Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/382

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-йн Б.Ад холбогдох эрүүгийн ***************дугаартай хэргийг 2022 оны 04 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*************************************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************-” ХХК-ийн ТҮЦ дотор хохирогч Б.М-ын зүүн нүд рүү гараараа цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Тухайн үед Модны 2-т замын ажил хийж байхад 2 согтуу хүн ирээд “та нарын ажлыг шалгана” гээд нэг үнэмлэх үзүүлсэн. Шөнийн цагаар хөдөлгөөн хааж замын ажил хийх эрхтэй талаараа тайлбарлаад байж байтал намайг эхлээд цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд зөрүүлээд цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М-ын “...Би 2021 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 01-02 цагийн үед Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ахмадын” эмнэлгийн хойно байрлах орон сууцанд эхнэрээ авчхаад буцаад ирсэн замаараа явах гэтэл зам засварын анги зам хаачихсан байсан. Тэгээд би машинаасаа буугаад зам засвар хийж байсан ажилтнуудын нэгэн дээр очоод “та нар зам засварын ажил хийж байгаа бол анхааруулах самбар тавьж болдоггүй юм уу” гэхэд үл таних эрэгтэй “дагаад яв” гээд араас нь дагаад явсан. Тэгээд тохижуулсан ажлынхаа ТҮЦ-н дотор миний зүүн чихний ард хэсэг рүү 2 удаа цохихоор нь би заамдаж аваад намайг зөрүүлж заамдаад газар унагааж цээжний зүүн хэсэгт баруун өвдгөөрөө өвдөглөж суусан. Тэгээд тухайн газрын ажилтнууд салгасны дараа цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-23 дахь тал/,

2. Гэрч Б.М-ын:

“...Б.А ямар нэгэн хүнийг цохиж байгааг би хараагүй. Тухайн маргааныг би очиж салгасан. Танихгүй залуугийн зүүн нүд нь хөхөрсөн юм шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дахь тал/,

3. Гэрч Б.Л-ын:

“...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ...манай нөхөр Б.М намайг найзынхаас ирж авсан. Тухайн газар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ахмадын” эмнэлгийн хойд талд байдаг. Тухайн өдөр би бага зэргийг согтолттой байсан болохоор ядраад машиндаа унтаад өгсөн, ...нөхрийн найз А хамт явж байсан болохоор намайг сэрээгээд “М-ыг хүн зодоод байна” гэсэн тэгээд би Ангарагийг дагаад очиход зам ангийн ТҮЦ шиг байранд М-ын зүүн нүд хөхөрчихсөн маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

4. Гэрч Г.А-ийн:

“...Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ахмадын” эмнэлгийн тэнд байрнаас Б.М-ын эзэмшлийн машинтай эхнэрийг нь авахаар очсон. Тэгээд эхнэр нь гарч ирээд буцах замд замыг нь барилгын ажил хийгдэж байгаа мэт хаасан байсан, ...-Б.М машинаас буугаад тухайн замыг хаагаад зогсож байсан эрэгтэй хүнтэй уулзаж яагаад зам хаасан талаар ярилцаад тэр залууг дагаад барилгын тохижуулсан ТҮЦ рүү яваад орсон. Тэгээд би машинд нь 3 минут орчим болоод араас нь орсон чинь тэр залуутай зам хаасан талаар маргалдаж байсан. Б.М надад “миний гар утсыг машинаас аваад ир” гэсэн тэгэхээр нь би машинаас нь утсыг нь аваад буцаад тухайн тохижуулсан ТҮЦ рүү очиход Б.М-ыг газар унагаачихсан зүүн нүд хэсэг рүү нь цохисон байдалтай хөхөрсөн харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 6104 дугаартай:

“...Б.М-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 59-62 дахь тал/,

7. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 06 дугаар сарын 25-ны орой 20 цагаас эхэлж зам засварын ажлаа хийж эхэлсэн. Тэгээд ажил үргэлжилсээр 01 цагийн үед манай барилгын талбай руу замын хөдөлгөөн хаасан байх үед үл таних эрэгтэй хүнд машинтайгаа орж ирэх гээд байсан юм. Тэгэхээр нь би “битгий ажилд саад болоод бай, энэ талаар тойроод яв” гэхэд тухайн хүний эхнэр нь согтуу байсан тэгсэн тэр эрэгтэй ямар юм нь мэдэгдэхгүй үнэмлэх гаргаж ирээд “танай ажлыг шалгана” гээд байсан. Би ажлаа танилцуулахаар оффис болох ТҮЦ рүү дагуулж очсон тэгээд ТҮЦ дотроо оруулж тухайн замын ерөнхий зургийг харуулахад миний араас гарынхаа алгаар 1 удаа цохисон. Тэгээд маргаан эхэлсэн тухайн үед бие биеэ заамдаад зогсож байгаад би зүүнд нүдний хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон тэгсэн найз нь ороод ирсэн. Тэгээд намайг салгаад надаас тэвэрч авсан араас нь тухайн эрэгтэй хүний эхнэр нь согтуу орж ирж над руу дайраад байсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд маргааныг зогсоосон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.А нь хохирогч Б.М-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.А нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.А нь:

2021 оны 06 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***************” ХХК-ийн ТҮЦ дотор хохирогч Б.М-ын зүүн нүд рүү гараараа цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Б.М нь уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн болон бусад хохирол төлбөрт нийт 700.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 135.050 төгрөгийг шүүгдэгч Б.А-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Б.М нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ******************дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 135.050 /нэг зуун гучин таван мянга тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ