| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06568/И |
| Дугаар | 102/ШШ2017/00795 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/00795
| 2017 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/00795 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн …регистртэй, МСПК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Хялганат сум, Ойчдын 4 дүгээр баг 0 хаягт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 4 дүгээр байрны 1…. тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ..регистртэй ХӨ ХХК -д холбогдох,
Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, Их тойруу 81/1, өөрийн байранд байрлах Төрийн өмчийн хороог оролцуулан,
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,241,273 /есөн сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун далан гурван/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
ХӨ ХХК -ийн МСПК-оос гэрээнээс учирсан хохиролд нийт 7,310,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан, хариуцагч байгууллагын захирал М.Энхмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МСПК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус коллеж 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ХӨ ХХК -тай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулан 160,5 м.кв талбай бүхий сургуулийн цайны газрыг 9 сарын хугацаанд түрээслүүлсэн. Гэрээний 1.6-д зааснаар 1 сарын түрээсийн төлбөр 1,050,000 төгрөг байх бөгөөд 9 сарын түрээсийн төлбөр нийт 9,730,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 3,730,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 5.2-д зааснаар байр ашиглалтын зардал 4,230,273 төгрөг огт төлөөгүй. Монгол Солонгосын политехник коллежийн зүгээс тухай бүрд нь нэхэмжлэх, тооцоог хүргүүлж удаа дараа албан бичиг өгсөн боловч ХӨ ХХК нь төлбөр төлөх талаар арга хэмжээ аваагүй, хариу ирүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний 5.7-д зааснаар түрээсийн төлбөрийн алданги 1,281,000 төгрөг, нийт 9,241,273 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХӨ ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Манай компани Төрийн өмчийн хороотой болон Монгол Солонгосын политехник коллежтой оюутны цайны газрын байрыг ажиллуулахаар “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 8 сарын хугацаатай байгуулсан боловч түрээслүүлэгчийн буруутай байдлаас шалтгаалан гэрээ 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хэрэгжээгүй бөгөөд гэрээний хугацааг 2015-2016 оны хичээлийн жилийн хугацаа буюу 8 сарын хугацаанд тохиролцон хэрэгжүүлэхээр болж, өмнөх түрээслэгчид төлөх ёстой өглөг буюу нийт 6 сарын хугацааны түрээсийн төлбөрийг бөөнөөр нь урьдчилан төлж, түрээслүүлэгч гэрээний 5.3-т заасныг зөрчин түрээслэгчээр 6 сарын түрээсийн төлбөрийг төлүүлж цайны газрыг хүлээлгэн өгсөн боловч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс түрээсийн гэрээний хугацаа дууссан гэдгээр маргаан үүсгэж түрээслэгчийг дарамтлан, үйл ажиллагааг алдагдуулах болсон.
Түрээслүүлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахыг шаардсан бөгөөд ХӨ ХХК -ийн цайны газрын үйл ажиллагааг алдагдуулан, цайны газрыг хааж түгжих, гэрэл цахилгааныг таслах, ажилчдыг хөөх, доромжлох зэргээр компанийн орлогыг алдагдуулах, бизнесийн нэр хүндийг гутаах үйл ажиллагааг түрээслүүлэгчийн төлөөлөгчөөс байнга явуулж ирсэн. Түрээсийн гэрээний 6.2-т “гэрээний хугацааг талууд тохиролцон сунгаж болно” гэж заасны дагуу болон Иргэний хуульд заасны дагуу эрх, үүргээ зөрчөөгүй, биелүүлсэн гэрээний оролцогч гэрээг тэргүүн ээлжинд байгуулах буюу байгуулахыг шаардах эрхтэй гэсэн хууль болон гэрээний шаардлагыг шүүх анхааран үзэх байх. Мөн гэрээний 5.2-т “түрээсийн төлбөрт түрээслэсэн эд хөрөнгийн ашиглалтын зардлыг тооцохгүй” гэсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан байр ашиглалтын зардал 4,230,273 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш алдаг оног ажиллаж, орлого түрээсээ хийж чадалгүй компани алдагдал хүлээхэд хүрч, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж ажиллаж чадаагүй тул гэрээний эрх үүргээ зөрчин, гэрээний талуудыг хохироосон Монгол Солонгосын политехникийн захиргаа, Төрийн өмчийн хороо болон түрээслэгчид учирсан гэм хор, хохирол, хариуцлагыг хүлээх ёстой гэж бид үзэж байна гэжээ.
Хариуцагч ХӨ ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Монгол-Солонгосын Политехник коллеж нь гэрээний үүргээ зөрчин түрээсийн байрыг гэрээнд заасан хугацаанд суллан өгөлгүй тус компанийн үйл ажиллагааг алдагдалд оруулан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сул зогсоосон төдийгүй түрээсийн төлбөрийг 2015 оны 9 дүгээр сард “өмнөх байгууллагад төлбөртэй болсон гэх шалтгаанаар бөөнөөр нэхэмжлэх болж, бид арга буюу сул зогсолт буюу алдагдлаас гарах, үйл ажиллагааг хурдан явуулах үүднээс 6,000,000 төгрөгийг бусдаас зээлж, түрээслэгчид тушааснаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс цайны газрыг ажиллуулж эхэлсэн юм. Тухайн үеийн коллежийн удирдлага гэрээний хугацаа 8 сар учир энэ хичээлийн жилд гэрээ хүчинтэй гэж амаар тохиролцсон ба ахмадын баярын өдрөөр “Ахмадуудаа хүлээн аваад хүндэтгэл үзүүлэн ахмадууд болон багш, ажилчдаа хооллосон зардал 432,000 төгрөг, 5 сар сул хүлээлгэсэн, зогсолтын үеийн мэргэжлийн 2 тогоочийн олгогдсон цалин тэтгэмжийн 1,000,000 төгрөг, Аж ахуйн үйл ажиллагаа, орлого олоогүй хохирсон зэргийг үлдэх 2 сарын түрээсийн төлбөр буюу 2,400,000 төгрөгт тооцоод, түрээсийн төлбөр 8 сар буюу гэрээний бүх хугацааны төлбөр төлөгдсөнд тооцон тохиролцсон байсан боловч коллежийн удирдлага солигдсоноор эдгээр шийдвэр, тохиролцооноос татгалзсан тул бид тухайн үед гарсан зардал, хохирлыг түрээслүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай тооцон, доорхи сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1/ Гэрээний хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,400,000 тооцсон байсан тогооч нарт сул зогсолтын үед олгосон 5 сарын тэтгэмж 1,000,000 төгрөг; 2/ 6,000,000 төгрөгийн хүүд ХӨ ХХК -иас бусдад төлсөн сарын 200,000 төгрөгийн хүүг 5 сараар тооцож нийт 1,000,000 төгрөг; 3/ Ахмадууд болон ажилчдыг хооллосон зардал 432,000 төгрөг; 4/ Цайны газарт зориулан авсан эд зүйлс болон одоо хэрэглэж байгаа аяга, таваг, хэрэгслийн үнэ 1,561,000 төгрөг; 5/2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх гэрээний дагуу тоног төхөөрөмжийг эргүүлэн өгөөгүйгээс 272 хоног хэтэрсний алданги 2,317,000 төгрөг; 6/ Ажиллуулахгүй гэж тог таслан муутгасан үхрийн шулсан 100 кг махыг 1 кг-ыг 6,200 төгрөгт, 50 кг буузны үнэ 6,000 төгрөг, бүгд 920,000 төгрөг болон ногоо, өндөг, хиамны үнэ 80,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг. Сөрөг нэхэмжлэлийн нийт үнэ 7,310,000 төгрөг бөгөөд Монгол-Солонгосын политехник коллежийн захиргаа, удирдлагуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байдлаас түрээсийн гэрээний хохирол хүлээсэн тул бид уг хохиролоо улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Монгол-Солонгосын Политехник Коллеж”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ХӨ ХХК нь гэрээнд заасан хугацааг дур мэдэн хэтрүүлэн ажилласан буюу “төрийн өмчийг танай байгууллага мэдэх албагүй” хэмээн авирлаж, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэрээний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн ажилласан. Мөн гэрээний хугацааг “амаар тохиролцож” гэсэн байх боловч хууль ёсны компани байх тул албан бичгээр хүсэлтээ огт ирүүлээгүй, энэ талаар манай талд мөн адил албан ёсоор мэдэгдээгүй болно. Хариуцагч тал гэрээний хугацааг хэтрүүлэн ажиллаж байсан нь тус коллежоос өгч байсан албан бичгээр нотлогдож байгаа болно. Тус коллеж ХӨ ХХК -д удаа дараа албан бичиг өгсөн боловч албан бичигт огт хариу өгч байгаагүй бөгөөд хичээлийн жилийг дуустал цайны газрыг бүрэн ажиллуулсан нь үнэн болно. Нэхэмжлэлд тогооч нарын сул зогсолт, зээлийн хүү, цайны газарт зориулан авсан эд хэрэглэл, муутгасан мах зэрэг нийт 7,310,000 төгрөг нэхэмжилсэн нь тус сургуулиас хамаарсан асуудал биш бөгөөд эдгээр нь нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. 6,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийн хүүг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь уг зээлийн зориулалт нь тодорхойгүйгээс гадна тухайн байгууллагын дотоод үйл ажиллагааг бид мэдэхгүй, зээлийн гэрээ байгуулсан тал зээлийн гэрээний үүргийг хүлээдэг. Бид ХӨ ХХК -тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй тул хүүний төлбөрт 1,000,000 төгрөгийг төлөх үүрэггүй. Ажилчид хооллосон зардал гэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүйгээс гадна хэрвээ нэхэмжлэгчийн хэлснээр ажиллаагүй байхад ажилчдыг хооллосон гэх нь тодорхойгүй, мөн энэ талаар нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Цайны газрын хэрэгсэл буюу аяга тавгийг нэхэмжлэгч өөрсдөө авах бүрэн боломжтой. Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний төлбөрийг бид хариуцахгүйгээс гадна үнэхээр манай буруутай үйл ажиллагаанаас болж гэрээний үүргээ зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Хүнсний бүтээгдэхүүн муудсан гэх төлбөрийг бид хариуцахгүй. Манай буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тогтоогдохгшүй байхаас гадна хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах үүргийг түрээслэгч өөрөө хүлээнэ. Сөрөг нэхэмжлэл нь бүхэлдээ нотлох баримтаар тогтоогдоогүй, өөрсдийн дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой зардлаа нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Төрийн өмчийн хороо” нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Монгол-Солонгосын политехникийн коллежийн цайны газрыг ХӨ ХХК зориулалтын дагуу түрээслэхээр Төрийн өмчийн хороо, Монгол Солонгосын политехникийн коолеж, ХӨ ХХК -ийн хооронд 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гурвалсан гэрээ байгуулсан юм. Монгол улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 22-д “түрээслэгч төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлнэ” гэж заасан байна. Иймд Төрийн өмчийг эзэмшигч байгууллага буюу түрээслүүлэгч болох Монгол Солонгосын политехникийн коллеж нь түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн түрээслэгч ХӨ ХХК -иас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Монгол, Солонгосын политехник” коллежийн цайны газрын тендэр зарлан Төрийн өмчийн хороогоор ХӨ ХХК шалгаран 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 9 сарын төлбөр 9,000,000 төгрөг төрийн санд байршуулах байсан. 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд түрээсийн төлбөрөө бүрэн төлнө гэсэн менежер н.Батсүхээс ирсэн бичиг байдаг. Гэвч ХӨ ХХК түрээсийн урьдчилгаа төлбөр төлөөгүй. ХӨ ХХК 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөг өгөн хичээлийн жил дуустал ажилласан боловч энэ 6,000,000 төгрөгөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Манай байгууллага 3 дугаар сараас хойш биш хариуцагч байгууллагыг орсон хугацаа болох 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хичээлийн жил дуусах хүртэл хугацаагаар түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа. Түрээсийн гэрээний 1.6 дахь хэсэгт заасны дагуу 1,050,000 төгрөг 9 сарын түрээсийн төлбөр 9,730,000 төгрөг төлөхөөс урьдчилан төлсөн 6,000,000 төгрөг төлсөн. Үүнээс 3,730,000 төгрөгийг огт төлөөгүй. Гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар байр ашиглалтын зардал 4,230,273 төгрөгийг огт төлөөгүй. Тухайн үед төлбөр төлөх тухай нэхэмжлэл явуулж байсан боловч төлбөр төлөх ямар нэг арга хэмжээ аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түрээсийн гэрээний 5.7 дахь хэсэгт зааснаар алданги 1,281,000 төгрөг, түрээсийн төлбөрийн дутуу 3,730,000, байр ашиглалтын зардал 4,230,273 төгрөг нийт 9,241,273 төгрөгийг ХӨ ХХК -иас нэхэмжилж байгаа. 6 дугаар сарын 30-ны өдөр ажиллаж байсан нь М.Энхмаа гуайн няравын бүртгэл дээр бичигдсэн гарын үсгээр нотлогдож байгаа. Сургуулийн зүгээс тоног төхөөрөмжийг лацдаж цоожлилоо гэж барьцаалсан зүйл хэлээгүй. 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл М.Энхмаа гуайд цайны газарт нэвтрэх бүрэн эрх нь байсан. Сургуулийн зүгээс удаа дараа мэдэгдэх хуудас өгсөн боловч цайны газрыг чөлөөлж, тоног төхөөрөмжөө авах талаар хариу өгч байгаагүй. Мөн утсаар мэдэгдэхэд ямар ч хариу өгч байгаагүй тул цайны газар нэвтэрч орсон байдаг.
ХӨ ХХК -тай түрээсийн гэрээг 8 сарын хугацаатай байгуулан 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 9 сарын хугацаатай ажилласан. Гэрээний хугацаанд урьдчилж 6,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 3,730,000 төгрөгийг огт төлөөгүй. Гэрээний хугацаанд манайх үйл ажиллагааг нь хааж боогдуулсан зүйл байхгүй. Тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаанаас шалтгаалсан ажилчдын цалинг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Тогооч нарын сул зогсолтын цалинг өгсөн гэх нотлох баримт байхгүй. 6,000,000 төгрөгийн зээлийн хүүг нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлгүй. Зээлийн гэрээ байгуулсан тал зээлийн гэрээний үүргийг хүлээдэг. Бид нэхэмжлэгч талтай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй тул төлбөр болох 1,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээхгүй. Ажилчид хооллосон зардал нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Цайны газрын хэрэгсэл буюу аяга тавгийг ХӨ ХХК авах бүрэн боломжтой. Тоног төхөөрөмж болон түрээсийн гэрээний төлбөрийг бид хариуцахгүй. Манай буруутай үйл ажиллагаанаас болж гэрээний үүрэг зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Хүнсний бүтээгдэхүүн нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж муудсан гэх нотлох баримт байхгүй. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг ХӨ ХХК өөрсдөө хариуцах ёстой. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Дотоод зохион байгуулалтай холбоотой зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ХӨ ХХК -ийн захирал М.Энхмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
ХӨ ХХК 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан гурвалсан гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байна гэсэн боловч өмнө гэрээ хийсэн аж ахуй нэгжтэйгээ төлбөрийн асуудалтай байгаа гэсэн шалтгаанаар түрээсэлсэн эд хөрөнгийг актаар түрээслэгчид хүлээлгэн өгөлгүй үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангаж өгөхгүй хугацаа алдаж 2015 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг сар тутмын 25-ны өдөрт багтаан түрээслэгч нь түрээслүулэгчийн дансанд шилжүүлгээр буюу бэлнээр төлнө гэж заасан байтал үйл ажиллагаа эхлэхээс өмнө түрээслүүлэгчийн зүгээс “өмнөх аж ахуй нэгжтэйгээ хийж дуусгах төлбөрийн асуудлыг шийдэгдэхээс нааш танай үйл ажиллагаа явагдахгүй ийм учраас надад түрээсийн төлбөрөө 6 сараар урьдчилаад өгчих” гэсэн шаардлага тавихаар нь 6,000,000 төгрөгийг сургуулийн дансанд нь шилжүүлсэн. Миний зүгээс энэ мөнгийг шилжүүлснээр манай компанийн үйл ажиллагаа явуулах эрх 6 сараар үүслээ гэсэн ойлголтыг авсан юм. Ингээд манай компани 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд ажилласан. Гэрээнд гэрээ хэзээ, хэрхэн дуусгавар болох талаар дурдаагуй, зөвхөн гэрээг сунгах, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар заасан байсан учраас миний зүгээс гэрээг үргэлжлүүлэн сунгах талаар түрээслүүлэгчид бичгээр хүсэлт гаргаж өгөхөд ямар нэгэн хариу шийдвэрийг албан бичгээр гаргаж өгөөгүй бөгөөд тухайн үед түрээслүүлэгч амаар цуцална гэсэн тайлбарыг өгсөн.
Манай компанийн зүгээс үйл ажиллагаа явуулж байхдаа гэрээнд заасан хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл буюу гэрээний 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд гэрээг сунгахгүй байх үндэслэл, шалтгаан байхгүй болно. Хэрэв гэрээг зөрчсөн ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан бол түрээслүүлэгчийн зүгээс гэрээний 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан арга хэмжээг авах байсан байх. Гэрээнд гэрээг хэрхэн дуусгавар болох талаар тодорхой заагаагүй байгаа нь түрээслүүлэгчид гэрээг цуцлах, дуусгавар болгох эсэх талаар давуу байдал бий болгож байгаа асуудал биш юм. Түрээслэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд 9 сарын түрээсийн төлбөр нийт 9.730.000 төгрөг нэхэмжилж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт түрээсийн гэрээний хугацаа 8 сар байна гэсэн заалтыг зөрчиж байна. Намайг ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангачихаад, гэрээний хугацаанд бүрэн гүйцэд ажиллуулсныхаа дараа нь энэ их төлбөр тооцоог нэхэмжилж байвал миний зүгээс төлж барагдуулах байсан. Сургуулийн удирдлага болон гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж надаас ийм үүрэг хариуцлага нэхэж байгаа нь учир дутагдалтай байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт Энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байтал өнөөдрийг хүртэл энэхүү гурвалсан гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байгаа болно.
Нэхэмжлэгч сургууль нь “РГДО” гэх компанид цайны газраа 350,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан боловч төрийн өмчийн санд мөнгө нь ордоггүй байсан. Би 6 сар ажилласан түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг өгсөн. Одоо ажиллаж байгаа байгууллагад 550,000 төгрөгөөр түрээсэлж байгаа юм билээ. Төрийн өмчийн хороо энэ дээр хяналт тавьж байгаагүй гэж үзэж байна. Би төрийг бол хохироохгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Төрийн өмчийн хорооны хүнийг би одоо л харж байна. Монгол Солонгосын политехник коллежоос гэрээний хугацааны түрээсийн төлбөр, тогооч нарын сул зогсолт 1,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийг зээлийн хугацаа хэтрүүлсний 200,000 төгрөгөөр 5 сарын хугацаанд нийт 1,000,000 төгрөг, ахмад болон ажилчид хооллосон зардалд 432,000 төгрөг, цайны газарт зориулж авсан эд зүйлс болон одоо хэрэглэж байгаа аяга таваг хэрэгслийн үнэ 1,561,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тоног төхөөрөмж түрээсэлсэн гэрээний 272 хоног хэтрүүлсний алданги 2,317,000 төгрөг, ажиллуулахгүй гэж тог таслан үхрийн шулсан 100 кг мах, 50 кг буузны үнэ 600,000 төгрөг нийт 920,000 төгрөг, ногоо өндөг хиамны мөнгө 80,000 төгрөг нийт 7,310,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Би 10.11,12 сард ажилласан. 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл оюутнууд амардаг. Би 5 дугаар сарыг дуустал ажилласан гэж хэлсэн. Иймд 10 дугаар сараас эхлэн 5 дугаар сарыг дуусах хүртлэх хугацаанд ажилласан. Сургуулиас мөнгөө гаргаж авах ямар ч боломжгүй болохоор 6 сарын түрээс төлсөн мөнгөндөө тааруулж ажиллана гэсэн бодолтой байсан гэв.
Гуравдагч этгээд Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Төрийн өмчийн хороо өөрийн эд хөрөнгийг түрээслэхдээ эзэмшигч байгууллагаар нь дамжуулж түрээсэлдэг. Төрийн өмчийн хороо болон Монгол, Солонгосын политехник коллеж ХӨ ХХК нарын хооронд 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр цайны газрын түрээсийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр 160,5 метр квадрат талбайтай цайны газрыг сарын 1,050,000 төгрөг төлөхөөр, 8 сарын хугацаатай гэрээ байгуулсан. “Монгол, Солонгосын политехник” коллежийн өмнөх түрээслэгч байгууллага буюу “РГДО” ХХК-тай түрээсийн маргаантай байсан тул гэрээнд заасан хугацаанд түрээсийн талбайг хүлээлгэж өгч чадаагүй. Шүүхээс Монгол, Солонгосын политехник коллежийг дараагийн цайны газарт түрээслэхгүй байхыг даалгаж шүүгчийн захирамж гарсан тул коллежоос шалтгаалаагүй үйл ажиллагаа болсон юм. “РГДО” ХХК-ийн маргаан дууссаны дараа ХӨ ХХК -тай хэлэлцээр хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Түрээсийн гэрээн дээр 3 сарын түрээсийн төлбөр төлөхөөр байдаг ч 6 сарын төлбөр төлөхөөр тохиролцсон. Цаашид түрээслэх талаар саналыг авах гэсэн боловч хариу өгөлгүй удсан байдаг. Энэ нь “Монгол, Солонгосын политехник” коллежийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны албан бичиг дээр 8 дугаар сарын 20-ны өдөр эцсийн байдлаар хариу өгнө гэсэн байдаг. Энэ хариунд түрээсийн гэрээний 4.4 дэх хэсгийг биелүүлээгүй, тогтоосон хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдол түрээсийн гэрээг цуцална гэсэн байдаг. Маргаантай байсныг ХӨ ХХК мэдэж байсан. Үүнийг хүлээн зөвшөөрч 6,000,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа болох 8 сарын дагуу ХӨ ХХК үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд түрээсийн үр шимийг эдэлсэн байна гэж үзэж байна. Монгол, Солонгосын политехник коллеж нь Засгийн газрын 2001 оны 134 тоот тогтоолоор төрийн өмчийг түрээслэх журмыг баталсан ба энэ журмын 22 дугаар зүйлд түрээслэгч өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн үүргээ ноцтой зөрчсөн, төлбөрийн чадваргүй болсон, гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслэгч гэрээг дангаар цуцалж, учирсан хохирлыг төлүүлнэ гэж заасан байдаг. Гэрээнд зааснаар сар болгоны 25-ны өдрийн түрээсийн төлбөрийг төлж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч МСПК нь хариуцагч ХӨ ХХК -д холбогдуулан, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,730,000 төгрөг, байр ашиглалтын зардалд 4,230,273 төгрөг, алданги 1,281,000 төгрөг, нийт 9,241,273 /есөн сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун далан гурван/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ХӨ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, түрээслүүлэгчийн зүгээс учруулсан дарамт шахалтын улмаас гэрээнд заасан хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүй гэж тайлбарлан маргах бөгөөд, түрээслүүлэгч МСПК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 7,310,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Талуудын хооронд болон түрээсийн зүйлийн өмчлөгч Төрийн өмчийн хороог оролцуулан 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулагдаж, Төрийн өмчийн эд хөрөнгө болох Монгол-Солонгосын политехник коллежийн эзэмшлийн 160,5 м.кв талбай бүхий өрөөг ХӨ ХХК нь цайны газрын зориулалтаар түрээслэхээр байгуулжээ.
/хавтаст хэргийн 5-9 дүгээр тал/
Уг гэрээгээр түрээсийн хугацааг 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 8 сарын хугацаатай байх, 1 сарын түрээсийн төлбөр 1,050,000 төгрөг, нийт түрээс 8,400,000 төгрөг байхаар тусгаж, гэрээний 4.4 дэх хэсэгт зааснаар 3 сарын түрээсийн төлбөрийг түрээслэгч нь түрээслүүлэгчид гэрээ байгуулахдаа урьдчилгаа болгон төлөх үүрэг хүлээн, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож ногдуулахаар тусгаж, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан, Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний шинжийг агуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тайлбарлан маргахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг үндэслэнэ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ.
Хариуцагчийн хувьд маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар тусгайлан шаардлага гаргаагүй бөгөөд түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Хэдийгээр маргаан бүхий гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Хариуцагчийн хувьд түрээсийн гэрээний хугацаанд гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг шаардаж байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй, мөн түрээслүүлэгчээс шаардсан 6 сарын буюу 6,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Түрээсийн гэрээ 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх байсан боловч түрээслүүлэгчийн зүгээс өмнөх түрээслэгчтэй үүссэн маргааны улмаас 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 8 сарын хугацаагаар хойшлогдсон гэж зохигчид тайлбарлах бөгөөд хариуцагч байгууллага 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээн авсан талаар маргадаггүй боловч 10 дугаар сарын 01-ний өдрөөс цайны газраа ажиллуулж эхэлсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн зүйлийг ХӨ ХХК -д шилжүүлснээр буюу 9 дүгээр сарын 22-ны өдрөөс түрээсийн гэрээний үүрэг үүссэн гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу түрээслүүлэгч МСПК нь цайны газрыг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр түрээслэгч ХӨ ХХК -д шилжүүлснээр хуульд заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх ба, түрээслүүлэгч нь энэ өдрөөс эхлэн 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд үйлчлэх түрээсийн гэрээний үүргийг түрээслэгчээс шаардах эрхтэй.
Гэрээний 4.4 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээний урьдчилгаа болгож 3 сарын түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн хэдий ч ХӨ ХХК нь 6 сарын түрээсийн төлбөр 6,300,000 төгрөг төлөхөөс 6,000,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлсөн талаар зохигчид тайлбарлан, энэ тухай хэн аль нь маргаагүй байна.
Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хэмжээгээр биелүүлж, түрээсийн гэрээ хэрэгжиж эхэлсэн боловч түрээслүүлэгч “Монгол Солонгосын Политехник коллежийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1/040 тоот албан бичгээр түрээслэгчийн гэрээ сунгах тухай хүсэлтийг хэлэлцээд гэрээг түрээслүүлэгчийн санаачлагаар дуусгавар болгож шийдвэрлэжээ. /хх-99/
Улмаар түрээслэгчийг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дотор тооцоо нийлж, цайны газрыг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн байх бөгөөд, энэ үед түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй, өөрөөр хэлбэл, цайны газрыг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байсан байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссанаар гэрээг дуусгавар болгох үндэслэл бий болно.
Гэтэл түрээслүүлэгч гэрээний хугацаа дуусаагүй байхад “хугацаа дууссан” гэх үндэслэлээр гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгох талаар түрээслэгчид мэдэгдсэн нь Түрээсийн гэрээний 10 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байхад дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байх тул түрээслүүлэгчийн дээрх үйлдэл хуульд нийцээгүй байна.
Түрээслэгч ХӨ ХХК нь түрээслүүлэгчээс мэдэгдлүүдийг хүлээн авсан боловч 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох тул Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт “... хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг шаардаж болно” гэж заасны дагуу дээрх хугацаанд түрээсийн гэрээний үүрэг үргэлжилж, энэ хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч нь түрээсийн зүйлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ашигласан нь эд хөрөнгө хүлээлцсэн болох нь түрээслүүлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1/387 дугаартай албан бичиг, эд хогшил хүлээлцсэн жагсаалт зэрэг баримтаар тогтоогдсон байх тул түрээсийн үлдэгдэл төлбөр 2,400,000 төгрөг дээр илүү ашигласан 1 сар 8 хоногийн 1,330,000 төгрөг, нийт 3,730,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 38,100 дугаар тал/
Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох Түрээсийн гэрээний 5.7 дахь хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийн алдангид 1,281,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх боловч алдаатай тооцоолсноос алдангийг илүү шаардсан байна.
Тодруулбал: 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс түрээслэгч нь түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй учир энэ өдрөөс эхлэн алданги тооцох нь зүйтэй. Гэтэл түрээслүүлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алдангийг тооцсон нь буруу байх тул уг шаардлагаас 51,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас Түрээсийн гэрээний дагуу төлвөл зохих алдангид 1,229,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
2016 оны 3 дугаар сарын түрээс төлөгдөөгүй 8 хоногийн 280,000 төгрөг, үүн дээр гэрээний дагуу урьдчилгаа 6 сарын төлбөрийг төлөхөд дутуу үлдсэн 300,000 төгрөг нэмэгдэж, нийт 580,000 төгрөгөөс алдангийг тооцож, харин 2015 оны 4, 5, 6 дугаар саруудын түрээсийн төлбөр талагдаагүй учир сар бүрийн түрээсийн төлбөр болох 1,050,000 төгрөгөөс буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тус тус алдангийг тооцсон нь зөв болсон байна.
Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн сүүлийн шаардлага буюу түрээслэгч ХӨ ХХК -иас түрээсийн зүйлийн ашиглалтын зардалд 9,241,273 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч МСПК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний 5.2 дахь хэсэгт “түрээсийн төлбөрт түрээслэсэн эд хөрөнгийн ашиглалтын зардлыг тооцохгүй” гэж заасан нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт “талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө” гэсэнтэй нийцсэн байгаа боловч дээрх ашиглалтын зардалд шаардаж буй 9,241,273 төгрөгийн төлбөрийн шаардлага нь хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч Ц.Нэргүй гэгчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн хүснэгт бүхий тооцоо, цэвэр бохир усны тооцоо, гэрэл цахилгааны тооцоо, түлш халаалтын тооцоо, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Өр төлбөр барагдуулах тухай” албан бичиг, Ус сувгийн удирдах газрын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “мэдэгдэх хуудас” зэрэг баримтуудаар маргааны зүйл болох цайны газрын ашиглалтын зардал гэдэг нь бүрэн тогтоогдохгүй байна. /14, 16, 17, 18, 19, 20/
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч ХӨ ХХК нь нэхэмжлэгч МСПК-д холбогдуулан,
- Түрээслүүлэгчийн буруугаас гэрээнд заагдсан хугацаанд түрээсийн үйл ажиллагаа явуулж чадаагүйгээс тогооч нарт сул зогсолтын үед олгосон 5 сарын хугацааны тэтгэмжид 1,000,000 төгрөг,
- Түрээсийн үйл ажиллагаа явуулах зорилгоор дээрх хугацаанд бусдаас зээлж авсан зээлийн төлбөрт төлсөн 1,000,000 төгрөг,
- Түрээслүүлэгч байгууллагын ахмадууд болон ажилчдыг хооллосон зардалд 432,000 төгрөг,
- Цайны газарт зориулан худалдаж авсан эд зүйлс, аяга таваг хэрэгслийн үнэ болох 1,561,000 төгрөг,
- Цайны газарт ашиглах зорилгоор бусадтай байгуулсан “Тоног төхөөрөмж түрээслэх” гэрээний дагуу авсан тоног төхөөрөмжүүдийг буцаан өгөөгүйгээс төлөх болсон алдангийн 2,317,000 төгрөг,
- Түрээслүүлэгчийн зүгээс дарамт үзүүлж тог тасласнаас муудсан 100 кг үхрийн шулсан мах, 50 кг буузны 920,000 төгрөг, ногоо, өндөг, хиамны үнэ 80,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг зэрэг шаардлагуудыг нийлүүлэн бүгд 7,310,000 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол гэж тайлбарлан, нэхэмжлэгч байгууллагаас гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч МСПК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.
Түрээслүүлэгч түрээсийн зүйлийг 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсний улмаас Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт “... хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй” гэж зааснаар түрээслэгч нь хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.
Гэвч, тэрхүү хугацаанд хариуцагч байгууллага 2 тогоочийг ажиллуулахаар гэрээ, хэлцэл хийсэн байсан эсэх, тэдгээр тогооч нар сул зогссон эсэх нь баримтаар тогтоогдохгүй, үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид чухам ямар хохирол учирсан болох нь бодитой баримтаар тогтоогдохгүй байх тул тогооч нарын сул зогсолтын тэтгэмжид 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулах, түүнчлэн, “Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ”-ний дагуу бусдад түрээсийн зүйлийг буцааж өгөөгүйн улмаас гэрээний дагуу төлвөл зохих алдангийн 2,317,000 төгрөгийн төлбөр зэрэг нь маргаан бүхий МСПК ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үүрэгтэй хамааралгүй байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагын ахмадууд болон ажилчдыг хооллосон зардал гэх 432,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, төлбөрийн нэхэмжлэх бүхий баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргасан боловч уг нэхэмжлэхийг төлөгч байгууллагад хүлээлгэж өгөөгүй, дээрх зардал бодитой учирсан болох нь тогтоогдохгүй байна.
Цайны газарт зориулж авсан эд хөрөнгийн үнэ болох 1,561,000 төгрөгийг мөн нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж, уг шаардлагаа нотлохоор зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргасан боловч, тэдгээр баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэж заасан шаардлага хангаагүй, худалдан авагчийн нэр бичигдээгүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагч болон хүлээн авсан хүний нэр, гарын үсэг зурагдаагүй, түүнчлэн, ямар нэр төрлийн, хичнээн төгрөгийн эд зүйл авсан болох нь тодорхойгүй болжээ.
Сөрөг нэхэмжлэлийн сүүлийн шаардлага болох, түрээсийн гэрээний хугацаанд түрээслүүлэгч нь цайны газрын тогийг тасласны улмаас эд материал муудсан гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэзээнээс хэзээг хүртэл хугацаанд тог тасласан, 100 кг үхрийн мах, 50 кг бууз болон ногоо, өндөг, хиам зэрэг бүтээгдэхүүнүүд бодитойгоор байсан эсэх нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг шүүхэд гаргаж буй сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүх хариуцагч ХӨ ХХК -ийн 7,310,000 төгрөгийг нэхэмжлэгч МСПК-оос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.6, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХӨ ХХК -иас 5,029,200 /таван сая хорин есөн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МСПК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,212,073 /дөрвөн сая хоёр зуун арван хоёр мянга далан гурван/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МСПК-оос 7,310,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч ХӨ ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,810 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 131,880 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагч ХӨ ХХК -иас 95,417 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МСПК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА