Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/384

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

хохирогч Ц.Д,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн ************************ дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***********************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 51-р байрны гадаа иргэн Ц.Д-ыг “дүүг дарамталлаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед дээд уруулд шарх, доод уруулд шарх, цус хуралт зүүн дээд нэгдүгээр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Бага дүү маань машины зогсоолоос болж энэ хүнтэй маргалдсан. Би 2 пиво уучихсан байсан бөгөөд тагтан дээрээс харж байгаад муудалцаад байгаа хүнтэй нь уулзах гэж гарч очоод цохчихсон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Д мэдүүлэхдээ: “...Миний шүд эмтэрсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

2. Хохирогч Ц.Д-ын:

“...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 51-р байрны гадна зогсоол дээр машинаа байрлуулах гээд очсон юм. Тухайн үед би машин дотроо утсаар яриад байж байхад хажууд хүрэн өнгийн хариер маркийн машин явган хүний зам хаагаад давхар зогссон. Тэгээд машин дотроо сууж байхад хажуугаар явж байгаа явган зорчигч нар бухимдаад байхаар нь нөгөө хариер машин дээр очоод гар утасны дугаарыг нь хараад залгаж “та машинаа явган хүний замаас холдуулаач хүмүүс бухимдаад байна, зурчих гээд байна” гээд хэлсэн чинь нөгөө машины жолооч “зурсан байвал чи л байж таарна ш дээ, би зөв байрлуулсан байгаа” гээд хашхираад намайг “наанаа байж бай би гараа очъё” гэх зүйл хэлсэн. Тэгээд 30 орчим насны 2 залуу гараад ирсэн. Тухайн хүмүүс хэл ам хийгээд машинаа холдуулахгүй намайг баахан харааж байгаад буцаад орсон. Би өөрийнхөө машиныг хөдөлгөх гээд сууж байсан чинь гар утас дугараад би утсаар яриад байж байхад гэнэт нэг хүн хаалга онгойлгоод “хаанахын гөлөг хаана ирээд байгаа юм бэ” гэж хэлээд намайг шууд гараараа нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон энэ үед эхлээд гарч ирсэн 2 залуу нь нөгөө хүнээ цааш нь холдуулсан. Энэ үед гар утас доошоо унасан байсан тул авах гээд машинаасаа бууж байсан чинь нөгөө гурван хүн ирээд намайг нийлээд зодсон энэ үед манай эхнэр хадам ээж рүү залгаад намайг гадаа зодуулж байгаа талаар хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

3. Гэрч Б.Б-ийн:

“...2022 оны 01 дүгээр сарын 02-нд миний төрсөн ах болох Б-ийн хүүхдийн төрсөн өдөр гээд бид нар тэнд очсон байсан. Ингээд би тухайн газар очихдоо байрны хажуугийн автомашины зогсоол дээр нэг машин байсан бөгөөд тухайн машины хажуугаар нь ороод зогссон. Ингээд хэсэг хугацаа өнгөрч дотор хоол унд идээд сууж байхад миний гар утас руу танихгүй дугаараас залгасан. Би утсаа аваад “хэн бэ” гээд асуухад надад хандаад машины маань дугаарыг хэлээд “жолооч нь мөн үү” гээд асуусан би “мөн байна” гээд хэлсэн чинь нөгөө хүн “машины хажуугаар хүн гарахгүй байна” гээд хэлэхээр нь би “саад болохоор газар тавиагүйдээ” гэж хэлсэн. ...би машин дээрээ ирэхэд нүдний шил зүүсэн 35 орчим насны өндөр залуу зогсож байсан. Би тэр хүнд хандаад “чи юм уу” гээд асуусан чинь намайг хараад “чи тэгээд яах гээд байгаа юм” гээд хэлээд шууд хэрүүл эхэлсэн. ...энэ асуудлаас болоод нэлээн маргаан хийсэн бөгөөд би “болъё чамтай юм ярихгүй” гэж хэлээд байрны орцны үүдэн дээр очоод зогсож байхад манай ах Бат-Эрдэнэ гарч ирээд “наадах чинь яах гээд байгаа юм” гэж хэлээд шууд нөгөө залуу руу яваад очсон. Энэ үед нөгөө залуу машин дотроо сууж байсан бөгөөд ах явж очоод цохих шиг болсон. Тэгээд бид нар ойрхон харж байсан тул гүйж очоод салгаад холдуулсан бөгөөд энэ үед нөгөө залуугийн хамраас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1340 дугаартай:

“...Ц.Д-ын биед дээд уруулд шарх, доод уруулд шарх, цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

5. Шинжээч эмч М.А-ийн:

“...Д гэх хүний зүүн гуянд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

6. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг маргаан гарсан өдөр манай дүү болох Б-ийн хүүхдийн төрсөн өдөр болж байсан бөгөөд манай ах дүү нар цуглаад байж байсан юм. Тухайн өдрийн орой 20 цагийн үед би гадаа тагтан дээрээ зогсож байхад манай дүү Б гадаа нэг жолоочтой маргаан хийгээд байгаа харагдсан. Би юу болоод байгаа талаар лавлаад сонсоход нэг залуу дуу нь хадаад зогсоолоос болсон бололтой зүйл хэлээд харааж зүхээд байсан. Би гэрээс гараад нөгөө маргаан хийгээд байсан залуутай уулзах гээд гарсан. Намайг орцоор гарах үед дүү маань хөдөөнөөс ирсэн С-тэй хамт байж байсан. Би очоод “яагаад хүүхэд дарамтлаад байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би цонхоор нь гараа оруулаад нэг удаа нүүр хэсэгт нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Д-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь:

2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 51-р байрны гадаа иргэн Ц.Д-ыг “дүүг дарамталлаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед дээд уруулд шарх, доод уруулд шарх, цус хуралт зүүн дээд нэгдүгээр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Ц.Д нь уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэх зардал 4.225.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар тогтоодохгүй байна.  

Иймд хохирогч Ц.Д-ын нэхэмжлэлийн шаардлага болох 4.225.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ****************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Д-ын нэхэмжлэлийн шаардлагаас 4.225.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ