Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 235

 

                                Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 7 дугаар хороо өөрийн байранд байрлах Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /РД:9102973/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэршанд  оршин байрлах А гудамж 05 тоотод байрлах “ТССЧ” ХХК /5641403/-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл 2.524.200 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 21-ний  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ТССЧ” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг зөрчин 2015 оны 7 дугаар сараас эхлэн 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 2.524.200 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэсэн тул үүнийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ТССЧ” ХХК-ны захирал С.Төмөрчөдөр шүүхэд тайлбарлахдаа: Нийгмийн даатгалын шимтгэл 2.524.200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Эвлэрлийн гэрээнд: Нийгмийн даатгалын шимтгэл 2.524.200 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны дотор төлөх хугацааг зөвшөөрч эвлэрэв гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч “ТССЧ” ХХК 2015 оны 7 дугаар сараас 2017 оны 4 дүгээр саруудад төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл  2.524.200 төгрөг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй. Тэрээр 2.524.200 төгрөгийг  2017 оны 9 дүгээр сарын 15-ны дотор төлөх тайлбар ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Орхонтуяа өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу тайлбартай танилцан  төлөх хугацааг зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Солонготой эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан./хх-50/

Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүйн зэрэгцээ гэрээнд талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдсан, гэрээний гол нөхцөл болсон үнэ, хугацааны талаар харилцан тохиролцсон байна.

Иймд энэ хэрэг хэлэлцэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хариуцагч “ТССЧ” ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27.668 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь төрийн байгууллага учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Хариуцагч “ТССЧ” ХХК нийгмийн даатгалын шимтгэл 2.524.200/хоёр сая таван зуун хорин дөрвөн мянга хоёр зуун/ төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр хугацаа заасныг Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч зохигч эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “ТССЧ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 27.668 /хорин долоон мянга зургаан зуун жаран найм/төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                               ШҮҮГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ