| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 145/2013/00948/И |
| Дугаар | 001/ХТ2020/00258 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2020/00258
“Д...” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00749 дүгээр шийдвэр,
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 204/МА2019/00014 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: “Д...” ХХК
Хариуцагч: “Ц...” ХХК-д холбогдох
Нэхэмжлэл: Хохиролд 154,375,000 төгрөг
Сөрөг нэхэмжлэл: 15,437,500 төгрөг
тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Д... ХХК-ийн Дэлгэрэх хотхоны 80 айлын орон сууцны барилга барих зориулалтаар зохих журмын дагуу газраа авч зураг төслөө хийлгэсэн. Гэтэл Ц... ХХК нь эхний авсан техникийн нөхцөл болон эскизээ зөрчин манай газартай тулгаж барьсан ба энэ нь Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2013-05-09-ний өдрийн №3В/241 тоот албан бичгээр нотлогдоно. Тухайн үед зохих журмын дагуу газар дээр нь очиж хэмжилт хийн нөхцөл байдалтай танилцсан аймгийн ерөнхий архитектор Л.Манлайбадрах нь манай компаний 2 дахь барилгын зураг төслийг нь өөрчлөх, зураг төсөл өөрчлөгдсөний төлбөрийг Ц... ХХК-иас гаргуулах зөвлөмж өгсөн. Тухайн үед Ц... ХХК-ийн инженер Дэмбэрэлсүрэн, Дэлгэрэх хотхоны барилгын гүйцэтгэгч болох Алтан шат ХХК-ний захирал Мөнхбаатар нар байлцаж тус төлбөрийг хариуцагч төлөхөөр тохиролцсон. Ингээд манай компани 25 сая төгрөгөөр Ин-Диз групп ХХК нар 25 айлын орон сууцны барилгын зураг төсөл хийлгэсэн. Гэтэл Ц... ХХК нь барилгын зураг төсөл өөрчлөгдсөний төлбөр болох 25 сая төгрөгийг төлөөгүй. Иймд барилгын зураг төсөлд өөрчлүүлсний төлбөр болох 25сая төгрөгийг анхны зураг төсөл төлөвлөгөөний дагуу барилгаа барьж чадаагүйгээс шалтгаалан олох байсан ашиг 129,375,000 төгрөгийн хамт нийт 154,375,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын тамгын газрын 2013-05-09-ний өдрийн б-36/241 тоот албан бичгийг нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй. Ц... ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн нутаг дэвсгэр дээр Засаг даргын 2006-11-08-ны өдрийн 226 дугаар захирамжаар 2500м2 газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмших зөвшөөрөл авсан. Үүний дагуу кадастрын зураг, эскиз, ерөнхий төлөвлөгөөг аймгийн ерөнхий архитектороор 2008-08-11-ний өдөр батлуулж, хууль болон бусад норм дүрмийн дагуу үйлчилгээний төвтэй орон сууцны барилгын зургийг “ЭНЭ” ХХК-иар зохиолгосон. Улсын экспертиз баталгаажуулснаар 2008-07-02-ны өдөр эрх бүхий Сетсюрвэй ХХК-ийн инженер Ц.Батмөнхөөр 1 дүгээр ээлжийн үйлчилгээний төвтэй 25 айлын орон сууцны барилгын тэг тэнхлэгийг газар дээр нь байгуулж 2010-05-01-ний өдөр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсан. 2011-11-08-ны өдөр улсын комисс-т байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Д... ХХК-ийн нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд нь манай барилгыг ашиглалтад орсны дараа үйлдэгдсэн байх тул манай буруугаас шалтгаалж барилгын зураг өөрчлөгдсөн гэдгийг нотлохгүй. Бидний хооронд үүсэж буй энэ маргааныг үнэн зөв шийдвэрлэхийн тулд мэргэжлийн байгууллагаар хийгдсэн хөндлөнгийн дүгнэлт чухал бичиг баримт болно. А.Тулгыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардалд 15,437,500 төгрөг нэхсэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 145/ШШ2018/00749 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц... ХХК-иас 25 сая төгрөг гаргуулан Д... ХХК-д олгож, нэхэмжлэлээс 129,375,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 929830 төгрөг, хариуцагчаас төлсөн 243,800 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн байна.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 204/МА2019/00014 дүгээр магадлалаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00749 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт болох 40 айлын орон сууцны барилга угсралтын ажлын төсөв тооцоог нотлох баримтын шаардлага хангахгүй хэмээн үзэж нэхэмжлэлээс 129,375,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон. Учир нь дээр дурдсан нотлох баримт нь ИХШХШТХ-д заасан арга, хэлбэрээр цуглуулж, шүүхэд гаргаж өгсөн баримт юм. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүд (хил зөрчөөгүй гэх)-ийг, мөн ; “Ц...” ХХК-ийк орон сууцны барилга барихдаа анх батлагдсан техникийн нөхцөлийн үндсэн схем зургаа зөрчсөн, барилгын зургаа зөөж, эргүүлж барьсан үйл баримтыг бусад уйл баримт, нотлох баримтуудтай буюу тухайлбал, нэхэмжлэгч талын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, фото зургаар тогтоогдож буй “Ц...” ХХК-ийн барилгын консал нь “Д...” ХХК-ийн эзэмшил газрын хилийг зөрчсөн талаархи үйл баримттай харьцуулахдаа учир дутагдалтай үнэлэлт дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх буцаасан нь үндэслэлгүй. Хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнээд, харин хуульд заасан журмыг зөрчиж бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлж дүгнэхгүйгээр хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан. Энэхүү маргаан нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6 орчим жил үргэлжилж байна. Өмнө нь анхан шатны шүүх ХХША-ны журам зөрчсөн буюу шинжээчид хууль сануулаагүй гэх үндэслэлээр хэргийг анхан шатруу буцааж байсан. Энэ удаа мөн шинжээчтэй холбоотой асуудлаар буцаж байна. Иймд хэргийг буцаалгүйгээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хяналтын гомдолдоо: Манай компани нь барилгаа ерөөсөө эргүүлж бариагүй, хаалгаа өөрчилж зүүн тийш нь харуулаагүйг 2008 онд зурагдсан зураг ЕТ-3 нотолно. Манай барилгын урагшаа харсан хаалга нь зураг дээр яг ямар байсан одоо ч яг хэвээрээ, орцны хаалга одоо ч хойшоо харсан хэвээрээ байгаа. “Ц...” ХХК-нь 1-р давхрын үйлчилгээний төвөө 2014-10-р сард “Эм гоо” ХХК-нд худалдсан. “Эм гоо” ХХК-нь эмийн сангаа иргэдийн хөлд ойрхон, мөн Нэгдсэн эмнэлэг рүү хаалгаа харуулах үүднээс 2015 онд зүүн талд хаалга шинээр гаргасан байсан. Нотлох баримтуудаар довжоо хэзээ буулгасан нь нотлогдож байхад ХХША-ны явцад буулгасан гэж хэрэгт бэлхнээ байгаа нотлох баримтуудыг үгүйсгэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн аман тайлбарыг эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэн, хууль зөрчсөн шийдвэр гаргалаа. Үүнд: 1. Ерөнхий архитектор Л.Манлайбадрахын 2013-12-06-ны өдрийн гэрчийн мэдүүлэг /ХХ1, 43/ 2. 2014-07-21-ний өдрийн шүүх хурал дээр Л.Манлайбадрахын гэрчийн мэдүүлэг /ХХ1, 218/ барилга барьж байх явц дунд довжоог буулгасныг нотолдог. Дээрх нотлох баримтуудаас цаг хугацааны дарааллыг дахин харъя. Үүнд: 1. Ерөнхий архитектор Л.Манлайбадрах нь 2013-12-6-ны өдөр гэрчээр асуугдсан. 2. Аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014-7-21-ний өдрийн шүүх хурал дээр Л.Манлайбадрах гэрчийн мэдүүлэг өгсөн. 3. “Д...” ХХК нь 2013-8-26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6 жил үргэлжилж байна. Анхан шатны шүүхээс талуудын хүсэлтээр 7 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна.” гэж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дутуу судалж үнэлжээ. ХХША-ны явцад аймгийн Шүүхийн шинжилгээний алба-3, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар-1, аймгийн Мэргэжлийн хяналтын алба-1, Мэргэжлийн ерөнхий хяналтын газар-1, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар-2, Геодези зураг зүйн газраар-4, нийт 12 удаа шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг гарган хариулт ба шинжилгээний дүгнэлт гаргуулсан байна.. Ийнхүү ХХША явагдсан 6 жилийн хугацаанд 12 удаа шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүх хүлээн авч шинжлүүлснээр Газрын харилцаа, геодез зураг зүйн газар 3 удаа дүгнэлт, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2 удаа дүгнэлт гаргаж бусад 7 байгууллагууд нь шинжилгээ хийхээс татгалзсан байхад ДЗШШ-нь “анхан шатны шүүхээс талуудын хүсэлтээр 7 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна.” гэж хэрэгт цугларсан шинжилгээтэй холбоотой нотлох баримтыг дутуу үнэлжээ. ДЗШШ-нь манай “Ц...” ХХК-ийг ямар ч буруугүй, газрын хил рүү ороогүй болох нь шүүхийн шинжилгээний байгууллагуудын удаа дараагийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлгүүд, бусад нотлох баримтууд байсаар байхад ДЗШШ-нь заавал манай “Ц...” ХХК-ийг нөлөөлсөн болгож шинжилгээний байгууллагуудын дүгнэлтүүдийг бүхэлд нь үгүйсгэж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбарт эргэлзэхгүйгээр итгэж, нэг талын тайлбар, ашиг сонирхолд хөтлөгдөж, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдаж байгааг харууллаа. Хуулиараа кадастрын хэмжилт, геодези зураг зүйн шинжилгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага бол Монголд ганцхан л байна. Энэ бол Газрын харилцаа, геодези зураг зүйн төв орон нутгийн байгууллага юм. Энэ байгууллагуудаас шинжилгээний дүгнэлтүүд гарсан.. Эдгээр дүгнэлтүүд нь шүүхийн тавьсан асуулт бүхэнд маш тодорхой, ойлгомжтой, дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн байдгийг хэрэгт буй шинжилгээний баримтууд нотолно. Бүтэн 6 жил үргэлжилсэн энэхүү хэргийн шинжилгээнд тангараг өргөсөн төрийн байгууллагуудын 20 шахам шинжээчид оролцож, газар дээр нь ирж, орчин үеийн хэмжилтийн дуран техник тоног төхөөрөмж ашиглан шинжлэх ухааны арга аргачлалд тулгуурлан хийсэн, тусгай мэргэжлийн мэдлэг шаардсан ийм асуудалд мэргэжлийн хариулт өгсөн шинжээчдийн дүгнэлтүүдийг бүхэлд нь ойлгомжгүй, тодорхойгүй, эргэлзээтэй гэж үгүйсгэж, үгүйсгэлээ нотлохгүй нэг талыг хэтэрхий барьсан шийдвэр гаргасанд харамсаж байна. УДШ-ийн хяналтын шатны шүүх нь эдгээр шинжилгээний дүгнэлтүүдийг хуулийн өнцгөөс нь хянаж, үнэлэлт эрх зүйн дүгнэлтээ гаргана гэдэгт итгэлтэй байна. Шинжээчид ойлгомжтой тодорхой хариултуудыг өгсөн байхад. мөн Өвөрхангай аймгийн МХГ нь барилга газрын хилийг зөрчсөн эсэх асуудлыг шинжлэх чиг үүргийн байгууллага биш байхад түүнийг ойлгомжтой тодорхой хариулт өгөх ёстой байгууллага, энэ байгууллагын дүгнэлтийг хэрэгт хамааралтай баримт гэж МХГ нь Шинжээчийн тухай 2016-1-13-ны 7\83 тоот албан бичигтээ “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 37.3 дахь хэсэгт “Шүүхийн шинжилгээний тогтолцоо нь шүүхийн шинжилгээний төв байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний албанаас бүрдэнэ.” гэж хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, 47.3-47.10 дахь хэсгүүд болон ЭБШХ-н 85.2, 85.3 дахь хэсгийг хүчингүй болгосноор шинжээчээр бусад байгууллага оролцох боломжгүй, зөвхөн шүүхийн шинжилгээний бие даасан байгууллагыг ажиллуулах эрх зүйн үндэслэл бүрдсэн тул Мэргэжлийн хяналтын аль нэг шатны байгууллагын даргын тушаалаар шинжээч томилохгүй болсон. МХЕГ-н даргын 2015-11-24-ний 505 тоот тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт”-д заасны дагуу Тайлбар: Хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь тодорхойлсон бөгөөд уг хууль батлагдсантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд шинжээчээр манай байгууллага ажиллахгүй болсныг мэдэгдье.” гэсэн хууль зүйн үндэслэл бүхий хариулт өгсөн байдаг.ДЗШШ-нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг барилгын мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий байгууллага мөн гэж үзсэн учраас хэрэгт цугларсан нотлох баримт болох аймгийн МХГ-н шинжилгээний дүгнэлтийг хэрэгт хамааралтай баримт гэж нотлох баримтыг БУРУУ үнэлсэн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17,3 нь шүүхийн шинжилгээний байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд үйлчлэх заалт юм. Шүүхийн шинжилгээний төв орон нутгийн байгууллагууд нь криминалистик шинжилгээнээс гадуур шинжилгээ гэж үзэж шүүхийн шинжээч томилж шинжилгээ хийлгүүлэх захирамжийг биелүүлэхээс татгалзсан хариуг 3 удаа өгсөн байдаг нь хэрэгт бий. Иймд Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын төв орон нутгийн мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудаас хийгдсэн 4 шинжилгээ нь криминалистик шинжилгээнээс гадуур хийгдсэн шинжилгээ тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.6. заалт нь үйлчилнэ. Криминалистик шинжилгээнээс гадуур хийгдсэн шинжилгээний дүгнэлтүүдийн баталгаажуулалтуудыг харахад, байгууллага нь тэмдгээ дараагүй шинжилгээний дүгнэлт нэг ч байхгүй.Бүх дүгнэлтүүдэд зохих тэмдэг дарж баталгаажуулсан байдаг нь хэрэгт бий. Хэзээ гаргасан, шинжилгээний ямар байгууллагын дүгнэлт дээрх заалтыг зөрчиж, шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулаагүй хүчингүй гээд байгаагаа ДЗШШ нь магадлалдаа тодорхой тусгаагүй, үүнийгээ баримтаар нотлоогүй, эрх зүйн дүгнэлтийг гаргахдаа хууль буруу хэрэглэжээ. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь шинжилгээ хийж 2017-3-7-нд шинжилгээний дүгнэлт гаргасан. Уг шинжилгээнд Газрын удирдлагын хэлтсийн дарга Ц.Хашхүү, БХБХ-ийн дарга А.Энхцэцэг нар оролцсон. “Ц...” ХХК-ийн хүсэлтээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь шинжилгээ хийж, 2017-6-22-нд шинжилгээний дүгнэлт гаргасан. Уг шинжилгээнд тус газрын хэлтсийн дарга А.Энхцэцэг, мэргэжилтэн Г.Түвшинтөр, Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг нар оролцсон. Талуудын тавьсан асуултууд нь бүгд агуулгын хувьд өөр, бие даасан, нэг нь нөгөөгөө нөхсөн асуултууд байдаг. ..Хэрэв манай “Ц...” ХХК-нь “Д...” ХХК-иас яг өмнө нь хийлгэсэн шинжилгээний дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсгийг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй, гомдолтой байна гэсэн хүсэлтийг гаргаж шинжлүүлсэн бол “Ц...”ХХК-иас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар 2017-6-22-нд хийлгэсэн шинжилгээ нь өөрөө давтан шинжилгээ болно. Манай “Ц...” ХХК-нь “Д...” ХХК-ийн өмнө нь шинжилгээ хийлгүүлэхээр тавьсан асуултаас 2 өөр асуултыг нөхөн тавьж хариулт авсан шинжилгээ нь өөрөө нэмэлт шинжилгээ юм. Хууль тогтоогч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.-г маш тодорхой тодорхойлсон байдаг. ..Зүй нь бол шинжилгээний төрлийг нэрээр нь бичих ёстой байдаг байх. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу анхны шинжилгээнд оролцсон аймгийн мэргэжилтэн А.Энхцэцэгийг хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн шинжилгээнд оролцуулсан нь хууль зөрчөөгүй. Харин ч Шүүхийн шмнжилгээний тухай хуулийн 19.2.-т нийцэж байгаа юм. ДЗШШ-нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 20.1, 20.2.-н дагуу шинжээч А.Энхцэцэг нь дахин шинжилгээнд орж хууль зөрчсөн гэж ДЗШШ-нь хуулийг буруу хэрэглэжээ. ДЗШШ-нь ямар шинжилгээний байгууллагын, хэзээ хийгдсэн, хэн гэдэг шинжээч шүүхээс асуулт тавиагүй байхад дүгнэлт гаргасан гэж үзэж байгаагаа баримтаар нотлоогүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1.5.-т заасны дагуу шүүх нь хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилсон захирамжийнхаа захирамжлах нь хэсэгт шинжээч нар нь захирамжинд дурдаагүй, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг олж тогтоовол дүгнэлтдээ оруулахыг шүүх шинжээч томилсон захирамжиндаа үүрэг болгосныг хэрэгт авагдсан шинжээч томилох бүх захирамжаас харж болно. Шинжээчид нь хууль ба захирамжаар олгосон эрхийнхээ хүрээнд мэргэжлийн дүгнэлтүүдийг гаргасан нь хэрэгт бий. Шүүхээс тавьсан асуултанд хариулаагүй нэг ч шинжилгээний дүгнэлт байхгүйг хэрэгт буй шинжилгээний дүгнэлтүүд гэрчилнэ.Харин ажил чиг үүргийн хүрээнд хамаарахгүй учраас талуудаас тавьсан асуултанд хариулж шүүхиин шинжилгээний дүгнэлт гаргахаас татгалзсан байгууллагуудыг нэрлэж болно...Талууд болон шүүх нь “Барилга газрын хил рүү орсон эсэх” асуудлыг шинжлэх байгууллагыг буруу сонгож байсан учраас тэд татгалзаж байсан юм. ..Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь шүүхээс тавьсан асуултанд хариулаагүй, орхигдуулсан явдал нэг ч гаргаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5.1 нь шүүхийн тавьсан асуултанд хариулаагүй бол хэрхэх тухай асуудлыг зохицуулсан заалт биш юм. “Ц...”ХХК-нь Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар шинжлүүлэхээр 8 асуулт бүхий хүсэлтийг гаргасан юм.Шүүх дээрх хүсэлтийг хянаж үзээд ..асуултыг Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тавьж шинжлүүлэх асуудлыг 2017-5-18-ны 145/ШЗ/2017/00855 захирамжаар шийдвэрлэсэн байдаг.Бусад 6 асуултыг орхигдуулсан буюу шинжилгээний байгууллагад асуулт болгож тавихаас татгалзсан үндэслэлээ анхан шатны шүүх “хэрэгт хамааралгүй асуулт байх тул гэж захирамжиндаа 6 асуулт орхигдуулсан үндэслэлээ маш тодорхой тусгасан байхад ямар үндэслэлээр орхигдуулсан нь тодорхойгүй гэж ДЗШШ-нь нотлох баримтыг үгүйсгэжээ. Зохигчдоос шинжлүүлэхээр шүүхэд тавьсан асуулт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой асуулт уу гэдгийг өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдэх эрх нь анхан шатны шүүхэд өөрт нь хуулиар олгогдсон байдаг. “Д...” ХХК-нь 15 айлын орон сууц барьж чадаагүй нь өөрийнх нь хууль зөрчсөн буруутай үйлдэлтэй холбоотойг нотлох олон олон баримтууд байхад ДЗШШ-нь тэдгээр баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, орхигдуулсан байдаг. “Ц...”ХХК нь “Д..."ХХК-ийн газрын хил рүү ороогүй болохыг нотлох мэргэжлийн шинжилгээний байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож гаргасан удаа дараагийн шинжилгээний дүгнэлтүүдээс гадна “Ц...” ХХК-ийн барилгын зургийн техникийн нөхцлийн үндсэн схем, барилгын зургийн ерөнхий төлөвлөгөөг баталсан аймгийн Ерөнхий архитектор Л.Манлайбадрахын шүүхэд өгсөн 2 удаагийн гэрчийн мэдүүлэг нотолдог. Мөн хэрэгт “Д...”ХХК-нь орон сууцны барилгаа барихдаа Барилгын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж барьсан учраас 40x2=80 айлын орон сууцны барилга барихаас 15 айлын орон сууцны барилгыг барьж чадаагүй гэж гомдоллож байгаа нь өөрийнх нь хууль зөрчсөн буруутай үйлдлээс болсон.Анхнаасаа 60 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөсөн байснаа больж, барилга багтах боломжгүй 2500м2 газарт 80 айлын орон сууцны барилга барихаар зүтгүүлснээс, Барилгын тухай хууль зөрчиж барилгаа барьсанаас болж барих барилга нь багтаагүйг нотлох баримтууд хэрэгт байхад ДЗШШ нэгийг ч үнэлээгүй орхигдуулсан. ..зургийн ажлыг гүйцэтгэсэн гэх 7ш зургийн гүйцэтгэлтэй “ерөнхий төлөвлөгөө” гэгчид нь ерөнхий төлөвлөгөөний нэг ч зураг байдаггүй, зөвхөн зургийн нүүр, ерөнхий харагдах байдал, зоорийн давхрын байгуулалт, 1-5 давхрын байгуулалтын зураг л хэрэгт бий... Д.. ХХК-нь орон сууцны барилгаа барихдаа хууль зөрчиж барсьнаас болж барих орон сууцаа дутуу барьсныг нотлох ийм олон баримтууд хэрэгт авагдсан байхад ДЗШШ-нь эдгээрээс нэгийг ч үнэлээгүй буюу хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, үнэлэхийг нэгэнт хүсээгүй нь гаргасан шийдвэрээс нь харагддаг. “Д...” ХХК-нь анхнаасаа батлагдсан ..зураг төслийн гэрээгүй.. ГХБХБГ-аар улаан шугам татуулж, барилгын зураг төслийн баримт бичгийн магадлалын дүгнэлт гаргуулж, аймгийн МХХ-ээс барилга эхлэх зөвшөөрөл авч, улмаар улсын комисст хүлээлгэн өгснөөс харахад, “Д...” ХХК-нь 40X2=80 айлын орон сууцны барилга нь Барилгын тухай хууль тогтоомжийн хаагуур нь боссон нь ид шидийн мэт байгаа нь хэнд ч ойлгомжгой байдаг юм. Хуралдаан даргалагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга миний шүүх хурал дээр хэрэгт хамааралтай асуудлаар тайлбараа чөлөөтэй хийх эрхэд халдсан ба нэхэмжлэгч “Д...” ХХК-ний тайлбарыг журам зөрчин дахин сонсож байсан.. миний бие нь мэргэжлийн шинжилгээний дүгнэлтүүдийг анхан шатны шүүх үнэлээгүй талаар эхлээд тайлбар хийж эхэлтэл шүүх хуралдаан даргалагч нь “Гомдолтойгоо хамааралтай асуудлаа л ярь. Бид хэргийн материалыг уншиж судалсан байгаа.” гээд хэрэгт хамааралтай асуудлаар чөлөөтэй тайлбар хийх эрхэд халдсан. Шинжилгээний дүгнэлтүүд бол манай гаргасан гомдолд хамааралтай асуудал мөнөөс мөн байсан. Шүүх хуралдаан даргалагч нь магадлалаа уншиж дуусгаад, магадлалыг тайлбарладаг журамтай. Гэтэл “Д...” ХХК-ийн захирал Д.Жаргалаас тайлбар өгөх хүсэлт тавихад нэхэмжлэгч талд “уян хатан” хандаж тайлбарыг нь сонссон. ..А.Тулга миний бие нь “журмаа бариарай” гэхэд Д.Жаргалын тайлбарыг сонссоны дараа миний биед хандан “тайлбар байна уу” гэхэд нь миний бие нь “ өөрт олгогдсон эрхийнхээ дагуу урд нь тайлбар өгсөн тул би тайлбар өгөхгүй” гэж хариулсан.Хурлын танхимын хураалдааны бичлэг нотолно.Мөн хуралд оролцсон “Ц..” ХХК-н захирал Л.Л мэдэж байгаа..Ийнхүү мэргэжлийн байгууллагуудын шинжилгээний дүгнэлтүүдийг үндэслэлгүйгээр бүхэлд нь үгүйсгэж нэхэмжлэгчийн байр сууринаас үнэлж нэг талыг хэтэрхий барьсан, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг огт үнэлээгүй, нотлох баримтыг дутуу ба буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, ХХША-ны журам зөрчсөн зэргийг харгалзан дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“Д...” ХХК 2013-10-23-ны өдөр шүүхэд хандаж, “Ц...” ХХК-иас нийт 154,375,000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “... хариуцагчаас хамаарч манай барилгын анхны зураг өөрчлөгдсөн бөгөөд зураг төсөл өөрчлөгдсөн төлбөрийг хариуцагч төлөхөөр тохиролцсон тул зургийн үнэ 25 сая төгрөгийг авна... мөн анх төлөвлөсөн орон сууцнаас 15-г барьж чадаагүй...тул 15 орон сууцны дундаж талбайг 50 кв.м-р тооцон нийт 750 кв.м., 1 кв.м үнэ 1,150,000 төгрөг нийт 862,500,000 төгрөг болно... үүнээс ашиг нь 15% буюу 129,375,000 төгрөг болно... ” гэсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... норм дүрмийн дагуу барилгаа барьж дуусгасан...нэхэмжлэгчээс өгсөн баримтууд нь манай барилга ашиглалтад орсны дараа үйлдэгдсэн байгаа тул нэхэмжлэлийг нотлохгүй байна...” гэж марган, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлс 15,437,500 төгрөгийг “Д...” ХХК-иас шаардсан боловч уг сөрөг нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлийн талаар:
Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байна.
а/. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн, нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгоно.
Давж заалдах шатны шүүх дээр дурдсан аль үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож буй нь тодорхой бус байгаа тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.
б/. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-167.1.4 дэх хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчжээ.
Давж заалдах шатны шүүхээс шинжээч томилох, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх зэрэг анхан шатны шүүхийн ажиллагаа хуульд нийцээгүй гэж шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд энэ нь хяналтын гомдлын үндэслэл болсон байна. Иймд тус шүүхээс магадлалд заасан баримтуудын талаар нэг бүрчлэн дүгнэх шаардлагатай гэж үзлээ.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2014-04-11-ний өдрийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаагүй нь давж заалдах шатны шүүхийн 2015-01-07-ны өдрийн 04-р магадлал, хяналтын шатны шүүхийн 2015-03-05-ны өдрийн 127-р тогтоолоор нотлогдсон байна. Харин 2015-07-17-ны өдөр 043 дугаар дүгнэлт мөн 2015-10-07-ны өдөр 01 дугаар дүгнэлтийг гаргахад шинжээчид хууль сануулаагүй, танилцуулаагүй байна. Иймд эдгээр дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2., 38 дугаар зүйлийн 38.5., Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчинө.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар 2016-06-16-ны өдөр 2016-А/56 дугаар шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2017-03-13-ны өдөр болон 2017-09-13-ны өдөр шинжээчийн дүгнэлт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2018-04-06-ны өдөр А/35 дугаар шинжээчийн дүгнэлтийг тус тус гаргасан байна. Шүүх шинжээч томилохдоо зохигчийн эрхийг, шинжээч дүгнэлт гаргахдаа хуулийг тус тус зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул шинжээчийн уг дүгнэлтүүд нотлох баримтын шаардлага хангасан баримтад хамаарна.
А.Энхцэцэг шинжээчийн хувьд хоёр удаа дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийн талаар:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй зүйл, заалтыг хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...талууд хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигчид байна... хариуцагч зураг төсөл зэргээ өөрчилж барилга барьсан ч эзэмшил газрын хил заагийг зөрчөөгүй нь нотлогдсон... “Д...” ХХК-ийн газар эзэмших эрхэд “Ц...” ХХК-иас нөлөөлөл үзүүлсэн нь нотлогдож байна... барилгын зураг төсөлөө “Ин-Диз групп” ХХК-иар 25 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон...” гэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийг баримталжээ.
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт “... хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газрыг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ...” гэж., 135 дугаар зүйлийн 135.1, 135.2 дахь хэсэгт “... хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй. Нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй...” гэж тус тус заасан байна.
Хөрш залгаа эд хөрөнгө, хөршийн нөлөөллийг хориглон хязгаарлах буюу хориглон хязгаарлаж үл болох тухай Иргэний хуулийн зохицуулалтаас үзвэл, “хөрш залгаа эд хөрөнгө” гэдэгт хил залгаа эзэмшил газар буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаар байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан “нөлөөлөл” гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгох бөгөөд эдгээр нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хог хаягдал зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр илрэх боломжтой. Уг нөлөөлөл нь эд хөрөнгийг ашиглах тухайн хэлбэрт зайлшгүй гарах учиртай эсхүл гарах боломжтой бөгөөд ноцтой үр дагаврыг үүсгээгүй байна. Харин эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн хөршийн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ ойлголтод хамаарахгүй. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасан “нөхөн төлбөр” гэдгийг өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх чөлөөг хязгаарлуулсан боловч мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлага гаргах өмчлөгч, эзэмшигчийн эрхийг эдлэх боломжгүйн учир авч буй төлөөс юм. Уг төлөөсийг Иргэний хуулийн 228, 492 дугаар зүйлд заасан гэм хорыг арилгах төлбөр гэж үзэхгүй.
“Д...” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлд “Ц...” ХХК-иас хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигчийн хувьд нөхөн төлбөр шаардсан агуулга байхгүй тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй зүйл, заалтыг хэрэглэсэн байна.
3. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар:
3.1. “Д...” ХХК-ийн 25,000,000 төгрөг, 129,375,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, түүнийг эс зөвшөөрсөн тайлбар болон нотлох баримтыг талууд гаргаж, шаардлага тус бүрийн талаар зохигч мэтгэлцсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байна.
Иймд хэрэгт буй баримтын хэмжээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаас эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., 116 дугаар зүйлийн 116.3., 167 дугаар зүйлийн 167.1.5.,168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчихгүй гэж тус шүүх үзлээ.
“Д...” ХХК, “Ц...” ХХК нар нь Өвөрхангай аймгийн, Арвайхээр сумын 5 дугаар баг, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн баруун талд тус бүр 2500 кв.м эзэмшил газартай, уг газар дээр зохигчийн хэн аль нь барилга барьсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Дурдсан газарт нэхэмжлэгч нь 40 болон 25 айлын орон сууц барьсан бөгөөд 40 айлын орон сууцтай холбоотой ямар нэг маргаан байхгүй, харин 25 айлын орон сууцтай холбоотой маргаан үүсгэсэн байна.
Тодруулбал, хариуцагчийн барилгын зураг төсөлд өөрчлөлт орсон учир “Д...” ХХК өөрийн 40 айлын орон сууцны нэг барилгын зургийг дахин хийлгэж 25,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан, барилгыг анхны зургаар 40 айлын бус, харин зургийг дахин хийлгэж 25 айлын орон сууц барьсан тул 129,375,000 төгрөгийн орлогоо олж чадаагүйгээс нийт 154,375,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэгч маргасан, талууд гомдсон тул энэ талаар тус шүүхээс дүгнэлт хийнэ.
3.2. “Ц...” ХХК-ийн үйлдлийн улмаас “Д...” ХХК-д гэм хор учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчаас нийт 154,375,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 492, 497, 510 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Бусдын хууль бус үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж үзвэл уг гэм хорыг арилгуулахыг хохирсон гэх этгээд шаардах эрхтэй бөгөөд энэ нь үндэслэлтэй байхаас гадна нотлогдсон тохиолдолд нэхэмжлэл хангагдах нөхцөл бүрдэнэ.
а/. Олох ёстой байсан орлого буюу 129,375,000 төгрөгийн шаардлагын талаар
Нэхэмжлэгч дурдсан мөнгийг шаардахдаа “... 80 айлын орон сууц төлөвлөж байсан ч 65 айлын орон сууц барьсан тул үлдэх 15 орон сууцны талбайг дунджаар 50 кв.м-р тооцвол нийт 750 кв.м болно... 1 кв.м үнэ 1,150,000 төгрөг буюу нийт 862,500,000 төгрөг...үүнээс ашиг нь 15% буюу 129,375,000 төгрөг юм ....” гэжээ. /хх1-н 1-2/
“Д...” ХХК дээр дурдсан хэмжээний орлого олох байсан нь баримтаар нотлогдохгүй байна. Арвайхээр сумын 5 дугаар баг, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн баруун талд нэхэмжлэгч нь нийт 80 айлын орон сууц барих боломжтой байсан нь тогтоогдоогүй болно. Мөн 40 айлын орон сууцны болон 25 айлын орон сууцны төсвийн тооцоог нэхэмжлэлийн энэ шаардлагыг шууд хангах нөхцөл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т нийцэхгүй байна.
Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015-12-09-ны өдрийн 2153., 2016-02-01-ний өдрийн 237 дугаар захирамж /хх3-н 44-47., 71-73/-р томилогдсон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээч 2016-06-16-ны өдөр 2016-А/56 дугаар дүгнэлт /хх3-н 81-88/-р хариуцагчийн барьсан барилга нь “Д...” ХХК-ийн эзэмшил газартай давхцалгүй нь тогтоогджээ.
Түүнчлэн, “Ц...” ХХК-ийн барьсан орон сууцнуудын баруун болон зүүн хойд талын барилгууд газар доорх инженерийн шугам сүлжээ, 60 айлын орон сууцны халаалтын зуух баригдсанаас хамаарч анх тогтоосон “тэг” тэнхлэгээс зөрүүтэй баригдсан. Энэ нь нэхэмжлэгчийн 2 дахь орон сууцны байршилд нөлөөлөөгүй талаар шинжээч-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2017-03-13-ны өдрийн дүгнэлт /хх3-н 202-205/-д дурдсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох болон үгүйсгэх баримтыг зохигч шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд шийдвэр гаргана.
Хэрэгт буй баримтаар “Д...” ХХК нь хариуцагчийн үйлдлээс хамаарч 129,375,000 төгрөгийн орлого олоогүй гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
б/. Бодит хохирол 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн талаар
“Д...” ХХК-ийн барилгын зураг төсөл нь хариуцагчийн үйл ажиллагаанаас хамаарч өөрчлөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар буюу “...2500 кв.м газар дээр багтахгүй байхад тус бүр 40 нийт 80 айлын хоёр орон сууцны зураг төсөл хийлгэснээс барилгын зургаа өөрчилсөн ...” гэснийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Тухайлбал, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-05-18-ны өдрийн 145/ШЗ2017/00855 дугаар захирамж /хх4-н 12-14/-р Өвөрхангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2017-09-13-ны өдөр шинжээчийн дүгнэлт /хх4-н 17-24/ гаргажээ.
Уг дүгнэлтээр “Д...” ХХК-ийн 2500 кв.м талбайтай газарт нэхэмжлэгчийн зургаар 40 айлын хоёр орон сууцны барилга багтахгүй болох нь, мөн “Ц...” ХХК-ийн батлуулсан ерөнхий төлөвлөгөө,барилгын байршилтай уялдуулж нэхэмжлэгчээс барилгын зургийг батлуулах байсан нь тус тус нотлогдож байна.
2018-01-19-ний өдрийн 145/ШЗ2018/00270 дугаар захирамж /хх4-н 118-119/-н дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2018-04-06-ны өдөр шинжээчийн А/35 дугаар дүгнэлт /хх4-н 129-135/ гаргасан ба уг дүгнэлтэд зохигч тус бүрийн 2500 кв.м газарт баригдсан барилгын талаар тусгажээ.
Хэргийн баримтаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нөхцөл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 25,000,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 492,497,510 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэхгүй юм.
4. Давж заалдах шатны шүүх хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон, анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй, “Д...” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах нөхцөл байдал тогтоогдоогүй буюу “Ц...” ХХК-ийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлогдоогүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
Зохигч нар хяналтын гомдол гаргаагүй тул хариуцагч сөрөг нэхэмжлэл \хх3-н 231\-с татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасаар хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00749 дүгээр шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 204/МА2019/00014 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 15,437,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ “Ц...” ХХК татгалзсаныг баталж, “Д...” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Ц...” ХХК-иас нийт 154,375,000 төгрөг гаргуулах тухай “Д...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхэд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “Д...” ХХК-иас төлсөн 929,830 төгрөг, “Ц...” ХХК-иас төлсөн 243,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 929,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 929,825 төгрөгийг “Ц...” ХХК-д захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ