Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 236

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 7 дугаар хороо өөрийн байранд байрлах Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /РД:9102973/-ийн нэхэмжлэлтэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “Эм Эй Ай” ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий захирал Т.Мөнхтулгыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 21-ний  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эм Эй Ай” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг зөрчин 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал 422.400 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, 2013 оны хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн алданги 953.920 төгрөг нийт 1.376.320 төгрөгийн авлага үүсгэн өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Шимтгэл төлөгч аж ахуйн нэгж түүнийг төлөөлөх эрх бүхий захирал Т.Мөнхтулгын утас холбогдох, хаана оршин байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шимтгэл төлөгч  “Эм Эй Ай” ХХК, түүний захирал Т.Мөнхтулгын оршин суугаа газрыг олж мэдсэн тул  нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих  “Эм Эй Ай” ХХК, түүний захирал Т.Мөнхтулгыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан боловч түүний оршин суугаа газрыг мэдсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Энэ эрхээ эдэлсэн тохиолдолд энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг учраас энэ журмын дагуу нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч төрийн байгууллага учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих  “Эм Эй Ай” ХХК, түүний захирал Т.Мөнхтулгыг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                                 ШҮҮГЧ                               Л.ЭНХБИЛЭГ