Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 116/2020/0010/З |
Дугаар | 10 |
Огноо | 2020-04-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Рэнцэндашийн Амгалангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Амгалан, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сугаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.00 цаг өнгөрч байхад хотын захиргааны мэргэжилтэн над руу утсаар “...захирамж чинь гарсан. Та ирж захирамжаа ав...” гэж ярьсан. Би нөхөр рүүгээ яриад “...захирамж маань гарсан байна...” гэхэд нөхөр маань “...ямар удаан хүлээлгэдэг юм бэ. Одоо л нэг юм гарч байгаа юм уу. Би бүтэн сайн өдрөөс очно. Тэгээд хүүгийнхээ бичиг баримтыг авъя...” гэсэн. Гэтэл нөхөр маань 14.00 цаг өнгөрөөгөөд утсаа авахаа больчихсон. Зүрхний шигдээсээр нас барсан байсан. Бид 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэндэлсэн Баттулгын Анандыг 10 сартайгаас үрчлэн авч тэжээсэн. Анандын эх Ц.Азжаргал нь тухайн үед оюутан байсан ба хүүхдээ гаргахгүй гэхэд нь анхны хүүхэд учраас хүүхдийг нь бид үрчлэн авч өсгөе гэж ярилцсан ...төрсөнөөс хойш 10 сар гарантай байхад нь аваад өдийг хүргэсэн. ...цаг хугацаа алдсаар 2019 оны хавраас үрчлэлтийн бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Хэрлэн сумын Засаг даргын захирамж сарын дотор гарна гэж бичиг баримт хүлээн авсан ажилтан хэлсэн боловч сар гарангийн дараа захирамж гарсан. Захирамж гарсан өдөр нөхөр Ганбат гэнэт нас барсан. Нөхрийнхөө хойдохын ажил төрлийг нь дуусгаад...үрчлэлтийн захирамж гарсан хугацааг мэдсэн ба нас барсан хүний нэр дээр гэрчилгээ өгөх боломжгүй, гарын үсэг зурах ёстой гэсэн. Гэтэл бидний асаргаанд байсан хүүхэд маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авч чадахгүй хохирч байна. ...Хэрвээ төрийн байгууллагад хандсаны дараа хуульд заасан хугацаанд Засаг даргын захирамж /2 сар шахуу/ гарсан бол нөхөр бид хоёр үрчлэлтийн асуудлаа баталгаажуулсан байх байлаа....гол нь захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа ажилтны буруутай эс үйлдэхүй нөлөөлж, өнөөг хүртэл би үрчлэлтээ баталгаажуулж чадаагүй. Иймд 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэндэлсэн Б.Анандыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Хэрлэн сумын Засаг даргын А/289 тоот “хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгүүлж өгөхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тасгийн дарга А.Наранчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...иргэн Базаргүрийн Ганбат нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нас барж, улсын бүртгэлийн байгууллагад нас барсны бүртгэлийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн байна.
Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар “Иргэний эрх зүйн чадвар...нас барснаар дуусгавар болно” гэж зааснаар Б.Ганбатын нас барсны бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдсэн учир тухайн захирамжийг үндэслэн Б.Анандын үрчлэлтийн бүртгэлийг Б.Ганбатад үрчлүүлснээр хөтлөх боломжгүй болно. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5 дахь хэсэгт “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж тус тус заасныг үндэслэн үрчлэлтийн бүртгэлийг хөтлөхөөс татгалзаж байна” гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сугаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аливаа бүртгэл хууль журмын дагуу явагддаг. 2019 онд манай багц хууль өөрчлөгдсөн. Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 тоот “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжтай танилцсан. Манай бүртгэлийн байгууллага хууль, дүрэм журмынхаа дагуу бүртгэлийг хөтөлж явуулдаг. Иргэн Базаргүрийн Ганбат нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Нас барсныг бүртгүүлэхээр тухайн өдөртөө улсын бүртгэгч Болорцэцэг дээр очсон. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно” гэж заасан байдаг. Манайхаас “...Ганбат нас барсан нь улсын бүртгэлд бүртгэгдсэн учир Анандын үрчлэлтийг бүртгэх боломжгүй...” гэсэн хариуг өгсөн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж тус тус заасны дагуу үрчлэлтийн бүртгэлийг хөтлөхөөс татгалзсан байдаг. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ганбатын эрх зүйн чадвар дуусгавар болсон учир бидэнд бүртгэх ямар ч боломж байхгүй. Тухайн үед Амгалангаар бүртгэх санал тавьж байсан. Хүлээж аваагүй. Нэхэмжлэл дээрээ “...захирамж гарах гэж нилээн хугацаа орсон...” талаар дурдсан байсан. Өөр байгууллага захирамж гаргаж байгаа учир тэр асуудал манай байгууллагад хамааралгүй юм. Бид хууль, дүрэм журмынхаа л дагуу явна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Амгалан нь “Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага[1] гаргасан байна.
Ганбатын Баттулга, Цэндийн Азжаргал нар нь өөрийн төрсөн хүү Б.Анандыг өөрийн төрсөн аав Базаргүрийн Ганбат, ээж Рэнцэндашийн Амгалан нарт үрчлүүлэхийг зөвшөөрсөн өргөдлийг 2019 оны 6 дугаар сарын 30-ний өдөр, Базаргүрийн Ганбат, Рэнцэндашийн Амгалан нар нь өөрийн төрсөн хүүгийн хүүхэд Б.Анандыг үрчилж авахыг хүссэн өргөдлийг бусад холбогдох баримтуудын хамт 2019 оны 6 дугаар сарын 30, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт гаргажээ.[2]
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 11.1, 11.3-т заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар дүгнэлт гаргуулна”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана”, мөн хуулийн 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэж заасан байх ба хүүхэд үрчлэхтэй холбоотой асуудлыг нэхэмжлэгчийн оршин суугаа сум, дүүргийн Засаг дарга, Иргэний бүртгэлийн байгууллага шийдвэрлэхээр хуульчилжээ.
Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Ж.Сайхангэрэл “Б.Анандыг үрчлэн авахтай холбогдуулан бичиг баримтанд хийсэн 15 дугаар дүгнэлт”-ийг 2019 оны 07 дугаар сарын 31-нд гаргаж, мөн өдрийн 258 дугаартай албан бичгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад хүргүүлжээ.[3]
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамжаар “Тус сумын 4 дүгээр багийн иргэн Ганбатын Баттулга, Цэндийн Азжаргал, Базаргүрийн Ганбат, Рэнцэндашийн Амгалан нарын хүсэлт, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дүгнэлтийг тус тус үндэслэн, Баттулгын Анандыг Базаргүрийн Ганбат, Рэнцэндашийн Амгалан нарт үрчлүүлэхийг зөвшөөрсүгэй” гэсэн шийдвэрийг гаргасан.[4]
Өөрөөр хэлбэл дүгнэлт гарснаас хойш 1 хоногийн дотор Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамж гарсан байхад нэхэмжлэгч Р.Амгалан нь өргөдөл өгснөөс хойш 2 сарын дараа хүүхэд үрчлүүлэх шийдвэр гаргасан гэж мэдүүлж буй нь үндэслэлгүй байна.
Базаргүрийн Ганбат нь дээрхи захирамж гарсан өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өвчний учир нас барж, улсын бүртгэлийн байгууллагад нас барсны бүртгэлийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн болох нь нас барсны гэрчилгээ, эмнэлгийн магадлагаа зэргээр нотлогдож байна.[5]
Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно” гэж зааснаар Б.Ганбатын нас барсны бүртгэл, улсын бүртгэлд бүртгэгдсэн тул Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамжийг үндэслэн Б.Анандын үрчлэлтийн бүртгэлийг Б.Ганбатад үрчлүүлснээр хөтлөх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн чадвар нь дуусгавар болсон байхад үрчлэлтийн асуудлыг Иргэний бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь хэсэгт заасан “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчимтай нийцэхгүй байна.
Харин нэхэмжлэгч Р.Амгалан нь нөхрөө нас барсан ч Б.Анандыг өөрийн нэр дээр үрчлэн авах тухай бүртгэлийг Иргэний бүртгэлийн байгууллагаар хийлгэх эрх нь нээлттэй болно.
Иймд нэхэмжлэгч Р.Амгалангийн “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5, дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Р.Амгалангийн, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас
[2] Хавтаст хэргийн 31-34-р хуудас
[3] Хавтаст хэргийн 36-37-р хуудас
[4] Хавтаст хэргийн 7-р хуудас
[5] Хавтаст хэргийн 8, 22-23-р хуудас