд “хөгшиндөө 10.000.000 төгрөг өгчих” гэсэн, тэгээд ярьж байхад надад “наадах чинь хуучин нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын эзэмшилд байсан, төмөр замын эзэмшил биш харьяалалгүй, уг газар татан буугдсаны дараа эзэнгүйдсэн байсан, тэгэхээр нь би төмөр замын блансад блансжуулаад авсан юм, би дараа нь блансаас нь хасчихна, одоо бол төрийн өмч төрийн өмчийн хороо мэднэ, тэгэхээр чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надаа өгчих, ногоон зоорины нэг зоорийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг бүтнээр чи ав” гэсэн. Үүнээс 2 билүү 3 хоногийн дараа надад маш их задгай мөнгө байсан болохоор би Ч-тай хамт ченж, бөөний дэлгүүр, бензин колонк орж 10.000.000 төгрөгийг бүхэлдэж 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 боодол мөнгө болгож, нийт 10.000.000 төгрөг болгож, Б-ийн ажил дээр очоод би Б-ийн хаалгаар ороход хаалганы гадна талд Ч үлдсэн, би өөрийн гар цүнхэнд 10.000.000 төгрөгтэй орсон, би ороод өөрийн барьж явсан цүнхний цахилгааныг онгойлгоод Б-т 10.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд Б-ийн хамт хаалгаар нь гарахад Ч зогсож байсан, би гараад мөнгийг нь аваад өөрийн хоосон болсон цүнхийг Ч-д өгөхөд Б үүдээ түгжээд цаашаа явахдаа царай нь сонин болоод “зүгээр юм байгаа биз дээ” гэхэд би “зүгээрээ” гэсэн, миний цүнх тухайн үед цахилгаан нь онгорхой байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал/,

...2014 оны 09 дүгээр сарын дундуур Ногоон зоорины худалдаж, худалдан авах урьдчилгаа 20.000.000 төгрөг өгөхөөс 10.000.000 төгрөгийг урьдчилж бэлнээр өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гарсан үед 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн. 2015 оны 02 сард 33 дугаар байрны дэлгүүрийн гурван жилийн гэрээг үйлдэхэд 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2015 оны 06 дугаар сарын сүүл улсын наадам болох гэж байсан үеэр 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Ногоон зоорь худалдан авалтын урьдчилгаа 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт 49.500.000 төгрөгийг хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

2. Гэрч Б.Ч-ын: 

“...25-р эмийн сангийн ард байрлах дэлгүүрийг хүлээж авахын өмнө билүү хүлээж авч байх үед би М гуайн талбайн захирал нэртэй ажил эрхэлдэг байсан, ногоон зоорины талбайг хариуцан ажиллаж байсан. Би он, сарыг сайн мэдэхгүй байна. Уг дэлгүүрийг хүлээж авахын 2 хоногийн өмнө Ногоон зоорь дээр ажилтай байж байхад М 100 төгрөгийн тортой мөнгөтэй ирээд “хоёулаа мөнгө бүхэлдүүлээдэхье” гэсэн. Тэгээд хамт яваад Богд ар орчим “Шунхлай” колонк, болон бензин колонк, “Тоса” дэлгүүрүүдээр яваад мөнгөө бүхэлдүүлээд 5 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт болгосон, нийт 10.000.000 төгрөг болсон. Би өмнөх мэдүүлэгт М байцаагчид хэлж байсан. Тэгээд уг мөнгөө аваад Тээш худалдааны төв дээр ороод 2 давхрын коридорт гараад намайг “наанаа байж бай” гээд дамжиж ордог Б дарга гэж бичсэн ертөнцийн зүгээр хойшоо харсан өрөө рүү орсон, М гуай тийшээ байнга ордог. М гуай цүнхтэй мөнгөө аваад орсон, 5-10 минут орчим болоод М гуай гарч ирэхдээ надад “май миний хүү энийг барьж бай” гээд цүнхээ өгсөн, цүнхний цахилгаан онгорхой байсан, дотор байсан 5 боодол мөнгөгүй болсон байсан, М саарал жижиг цүнхээ өөрөө байнга авч явдаг. М, Б даргын хамт гарч ирсэн, Б дарга хаалгаа түгжээд над руу нэг сүрхий том харж байсан, М гуай тоглоом, шоглоомоор “манай ажилчин мэдэж байгаа биз дээ” гээд инээгээд хэлж байсан, намайг хараад жаахан эвгүйцсэн гэж би бодсон, над руу сүрхий том харсан...” гэсэн мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал/,

3. Гэрч Г.М-ийн:

“...би гэр лүү нь очоод “М хар цүнхтэй мөнгө аваад ир” гэсэн гэж хэлтэл “энэ байна” гээд надад хар цүнх өгсөн, Би цүнхийг нь аваад М-гийн ажил дээр нь очтол ажил дээрээ ирчихсэн байсан, цүнхнээсээ мөнгө гаргаж ирэхэд 20.000-тын дэвсгэртээр 5 боодол мөнгө гаргаж ирээд нэг нэг боодлоор нь нэг бүрчлэн тоолж дуусчхаад надад “хоёулаа гаръя” гэж хэлэхээр нь би дагаж гараад машинд нь суусан. Би машинд нь сууж явж байхдаа “чи энэ мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэж асуутал “энэ ногоон зоорийг худалдаж авах гэж байгаа юмаа” гэж хэлэхээр нь “өө тийм үү” гэж хэлээд л орхичихсон юм. Тэгээд бид 2 ажлаас нь гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байгаад “Барс” захын баруун талд буюу Монголд үйлдвэрлэв гэсэн бичигтэй газрын зүүн талд байх 2 давхар байшингийн хашаа руу нь орсон. Машинаас хамт буугаад “хоёулаа хамт оръё” гэж хэлээд 2 давхар байшингийн 2 давхар луу гараад М намайг “чи эндээ байж бай” гэж хэлээд цаад талын мухар луу ганцаараа цүнхтэй мөнгөө бариад явчихсан, би шатан дээр үлдээд тамхи татмаар санагдаад гараад машиных нь хажууд зогсож байхад М 10-аад минутын дараа гараад ирсэн. Тэр үед нэг гартаа цүнхээ барьчихсан, цүнх нь хоосон бололтой санжганачихсан байсан, харин нэг гартаа цаас барьчихсан нэлээн сэтгэл хангалуун байгаа бололтой инээчихсэн гарч ирснээ машиндаа суугаад “гэрээ хийчихлээ” гэж хэлээд цүнхээ онгойлгоод барьж гарч ирсэн цаасаа нугалаад цүнхэндээ хийчихсэн. М “би ногоон зоорийг худалдаж авч байна миний хувийн юм болж байна” гэж надад хэлээд намайг үйлдвэр комбинатад байдаг манай ажил руу хүргэж өгсөн.

...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр М над руу утсаар залгаад “чамд ойр зуур хэрэглэчих 1.000.000-2.000.000 төгрөг байна уу” гэж асуухад нь тухайн үед би байшин барих гээд хураачихсан мөнгө байсан болохоор “1.000.000 төгрөг зээлүүлье” гэж хэлсэн чинь “маргааш өглөө эрт бэлнээр аваад ажил дээр хүрээд ирээч” гэхээр нь би өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажил дээр нь очоод 10000-тын дэвсгэртээр боосон 1 боодол буюу 1.000.000 төгрөгөө өгсөн. Намайг М-гийн ажил дээр сууж байхад манай талийгаач найзын эхнэр М гаднаас орж ирээд бид нар хоорондоо жаахан юм ярьж байгаад М 10.000-т-ын дэвсгэртээр боосон 1 боодол буюу 1.000.000 төгрөг өгсөн, М 4 боодол 20000-т-ын дэвсгэрт гаргаж ирээд нийлүүлээд цүнхэндээ хийчихсэн. Тэгэхээр нь би “чи энэ их мөнгөөр яах гэж байгаа юм бэ?” гэж асуутал “нөгөө ногоон зоорины чинь юм яваад байгаа ш дээ” гэж хэлсэн. Би ахиж юм асуугаагүй. Тэгээд бид 3 М-гийн ажлаас машинтай нь гараад 2014 онд очиж байсан 2 давхар байшингийнхаа гадаа очоод М машинаасаа ганцаараа буугаад явж ороод 20-оод минутын дараа гарч ирсэн. Тэр үед бас л нэг гартаа цүнхээ барьчихсан, нэг гартаа цаас барьчихсан гарч ирсэн. Би тухайн үед машиных нь гадаа тамхи татаад зогсож байгаад орсон, намайг орох үед М “бүх юм болж байх шиг байна шүү” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

4. Гэрч О.М-ийн: 

“...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр 5 дахь өдөр байсан. М над руу утсаар яриад “миний найзад бэлэн мөнгө байна уу” гэсэн. Яасан гэхэд “мөнгө хэрэг болоод байна” гэсэн. Яах гэж байгааг асуухад “Ногоон зоорь авах гээд байна” гэсэн. Би 10.000-таар боосон боодолтой мөнгө өгсөн. Цаад талд нь 20.000-т-ын боодолтой мөнгө байсан. Намайг хамт гарья гээд манай найз М бид 3 хамт яваад Монголд үйлдвэрлэв гээд дэлгүүрийн гадаа ирсэн. Бид 2-ыг гадаа сууж бай гэсэн. Өөрөө ороод 10-20 минут болоод гарч ирээд “найз нь энэ Ногоон зоорийг авах гэж байгаа” гэж хэлээд орж ирсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал/,

...Тухайн үед М 1.000.000 төгрөг өгсөн гэж байсан, М 10.000 дэвсгэртээр 1.000.000 төгрөг өгсөн байсан, мөнгийг ширээн дээр тавьсан байсан, өөрийн жижиг хар цүнхнээс гаргаж ирсэн, “надад 8.000.000 төгрөг байна, та хоёроос авсан мөнгийг нэмээд 10.000.000 төгрөг боллоо” гэсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 142 дахь тал/,

5. Гэрч Б.У-ийн: 

“...УБТЗ-ын Ногоон зоорийг худалдах асуудал огт яригдаагүй. Наад асуудлыг чинь би сая л сонсож байна. Төмөр замын эд зүйлийг байгууллагын дарга дур мэдээд зарах эрх хэмжээ байхгүй шүү дээ. Олгосон эрх хэмжээний хүрээнд түрээслүүлэх л эрх хэмжээтэй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал/,

6. Гэрч Р.О-ийн:

“...2014 оны 09 дүгээр сарын 15-нд нөхөр маань зоорь авчихлаа гэрээ хийсэн гээд яваад байсан, урьд нь авах гээд байгаа гээд яриад байдаг байсан. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагийн үед над руу залгаад “цүнхтэй мөнгөө орхисон байна. М-ийг очихоор нь өгчхөөрэй” гэсэн 10 өнгөрөөд хаалга нүдсэн хаалга тайлахад М орж ирсэн. Тэгээд суугаад цай өгөөд, тавгийн идээ тавиад “цүнхтэй мөнгө тэр байна” гээд заахад М аваад гараад явсан. Би гэрээ хийсэн гээд мөнгө авч явсан хүн байдаг, би мөнгийг нь мэддэггүй, оролцохыг ч хүсдэггүй. Нөхөр маань түргэн зантай, гэхдээ ааш зан гайгүй хүн, төмөр замын ногоон зоорийг үйл ажиллагаанд оруулаад өндөр түрээс төлж, орлого оруулж байсан, ашиглагдахгүй байсан газрыг ашиглалтад оруулсан, би гомдолтой байна. Нэг юм сараа ч билүү буулгана гээд мөнгө төгрөг хэрэгтэй байна, Б дээр очно гээд л мөнгө аваад явдаг юм...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал/,

“...Манай нөхөр М бичиг үсгийн чадвар муутай болохоор түрээслэгчтэй байгуулах гэрээг надаар бичүүлдэг байсан, түрээсийн мөнгийг манай нөхөр бэлэн мөнгөөр авдаг байсан. Нөхөр маань бичиг үсгээсээ санаа зовоод байдаг, бичиг үсгийн чадвар муутай болохоор би өмнөөс нь гарын үсэг зурдаг байсан. Түрээслэгч нарын орлогын мөнгө хүлээлгэн өгсөн баримт дээр би зурдаг байсан, нөхөр “чи зурчих” гэхээр нь би зурчихдаг байсан, дандаа миний гарын үсэгтэй байгаа, харин мөнгийг нь нөхөр өөрөө хүлээн авдаг байсан” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал/,

7. Гэрч М.Э-ийн:

“...Би аавын бүхэлдүүлээд ир гэсэн 10.000.000 төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 боодол болгож 2014 оны 09 дүгээр сарын 14-ний орой аавд ажил дээр нь аваачиж өгсөн. Яагаад энэ сар өдрийг сайн мэдэж байна гэхээр маргааш нь буюу 15-ны өдөр объектоо худалдаж авах гэрээ хийнэ гэж байсан. Мөн дараа нь түүнээс 3-4 хоногийн дараа зоорь буулгана гээд ахиад 10.000.000 төгрөг аваачиж өгч байсан. Ер нь би 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тус ногоон зоорийг түрээсийн гэрээгээр эзэмшиж 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аав тус ногоон зоорийг худалдан аваад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр булаалгах хүртэл аавын мөнгө төгрөгийг бүхэлдүүлэх цэгцлэх зэрэг ажлуудаар аавдаа тусалдаг байсан. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш аав “худалдааны төвийн дарга Д.Б-т хэдэн төгрөг худалдан авалтын мөнгө өгөх гэсэн юм” гээд удаа дараа мөнгө аваачин өгдөг байсан. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө он сарыг андуурсан байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

8. Гэрч Ч.М-ийн “...Өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулдаг, шууд худалдан борлуулах эрх байхгүй, худалдан борлуулах талаар материал бүрдүүлээд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар орж шийдэгддэг. Төмөр замын өмчийг заавал ерөнхий хорооны хурлаар оруулж шийддэг, намайг ажиллаж байх үед янз янзын зүйл ярьж ирдэг хүмүүс зөндөө байсан. Тухайн үед нь тайлбарлаад гаргадаг байсан. Миний хариуцдаг байсан Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төв, Тээш худалдааны төвөөс төмөр замын эзэмшлийн Ногоон зоорь гэх газрыг худалдах, худалдан борлуулах талаар санал болон материал бүрдүүлж ирүүлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 5-104 дэх тал/,

9. Гэрч Т.Б-ийн:

“...Салбар нэгжийн дарга нар худалдах, худалдан борлуулах бусдад шилжүүлэх эрх эдлэхгүй, зөвхөн замын даргын итгэмжлэлийн үндсэн дээр түрээслүүлэх буюу түрээсийн гэрээ байгуулах эрхтэй. Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 17-т Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд дор дурдсан үүргүүдийг биелүүлнэ. Үүнд:

“Д”-д хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Дүрмийн 22-т Замын даргад дараах эрхүүд олгоно. Үүнд:

“В”-д төрөл бүрийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, түрээслэх шилжүүлэх, борлуулах, тогтоосон журмаар данснаас хасах. Тэгэхдээ нийгэмлэгийн хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах явдлыг нийгэмлэгийн хорооноос энэ тухай шийдвэр гаргасны дараа сая гүйцэтгэнэ.

Дүрмийн 33-т Замын даргаас замын ерөнхий инженер, алба хэлтэс ба аж ахуй нэгжийн дарга түүнчлэн, нийгэмлэгийн бусад төлөөлөгч нарт бичиг баримтад гарын үсэг зурах, итгэмжлэл олгох болно гэж заасан байдаг болохоор салбар нэгжийн дарга нарт түрээсийн гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгодог, салбар нэгжүүд зөвхөн өөрийн салбарын нэгжийн балансанд бүртгэлтэй хөрөнгийг түрээслүүлэх, түрээсийн гэрээ байгуулах эрхтэй. Худалдан борлуулах, худалдах эрх байхгүй” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал/,

10. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Мөрдөн шалгах туршилт” хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 118-124 дэх тал/,

11. “Р” ХХК-наас Монгол ***********************байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13/Д/05, 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13/Н/05, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14/2-53, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15/2-53, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/2-53, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн /дугааргүй/ гэрээнүүд, мөн 2014-2016 оны хооронд байгуулсан “түрээсийн гэрээ”, “орлогын ордер” /1 дүгээр хавтаст хэргийн 1-5, 96, 100, 104, 2 дугаар хавтаст хэргийн 2-242, 3 дугаар хавтаст хэргийн 103, 5 дугаар хавтаст хэргийн 203-250, 6 дугар хавтаст хэргийн 1-250 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 1-21 дэх тал/,

12. Д.Б-ийг ажилд томилсон ******************дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 85, 87 дахь тал/,

13. УБТЗ-ын Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний төвийн дарга Д.Б-т итгэмжлэл олгосон ****************** даргын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10-1098, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10-129, УБТЗ-ын Тээш худалдааны төвийн дарга Д.Б-т итгэмжлэл олгосон Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10-181 тоот албан бичгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 119, 160, 161 дэх тал/,

14. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал/,

15. УБТЗ-ын тээш худалдааны төвийн дарга Д.Б, “Р” ХХК-ийн захирал Д.М нарын хооронд хийсэн түрээсийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

16. Гэрч Г.Т-гийн:

“...Б нь 1987 онд Худалдаа бэлтгэлийн яамнаас Улаанбаатар төмөр замын ажилчны хэрэгцээ хангах албанд мэргэжилтнээр томилогдож ирсэн, тэр цагаас хойш Бийг таньдаг болсон. 1995 онд Улаанбаатар төмөр замын бизнес төв байгуулагдаад даргаар Б томилогдон ажиллаж байгаад 1997 онд Худалдааны албаны орлогч даргаар томилогдож би бизнес төвийн даргаар томилогдсон. Б бид 2 ажил төрлийн харьцаатай хүмүүс байсан тэрнээс хамаатан садан найз нөхдийн харьцаа байхгүй. Б нь ерөнхийдөө түвшин, номын, дуу цөөхөнтэй, ажил төрөлдөө няхуур чамбай хүн байсан, сагсалзсан ямар нэгэн овилгогүй зан байхгүй. М-ыг 2012 оноос хойш таньдаг болсон. Улаанбаатар төмөр замын Худалдааны албаны даргаар ажиллаж байсан Н нь Улаанбаатар төмөр замын объект болох ногоон зоорийг “Р” ХХК-ны захирал Д.М-д 2012 оны хавьцаанаас түрээслэх үүрэг өгсний дагуу Д.М-тай Улаанбаатар төмөр замын Бизнес төв нь 3 жилийн хугацаатай сарын 300.000 төгрөгөөр түрээслүүлэх түрээсийн гэрээ байгуулж байсан. Түрээсийн гэрээний хугацаа дуусаад Улаанбаатар төмөр замаас хяналтын албанаас шалгалт ирээд түрээсийн төлбөр нэмэх үүрэг даалгавар өгсний дагуу М-тай уулзаж тайлбарлахад “3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байгаа тул түрээсийн гэрээгээ өөрчлөхгүй 1.000.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж байхгүй” гэх мэтээр хэрүүл маргаан хийж байж 2013 оноос нэг сарын түрээсийн төлбөрийг 1.000.000 төгрөг болгож нэмсэн. М нь Улаанбаатар төмөр замын объектуудыг өөрийн болгох гэж л зорьсон хүн байгаа юм, жишээ нь: ногоон зоорь, 33-р дэлгүүр, булангийн дэлгүүр зэргийг эхний элжинд түрээслээд цаашид авах гэсэн л зорилготой байсан. Мөн өөрийнхөө талд л асуудлыг шийдвэрлүүлэхгүй бол хүнийг хэл амаар доромжилно, гүтгэнэ, арай л зодохоос бусдыг хийдэг байсан. Намайг ерөнхий сайд А-ийг доромжилсон гэж Зам тээврийн хөгжлийн яаманд өргөдөл бичиж тухайн үеийн замын даргаар ажиллаж байсан С нь надад “арга хэмжээ ав” гэж хуулийн албанд цохолт хийн хуулийн зөвлөх нь надтай уулзаж байсан, миний буруутай үйлдэл тогтоогдоогүй учраас надад ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. М нь манай ажлын байранд байнга л орж ирээд “өнөөдөр найз шиг байна шүү” гэж гараа сунгаад л сууж аваад хэрүүл маргаанаа хийгээд эхэлдэг байсан. М-ыг ороод ирэхээр манай төвийн нягтлан, нярав, жижүүрүүд хүртэл айдаг байсан. Надад хашаагаар орж ирэхэд л жижүүр мэдэгддэг байсан. Улаанбаатар төмөр замын Ногоон зоорины түрээсийг замын даргаас баталсан түрээсийн тариф гэж байдаг байсан, ногоон зоорины 1 сарын 800.000 төгрөгөөр түрээсэлж байсан тэгэхэд М нь ерөнхий түрээслэгч гэдгээрээ 1 сарын 300.000 төгрөгөөр түрээслэх саналыг М өөрөө тооцоолоод оруулж ирснийг Худалдааны албаны даргаар ажиллаж байсан Н нь зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулж байсан. Түрээсийн гэрээний ерөнхий загварын Хуулийн албанаас боловсруулаад байгууллага өөрийнхөө онцлогт тохируулж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж өгдөг. Намайг ажиллаж байх хугацаанд Улаанбаатар төмөр замын Ногоон зоорийг худалдах талаар ямар нэгэн яриа ерөөсөө гарч байгаагүй, ногоон зоорийг хувьчлах, худалдах эрх Улаанбаатар төмөр замд байхгүй, төрийн өмчийн хороо л мэднэ. М нь хүнд 20.000.000 төгрөг өгөх нь битгий хэл авах л гэж үздэг, хэрвээ хүсэл сонирхолд нь нийцэхгүй бол хүнийг юу ч гэж гүжирдэж чадна, Ногоон зоорийг хувьчилж өгөх эрх мэдэл Б-т байхгүй, төмөр зам ч хувьчлахыг мэдэхгүй. Мөн Б-тай би олон жил ажилласан, хүнийг “ажилд оруулж өгнө” гэж мөнгө төгрөг авчихлаа гэж албан тушаалаа ашиглаад мөнгө төгрөг авчихсан гэсэн яриа ерөөсөө сонсогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

17. Гэрч Д.Ш-ийн:

“...Түрээсийн гэрээг эдийн засагч боловсруулаад Хууль зүйн албанаас дугаар авдаг гэж бодож байна. Ногоон зоорийг худалдах талаар ямар нэгэн яриа ерөөсөө гарч байгаагүй. Улаанбаатар хотын мэдлийн газар байгаа юм. Би Б даргыг М-аас 20.000.000 төгрөг авсан гэсэн мэдээллийг ерөөсөө сонсож байгаагүй. Б дарга олон жил дарга хийчихсэн хүн ийм асуудалд орохгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

18. Гэрч Д.Ш-ийн:

“... “Р” ХХК нь Ногоон зоорь гэх газрын түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн түрээсийн төлбөр, засвар үйлчилгээнд төлсөн 140.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлдээ тусгасан байсан. Иргэний хэргийн нэхэмжлэгч талаас эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлт гарган 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Миний хувьд ************* гэх газрыг худалдана гэж ярьж байсныг сонсож байгаагүй, ер нь нэгжийн дарга буюу Б гэх хүн нь өөрөө бие даан худалдах боломжгүй. Энэ нь 1949 оны “***********” ХНН-ийн дүрэмд зохицуулсан байдаг, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрх мэдлийг ерөнхий хороо болон ерөнхий хорооноос олгосон эрхийн хүрээнд замын дарга худалдах зохицуулалттай байдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

19. Гэрч Д.Ж-ын:

“...М нь Б дарга дээр байнга ирж уулздаггүй байсан, хааяа л ирж уулздаг байсан, эхэндээ бол зүгээр энгийн харьцаатай байдаг байсан боловч сүүлд Улаанбаатар төмөр замаас аудитын шалгалт орсноос хойш тэр 2-ын харьцаа таарамжгүй болсон, аудитын шалгалтын комисс “ногоон зоорины түрээсийг цуцал, талбай чөлөөлөх хуудас наа” гэсэн үүрэг өгдөг байсан боловч тэр асуудал нь манай байгууллагад ач холбогдолгүй байсан учраас сүрхий шавдуулдаггүй байсан, М аудитын шийдвэрийг эсэргүүцэн манай байгууллага дээр ирж хэрүүл маргаан их гаргадаг байсан. Намайг 2015 онд ажилд ороход Ногоон зоорийг М түрээсэлдэг байсан, эдийн засагч түрээсийн гэрээг боловсруулаад дарга түрээсийн гэрээг тухайн аж ахуйн нэгж болон хувь хүнтэй байгуулдаг байсан. Энэ нь миний ажил үүргийн хуваарьт байхгүй асуудал юм. Би Б даргыг М-аас 20.000.000 төгрөг авсан гэсэн мэдээллийг ерөөсөө сонсож байгаагүй. Б дарга олон жил төмөр замд ажилласан дадлага туршлагатай хүн байгаа юм, ажлын тал дээр ямар нэгэн сонирхол байхгүй юм байна гэж надад ажиглагддаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

20. Гэрч Д.З-ийн:

“...Би 2016 оны 01 дүгээр сард Улаанбаатар худалдааны төвд аж ахуйн эрхлэгч албан тушаалд томилогдоод төмөр замын урд, хойд шугам замын аж ахуйг хариуцахаар болсон. Тэр хугацаанаас хойш “*************”-ийг түрээслэгч “Р” ХХК-ны захирал М-ыг таньдаг болсон, намайг томилогдож очихоос өмнө төмөр замтай гэрээтэй ба хамгаалалтын албатай гэрээтэй байсан боловч намайг очсоны дараа М хамгаалалтаа өөрөө хариуцдаг болсон. Тэгээд М-тай харьцах харьцаа багассан. 2017 онд Улаанбаатар төмөр замын дээд удирдлагаас “ногоон зоорийг түрээслэхгүй өөрсдөө газраа ашиглана” гэсэн шийдвэр гарсан тул буцаад М-тай харьцах болсон. Манай байгууллагаас ногоон зоорийг чөлөөлөх шаардах хуудас аваачиж өгөхөд манай ажилтнуудтай хэрүүл маргаан хийдэг байсан боловч З-той бол юм ярихгүй гээд надтай энгийн харьцаагаар харьцдаг байсан. Манай эдийн засагч, гэрээний техникч нартай байнгын хэрүүл маргаан хийж дайраад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

21. Гэрч Б.Ц-ын:

“...Б даргыг 2012 оноос хойш танина. Намайг 2012 оны 05 сард Улаанбаатар хотод байрлах Нийгмийн хангамжийн албаны эдийн засагчаар шилжиж ирэх үед Б дарга албаны орлогч даргаар ажиллаж байсан. Би Б даргатай 2016 оны 12 сар буюу сүүл хүртэл хамт ажилласан. Б даргын хувьд хувийн зан чанарын хувьд ажилчидтайгаа нийцтэй харьцаатай, ширүүн дориун зантай хүн биш зөөлөн талдаа ааштай хүн байсан. Миний хувьд дарга ажилтны харьцаатай өөр харьцаа байхгүй. Удирдах чадварын хувьд дунд зэргийн байсан гэж дүгнэнэ. Б чимээгүй л ажлаа хийгээд явдаг, ар гэрийн талаас боломжийн юм шиг харагддаг байсан, хүнийг “ажилд оруулж өгнө” ч гэдэг юм уу хүнээс мөнгө төгрөг авчихсан гэж сонсогдож байгаагүй. М гэдэг хүний талаар 2012 онд Улаанбаатар хотод байрлах Нийгмийн хангамжийн албаны эдийн засагчаар шилжиж ирэх үед ажилчдаас дам сонсож байсан. Тухайн үед хүмүүс М-ыг “характер муутай, ширүүн дээрэнгүй харьцаатай” гэж ярьдаг байсан. Тухайн үеийн бизнес төвийн даргаар ажиллаж байсан Т эгчийг айлгадаг, өрөөндөө байгаа мөртлөө “байхгүй гэж хэлээрэй” гээд өрөөгөө түгжчихдэг байсан гэж хүмүүс ярьж байхыг нь сонсож байсан. 2014 онд Улаанбаатар худалдааны төвийн эдийн засагчаар ажиллах болсон, тэр үеэс М-тай түрээсийн гэрээ байгуулахаар шууд харьцаж эхэлсэн. Тухайн үед М нь ногоон зоорь, 19-р дэлгүүр зэргийг түрээсэлдэг байсан. М нь ерөнхийдөө их дээрэнгүй харьцаатай хүн байсан, сарын 25-ны дотор түрээсийн төлбөр бусад нэмэлт гарсан зардлуудын төлбөрийг нэхэмжилсэн хугацаанд төлөх ёстой байдаг боловч зарим саруудад хугацаа хэтрүүлж төлдөг байсан. Би утсаар дуудахаар манай ажлын байранд ирээд хашхираад байдаг байсан “гэрээнийхээ үүргийг биелүүл” гэсэн шаардлагыг хүлээж авдаггүй нэлээн маргалддаг байсан. Сүүлдээ намайг ар гэрийн байдлаар дарамталдаг болсон “үр хүүхдүүдэд чинь ямар нэгэн юм тохиолдоод осол аваарт орвол битгий гайхаарай, би алддагаа алдсан хүн би юу ч хийж мэднэ шүү” гэх мэтээр дарамтлаад байхаар нь холбогдох алба болон цагдаагийн газарт 2016 оны 06 сард гомдол гаргаж хандаж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал/,

22. Шүүгдэгч Д.Б-ийн ажлын анкет, Хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тушаалууд /1 дүгээр хавтаст хэргийн 78-89 дэх тал/,

23. Түрээсийн гэрээ №15/2-36, №15/2-35 /1 дүгээр хавтаст хэргийн 93-98 дахь тал/,

24. Түрээсийн гэрээ №13/Д/05, №13/H/05 /1 дүгээр хавтаст хэргийн 100-107 дахь тал/,

25. Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэм /1 дүгээр хавтаст хэргийн 108-114 дэх тал/,

26. Гэрч Т.Б-ийн:

“...Улаанбаатар төмөр замын дарга салбар нэгжийн дарга нарт жилийн эхэнд нэгдсэн итгэмжлэл өгдөг, үүний дагуу салбар нэгжийн эдийн засагч нар гэрээнүүдээ авчирч холбогдох албан тушаалтнуудаас зөвшөөрлөө авдаг. Тухайн объектыг салбар нэгжийн дарга худалдах эрх байхгүй, замын даргад ч тийм эрх мэдэл байхгүй, хэрвээ ерөнхий хороо хуралдаад шийдвэр өгсөн тохиолдолд замын дарга хэлцэл хийж болно...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

27. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 120-124 дэх тал/,

28. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 125-132 дахь тал/,

29. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /1 дүгээр хавтаст хэргийн 133-143 дахь тал/,

30. Түрээсийн гэрээ “№13/05” /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

31. Улаанбаатар Төмөр замын худалдаа үйлчилгээ үйлдвэрлэл үйлчилгээний төвийн “Ногоон зоорины түрээсийн тухай” албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/,

32. “Р” ХХК-ийн хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 148 дахь тал/,

33. Түрээсийн гэрээ “№15/2-53” /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

34. Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/,

35. Гэрч Б.Ц-аас гаргаж өгсөн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал/,

36. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал/,

37. Тээш худалдааны төвийн эдийн засагч Б.Ц-дийн гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 165-169 дэх тал/,

38. Тээш худалдааны төвийн эдийн засагч Б.Цийн Төмөр замын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал/,

39. Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн 2014.10.21-ны өдрийн №17/159, 2014.12.04-ны өдрийн 17/213, 2015.10.13-ны өдрийн 17/421, 2017.01.10-ны өдрийн 17/50 дугаартай албан бичгүүд /1дүгээр хавтаст хэргийн 175-178 дахь тал/,

40. Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-ын үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах журам /1 дүгээр хавтаст хэргийн 179-183 дахь тал/,

41. Цагдаагийн ерөнхий газрын төмөр зам дахь цагдаагийн газрын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2020.01.22-ны өдрийн 15/116 дугаартай албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал/,

42. Цагдаагийн ерөнхий газрын төмөр зам дахь цагдаагийн газрын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2020.01.29-ний өдрийн 15/116 дугаартай албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/,

43. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02236 дугаартай шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 189-196 дахь тал/,

44. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дугаартай шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 197-206 дахь тал/,

45. Түрээсийн гэрээ №15/2-35 /1 дүгээр хавтаст хэргийн 207-209 дэх тал/,

46. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2018.07.26-ны өдрийн 10/158, 2018.07.27-ны өдрийн 10/159 дугаартай албан тоотууд /1 дүгээр хавтаст хэргийн 210-212 дахь тал/,

47. Гэрч О.М-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/,

48. Гэрч Г.М-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/,

49. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

50. Шүүгдэгч Д.Б-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн:

“...Намайг дарга байхад ногоон зоорийг түрээсэлдэг гэрээтэй байсан. Бүтцээ өөрчилсөн учраас М-тай түрээсийн гэрээ шинэчлэн байгуулж, гэрээг үргэлжлүүлсэн. Надад түрээсийн гэрээ хийх эрх байгаа болохоос худалдах, худалдан авах гэрээ хийх эрх байхгүй. Би М-аас хэзээ ч мөнгө аваагүй. Түрээсийн гэрээ байгуулсан. Харин түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас би 2016 онд ажлаасаа халагдсан. Надад худалдах, худалдан авах гэрээ хийх эрх байхгүй Манай байгууллагын дүрмээр аливаа эд хөрөнгийг худалдаалахдаа хурлаар орж байж шийддэг. Надад түрээслэх л эрх байсан. Худалдана гэж амлаад мөнгө авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

51. Д.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал,

52. Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/,

53. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай мөрдөгчийн саналууд /2 дугаар хавтаст хэргийн 239-240, 244 дэх тал/,

54. Түрээсийн гэрээ №14/2-53 /2 дугаар хавтаст хэргийн 242-243 дахь тал/,

55. Тээврийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 244-249 дэх тал/,

56. Хохирогч Д.М-ын Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гаргасан гомдол /3 хх 14-16 дахь тал/,

57. Гэрч Б.У-ийн:

“...2016 онд Зорчигч үйлчилгээний төвд ерөнхий бодогчийн үүргийг гүйцэтгэж байгаад Тээш худалдааны төвийн санхүүгийн үйл ажиллагаатай нь танилцаад явж байтал ерөнхий нягтлан бодогчийн өрөөнд нэг хүн чанга чангаар орилж хашиграад ярьж байснаа эдийн засагчийн өрөөнд ороод ирсэн. Тэгсэн эдийн засагч Цэрэннадмид надад хандаж “би ажлаа хийж байтал энэ Д.М гэх хүн миний ажлыг хийлгэхгүй, элдэв янзаар дуудаад байна, би ажлын шаардлага л тавьж байгаа, өр авлага өгөх авах талаар хэлэх үед намайг зүй бусаар хэлээд байна” гэсэн юм ярьж байсан. Тэгэхээр нь би нөгөө Д.М гэх хүнээс “та ямар учраас юун хүн ингээд яваад байгаа юм бэ” гэхэд нөгөө хүн чинь “аа та энэ албаны ерөнхий нягтлан уу” гээд надад баахан л юм ярьж эхэлсэн. Ингээд уулзалт дээр ногоон зоорь гэх газрыг түрээсэлж байгаад түрээсийн мөнгөө түрээсийн гэрээнд зааснаас дутуу төлөөд байгаа болохоор түүнээс зөрүү гарч авлага үүссэн байгаа. Уг түрээсийн гэрээн дээрээ 7 сая төгрөгөөр ногоон зоорийг түрээслэх гэж байтал Д.М нь 5 сая төгрөгийн түрээсийн гэрээ үзүүлээд тэр гэрээний дагуу төлбөрөө төлөөд байсан талаар асуудал яригдсан. Тээш худалдааны төв нь 7 сая төгрөгийн гэрээгээр төлбөрөө бодоод байдаг, харин Д.М нь 5 сая төгрөгийн гэрээгээр төлбөрөө төлөөд байдаг. Үүнээс нь зөрүү гаргаад авлага үүсгээд байсан. Энэ нь хэдэн сараар үүсээд овоо хэдэн төгрөгийн авлага үүсгэсэн байсан. Д.М-аас “та 7 сая төгрөгийн төлбөрөө төлөөч ээ” гэхэд “би юу гэж 7 сая төгрөгөөр төлбөрөө төлөх юм бэ? танай даргатай би дахин гэрээ байгуулсан уг гэрээнд дээр түрээсийн төлбөрөө 5 сая төгрөг” гээд нэг гарын үсэгтэй /тамга, тэмдэгтэй байсан эсэхийг санахгүй байна/ гэрээ үзүүлэхээр нь “та наад гэрээгээ үнэн зөвийг нотариатаар батлуулж ирүүлж байж асуудлаа шийдэх ёстой” гэсэн. Д.М нь намайг хэлэхээр “өө тэгэлгүй яах вэ тэгнэ, тэгнэ” гэж байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

58. Гэрч Г.Г-н:

“...Намайг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын ажлын хүлээн авахад манай төвийн харьяа ногоон зоорийг “Р” ХХК түрээсэлж байсан. Түрээсийн гэрээг намайг энэ ажлыг авахаас өмнө нь Б даргатай хийсэн байсан. Түрээсийн гэрээ нь 7 сая, 5 сая гээд л яригдаад байсан. Түрээсийн гэрээтэй холбоотой асуудлыг Цэрэннадмид гэх хүн сайн мэдэж байгаа. Энэ хүн тухайн ажлыг шууд хариуцсан эдийн засагч байгаа. Наад Ногоон зоорь гэх газрыг “Р” ХХК-нд худалдан борлуулсан гээд байгаа зүйлийг анх удаа сонсож байна. Энэ талаар Д.М надад огт ярьж байгаагүй. Хэрвээ тэр хүнд худалдсан бол юу гэж төмөр зам эд хөрөнгөө түүнээс авах юм бэ. Одоо наад хүний чинь түрээсэлж байгаа бүх газрыг шүүхийн шийдвэрээр төмөр зам авсан. Энэ чинь төмөр замын хөрөнгө шүү дээ, цагаан дээр хараар бичигдсэн зүйл шүү. Төмөр замын эд хөрөнгийг худалдан борлуулах асуудлыг Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрээр явагдана...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

59. Гэрч Г.Э-йн:

“...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын өмчийг худалдан борлуулна гэж огт байхгүй шүү дээ. Д.М гэх хүн Ногоон зоорийг худалдан авч байгаа гэж манай байгууллагаар нэг ч удаа яриад явж байгаагүй. Наадах чинь бол бүтэхгүй асуудал. Харин Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгийг худалдан борлуулах, үндсэн хөрөнгөнөөс хасах шийдвэрийг Улаанбаатар төмөр замын удирдах зөвлөл гаргах байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

60. Гэрч М.Э-ийн:

“...Аав тэр хүнд “мөнгө аваачиж өглөө” гээд явж байхад би хамт явж байгаад ажлынх нь гадаа ч юм уу, эсвэл машинд үлдээд тэр хооронд аав мөнгө өгчихлөө гээд гараад ирдэг байсан. Яг өгч байх үед би хамт байгаагүй ажлынх нь гадаа байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

61. Гэрч Б.Ч-ын:

“...Би “Р” ХХК нь Улаанбаатар төмөр замын Худалдааны төвийн харьяа Ногоон зоорь гэх газрыг худалдан авч байгаа талаараа ямар нэгэн бичиг баримт үзэж харж байгаагүй. Надад Д.М ах тийм нарийн ширийн зүйлээ үзүүлээд байдаггүй. Би тэр мөнгө өгч байх үед Ногоон зоорийг худалдан авч байгаа гэж сонсож байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

62. Гэрч Г.Мийн:

“...Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Б гэх хүнд мөнгө өгч байх үйл явдлыг бол ёстой хараагүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

63. Шүүгдэгч Д.Б-ийн гэрчээр өгсөн:

“...М хэзээ ч надад мөнгө өгч байгаагүй. Би наад хүнээс чинь мөнгө авах үндэслэл байхгүй. Би 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авч байсан бөгөөд намайг амралт явсан хойгуур миний ажлыг дотоод хяналт шалгалтаар шалгаад, хурал хийгээд намайг 2016 оны 07 дугаар сард ажлаас халсан. Би 2016 оны 06 дугаар сард ажил дээрээ байгаагүй. Намайг ээлжийн амралтай байх хугацаанд ажлаас халсан байсан. Энэ талаарх баримт нь надад байгаа. Наад хүний яриад байгаа зүйл бол бүгд худлаа шүү дээ. Намайг ажлаас халсан асуудлаар би Улаанбаатар төмөр зам ХНН-ийг шүүхэд өгсөн бөгөөд намайг үндэслэлгүйгээр халсан байна гэж шүүх үзсэн. Энэ талаарх баримт нь надад байгаа. Хэрэгтэй бол би авч ирж өгнө. Намайг 2016 оны 04 дүгээр сард ажлаас халагдсанаас хойш надтай нэг удаа ч харьцаагүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

64. Д.Б-ийн ажлын өдөр тутмын ирцийн бүртгэл /3 дугаар хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

65. Мэдээлэл, баримт бичиг гаргуулах авах тухай мөрдөгчийн тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал/,

66. Цагдаагийн ерөнхий газрын төмөр зам дахь цагдаагийн газраас Улаанбаатар төмөр замын хууль зүйн албаны эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Б-д хандсан албан тоот, Улаанбаатар төмөр замын хууль зүйн албаас Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газарт хандсан албан тоот /3 дугаар хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

67. “Р” ХХК-ийн УБТЗ-ын Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн дарга Д.Б-т гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлт /3 дугаар хавтаст хэргийн 84 дэх тал/,

68. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал /3 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал/,

69. “Р” ХХК-ийн УБТЗ-ын Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн дарга Д.Б-т гаргасан 2015.11.03, 2014.10.09, 2014.12.05 2014.09.05-ны өдөр гаргасан хүсэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 85-88, 100 дахь тал/,

70. Түрээсийн гэрээ №15/2-53 /3 дугаар хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

71. Д.Б-ийн ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 106-108 дахь тал/,

72. Мэдэгдэх хуудас /3 дугаар хавтаст хэргийн 109 дэх тал/,

73. Гэрч Б.Ч-аас дахин авсан мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал/,

74. Гэрч Г.М-ээс 3 дахь удаагаа авсан:

“...Ногоон зоорийг худалдан авах гээд гэрээ, хэлцэл хийж байж байна гэж хэлж байсан. Мөнгө өгч байхыг бол хараагүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 138-140 дэх тал/,

75. Гэрч О.М-оос дахин авсан:

“...М ганцаараа ороод “гэрээгээ хийчихлээ шүү хөгшин нь” гээд гэрээ гээд цаас барьсан байсан, тэрийгээ өөрийнхөө хар цүнхэнд нугалж хийсэн. Тэгээд намайг ажил дээр хүргэж өгөөд явсан. Үүнээс өөрөөр би М-д мөнгө өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 141-143 дахь тал/,

76. Гэрч О.М-оос 3 дахь удаа авсан:

“...Би яагаад 1,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй гэж гарч ирснийг мэдэхгүй байна. Яагаад гэдгийг мэдэхгүй байна, наадах чинь худлаа гарсан байна. 5042361235 дугаар дансыг би 2018 оны 04 сараас шинээр авч эзэмшиж, ашиглаж эхэлсэн. 2016 онд уг дансыг ашиглаагүй, 2016 онд ашиглагдсаныг нь гайхаад байна. Би М-д нэг удаа тус болж 1,000,000 төгрөг зээлсэн, миний буруу болж таарч байна уу, М надаас мөнгө зээлээд байхаар ч хүн биш юм...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 144 дэх тал/,

77. Гэрч Д.А-ийн:

“...Тухайн 6 дугаар сард М ирж уулзаагүй байх, би ирж уулзсан талаар ерөөсөө санахгүй байна. М амралттайг нь мэдэж байсан болохоор ирж уулзаагүй байх. М-тай хамт хүн ирж уулзсан бол би мэднэ, даргын өрөөний хаалга миний яг баруун гар талд байдаг, манай өрөө вакум, шилэн цонхтой болохоор шууд харагддаг. Ээлжийн амралтын үеэр байсан болохоор Б сургалтын нээлт хийсэн, ерөөсөө бараг суугаагүй, сургалтын ажилтай байх үедээ хүнтэй уулздаггүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал/,

78. Гэрч Г.Г-ийн:

“...Д.М нь Д.Б-тай түрээслэгч байсан болохоор ирж уулзаж байсан байх, миний өрөө 2 хаалганы зайтай байдаг байсан болохоор хэн ирж уулзаж байгаа талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

79. Гэрч О.М-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 160, 170-179 дэх тал/,

80. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

81. Тээврийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 186-188 дахь тал/,

82. Улаанбаатар төмөр замын хууль зүйн албанаас Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газарт гаргасан албан бичгийн хариу /4 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал/,

83. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг замын даргын Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний бизнес төвд бичсэн бичиг /4 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал/,

84. “Р” ХХК-ийн хүсэлт /4 дүгээр хавтаст хэргийн 139-143 дахь тал/,

85. Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн “Ногооны зоорины түрээсийн тухай” албан тоот /4 дүгээр хавтаст хэргийн 146, 149 дэх тал/,

86. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 435 дугаартай магадлал /5 дугаар хавтаст хэргийн 10-21 дэх тал/,

87. Гэрч Д.А-ийн дахин өгсөн:

“...2015-2017 онд Тээш худалдааны төв байх үед дотор засвар хийгдэж байсан Д.Б дарга томилогдож ирэх үед дотор хана эмульс ажил хийсэн, хаалга хэсэгт ямар нэгэн засвар хийж байгаагүй, тухайн үед модон хаалга, давхар хаалгатай байсан. 2018 билүү, 2019 онд худалдааны алба болоод засвар хийгээд модон хаалга, 2 хаалганы дунд хэсгийг кнопоор нь сольсон. Гэхдээ хана нураах болон хаалганы байршил өөрчлөгдөөгүй...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 116 дахь тал/,

88. Гэрч Б.Ч-ын дахин өгсөн:

“... “М нөгөөхийг чинь аваад ирлээ” гэсэн, тэгэнгүүт би сонирхоод харах гээд дотор талын хаалгыг нь жаахан түлхэхэд модон хаалга байсан болохоор хаалга нь онгойсон, тэгэхэд Б гуай өөрийн сандлаас боссон, ширээний ард талдаа зогсож байсан. М хурлын ширээний ард талдаа зогсож байсан. М хурлын ширээний сандал дээрээс өндийгөөд мөнгө өгөөд буцаад суух гэж байсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал/,

89. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 118-124 дэх тал/,

90. “З” ХХК-ийн хүсэлт /5 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/,

91. Д.Бийн ээлжийн амралттай холбоотой баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 72-75 дахь тал/,

92. Эх сурвалжаа зааж өгөөгүй тухай баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Б нь Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.М-ын 49.500.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг “Хохирогч Д.М нь шүүгдэгч Д.Б-т мөнгө өгсөн үйл баримтыг гэрч нар гэрчилсэн. Шүүгдэгчийн талаас мөнгө өгсөн үйл явдлыг болоогүй гэдгийг нотлох ёстой боловч энэ талаар ямар нэгэн нотолгоо байхгүй. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хамгийн бодитой байдаг. Шүүгдэгчийн талаас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж байгаа боловч мөнгө өгсөн асуудлыг үгүйсгэж чадахгүй байна. Хохирогч Д.М нь шүүгдэгчид итгэж мөнгө өгсөн. Гэтэл тэр энэ залилан мэхлэх гэмт хэргээс болж асар их хэмжээний хохирол амссан. Бүх амьдралаараа цуглуулсан мөнгөөрөө шүүгдэгчээс болж алдсан. Шүүгдэгч нь “намайг гүтгэж байна” гэж хэлж байна. Үнэхээр гүтгэж байгаа нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй. Иймд хохирогчийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотолж чадаагүй яллах дүгнэлтээр хүнийг гэм буруутайд тооцуулах боломжгүй. Хэргийн үйл баримтын хувьд 2019 оны 10 дугаар сараас өмнөх үйл баримт, хойших үйл баримт гэж байгаа. Ийм асуудал яригдаж байгаа шалтгаан нь Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Энэ тогтоолоос өмнөх үед юу яригдаж байсан, тогтоол гарснаас хойш юу яригдаж байсан нь чухал. Ногоон зоорийг худалдаж авах гэдэг зүйл 2019 оны 10 дугаар сараас эхэлж яригдсан. Гэтэл 2014 оноос 2016 он хүртэл Б гэдэг хүнээс ногоон зоорийг худалдаж авах байсан, түрээсийн гэрээ биш, худалдах худалдан авах гэрээ байсан талаар нэг ч үг үсэг байхгүй. 2019 оны 10 дугаар сараас эхэлж энэ талаар яригдаж эхэлсэн. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийн хувьд М-ийг эх сурвалжаараа зааж дараа нь М М-ийг заадаг боловч хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь он, сарын хувьд зөрүүтэй байна. Хохирогч мөнгө өгснөө өөрөө яаж нотолж байгаа вэ. Дандаа бэлнээр өгсөн гэсэн. 8 удаа өгөхдөө нэг ч удаа баримт зуруулж аваагүй юм уу. Хохирогчийн мэдүүлгүүд ямар ч эх сурвалж байхгүй. Иймд шүүгдэгч Д.Б-ийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б: “...Шүүгдэгчийг гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрөх юм бол ашигтайгаар шийдэх ёстой. Эргэлзээ байгаа бол яллаж болохгүй. Улсын яллагчид яллахаас татгалзах эрх хэмжээ байгаа. Нэг хоёр хоногийн зөрүү, гэрчийн ганц хоёр алхмын зөрүүг тоохгүй өнгөрөөж яллах дүгнэлтийг дэмжиж болохгүй. Монгол Улсын эрх зүйн тогтолцооны дагуу яллах, цагаатгах талын бүх баримтыг цуглуулах ёстой. Өнөөдөр нэг гэрчийн мэдүүлэгт эргэлзээ байвал яах вэ, гэтэл 3-4 гэрч эргэлзээтэй мэдүүлэг өгч байхад яллаж болохгүй. Гурван гэрчийн мэдүүлэг гурвуулаа зөрж байна. Гэрч Ч “М-ын ажилтан байсан, талбай хариуцдаг байсан” гэж хэлсэн. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байхгүй, цалин дансаар авч байсан баримт байхгүй. Компанийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн хууль, санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын баримт гаргаж ирээгүй байж ажилтан гэж худал мэдүүлэг өгсөн гэж харагдаж байна. Гэрч М жижиг хар цүнх бариад гарсан гэсэн. Гэрч О том хар цүнх өгөөд гаргасан гэдэг. Гэтэл гэрч М цүнх нь дотор мөнгө байгааг би хүртэхүйгээрээ мэдэрсэн гэдэг нь няцаагдаж байна. Гэрч М эх сурвалжаа зааж өгөөгүй. Хохирогчийн өмгөөлөгч таныг гүтгэсэн бол гомдол гаргах эрхтэй гэсэн. Энд бүхэл бүтэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нотлох баримтыг шүүгч дотоод итгэл, үнэмшлээрээ үнэлдэг. Гэтэл шүүгч дотоод итгэл, үнэмшлээрээ үнэлээгүй байхад гүтгүүлсэн гэж шалгуулаад  явах эрх зүйн үндэслэл байхгүй. Үйл баримтыг үнэлж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцүүлэн гэм буруутай хүнийг олж тогтоох зорилго биелэгдээгүй. Гэмт хэрэг гараагүй. Эргэлзээтэй нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийг яллах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У “...Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нэг талыг барьж явагдсан. Яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хууль зүйн үндэслэл бүхий санал гомдол хангагдаагүй. Хэрэгт ач холбогдолтой асуудал нөхцөл байдлыг нэг мөр шалгуулах гэхээр шалгадаггүй. Хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан асуудал маш их явагдаж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаа нотолбол зохих нөхцөл байдал тогтоогдоогүй. Яллах дүгнэлт дээр яллаж байгаа үндэслэл нь “Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус байгууллагын ногоон зоорь худалдана” гэж залилсан гэдэг. Ногоон зоорь худалдагдах ямар ч боломжгүй. Модон хийцтэй зоорийг ашиглалтаас гарах хугацаа болсон, ногоон зоорийг хэдийг нь авах зэрэг тохиролцоо ойлгомжгүй. Гурван гэрчийг шүүх хуралдаан болгонд оролцуулж дахин дахин асуудаг. Бусад нотлох баримттай хариулж үзмээр байна. Гэрч М, М, Ч нарын мэдүүлэг хохирогчийн өөрийнх нь мэдүүлгээр няцаагддаг. Түүнчлэн Энх-Амгалан, Оюунгэрэл нарын мэдүүлгээр няцаагдаж байгаа. Хохирогчид хууль сануулсан байхад худал мэдүүлэг өгсөн байх боломжтой. Гэрчийн мэдүүлгийг авч үзвэл хамаарал бүхий хүмүүс учраас гэрч нарт нөлөөлж худал мэдүүлэг өгсөн байх боломжтой нь харагдаж байна. Иймд шүүгдэгч Д.Б-ийг гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б нь:

Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төв”-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд тус байгууллагын эзэмшлийн “Ногоон зоорь”-ийг худалдана гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.М-ын 30.000.000 төгрөгийг залилсан болох нь:

- Хохирогч Д.М-ын “....Д.Б нь Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний даргаар томилогдож ирсний дараа намайг “ирж уулз” гэснээр бид 2 удаа дараа уулзаж байсан ба уг объектын ашиглалтын хугацаа дууссан, акталчихсан учраас зооринуудыг хэсэгчлэн худалдаж авснаас бүхэлд нь 250.000.000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан. Б надтай байгуулсан гэрээг нэг ёсондоо худалдах худалдан авах гэрээгээр өөрчилж байгууллаа гээд намайг хуурч түрээсийн гэрээ дахин байгуулсан...”,

...Би Улаанбаатар төмөр зам ХНН-н Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Б-т “Ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийхдээ өгсөн. Мөн 2015 оны 06 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг өгсөн. 2016 оны 04 дүгээр сард бас дахин гэрээ хийхдээ “Ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Мөн 2016 оны 06 дугаар сарын сүүлээр би 5.500.000 төгрөг өгсөн. “Р” ХХК-д албан бичиг гаргаж өгөх болгондоо надаас мөнгө авдаг байсан. Нэг ёсондоо хамтран ажиллаж байна гээд надаас мөнгө авдаг байсан. Баримтаа авъя гэхээр худал шалтаг хэлээд надад өгдөггүй байсан шүү дээ...”,

...Би эхлээд 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн, хамгийн сүүлд Б-тай нүүрэлдүүлж байцаалт өгөхөд Б надаас мөнгө аваагүй гээд гүрийгээд дургүй хүргээд, үгүй гээд байхаар нь би сүүлийн мэдүүлэгт надаас авсан бүх мөнгийг нь хэлж нэхэмжилсэн. ...Он, сар, өдрийг яагаад мэдээд байна гэхээр 2014 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр өгсөн 10.000.000 төгрөг нь гэрээ байгаа болохоор, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг өгсөн нь албан бичиг бичигдсэн өдөр өгсөн болохоор санаж байна, 2015 оны 06 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг өгсөн нь наадмын өмнө өгсөн болохоор санаж байна, “наадмын хуушуурын мөнгө” гээд тоглоом хийж байгаад өгсөн болохоор сайн санаж байна, тэгээд зээлчих гээд авсан, яг таг хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна. 2015 оны 06 дугаар сарын сүүлээр Б намайг өөрөө дуудаад мэнд ус асуугаад, “улсын наадам болох гэж байна мөнгө байвал зээлээч” гэхээр нь би 3.500.000 төгрөг байна гэхэд “тэрийгээ зээлчих, наадам болох гээд мөнгө цаасны хэрэг байна” гэхээр нь би 3.500.000 төгрөгийг бэлнээр зээлсэн. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр наадам болох гэж байх үед намайг өрөөндөө дуудаад “хэдэн цаас хэрэгтэй байна, 5.000.0000-6.000.000 төгрөгийг зээлээч” гэхээр нь “за наадмынхаа хуушуурын мөнгийг гэж байна уу би маргааш авч ирж өгье” гээд маргааш нь ажил дээр нь очиж 5.500.000 төгрөгийг өгсөн, надад 6.000.000 төгрөг байсан ч би 500.000 төгрөгийг нь Ч-ад хөдөө явах гэж байгаа гэхээр нь бензиний мөнгө гээд өөрийн ажилтан Ч-ад өгчхөөд дараа нь Б-ийн ажил дээр очиж үлдэгдэл 5.500.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн Б-тай “гэрээг тэдэн сарын тэдний өдрөөс тохирлоо шүү” гээд гэрээ байгуулах өдрөөс 2-3 хоногийн өмнө байх 4-5 хоногийн өмнө үү, тийм л байх ёстой би 10.000.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ нь мөрдөгдөж байгаа.

...Ингээд харилцан бүх юмаа тохирсны дараа 2015 оны 02 дугаар сарын дундуур гэрээ байгуулсан, өдрийг нь санахгүй байна, гэрээн дээр байгаа. Гэрээ үйлдээд, гарын үсэг зураад би гэрээгээ аваад явсан, тэгээд маргааш нь намайг дахиж дуудахаар нь яваад очиход “дэлгүүрээ хэзээ хүлээлцэх бэ” гэхээр нь би “чи хүлээлцэх хүнээ гаргачих, би хүмүүсээ гаргая” гэхэд “за хөгшинд нь хэдэн цаас хэрэгтэй байна” гэхээр нь би “мөнгө маруухан байна” гэхэд “зохицуулаач” гэхээр нь “хэдэн цаас бэ” гэхэд “хөгшиндөө 10.000.000 төгрөг өгчих” гэсэн, тэгээд ярьж байхад надад “наадах чинь хуучин нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын эзэмшилд байсан, төмөр замын эзэмшил биш харьяалалгүй, уг газар татан буугдсаны дараа эзэнгүйдсэн байсан, тэгэхээр нь би төмөр замын блансад блансжуулаад авсан юм, би дараа нь блансаас нь хасчихна, одоо бол төрийн өмч төрийн өмчийн хороо мэднэ, тэгэхээр чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надаа өгчих, ногоон зоорины нэг зоорийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг бүтнээр чи ав” гэсэн. Үүнээс 2 билүү 3 хоногийн дараа надад маш их задгай мөнгө байсан болохоор би Ч-тай хамт ченж, бөөний дэлгүүр, бензин колонк орж 10.000.000 төгрөгийг бүхэлдэж 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 боодол мөнгө болгож, нийт 10.000.000 төгрөг болгож, Б-ийн ажил дээр очоод би Б-ийн хаалгаар ороход хаалганы гадна талд Ч үлдсэн, би өөрийн гар цүнхэнд 10.000.000 төгрөгтэй орсон, би ороод өөрийн барьж явсан цүнхний цахилгааныг онгойлгоод Б-т 10.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд Б-ийн хамт хаалгаар нь гарахад Ч зогсож байсан, би гараад мөнгийг нь аваад өөрийн хоосон болсон цүнхийг Чад өгөхөд Б үүдээ түгжээд цаашаа явахдаа царай нь сонин болоод “зүгээр юм байгаа биз дээ” гэхэд би “зүгээрээ” гэсэн, миний цүнх тухайн үед цахилгаан нь онгорхой байсан...”,  

...2014 оны 09 дүгээр сарын дундуур Ногоон зоорины худалдаж, худалдан авах урьдчилгаа 20.000.000 төгрөг өгөхөөс 10.000.000 төгрөгийг урьдчилж бэлнээр өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гарсан үед 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн. 2015 оны 02 сард 33 дугаар байрны дэлгүүрийн гурван жилийн гэрээг үйлдэхэд 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2015 оны 06 дугаар сарын сүүл улсын наадам болох гэж байсан үеэр 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Ногоон зоорь худалдан авалтын урьдчилгаа 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт 49.500.000 төгрөгийг хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Ч-ын “...25-р эмийн сангийн ард байрлах дэлгүүрийг хүлээж авахын өмнө билүү хүлээж авч байх үед би М гуайн талбайн захирал нэртэй ажил эрхэлдэг байсан, ногоон зоорины талбайг хариуцан ажиллаж байсан. Би он, сарыг сайн мэдэхгүй байна. Уг дэлгүүрийг хүлээж авахын 2 хоногийн өмнө Ногоон зоорь дээр ажилтай байж байхад М 100 төгрөгийн тортой мөнгөтэй ирээд “хоёулаа мөнгө бүхэлдүүлээдэхье” гэсэн. Тэгээд хамт яваад Богд ар орчим “Шунхлай” колонк, болон бензин колонк, “Тоса” дэлгүүрүүдээр яваад мөнгөө бүхэлдүүлээд 5 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт болгосон, нийт 10.000.000 төгрөг болсон. ...Тэгээд уг мөнгөө аваад Тээш худалдааны төв дээр ороод 2 давхрын коридорт гараад намайг “наанаа байж бай” гээд дамжиж ордог Б дарга гэж бичсэн ертөнцийн зүгээр хойшоо харсан өрөө рүү орсон, М гуай тийшээ байнга ордог. М гуай цүнхтэй мөнгөө аваад орсон, 5-10 минут орчим болоод М гуай гарч ирэхдээ надад “май миний хүү энийг барьж бай” гээд цүнхээ өгсөн, цүнхний цахилгаан онгорхой байсан, дотор байсан 5 боодол мөнгөгүй болсон байсан, М саарал жижиг цүнхээ өөрөө байнга авч явдаг. М, Б даргын хамт гарч ирсэн, Б дарга хаалгаа түгжээд над руу нэг сүрхий том харж байсан, М гуай тоглоом, шоглоомоор “манай ажилчин мэдэж байгаа биз дээ” гээд инээгээд хэлж байсан, намайг хараад жаахан эвгүйцсэн гэж би бодсон, над руу сүрхий том харсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.М-ийн “...би гэр лүү нь очоод “М хар цүнхтэй мөнгө аваад ир” гэсэн гэж хэлтэл “энэ байна” гээд надад хар цүнх өгсөн, Би цүнхийг нь аваад М-гийн ажил дээр нь очтол ажил дээрээ ирчихсэн байсан, цүнхнээсээ мөнгө гаргаж ирэхэд 20.000-т-ын дэвсгэртээр 5 боодол мөнгө гаргаж ирээд нэг нэг боодлоор нь нэг бүрчлэн тоолж дуусчхаад надад “хоёулаа гаръя” гэж хэлэхээр нь би дагаж гараад машинд нь суусан. Би машинд нь сууж явж байхдаа “чи энэ мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэж асуутал “энэ ногоон зоорийг худалдаж авах гэж байгаа юмаа” гэж хэлэхээр нь “өө тийм үү” гэж хэлээд л орхичихсон юм. Тэгээд бид 2 ажлаас нь гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байгаад “Барс” захын баруун талд буюу Монголд үйлдвэрлэв гэсэн бичигтэй газрын зүүн талд байх 2 давхар байшингийн хашаа руу нь орсон. Машинаас хамт буугаад “хоёулаа хамт оръё” гэж хэлээд 2 давхар байшингийн 2 давхар луу гараад М намайг “чи эндээ байж бай” гэж хэлээд цаад талын мухар луу ганцаараа цүнхтэй мөнгөө бариад явчихсан, ...10-аад минутын дараа гараад ирсэн. Тэр үед нэг гартаа цүнхээ барьчихсан, цүнх нь хоосон бололтой санжганачихсан байсан, харин нэг гартаа цаас барьчихсан нэлээн сэтгэл хангалуун байгаа бололтой инээчихсэн гарч ирснээ машиндаа суугаад “гэрээ хийчихлээ” гэж хэлээд цүнхээ онгойлгоод барьж гарч ирсэн цаасаа нугалаад цүнхэндээ хийчихсэн. М “би ногоон зоорийг худалдаж авч байна миний хувийн юм болж байна” гэж хэлсэн, 

...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр М над руу утсаар залгаад “чамд ойр зуур хэрэглэчих 1.000.000-2.000.000 төгрөг байна уу” гэж асуухад нь тухайн үед би байшин барих гээд хураачихсан мөнгө байсан болохоор “1.000.000 төгрөг зээлүүлье” гэж хэлсэн чинь “маргааш өглөө эрт бэлнээр аваад ажил дээр хүрээд ирээч” гэхээр нь би өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажил дээр нь очоод 10000-тын дэвсгэртээр боосон 1 боодол буюу 1.000.000 төгрөгөө өгсөн. Намайг М-гийн ажил дээр сууж байхад манай талийгаач найзын эхнэр М гаднаас орж ирээд ...10.000-т-ын дэвсгэртээр боосон 1 боодол буюу 1.000.000 төгрөг өгсөн, М 4 боодол 20000-т-ын дэвсгэрт гаргаж ирээд нийлүүлээд цүнхэндээ хийчихсэн. Тэгэхээр нь би “чи энэ их мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэж асуутал “нөгөө ногоон зоорины чинь юм яваад байгаа ш дээ” гэж хэлсэн. Тэгээд бид 3 М-гийн ажлаас машинтай нь гараад 2014 онд очиж байсан 2 давхар байшингийнхаа гадаа очоод М машинаасаа ганцаараа буугаад явж ороод 20-оод минутын дараа гарч ирсэн. Тэр үед бас л нэг гартаа цүнхээ барьчихсан, нэг гартаа цаас барьчихсан гарч ирсэн. Би тухайн үед машиных нь гадаа тамхи татаад зогсож байгаад орсон, намайг орох үед М “бүх юм болж байх шиг байна шүү” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.М-ийн “...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр 5 дахь өдөр байсан. М над руу утсаар яриад “миний найзад бэлэн мөнгө байна уу” гэсэн. Яасан гэхэд “мөнгө хэрэг болоод байна, Ногоон зоорь авах гээд байна” гэсэн. Би 10.000-таар боосон боодолтой мөнгө өгсөн. Цаад талд нь 20.000-т-ын боодолтой мөнгө байсан. Намайг хамт гарья гээд манай найз М бид 3 хамт яваад Монголд үйлдвэрлэв гээд дэлгүүрийн гадаа ирсэн. Бид хоёрыг гадаа сууж бай гэсэн. Өөрөө ороод 10-20 минут болоод гарч ирээд “найз нь энэ Ногоон зоорийг авах гэж байгаа” гэж хэлээд орж ирсэн,  

...Тухайн үед М 1.000.000 төгрөг өгсөн гэж байсан, М 10.000 дэвсгэртээр 1.000.000 төгрөг өгсөн байсан, мөнгийг ширээн дээр тавьсан байсан, өөрийн жижиг хар цүнхнээс гаргаж ирсэн, “надад 8.000.000 төгрөг байна, та хоёроос авсан мөнгийг нэмээд 10.000.000 төгрөг боллоо” гэсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.У-ийн “...УБТЗ-ын Ногоон зоорийг худалдах асуудал огт яригдаагүй. Наад асуудлыг чинь би сая л сонсож байна. Төмөр замын эд зүйлийг байгууллагын дарга дур мэдээд зарах эрх хэмжээ байхгүй шүү дээ. Олгосон эрх хэмжээний хүрээнд түрээслүүлэх л эрх хэмжээтэй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Р.О-ийн “...2014 оны 09 дүгээр сарын 15-нд нөхөр маань “зоорь авчихлаа” гэрээ хийсэн гээд яваад байсан, урьд нь авах гээд байгаа гээд яриад байдаг байсан. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагийн үед над руу залгаад “цүнхтэй мөнгөө орхисон байна. М-ийг очихоор нь өгчхөөрэй” гэсэн ...“цүнхтэй мөнгө тэр байна” гээд заахад М аваад гараад явсан. ...Б дээр очно гээд л мөнгө аваад явдаг юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч М.Э-ийн “...Би аавын бүхэлдүүлээд ир гэсэн 10.000.000 төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 боодол болгож 2014 оны 09 дүгээр сарын 14-ний орой аавд ажил дээр нь аваачиж өгсөн. Яагаад энэ сар өдрийг сайн мэдэж байна гэхээр маргааш нь буюу 15-ны өдөр “объектоо худалдаж авах гэрээ хийнэ” гэж байсан. Мөн дараа нь түүнээс 3-4 хоногийн дараа зоорь буулгана гээд ахиад 10.000.000 төгрөг аваачиж өгч байсан. Ер нь би 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тус ногоон зоорийг түрээсийн гэрээгээр эзэмшиж 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аав тус ногоон зоорийг худалдан аваад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр булаалгах хүртэл аавын мөнгө төгрөгийг бүхэлдүүлэх цэгцлэх зэрэг ажлуудаар аавдаа тусалдаг байсан. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш аав “худалдааны төвийн дарга Д.Б-т хэдэн төгрөг худалдан авалтын мөнгө өгөх гэсэн юм” гээд удаа дараа мөнгө аваачин өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.М-ийн “...Өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулдаг, шууд худалдан борлуулах эрх байхгүй, худалдан борлуулах талаар материал бүрдүүлээд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар орж шийдэгддэг. Төмөр замын өмчийг заавал ерөнхий хорооны хурлаар оруулж шийддэг, намайг ажиллаж байх үед янз янзын зүйл ярьж ирдэг хүмүүс зөндөө байсан. Тухайн үед нь тайлбарлаад гаргадаг байсан. Миний хариуцдаг байсан Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төв, Тээш худалдааны төвөөс төмөр замын эзэмшлийн Ногоон зоорь гэх газрыг худалдах, худалдан борлуулах талаар санал болон материал бүрдүүлж ирүүлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Т.Б-ийн “...Салбар нэгжийн дарга нар худалдах, худалдан борлуулах бусдад шилжүүлэх эрх эдлэхгүй, зөвхөн замын даргын итгэмжлэлийн үндсэн дээр түрээслүүлэх буюу түрээсийн гэрээ байгуулах эрхтэй. Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 17-т Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд дор дурдсан үүргүүдийг биелүүлнэ. Үүнд:

“Д”-д хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Дүрмийн 22-т Замын даргад дараах эрхүүд олгоно. Үүнд:

“В”-д төрөл бүрийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, түрээслэх шилжүүлэх, борлуулах, тогтоосон журмаар данснаас хасах. Тэгэхдээ нийгэмлэгийн хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах явдлыг нийгэмлэгийн хорооноос энэ тухай шийдвэр гаргасны дараа сая гүйцэтгэнэ.

Дүрмийн 33-т Замын даргаас замын ерөнхий инженер, алба хэлтэс ба аж ахуй нэгжийн дарга түүнчлэн, нийгэмлэгийн бусад төлөөлөгч нарт бичиг баримтад гарын үсэг зурах, итгэмжлэл олгох болно гэж заасан байдаг болохоор салбар нэгжийн дарга нарт түрээсийн гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгодог, салбар нэгжүүд зөвхөн өөрийн салбарын нэгжийн балансанд бүртгэлтэй хөрөнгийг түрээслүүлэх, түрээсийн гэрээ байгуулах эрхтэй. Худалдан борлуулах, худалдах эрх байхгүй” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Б-ийг ажилд томилсон тушаал болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч нар “хэрэгт авагдсан баримтууд нь эргэлзээтэй, өөр хоорондоо зөрүүтэй, гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай тогтоож чадаагүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төв”-ийн даргаар ажиллаж байхдаа хохирогч Д.М-тай уулзаж “зоорь худалдан авах санал тавьж, хамтран ажиллаж байна, мөнгө хэрэгтэй байна, дэлгүүрээ хэзээ хүлээлцэх бэ, чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надад өгчих, ногоон зоорины нэгийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг чи ав” гэх зэргээр албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.М-аас 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд бэлэн мөнгө авч байсан нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Д.М-ын мэдүүлгээс гадна гэрч Б.Ч, Г.М, О.М, Б.У, Р.О, М.Э, Ч.М, Т.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.Б-ийг ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-ийн “хохирогч Д.М-аас мөнгө аваагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,

- “Нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэг нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулахыг зэргийг,

- “албан тушаалын байдлаа ашиглаж” гэдэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Д.Б-ийн тухайд “албан тушаалтны хувьд тус байгууллагын эд хөрөнгийг худалдах талаар санал, шийдвэр гаргах эрх бүхий хүн гэж өөрийгөө хохирогчид ойлгуулах замаар гэмт үйлдэлдээ албан тушаалын байдлаа давуу тал болгон ашигласан” гэж үзнэ.    

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн үед үйлдэгдсэн байх бөгөөд тус хэргийн улмаас 30.000.000 төгрөгийн хохирол учирсан нь онц их хэмжээнд /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг x 200 дахин/ хамаарч байх тул энэхүү гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тус зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялын төрөл, хэмжээ нь “эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан байна.

Харин шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх үед 2015 онд батлагдсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд шүүгдэгчийн албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг нь дээрх хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй нийцэж байх тул тус зүйл хэсэгт зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх тул тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б-ийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-д 49.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд дурдсан. Хохирогч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө хохирол төлбөрт нийт 49.500.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч зарим хохирол нь хохирогчийн мэдүүлгээс өөр бусад баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хохирогчийн мэдүүлгээс гадна гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар тогтоогдож байгаа хохирол болох 2014 оны 09 дүгээр сард өгсөн 10.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сард өгсөн 10.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сард өгсөн 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-аас гаргуулж хохирогч Д.Мд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Харин хохирогч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу түүний эрүүл мэндийн байдал, мөн насны байдал зэргийг, мөн нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 64 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүд оногдуулсан торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 9.040.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.  

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *******************дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Б-ийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэг гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 64 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүд оногдуулсан торгох ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 9.040.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 30.000.000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б-ийн түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ