Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарт холбогдох 2123000000052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Этүгэн Их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Завхан аймаг Улиастай сум Жинст баг 20 дугаар байр 5-23 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сартуул овогтой Ганбаярын Энхманлай, регистрийн дугаар ИЭ02280617,

2. Монгол улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мон-Алтиус дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эгч, дүү нарын хамт Завхан аймаг Улиастай сум Жинст баг ЧЭЛС-н хэсэг 2-202 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Цэцэн Сартуул овогтой Базаррагчаагийн Пүрэвбат, регистрийн дугаар ИА01322616,

3. Монгол улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамтаар Завхан аймаг Улиастай сум Богдын гол баг Даянгийн хэсэг 10-1014 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бажуд овогтой Жамъяандоржийн Батнасан, регистрийн дугаар ИЙ01260719.

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сум Жинст багт байрлах 19 дүгээр байрны 16 тоотод иргэн Н.Лхагвабаярыг “Удаан хаалга тайллаа” гэх шалтгаанаар буйдан руу шидэж унагах, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “Зүүн нүд, зүүн хацарт цус хуралт, хамрын хянга ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Ж.Батнасангийн өгсөн: “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид Б.Пүрэвбат бид хоёр тус бүр 300.000 төгрөг дансаар шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч Г.Энхманлайн өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг гурвуулаа хувааж төлсөн. Мөн эмчилгээний зардлын тал мөнгийг төлсөн. Дээрээс нь хувиасаа 300.000 төгрөг, эмийн мөнгийг нь нэмээд нийт 400.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч Б.Пүрэвбатын өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид Ж.Батнасан бид хоёр тус бүр 300.000 төгрөг дансаар шилжүүлсэн..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч Н.Лхагвабаярын өгсөн: “...Би Жинст баг 19 дүгээр байр 16 тоотод найз Очироогийн байрны хажуу өрөөг түрээсэлж амьдардаг юм. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед ажлаа тараад гэртээ харьсан. Гэрт ирэх үед Очироо байхгүй байсан би орондоо ороод унтсан. Өглөө 04-05 цагийн үед Очироо намайг дуудсан ба би яасан талаар асуухад “Хаалга нүдээд байна, чи намайг байхгүй гэж хэлээд өгчих” гэсэн. Тэгээд би босоод ирэхэд хаалга хүчтэй нүдээд эвдэх гээд байсан. Тэгсэн манайд Очироотой хамт Ээгий гэх нэг эмэгтэй ирсэн байсан ба тэр эмэгтэй хаалга онгойлгосон чинь тухайн үед Очироо гараад явчихсан. Ээгийг хаалга онгойлгох үед би ард нь зогсож байсан. Тухайн үед гэрлээ асаагаагүй гэр харанхуй байсан хаалгаар 3 залуу орж ирээд өндөр туранхай залуу намайг 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би найз Мэнд-Амар руу залгаад хүмүүс ирээд намайг зодох гээд байна гэж хэлсэн чинь дахиад нэг нь намайг цохиод авсан ба хэн гэдгийг нь мэдэхгүй утас газар унахад би нэгийг нь буйдан руу шидээд буйдан дээр хамт уначихсан. Унах үед намайг нэг нь өшиглөсөн ба тэгээд би газарт унахад тэр гурвуулаа намайг гараараа нүүр хэсэгт цохисон. Тэгсэн тэнд байсан эмэгтэй гэрэл асаагаад тэд нар намайг хараад Очироо биш байна гээд больсон. Надад эмчилгээний зардал 1.000.000 төгрөг төлсөн, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

2. Гэрч У.Энхбаярын “...Тэр гурван залуу орж ирээд Лхагвабаярын нүүр хэсэгт нь гурвуулаа цохих шиг болсон. Би жижиг өрөө рүү ороод гутлаа өмсөөд гарч ирээд гэрэл асаахад Лхагвабаяр паар налаад нүүрээ дараад суусан. Тэр гурав Лхагвабаярын нүүр хэсэгт гараараа цохиж байсан. Тэгэхээр нь би болиоч гээд таньдгаараа Пүрэвбатыг очиж татаж авсан. Тэгсэн Батнасан, Энхманлай хоёр Лхагвабаярын нүүр хэсэгт гараараа цохиод байсан. Шөнө 4-5 цагийн орчимд болсон. Батнасан, Пүрэвбат, Энхманлай нар Лхагвабаярыг гараараа цохиж зодсон. Хэн нь хаана хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Гэрэлгүй харанхуй байсан. Гэрэл асаах үед нүүр хэсэгт нь гурвуулаа цохиж байсан.” гэх мэдүүлэг /ххийн 25-р хуудас/,

2. Гэрч Б.Очир-Эрдэнийн өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 22- 23 цагийн үед найз охин Энхбаяртай уулзаад гадуур явж байгаад шөнө 01 цагийн үед гэртээ найз охины хамт ирсэн. Гэрт ирэхэд Лхагвабаяр манай том өрөөнд унтаж байсан. Бид хоёр гэрт ороод жижиг өрөөнд унтсан. Унтаж байхад гэнэт шөнө 4-5 цагийн үед хаалга нүдээд эхэлсэн. Тэгсэн Экү, Батка байна гэж хаалганы цаанаас орилохоор нь би тэр гурвыг таниад “намайг байхгүй байна гэж хэлчих” гээд Лхагвабаярыг унтаж байхад нь дуудаж сэрээгээд өөрөө цонхоор гараад явсан. Тухайн үед би намайг байхгүй гэвэл явчих болов уу гэж бодоод л цонхоороо гарсан. Гэрт Лхагвабаяр манай найз охин 2 үлдсэн. Би цонхоор гараад гэрээсээ жаахан зайтай байж байгаад Лхагвабаяртай утсаар яриад юу болсон талаар асуухад “чи хаана байна ороод ир” гэж хэлэхээр нь жаахан байж байгаад ороход Лхагвабаяр манай найз охин хоёр байсан. Гэрт ороход шал, хивс, цонхны хөшиг цус болсон байсан. Юу болсон талаар асуухад “Лхагвабаярыг энд орж ирсэн 3 залуу зодчихлоо” гэж манай найз охин Энхбаяр надад хэлсэн.” гэх мэдүүлэг /ххийн 32-33-р хуудас/,

3. Г.Энхманлайн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 22-ны орой 19 цагт найзуудаараа зааланд тоглосон. Заалнаас 21 цагийн үед гарсан байх тэндээсээ бид 3 архи уухаар болоод дэлгүүр орж 2 том савтай пиво, нэг 0,75 граммтай аваад уух гээд явж байсан Батнасан ажилтай болоод бид 3 архи, пивоо уухаа болиод эргэж цуглахаар болоод гэр гэртээ харьцгаасан юм. Тэгээд шөнийн 01 цагийн үед байх бид 3 дахиж уулзаад төв гудамжинд архи, пиво ууцгааж байгаад одоо хаачих уу гэж ярилцаад шөнийн 04 цаг болох гэж байсан байх манай найз Очироо ганцаараа байдаг тул Очироогийнд очиж хонохоор очсон юм. Очироогийнх төвд байранд байдаг юм. Очоод хаалгыг нүдсэн чинь онгойлгож өгөхгүй байсан юм. Тэгэхээр нь би “хаалгаа онгойлгож өгөхгүй юм байна явъя” гэсэн чинь Батнасан “яасан хаалгаа онгойлгож өгдөггүй юм” гээд хаалгыг нь чанга нүдсэн чинь удахгүй хаалга онгойлгоод Батнасан түрүүлж ороод Лхагвабаярыг өргөж байгаад байгаад буйдан дээр шидсэн. Тэгээд Батнасан Лхагвабаярыг “үүдээ яасан удаан онгойлгодог юм” гээд нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би салгах гээд очтол Батнасан Лхагвабаярыг цохих гэж байгаад намайг хальт цохиод авсан чинь миний нүдний шил унасан. Тэгэхээр нь би уурлаад Лхагвабаярын нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон юм. Дараа нь Пүрэвбат больцгоо гээд бас Лхагвабаярын нүүр рүү нь гараар нэг удаа цохисон. Бас миний цээж рүү гараараа нэг удаа түлхсэн юм. ...Лхагвабаярын нүд, хамар нь хөхөрч хамарнаас цус гоожиж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

4. Б.Пүрэвбатын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд шөнийн 01 цагийн үед бид гурав дахиж уулзаад авсан архи, пивонуудаа гудамжинд 04 цаг болтол уусан байх. Тэгээд гадаа даараад байхаар нь ойрхон гэртээ Очироогийнд очиж хонохоор болоод хаалгыг нь нүдэхэд онгойлгож өгөхгүй байсан. Гэтэл Батнасан “яагаад онгойлгодоггүй юм” гээд хаалгыг нь чанга нүдсэн чинь хаалга онгойлгож өгсөн. Гэтэл Батнасан түрүүлж ороод Лхагвабаярыг өргөөд буйдан дээр унагаагаад Энхманлай, Батнасан бид гурав нийлж Лхагвабаярын нүүр рүү гараараа цохицгоосон юм. Тэгээд удаагүй цагдаа ирж бид нарыг авч явсан юм. ...Лхагвабаярын хамарнаас нь цус гойжоод хамар, нүд нь хавдсан, нүүр нь их цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

5. Ж.Батнасангийн яллагдагчаар өгсөн: “...Шөнийн 01 цаг болох гэж байхад бид гурав дахиж уулзаад авсан архи, пивоо гадаа гудамжинд ууцгаасан юм. Тэгээд гадаа даараад байхаар нь айлд очиж хоноё гээд Очироогийнх руу очоод хаалгыг нь нүдэхэд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь чанга нүдсэн чинь хаалгыг нэг охин онгойлгосон юм. Тэгээд ортол цаад өрөөнөөс нэг танихгүй банди гараад ирэхээр нь би тэр бандийг “яасан удаан хаалгаа онгойлгож өгдөг юм” гээд барьж аваад өргөөд буйдан дээр унагаасан юм. Тэгж унахдаа тэр банди Энхманлайгийн шил рүү нь санаандгүй гараараа цохиод унасан юм. Тэгэхээр нь би тэр банди Энхманлайг цохичихлоо гэж бодоод Лхагвабаяр буюу тэр бандийн нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон юм. Гэтэл хажуугаас Энхманлай Лхагвабаярыг гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Бас Пүрэвбат Лхагвабаярын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд Пүрэвбат больцгоо гээд бид нарыг салгаад байж байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 57- 58-р хуудас/

6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 000000120 дугаартай “...Н.Лхагвабаярын биед зүүн нүд, зүүн хацарт цус хуралт, хамрын хянга ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 2021 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Лхагвабаярын биед учирсан зүүн нүд, зүүн хацарт цус хуралт, хамрын хянга ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно. Шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Лхагвабаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарын бусдыг цохиж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нар нь санаатай нэгдэж хохирогч Н.Лхагвабаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нар нь хохирогч Н.Лхагвабаярт гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,000,000 төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний эмчилгээний зардлыг бүрэн гаргаж өгөөд нийт 1 сая төгрөг өгсөн тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар тус тус /хх-ийн 59, 70, 80-р хуудас/ тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгч нарт хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов. Харин шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Ганбаярын Энхманлай, Цэцэн Сартуул овогт Базаррагчаагийн Пүрэвбат, Бажуд овогт Жамъяандоржийн Батнасан нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Батнасан, Г.Энхманлай, Б.Пүрэвбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ