Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0436

 

 

2015 оны 9 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/436

Улаанбаатар хот

 

 

Л.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 404 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Л.С-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/245 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг, дэвсгэр дэх Х ХХК-ийн Худалдаа, үйлчилгээний төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний авто зогсоол /өөрийн эзэмшил газартай давхацсан хэсэг/-ын төлөвлөлтийг хүчингүйд тооцуулах гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Л.С-д анх газар эзэмших эрх олгохдоо Сүхбаатар дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчиж, газар эзэмших эрх олгосон. Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудал нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал биш, Нийслэлийн Засаг даргын шийдвэрлэх асуудал юм. Дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр газрыг эзэмшүүлсэн. Л.С-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга баталгаажуулахдаа Газрын тухай хуулийг зөрчиж, газар эзэмших эрх олгосон эсэхийг нягтлахгүйгээр баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч төсөл сонгон шалгаруулах замаар авсан гэдэг боловч энэ талаарх баримт байдаггүй... Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Х ХХК-ийн урд талын газар эзэмшигч Л.С-ийн 2012 онд батлагдсан зураг төсөлд газрыг барилгажих боломжгүй батлагдсан байгаа нь тухайн газар олголт маргаантай, барилгажих талбайн боломж муу, зай хэмжээ зөрчсөн, инженерийн шугам сүлжээ бүхий газар дүүргийн Засаг дарга газар олгох боломжгүй. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/2427 тоот албан бичгээр хот байгуулалтын тухай хуулийг зөрчиж байгаа талаар мэдэгдсэн тул Х ХХК-ийн ажлын зураг төслийг баталсан. Бусдын эзэмшил газар дээр зураг төсөл төлөвлөж, баталсан нь үнэн, гэхдээ тухайн газар нь барилгажих боломжгүй, барилгын асуудал газраа дагадаг, газар олголтын асуудал нь хууль зөрчсөн бол ерөнхий төлөвлөгөөний авто зогсоол төлөвлөсөн нь хүчингүй болох үндэслэлгүй гэжээ.

Гуравдагч этгээд Х ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л.С нь газрыг төсөл сонгон шалгаруулах журмын дагуу дуудлага худалдаагаар мөнгө төлж авсан гэдэг боловч баримт байдаггүй, мөнгө төлсөн баримт нь газрыг шилжүүлж авахдаа тушаасан баримт байдаг. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас үйлчилгээний барилга боломжтой гэсэн шийдлийг өгсний дагуу үйлчилгээний барилга барих хүсэлт өгч, зураг төслөө боловсруулан батлуулж, барилгын ажлыг зураг төслийн дагуу барьж гүйцэтгэсэн гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заснаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/245 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх арга хэмжээ авахуулах, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг, дэвсгэр дэх Х ХХК-ийн Худалдаа, үйлчилгээний төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний авто зогсоол /өөрийн эзэмшил газартай давхацсан хэсэг/-ын төлөвлөлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Л.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь, Сүхбаатар дүүргийн Газрын албаныхан газрыг төсөл сонгон шалгаруулах замаар эзэмшүүлэх ёстой гэж Л.С-д ойлгуулж, төсөл сонгон шалгаруулалт зарлаж5.280.000 төгрөгийг газрын үнэд төлж авсан байтал түүнийг үгүйсгэж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Анх тухайн газрыг барилга барих зориулалтаар дуудлага худалдаагаар авсан, холбогдох захиргааны байгууллага инженерийн шугам сүлжээ байгаа эсэхийг тогтоосны үндсэн дээр захирамж олгосон байдаг. Маргаан бүхий газар доогуур инженерийн шугам сүлжээ байгаа гэдэг боловч энэ нь өөрөө урсгалтай, ариутгах татуургын шугам хоолой бөгөөд бохир, борооны усны шугам байдаг. Шугам хоолойноос барилга байгууламжийг 3 метрт байна гэж заасан. Л.С уг шугам хоолойг зайлуулах гээгүй, шугам хоолойноос холбогдох хууль дүрэмд заасан хэмжээнд барилга төлөвлөсөн. Иймд, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Л.С нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/245 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх арга хэмжээ авахуулах, мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Х ХХК-ийн Худалдаа, үйлчилгээний төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний авто зогсоол /өөрийн эзэмшил газартай давхацсан хэсэг/-ын төлөвлөлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

1.    Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/245 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61.1 дэх заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь зөв болжээ.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны баруун талд байрлах, үйлчилгээний зориулалттай, 0,02 га газрын эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар иргэн В.Б-ээс иргэн Л.С-д шилжүүлэн эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 347 дугаар захирамжаар дээрх газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

Ийнхүү нэхэмжлэгч Л.С-д газар эзэмших эрхийг олгохдоо хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 347 дугаар захирамжуудын Л.С-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/245 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалттай тус тус нийцсэн гэж үзлээ.

Тухайлбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар гэр бүлийн хэрэгцээнээс бусад зориулалтаар болон хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр газар эзэмшихээр хүсэлт гаргасан тохиолдолд газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан.

Гэтэл дээрх хуулийн заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам, Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам зэргийг зөрчиж, дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулаагүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны баруун талд байрлах, үйлчилгээний зориулалттай, 0,02 га газрыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2007 оны 302 дугаар захирамжаар анх В.Бат-Эрдэнэд олгосон нь хууль бус байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн шугам сүлжээний зураг, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримтуудаар нэхэмжлэгч Л.С-ийн эзэмшиж буй 200 м.кв газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарагдсан, барилгажих боломжгүй бөгөөд тухайн газрын доор 400 мм-ийн голчтой, ширмэн бохир усны шугам сүлжээ байрлаж байгаа өөрөөр хэлбэл, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга, байгууламжийг барихыг хориглоно гэж заасан хамгаалалтын зурвас газартай давхацсан, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтийн эдэлбэрийн газарт хамаарах талбайд газар эзэмшүүлсэн болох нь тогтоогджээ.

Иймээс Нийслэлийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд урьд гаргасан 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 347 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон нь зөв бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төсөл сонгон шалгаруулалт зарлаж, 5.280.000 төгрөгийг газрын үнэд төлж авсан байтал түүнийг үгүйсгэж шийдвэрлэсэнд гомдолтой, маргаан бүхий газар доогуур инженерийн шугам сүлжээ байгаа гэдэг боловч энэ нь өөрөө урсгалтай, ариутгах татуургын шугамын хоолой бөгөөд бохир, борооны усны шугам байдаг. Шугам хоолойноос барилга байгууламжийг 3 метрт байна гэж заасан бөгөөд Л.С уг шугам хоолойг зайлуулах гээгүй, шугам хоолойноос холбогдох хууль, дүрэмд заасан хэмжээнд барилга төлөвлөсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

2.    Гуравдагч этгээд Х ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 302 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 1500 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан ба тухайн газартаа үйлчилгээний барилга барих хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 375 дугаар захирамж гарч улмаар Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5/22 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа үйлчилгээний төвийн ерөнхий төлөвлөгөө-г тус тус баталжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн авто зогсоолын газар нь Л.С-ийн газартай давхцаж байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болоогүй байхад гуравдагч этгээдийн газрыг баталгаажуулж, эскиз зургийг баталсан нь хариуцлагагүй алхам гэж, хариуцагчаас Л.С-ийн 200 м.кв газрын тодорхой хэсгийг оруулж авто зогсоол хийсэн, барилгын хувьд давхцал байхгүй гэж, гуравдагч этгээдээс бид өөрийн хэрэгцээнд ашиглаагүй, авто зогсоолоор нийтийн хэрэгцээнд ашиглаж байгаа гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

Хэдийгээр гуравдагч этгээдийн худалдаа үйлчилгээний ерөнхий төлөвлөгөөнд барилгын хэмжээ нь 24х40 хэмжээтэй батлагдсан, зураг төсөлд тусгагдсанаар 962 м.кв байх ёстой атал хэмжилтийн үр дүнд 1025 м.кв байсан, уг компанийн газрын эзэмшлийн кадастрын зураг нь бодит байдал дээр байгаа барилгын зурагтай давхцаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Л.С-ийн эзэмшиж буй 200 м.кв газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, барилгажих боломжгүй, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарагдсан, нийтийн эдэлбэрийн газар бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээд Х ХХК-ийн худалдаа үйлчилгээний ерөнхий төлөвлөгөөнд автомашины зогсоол төлөвлөгдсөнийг хүчингүй болгох боломжгүй юм.

Иймээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын22-ны өдрийн 404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР