| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 020/2015/0091/З |
| Дугаар | 221/МА2015/0523 |
| Огноо | 2015-11-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2015/0523
| 2015 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 523 | Улаанбаатар хот |
З.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэртэй, З.Н-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Н би Сүхбаатар дүүргийн Засаг даргын 210 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие 1999-2014 оны 07 сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 1, 3 дугаар байрны дунд газар ашиглах актын дагуу 5x8 хэмжээтэй павильонд Хд/8-01 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй Цагаан шувуут хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан. Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 10-нд надад мэдэгдэлгүйгээр миний хувийн өмчид халдаж дэлгүүрийн барилгыг нурааж дотор байсан дэлгүүрийн шилэн лангуу болон хөргөгч гэх мэт бусад эд зүйлийг дахин ашиглах боломжгүй болгосон Засаг даргын үйлдэл хууль бус юм. Миний бие 2014 оны 10 дугаар сарын 14-нд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5823 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад Сүхбаатар Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Албадан буулгаж газар чөлөөлөх тухай 210 тоот захирамжийг хүчингүй болгуулах-аар урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. З.Н миний бие 2013 оны 07 дугаар сарын 08-нд хашаа хатгасан байсан тухай гомдол гаргахад хариу өгөөгүй. Тухайн үед Нийслэлийн Засаг даргын зүгээс надад бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 5823 тоот захирамжийг хүлээж авсны дараа 2014 оны 11 сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж Бүртгэл хяналтын карт-ыг өгсөн болно. 2014 оны 2 сард Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.О-д 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр миний дэлгүүрийн павильоныг эзэн хүний зөвшөөрөлгүйгээр нурааж, хорооны цогцолбор барьсан тухай дурдаж тэр орчинд 15х20м2 газар олгож өгөхийг хүссэн өргөдөл гаргаж байсан. Өргөдлийн хариуг Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга М-д: павильоныг олж өгөх, санал болгосон жижиг газрыг нь судалж шийдвэрлэж өгөх гэсэн утга бүхий цохолт хийсэн. Үүнээс хойш Сүхбаатар дүүргийн Газрын алба болон Нийслэлийн Засаг дарга надад ямар нэгэн албан ёсны бичгээр болон амаар хариу өгч арга хэмжээ аваагүй.
Мөн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд Н ХХК-ийн төлөөлөгч Г.Б-д холбогдуулан гэм хорын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шүүх Г.Б-г бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2013 оны 12 сарын 09-ний өдрийн 6127 тоот захирамж гаргаж байсан. Уг захирамжийг Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 2014 оны 11 дүгээр сард хүлээж авсан. 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт өргөдөл гаргаж байсны хариуг 2014 оны 04 сарын 23-ны өдөр 400 тоот албан бичгээр хариу өгсөн гэх боловч би ямар ч хариу аваагүй. З.Н миний бие хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж группт байдаг учраас энэ дэлгүүр нь миний амьжиргааны эх үүсвэр болсон гэжээ. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь тус дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 1-3 дугаар байрны дунд нийтийн эзэмшлийн зам талбайд /нэгж талбарын дугаар 1864331275831145/ 45 м.кв газрыг Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын даргын 2009 оны 06 сарын 23-ны өдрийн 67 дугаар тушаалын дагуу газрын төлбөр тодорхойлох тухай актын дагуу Цагаан шувуут нэртэй түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байсан. Тухайн нийтийн эзэмшлийн газарт хорооны иргэдэд үйлчлэх нэгдсэн байр барих шаардлагатай байсан тул иргэн З.Н-д 2009 оноос хойш удаа дараа утсаар болон шаардах хуудас өгч уг газрыг чөлөөлөхийг шаардаж холбогдох арга хэмжээ авч ажиллаж байсан боловч шаардлагыг биелүүлээгүй тул дүүргийн Засаг даргын захирамжаар газрыг албадан чөлөөлсөн. Газрын тухай хуульд зааснаар гэрээ, гэрчилгээгүй иргэн газар эзэмшихийг хориглоно гэж хуульчилсан. З.Н газар эзэмших шийдвэр /захирамж/ гэрчилгээгүйгээр тус газрыг эзэмшиж байсан нь хууль бус үйлдэл болсон. Маргаан бүхий газрыг 2013 оны 07 сарын 10-ны өдөр газар чөлөөлсөн байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...2013 оны 07 дугаар сарын 08-нд хашаа хатгасан тухай гомдол гаргахад ...Нийслэлийн Засаг дарга ...амаар болон бичгээр хариу өгөөгүй ...2014 оны 02 дугаар сард Нийслэлийн Засаг даргын зүгээс надад ...бичгээр хариу өгөөгүй гэж нэхэмжлэлдээ дурджээ.
Үүнээс үзвэл албан тушаалтанд гомдол гаргаж хууль заасан хугацаанд хариу өгөөгүй бол захиргааны хэргийн шүүхэд хандана гэж хуульчилсан байхад иргэн З.Н нь эрхээ хамгаалахаар шүүхэд хандаагүй нь гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэхээр байна. Дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Албадан буулгаж газар чөлөөлөх тухай 210 дугаар захирамж нь хуульд заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр болно. Иймд маргаан бүхий газар нь З.Н-н ямар эрх зөрчиж байгаа нь тодорхойгүй, гомдол гаргах хугацаа нь дууссан, мөн газар эзэмших эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч З.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...1999-2014 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 1,3 дугаар байрны дунд газар ашиглах актын дагуу 5х8 хэмжээтэй павильонд Хд/8-01 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй Цагаан шувуут хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан. Гэтэл 2014 оны 07 сарын 10-нд надад мэдэгдэлгүйгээр миний хувийн өмчид халдаж дэлгүүрийн барилгыг нурааж дотор байсан дэлгүүрийн шилэн лангуу болон хөргөгч гэх мэт бусад эд зүйлийг дахин ашиглах боломжгүй болгосон Засаг даргын үйлдэл нь хууль бус юм. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 210 дугаар захирамжийг хүчингүй болгож, холбогдох албан тушаалтнаас миний хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол болох 20.000.000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч З.Н нь 2014 оны 12 дугаар сарын 03-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлдээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 210 тоот гэсэн захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахгүй байгааг эс үйлдэхүйг тогтоож даалгах, газар чөлөөлснөөс болж учирсан хохирлыг төлүүлэх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий газраа эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч н.О-д удаа дараа амаар болон бичгээр хүсэлтээ гаргахад ...газар олгоно гэсэн хариулт өгч газар хариуцсан н.М-д ...газар өгөх цохолт хийж байсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Уг маргаан бүхий газрын түрээсийн төлбөрийн 2001 оноос хойш цаг хугацаанд нь тасралтгүй төлж ирсэн. 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн дэлгүүрийг албадан буулгахдаа хариуцагч тал удаа дараа газар чөлөөлөх шаардлага тавьж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх боловч энэ нь өнөөдрийг хүртэл нотлогдохгүй байгаа. Уг нотлох баримттай холбоотойгоор шүүх хуралдаан олон удаа хойшилж байсан. Нэхэмжлэгчид учирсан хохирлын баримтыг шүүхэд гаргаж өгсөн зураг болон үнэлгээний газрын үнэлгээ байгаа.
Иймд учирсан хохирол болох 20.100.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3, 70.2.4, 70.2.6-т зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 210 тоот захирамжийн дагуу газар албадан чөлөөлсөн ажиллагаа нь илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргад газар эзэмших, ашиглах хүсэлтээ удаа дараа өгсөн боловч үндэслэлгүйгээр шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож газар эзэмшүүлэх, ашиглуулах захиргааны акт гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, газар чөлөөлснөөс болж учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороололд байрлах Цагаан шувуут хүнсний дэлгүүрийн газрыг Газрын харилцаа, геодези зураг зүйн даргын 2009 оны 67 дугаар актын дагуу 2011 он хүртэлх төлбөрөө төлөөд уг газрыг түр ашиглах зөвшөөрөлтэй, ашиглаж байсан. 2013 оны Сүхбаатар дүүргийн Засаг даргын 210 дугаар тогтоолоор уг маргаан бүхий газарт хорооны цогцолбор бариулахаар албадан чөлөөлүүлсэн байдаг. 2009 оноос хойш Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулагчид удаа дараа газар чөлөөлөх шаардлага тавьж, нэхэмжлэгчийн хаалган дээр хүртэл шаардах хуудас нааж байсан боловч одоо нотлох баримт байхгүй. Уг баримтууд компьютерын мэдээллийн сан өөрчлөгдөхөд устчихсан юм шиг байсан. Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд 1-20 дугаар хорооны газрыг чөлөөлүүлэхээр албадан ажиллагаа хийсэн тул нэхэмжлэгчийн шаардсан 20.100.000 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь албадан буулгасан дэлгүүрийн материалууд нь дүүргийн журмын хашаанд байгаа тул уг материалуудыг авч нэхэмжилсэн мөнгөнөөс хөнгөлүүлэх хүсэлтэй байна. Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны газарт стандартын ТҮЦ байрлуулж ажиллуулах зөвшөөрлийг өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. Маргаан бүхий газарт анх ТҮЦ ажиллуулж байгаад палкаар хүнсний дэлгүүр барьж үйл ажиллагаагаа явуулж байсан. Тухайн газар инженер шугам сүлжээний газар тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчид өмчлүүлэх эрхтэй субъект биш. Нэхэмжлэгч уг газрыг өмчлөх хүсэлт гаргасан гэх баримт архивд байхгүй байсан бөгөөд түр эзэмшүүлэх гэрээ хэлцэл хийж төлбөрөө аваад явж байсан. Газар эзэмших эрхгүй этгээдэд газрыг чөлөөлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байхад яагаад нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсаныг ойлгохгүй байна. Сүхбаатар дүүргийн үнэлгээний комиссоор үнэлүүлэх хүсэлтэй байна гэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 -т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 3 дугаар байрны урд байрлах газар дээр байрлаж байсан З.Н-н Цагаан шувуут нэртэй хүнсний дэлгүүрийг буулгаж, газар албадан чөлөөлсөн ажиллагаа нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргад газар эзэмших, ашиглах хүсэлтээ удаа дараа өгсөн боловч үндэслэлгүйгээр шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, ашиглуулах захиргааны акт гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах болон Газар чөлөөлсний улмаас учирсан хохирлыг төлүүлэх -ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Иргэн З.Н-н нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нь холбогдох хуулийг буруу хэрэглэж, шийдвэр нь хууль ёсны шаардлагыг хангаж чадсангүй тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Маргаан бүхий газрыг 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: ... 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хашаа хатгасан тухай гомдол гаргахад ... Нийслэлийн Засаг дарга ... амаар болон бичгээр хариу өгөөгүй ... 2014 оны 02 дугаар сард Нийслэлийн Засаг даргын зүгээс надад бичгээр хариу өгөөгүй гэж дурджээ. Үүнээс үзвэл албан тушаалтанд гомдол гаргаж хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй бол захиргааны хэргийн шүүхэд хандана гэж хуульчилсан байхад нэхэмжлэгч нь тухайн үед эрхээ хамгаалахаар шүүхэд хандаагүй нь гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэхээр байтал шүүх үүнийг харгалзаж үзсэнгүй.
Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Албадан буулгаж газар чөлөөлөх тухай 210 дугаар захирамжийг шүүх илт хууль бус захиргааны акт гэж үзэхдээ ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаагаа тайлбарлаж чадаагүй. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Цагаан шувуут нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж, уг газрыг ашиглаж байсан болох нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, тохижилт үйлчилгээний хэлтсийн Хд/08-01 бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээгээр нотлогдож байна гэсэн байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг хуульд заасан хугацаа, зориулалтын дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшихээр хуульчилж өгсөн. Нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ зэргийг хавтаст хэрэгт байхгүй бөгөөд энэ байдлаа өөрсдөө үгүйсгэдэггүй.
Гэтэл шүүх хэргийн нотлох баримтыг бүхэлд нь үнэлэхгүй зөвхөн хариуцагчийн шийдвэр гаргахдаа процесс ажиллагааны нотлох баримтыг үндэслээд шийдвэрээ гаргасан. Харин яагаад нэхэмжлэгчээс та төрийн газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа талаар тодруулаагүй, мөн тийм нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад илт хууль бус гэж дүгнэж байгаа нь актын маргааны зүйлийг андуурсан байна. Тус маргаан бүхий газрыг төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлж, ашиглуулах тухай 437 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст эзэмшүүлсэн бөгөөд бусдын газрыг дур мэдэн эзэмшиж байсан иргэнийг удаа дараа буюу 2009 оноос хойш газар чөлөөлөх асуудлыг Газар зохион байгуулагч нар нь амаар шаардаж байсныг нэхэмжлэгч өөрөө үгүйсгэж байгаагүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ямар үндэслэлээр захиргааны илт хууль бус акт гэж үзэж байгаагаа шүүх хуулийн заалтаа хэрэглээгүй байна.
Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч З.Н-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
1. Нэхэмжлэгч З.Н Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр хороолол, 3 дугаар байрны дэргэд байрших 40 м.кв газрыг актын дагуу ашиглаж, газрын төлбөрийг Газрын төлбөр тогтоох тухай актаар 2004 оноос эхлэн төлж, тухайн газар дээрээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, тохижилт, үйлчилгээний хэлтсээс олгосон гэрчилгээ, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээний үндсэн дээр “Цагаан шувуут” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байсан байна.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” 210 дугаар захирамж гаргаж, уг захирамжийн дагуу нэхэмжлэгч З.Н-н ажиллуулж байсан хүнсний дэлгүүрийн байшинг албадан буулгаж, газар чөлөөлөх ажиллагааг явуулжээ.
Нэхэмжлэгчээс “...2014 оны 07 дугаар сарын 10-нд надад мэдэгдэлгүйгээр миний хувийн өмчид халдаж, дэлгүүрийн барилгыг нурааж, дотор байсан эд зүйлсийг дахин ашиглах боломжгүй болгосон Засаг даргын үйлдэл хууль бус...” хэмээн маргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч З.Н нь тухайн газар ашигласны төлбөрийг 2015 оныг хүртэл төлж байсан болох нь тогтоогдож байх ба хэдийгээр нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээгүй ч тухайн газрыг 2004 оноос төлбөрийг нь төлж холбогдох эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр ашиглаж байсан байх тул хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч З.Н-г хууль бусаар газар эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэхээргүй байна.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол ..., дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол ... дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заажээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд захиргааны байгууллагаас тухайн иргэнд /нэхэмжлэгчид/ түр актаар ашиглуулж буй газрыг нь чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдлийг урьдчилан өгч, хэрэв мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөхгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авахаар хуульчилсан бөгөөд хариуцагч тухайн газрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид удаа дараа өгч байсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, хариуцагчаас өөрөө нотолж чадаагүй тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210 дугаар захирамжийн дагуу явагдсан газар албадан чөлөөлөх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийн өмч хөрөнгөд халдаж, газрыг албадан чөлөөлөх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчид энэ тухай урьдчилан мэдэгдэж, түүнийгээ баримтжуулах шаардлагатай бөгөөд мэдэгдсэн талаар баримтаар нотлогдохгүй байхад уг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй. Энэ хууль бус ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Түүнчлэн хариуцагчийн гомдолд дурдсанчлан шүүх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 210 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзээгүй, харин уг захирамжийн дагуу явагдсан захиргааны байгууллагын үйл ажиллагааг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
2. Сүхбаатар дүүргийн Засаг даргад газар эзэмших, ашиглах хүсэлтээ удаа дараа өгсөн боловч үндэслэлгүйгээр шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх, ашиглуулах захиргааны акт гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэстэй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж газрын харилцааны талаарх Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байна.
Нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглахыг хүссэн газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ, бүхий газарт хамаарч байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээ Сүхбаатар дүүргийн Засаг даргад хуулиар олгогдоогүй, шүүх эрх хэмжээ олгогдоогүй албан тушаалтанд хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах боломжгүй юм.
3. Нэхэмжлэгч З.Н Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6 дахь хэсгийг зааж, албадан буулгах ажиллагаанаас учирсан 20.331.430 төгрөгийн хохирлыг буруутай байгууллага, албан тушаалтнаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6, 70.4 дэх хэсэгт захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн тохиолдолд шүүхээс гаргах шийдвэрийн талаар зохицуулсан байна. Харин энэ хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт “Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн Хөрөнгө үнэлгээ, худалдаа, зуучлалын “Д” ХХК-аар үнэлүүлсэн хохирол гэх 20.331.430 төгрөгийн үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, дүүргийн үнэлгээний комиссоор үнэлүүлэх ёстой хэмээн хохирлын хэмжээний талаар маргасан тул хохирлын хэмжээний талаарх маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэсгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ