Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/402

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч М.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1050 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б.Х /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны *** тоотын гаднаас хохирогч Л.Агийн эзэмшлийн “Айфоне 12 промакс” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 3.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, *** тоотын гаднаас хохирогч Д.Дгийн эзэмшлийн “Айфоне 12 про” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.104.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын ***тоотын гаднаас хохирогч Д.Бын эзэмшлийн “Айфоне 12 про” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

  1. Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны *** тоотын гаднаас хохирогч Л.Агийн эзэмшлийн “Айфоне 12 про макс” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авч, хохирогчид 3.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Л.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал над руу 95975710 гэсэн дугаараас нэг залуу утасны зарын дагуу ярьж байна гэхээр нь би гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Тэгээд байж байтал 25-30 орчим насны цагаан өнгийн цамцтай, масктай барзгардуу шөвгөр царайтай халимаг үстэй 170-175 см орчим өндөртэй залуу орж ирээд утас үзэж байгаад “энэ утсыг авъя, шинэ утас байна” гэх мэтээр ярьж байгаад гадаа манай эхнэр ирж байна гэнээ гээд надтай цуг хоёр ч удаа гарсан. Тэгээд утсаараа дахиж яриад “ирэхээрээ залга л даа, энд 2 хөгшин хүн байна” гээд байсан ба гэр лүү буцаж ороод “манай эхнэр орж ирж байна гэнээ” гэж хэлж байснаа утас аваад гараад зугтаасан. Айфоне 12 про макс загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 110 дугаар хуудас/,  

         Иргэний нэхэмжлэгч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 7 дугаар сарын сүүлээр Х гэх найз манай гэрт ирээд “хямдхан утас байна, ажлын ах ломбардад тавьчихсан, хүүг нь төлөөд ав гэж байна” гэж хэлсэн. Тэгээд “ажлын хүмүүс нь хоорондоо булаацалдаад байна, аль түрүүлж очсон нь авна гэж байна, очоод авчих” гэсэн. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Х намайг Вокзалын ард ломбардан дээр дуудсан бөгөөд намайг очиход ганцаараа байсан ба ажлын ах гээд нэг хүнтэй яриад байсан. Тэгээд дотор байсан ломбардны хүнтэй ярьж байгаад “Айфоне 12 про макс” маркийн гар утсыг худалдаж авахаар болоод ломбардны данс руу 2.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 113-114, 213 дугаар хуудас/,

         Гэрч Б.Чы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг өнгөрч байхад би халтуур хийж яваад Бөмбөгөр худалдааны төв орчмоос нэг залуу аваад “Дэлгэрэх” хотхон дээр очоод тухайн залуу “хүнтэй уулзчихаад ирье, та хүлээж байгаач” гээд орсон. Тэгээд 20-30 орчим минут болж гарч ирээд Говийн зам руу явъя гээд явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 117-118 дугаар хуудас/,

            “Дамно” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №ХУ1-21-496 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне 12 промакс маркийн гар утас 3.540.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 122-123 дугаар хуудас/,

            Эд зүйл түр хураан авсан тухай “О.Ааас Айфоне 12 промакс маркийн хөх өнгийн эвдрэлгүй гар утсыг хураан авав” гэх тэмдэглэл /хэргийн 125 дугаар хуудас/,

   Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Л.Ад Айфоне 12 промакс маркийн хөх өнгийн эвдрэлгүй гар утсыг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хэргийн 126 дугаар хуудас/,

   Шүүгдэгч Б.Хы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би уг хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 145 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 39 дүгээр байрны 139 тоотын гаднаас хохирогч Д.Дгийн эзэмшлийн  “Айфоне 12 про” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авч, хохирогчид 2.104.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн “Айфоне 12” маркийн гар утсыг зарна гэж “Үнэгүй.мн” зарын сайтад байршуулсан. Өдөр 14 цагийн орчим 95975710 гэсэн дугаараас үл таних залуу “зарын дагуу ярьж байна, таны утсыг үзэж болох уу” гэхээр нь гэрийн хаягаа хэлээд ирээд үз гэж хэлсэн. Удалгүй 30 орчим минутын дараа манай гэрийн гадаа ирээд зарын дагуу утас үзэхээр ирлээ гэхээр нь би өөрийн зарах гэж байсан утсаа үзүүлсэн. Тэгээд авахаар болоод мөнгөө эхлээд шилжүүлээд ав гэсэн чинь “манай эгч ирж үзэж байгаад авна та хүлээч байгаач” гэхээр нь би эгчийгээ ирэхээр ирээд ав гэсэн. Тэгээд 16 цагийн үед дахин ирээд таны утсыг дахиад үзчихье гээд үзэж байгаад авч зугтаасан. Тэр хүн 20 орчим насны эрэгтэй, буржгар үстэй, хар сорочкон цамцтай, бор царайтай, 165-167 см орчим өндөртэй байсан. ...Би алдсан гар утсаа буцаагаад авсан, одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 13, 14, 17 дугаар хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Теди худалдааны төв дээр гар утас худалдаалдаг Б гэх хүнээс 2.700.000 төгрөгөөр “Айфоне 12 про” загварын гар утас худалдан авч байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас уг гар утсыг хулгайн гар утас байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн..” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

         Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүкд “Айфоне 12” загварын гар утас зарна гэсэн зарын дагуу 2 ширхэг гар утас худалдаж авсан ба тухайн гар утсыг Мд худалдсан. Надад гар утас зарсан залууг Х гэж байсан. Би тэр залуутай уулзаад Вокзалын ард байрлах барьцаалан зээлдүүлэх газраас худалдан авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

        “Дамно” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №БЗД-21-551 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-12 маркийн гар утас 2.104.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 27-28 дугаар хуудас/,

         Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч Д.Д миний гар утсыг авсан залуу мөн байна гэж 3 дугаартай Б.Хыг заав” гэх тэмдэглэл /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тухай “Б.Мээс Айфоне 12 про маркийн хар саарал өнгийн гар утсыг хураан авав” гэх тэмдэглэл /хэргийн 35 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Д.Дд Айфоне 12 про маркийн саарал өнгийн гар утсыг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хэргийн 36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Хы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Цаашид ийм үйлдэл хийхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын ***тоотын гаднаас хохирогч Д.Бын эзэмшлийн “Айфоне 12 про” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авч, хохирогчид 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

          Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний бие 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Айфоне 12” маркийн гар утсаа зарна гэж “Үнэгүй.мн” сайтад зар тавьсан. Тэр өдрөө удалгүй 89172662 гэсэн дугаараас манай эхнэр лүү залгаад одоо очоод авъя гэхээр нь хаягаа хэлээд манайд ирсэн. Тэгээд хаалганы үүдэнд гар утсаа үзүүлээд зогсож байхад миний гар утсанд симээ хийгээд ярьж үзэж байгаад гэрийн хаалганаас холдоод лифтэнд суугаад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 172-173 дугаар хуудас/,

         “Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №БГ2-22-268 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-12 про маркийн гар утас 2.550.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 182-183 дугаар хуудас/,

         Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч Д.Б миний гар утсыг авсан залуу мөн байна гэж 2 дугаартай Б.Хыг заав” гэх тэмдэглэл /хэргийн 187-189 дүгээр хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тухай “Б.Хаас Айфоне 12 про маркийн цэнхэр өнгийн гар утсыг хураан авав” гэх тэмдэглэл /хэргийн 190 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Д.Бд Айфоне 12 про маркийн цэнхэр өнгийн гар утсыг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хэргийн 191 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Хы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...зарын дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрэн хорооллын 53 дугаар барйны 10-90 тоотод очиж Айфоне 12 про загварын гар утсыг худалдан авна гэж хэлээд шалгаж үзэж байгаад Айди байхгүй байхаар нь аваад цахилгаан шатанд суугаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 200 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 39-44 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 57-64 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  1. Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны *** тоотын гаднаас хохирогч Л.Агийн эзэмшлийн “Айфоне 12 промакс” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авч 3.540.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
  2. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, *** тоотын гаднаас хохирогч Д.Дгийн эзэмшлийн “Айфоне 12 про” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авч 2.104.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
  3. Мөн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын ***тоотын гаднаас хохирогч Д.Бын эзэмшлийн “Айфоне 12 про” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авч 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

           Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Хд холбогдуулан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхцэцэг “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл байдаг.

           Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

           Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

           Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй. “Гэмт хэрэг үйлдсэн арга” гэдэг нь тухайн этгээдээс өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр байдаг бөгөөд энэ нь гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх гол шалгуур болдог.

            Залилах гэмт хэргийн бусдыг дээрэмдэх гэмт хэргээс ялгарах үндсэн шинж нь хохирогчийн хандлага, субьектив шинж чанар байдаг бөгөөд тэрээр хууран мэхлэх болон итгэлийг нь эвдэж буй гэмт хэрэгтний үйлдэлд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгч байдаг бол дээрэмдэх гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд гэмт этгээд, хохирогч хоёрын хооронд ямар нэгэн байдлаар бодит харилцаа үүсээгүй байх нөхцөлийг шаарддаг тул хохирогчид дээр дурдсан хандлага, субъектив шинж чанар үгүйсгэгдэж байдаг.

            Тодруулбал, залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт хэрэгтэнтэй харилцаж байгаа оюун ухамсар бүхий хувь хүн байх бөгөөд гэмт хэрэгтний зүгээс ашиглаж буй хууран мэхлэх арга хэрэгсэл, үйлдэлд өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байдаг. Гагцхүү энэхүү бодит харилцаанд орох явцдаа төөрөлдөх нь залилах гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болдог.

            Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Б.Х нь “гар утас зарна” гэх зарын дагуу “анхнаасаа гар утас худалдан авах зорилгогүйгээр” хохирогч иргэдтэй урьдаас харилцаа тогтоон утсаар холбогдоод, улмаар гэрийн хаягийг нь заалгаж очин “гар утсыг нь худалдаж авна” хэмээн шалгаж үзэн, итгэл төрүүлж байгаад өөртөө шилжүүлэн авч /хохирогчид өөрсдөө утсаа үзүүлэх гэж өгсөн/ зугтаасан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.  

           Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгосныг тус тус ойлгоно.

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Х нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

        Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ад 3.540.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Дд 2.104.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Бд 2.550.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Мд 2.400.000 төгрөгийн хохирол, О.Ад 2.600.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутгаас гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхцэцэг “... 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Хы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Хыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Хд 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

        Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

 

  1. Бусад асуудлаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.Хыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО