| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00282/И |
| Дугаар | 102/ШШ2017/00975 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/00975
| 2017 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/00975 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71а байрны 25 тоотод оршин суух, …регистртэй, Бигүүн овогт А.А-ын гаргасан Пүрэвсүрэнгийн Ууганбаяртай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би П овогтой У-тай 2009 онд анх танилцаж, 2010 оны 9 дүгээр сараас эхлэн хамтран амьдарсан. Бид энэ үед нөхөр П.У-н эгч П.Цэцэгмаагийн гэр болох Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо … тоотод амьдарч байсан. Хамтран амьдарч байх үед миний нөхөр П.У нь 2012 оны 1 дүгээр сарын 25-нд зуурдаар нас барсан. Нас барах үед нь миний бие 3 сартай жирэмсэн байсан. Ингээд 2012 оны 7 дугаар сарын 30-нд Саран-Эрхэс охин маань мэндэлсэн. Бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан юм. Бидний охин Саран-Эрхэс тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрыг 2010 оны 9 дүгээр сараас 2012 оны 1 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.А нь охин Алтанзулын Саран-Эрхэст тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох зорилгоор иргэн П.У-т хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
А.Аын хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд А.А, П.У нар 2009 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад, 2012 оны 1 дүгээр сарын 25-нд П.У өвчний улмаас нас барж, охин А.Саран-Эрхэсийг 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрүүлэн, хүсэлт гаргагч нь одоо охины хамт амьдарч байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нас барсны бүртгэлийн гэрчилгээ №000093133, хүүхдийн төрсний гэрчилгээ №0000818524 г-3131, талийгаач П.У-н төрсөн дүү П.Оюунбаяр, П.Оюунтунгалаг нарын шүүхэд бичгээр гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асуусан тэмдэглэл, Иргэдэд үйлчлэх автомат машины “Оршин суугаа хаягийн тодорхойлолт” зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 3-9, 14, 15/
Иймд дээрх үндэслэлээр П.У-т хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай А.Аын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт зааснаар …регистртэй Билгүүн овогт А.А-ыг, …регистртэй Батнай овогт П.У-тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА