Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00794

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00794

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ..дугаар байрны .. тоотод оршин суух, …регистртэй, Хөрөнгө ургийн овогт Дамдин овогтой Ц-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 3а дугаар байрны 10 тоотод оршин суух, УШ74032413 регистртэй, Хиад Боржигон ургийн овогт Ичинноров овогтой Ө-рт холбогдох,

5,520,000 /таван сая таван зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид /ШТҮД: 1149/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ч.Хатанбаатараас 07-22 УНС улсын дугаартай Ниссан Террано-3 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан юм. 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр миний танил болох И.Ө нь “машин хэрэг боллоо, машинаа түр хэд хоног хэрэглүүлээч” гэж хэлээд миний машиныг аваад явсан. Ингээд нэг сарын дараа машинаа авъя гэтэл засварт өгсөн, засварын газраас аваарай гээд Болдоо гэдэг хүний нэр, утас өгөөд таг алга болсон. Би өөрийн өмчлөлийн машинаа буцаан шаардахаар И.Өтай утсаар холбогдох гэж олон удаа оролдсон боловч утсаа авахгүй, миний машиныг буцааж өгөх оролдлого хийхгүй байсаар өдий хүрлээ. Иймд өөрийн өмчлөлийн 07-22 УНС улсын дугаартай Ниссан Террано-3 маркийн машиныг хариуцагч И.Өаас гаргуулж, мөн хариуцагчийг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хариуцагч И.Өаас 07-22 УНС улсын дугаартай Ниссан Террано маркийн тээврийн хэрэгслийг анх худалдаж авсан өртөг болох 4,800,000 төгрөг болон тухайн тээврийн хэрэгслийн татварт төлөх байсан 650,000 төгрөг, мөн хариуцаг,чийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус гаргуулахаар өөрчилж байна. 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ч.Хатанбаатараас 07-22 УНС улсын дугаартай Ниссан Террано маркийн автомашиныг худалдан аваад Авто тээврийн үндэсний төвд нэр шилжүүлэх гэхэд татварын мөнгө болох 650,000 төгрөг төлөх болоход мөнгө дутсан тул маргааш нь ирж тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр болоод буцсан. Маргааш нь И.Ө надаас тухайн тээврийн хэрэгслийн бичиг баримт болон татварт төлөх 650,000 төгрөгийг авч намайг “ажилдаа явж бай, би татварыг нь төлөөд машиныг чиний нэр дээр шилжүүлчихээд ирье” гэж хэлээд авч явсан. Гэвч орой нь ирэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй бөгөөд ямар ч мөнгөгүй, нилээд согтсон ирэхээр нь би тээврийн хэрэгслийн бичиг баримт болон бусад баримтуудыг өөртөө авсан. 2015 оны 2 дугаар сарын 08-нд И.Ө хөдөө яваад ирье гээд миний машиныг авч яваад буцаж ирээгүй. 2015 оны 12 дугаар сарын 02-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад И.Өын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс Тахарын ерөнхий газрын мөрдөн шалгах эрэн сурвалжлах газраар эрэн сурвалжлуулах ажиллагаа хийлгэж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн. Иймд би И.Өаас машинаа анх худалдаж авсан үнэ болох 4,800,000 төгрөгөөр үнэлж, татварт төлөхөөр надаас авсан 650,000 болон түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70,200 төгрөг зэргийг нэгтгээд, нийт 5,520,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Миний хөдөлмөрлөж хөлс хүчээ шавхаж олсон мөнгөөрөө авсан машиныг надтай сууна гэж худлаа хэлэн залилж байгаад авсан. Энэ хүнийг ирэхгүй алга болохоор нь би цагдаад хандсан боловч өөрөө машинаа өгч явуулсан болохоор шүүхэд ханд гэсэн юм. Шүүхэд хандахад хаяг тодорхойгүй гэсэн болохоор нь Тахарын албаар эрэн сурвалжлуулсан. Тахарын алба татан буугдаж, миний өргөдөл Сүхбаатар дүүргийн цагдаад буцсан байсан. Би машинаа авах гээд араас нь зөндөө явж байгаа. Надтай амьдарч байх хугацаанд би И.Өын хоол, архи тамхины мөнгийг бүгдийг бэлддэг байсан боловч намайг мөнгө гэж хардаг байсан юм байна. Надад Дарь-Эхийн засварын газар машиныг чинь үлдээсэн байгаа гэхээр нь очиж асуухад ийм машин байхгүй гэсэн. Дараа нь 13 дугаар хороололд аваачсан гэхээр нь тэр газарт нь очоод “07-22 УНС гэсэн дугаартай машиныг И.Ө гэдэг хүн тавьсан уу” гэж асуухад ийм машин тавиагүй, тийм хүн ирээгүй гэсэн. Надад хэлсэн газарт нь очиход сургууль байсан бөгөд ямар ч засварын газар байгаагүй. Харин 13 дугаар хороололд гараш байсан боловч сургуулийн багш нар машинаа тавьдаг юм билээ. Би 10 дугаар сард И.Өтай утсаар яриад “яагаад худлаа яриад байгаа юм бэ” гэхэд “элгээрээ бөөлжөөд өнөө маргаашгүй үхэх хүнээс машин тэрэг нэхлээ” гэхээр нь “би эм тариа аваад очъё, хаана хэвтэж байгаа вэ” гэхээр утсаа салгаад алга болсон. Надад 1 сарын настай гэж хэлсэн хэрнээ одоо болтол амьд ямж байна. Хүн залилдаг, архи их уудаг, хүн луйварддаг хүн. Гэтэл бид өдөр шөнөгүй, нойр хоолгүй хөдөлмөрлөж байж олсон мөнгөөрөө авсан машиныг энэ хүн залилаад алга болгочихсон. Одоо машин маань сэлбэг болсон ч байж мэднэ. Одоо болтол олдохгүй байгаа, хаана байгааг нь ч хэлэхгүй байгаа болохоор би машинаа худалдаж авсан үнээ нэхэмжилж байгаа юм. Үнэн худал нь мэдэгдэхгүй, анх холбогдоод н.Болдоо гэдэг хүнд өгсөн гээд тэр хүнийхээ утасны дугаарыг өгсөн боловч тэр утас руу нь залгахаар “тийм хүн байхгүй, ямар нэг засварын газрын утас биш” гэсэн. Надад худлаа дугаар өгсөн байсан. Миний хувьд маш их гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.Ц нь Ч.Хатанбаатараас худалдаж авсан автомашиныхаа нэрийг шилжүүлэх гээд худалдах, худалдан авах гэрээ байгуулан, тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгалыг тус тус төлж, машины тээврийн хэрэгслийн татварын мөнгийг төлөх гэтэл дутсан тул тэр өдөртөө шилжүүлж чадаагүй байна. Тэрхүү татварын төлбөр болох 650,000 төгрөгийг хамтран амьдрагч байсан И.Ө өгчихье гэхээр нь итгээд өгч явуулсан боловч уг мөнгийг үрж, гэртээ согтуу ирсэн байдаг. 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр И.Ө хөдөө яваад ирье гээд энэ машиныг авч яваад буцаж ирээгүй. Үүнээс хойш түүнийг ирэхийг хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь 2015 оны 12 дугаар сард шүүхэд хандсан байдаг. Уг автомашиныг “Худалдах, худалдан авах” гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан. Автомашиныг шилжүүлэх бүх арга хэмжээг авч, тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгалаа тухайн өдрөө хийсэн гэдэг нь баримтаар нотлогддог. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үздэг. Иймд өмчлөх эрхтэй этгээд болох Д.Ц нь хариуцагч И.Өаас автомашины үнэ болон өөрөөс гарсан бусад зардлаа шаардах эрхтэй гэв.

Хариуцагч И.Ө нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан анхны нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч Д.Цгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний бие Д.Цтай 2014 оны 8 дугаар сард танилцаад 2014 оны 10 дугаар сараас хамтран амьдарч байгаад 2015 оны 7 дугаар сараас Д.Цгийн зан харилцааны доголдолтой байдлаас болж хамтран амьдрах боломжгүйд хүрч тусдаа амьдрах болсон. Д.Ц нь надтай хамтран амьдарч байх хугацаандаа Ниссан Террано-2 маркийн автомашиныг 4,700,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд миний бие тухайн үед Өмнөговь аймаг руу ажлаар явах үедээ машиныг нь унаж явсан. Гэтэл машинд нь моторын гэмтэл гарч Улаанбаатар хотод машин ачигчаар ачуулж авч ирээд Дарь-Эхэд байрлах авто засварын газарт өгсөн. Гэвч машины засвар хангалтгүй байсан учир 13 дугаар хороололд байрлах авто засварын газарт хүргэж өгсөн. Энэ бүхнийг Д.Ц мэдэж байсан бөгөөд засварын мөнгөө төлөөд машинаа авахаар болж байсан юм. Намайг Д.Цтай хамт амьдарч байх хугацаанд засварын газраас удаа дараа Д.Цг машинаа ирж ав гэж ярьж байсан боловч тэрээр засварын мөнгө байхгүй гээд машинаа очиж аваагүй. Ийнхүү миний бие 7 сараас эхлээд Д.Цтай ямар ч харилцаагүй болсон учир дээрх автомашиныг дахин хараагүй, Д.Цтай ч уулзаагүй юм. Иймд надаас нэхэмжлээд байгаа 07,22 УНС улсын дугаартай Ниссан Террано-3 маркийн автомашин миний эзэмшилд огт байхгүй учир миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Д.Ц надаас тээврийн хэрэгслийн татварт төлөх байсан 650,000 төгрөгийг шаарджээ. Миний бие тээврийн хэрэгслийн татварт төлөх байсан гэх уг мөнгийг огт аваагүй бөгөөд энэ талаар мэдэхгүй. Бид нэгэн үе гэр бүл болохоор хамтран амьдарч байсан бөгөөд хэн хэндээ туслаж дэмжиж явж байснаас тийм их хэмжээний мөнгийг татварт төлнө гэж нэхэмжлэгчээс авсан удаагүй билээ. Иймд нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. И.Ө, Д.Ц нар нь 2015 онд гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байсан. Нэхэмжлэгч нь Ниссан Террано машиныг худалдаж авсан гэж тайлбарладаг. Хамт амьдарч байсан болохоор хэн аль нь энэ машиныг хөдөө гадаа явахдаа унаж ашигладаг байсантай талууд маргадаггүй. Өмнөговь аймаг руу 2015 оны 2 дугаар сард энэ машиныг унаж яваад эвдрэл гарахад нь 13 дугаар хороололд байрлах авто засварын газар өгсөн байдаг. Нэхэмжлэгч авто засварын газраас аваарай гээд н.Болдоо гэдэг хүний утасны дугаарыг өгсөн гэж нэхэмжлэл дээрээ тайлбарласан. 2015 оны 12 дугаар сард И.Өыг эрэн сурвалжлуулан машины үнийг гаргуулахаар шаардлага гаргасан. И.Өын эзэмшил, өмчлөлд энэ машин байхгүй. Хариуцагч энэ машиныг үрэн таран хийсэн гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага буюу машины үнийг төлөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл ч тодорхойгүй байгаад байна. Тухайлбал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэл байхгүй. Мөн хуулийн 497 дугаар зүйлийн гэм хорын хохирол учраагүй байна. Иймд автомашины үнийг ямар үндэслэлээр И.Өаас нэхэмжилж байгаа тухай нотлох баримт гаргаагүй байна. Энэ машины хууль ёсны өмчлөгч нь Д.Алтанцэцэг гэж хүний нэр дээр байдаг ба Д.Алтанцэцэг нь н.Хатанбаатар гэдэг хүнд итгэмжлэл олгосны үндсэн дээр Д.Цтай худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдэг боловч энэ гэрээ хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь энэ автомашин Д.Цгийн өмчлөлд шилжээгүй. Автомашин бол заавал хэн нэгний бүртгэл дээр бүртгэгдэн, улсын бүртгэлд бүртгэгддэг онцлогтой. Бүртгэсэн гэрчилгээний үндсэн дээр бусдад учирсан гэм хорыг эзэмшигч хариуцдаг. Улсын бүртгэл дээр Д.Алтанцэцэг гэдэг хүний нэр дээр байгаа тул автомашины үнэ 4,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар 650,000 төгрөгийг И.Ө авсан эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй байгаа тул мөн үндэслэлгүй байна. Эрэн сурвалжлуулсны зардал болох 70,200 төгрөг бол холбогдох хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн үүрэгтэй холбоотой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох хэдий ч мөн хуулийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол 91.1 хамаарахгүй гэдэг учраас машины үнийг И.Өаас нэхэмжлэх үндэслэлгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч И.Өт холбогдуулан 07-22 УНС улсын дугаартай Ниссан Террано маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И.Өаас маргаан бүхий автомашиныг худалдан авсан үнэ 4,800,000 төгрөг, уг тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхэд татварт төлөх байсан 650,000 төгрөг, мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахад зарцуулсан зардал 70,200 төгрөг, бүгд 5,520,000 /таван сая таван зуун хорин мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хариуцагч И.Ө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэр бүлийн харилцаатай байсан, уг автомашины моторыг засварлуулахаар авто засварын газарт хүргэсэн болохыг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд өөрөө очиж аваагүй, мөн тээврийн хэрэгслийн татварт төлөх байсан 650,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авч байгаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан маргасан байна.

Д.Ц нь маргааны зүйл болох иргэн Д.Алтанцэцэгийн өмчлөлийн 07-22 УНС улсын дугаартай Ниссан Террано маркийн автомашиныг өмчлөгчөөс олгогдсон итгэмжлэлийн дагуу Ч.Хатанбаатар гэгчээс 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах” гэрээний үндсэн дээр худалдаж авч, эзэмшиж байсан болох нь тэдний байгуулсан гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Наранчимэгийн гэрчилсэн итгэмжлэл, Тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний даатгуулагчийн маягт зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 6,7,47-49/

Хариуцагч И.Ө нь нэхэмжлэгч Д.Цг автомашиныг бусдаас гэрээний үндсэн дээр худалдан авсан талаар маргаагүй бөгөөд уг үйл баримтыг баталгаажуулан тайлбарлажээ. /хх 13/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий автомашины үнийг шаардах эрх үүснэ гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, уг автомашины өмчлөгчөөр Д.Алтанцэцэг бүртгэгдсэн бөгөөд автомашины өмчлөл нь улсын бүртгэлд үндэслэдэг учир мөн хуулийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Цг өмчлөгч гэж үзэхгүй хэмээн маргасан.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” хэмээн хуульчилжээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь 07-22 УНС улсын дугаартай Ниссан Террано маркийн автомашиныг Ч.Хатанбаатараас худалдан авч, 4,800,000 төгрөгийг тушааж, тооцоо дууссан байна. Тухайн автомашины өмчлөгч нь Д.Алтанцэцэг гэгч байх боловч түүнээс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон итгэмжлэлийн дагуу Ч.Хатанбаатар нь Д.Цгийн эзэмшилд автомашиныг шилжүүлж, “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр байгуулснаар Д.Ц нь уг автомашинд жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байна.

Хэдийгээр хариуцагч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч болохгүй гэж маргах боловч уг зүйлд зөвхөн өмчлөлийн харилцаа нь улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой үл хөдлөх эд хөрөнгийн харилцаа хамаарах тул нэхэмжлэгч Д.Цг маргаан бүхий автомашины өмчлөгч гэж тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь өөрийн автомашиныг хариуцагч И.Өт хөдөө явахад нь ашиглуулахаар шилжүүлсэн талаар зохигчид хэн аль нь бататган тайлбарлаж байгаа учир тэдний хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 339.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар илжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар Д.Ц нь өөрийн автомашиныг И.Өт ашиглуулахаар шилжүүлснээр гэрээгээр хүлээсэн түүний үүрэг биелэгдсэн, харин эд хөрөнгийг буюу автомашиныг ашиглагч этгээд И.Ө нь эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Эд хөрөнгийг ашиглагч этгээд нь Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.2 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхгүй байх, мөн хуулийн 340.1.4 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч И.Ө нь автомашиныг буцааж өгөх үүргээ биелүүлэлгүй бусдад буюу байрлал тодорхойгүй авто засварын газарт шилжүүлсэн гэж тайлбарлах бөгөөд автомашин хаана байгаа, бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөө ашиглуулахаар шилжүүлсэн этгээд гэрээг цуцлаж эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд 342.3-т “... ашиглаж байгаа этгээд ... эд хөрөнгийг гэмтээсэн, үрэгдүүлснээс болж нөгөө талд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Гэрээний зүйл болох 07-22 УНС улсын дугаартай Ниссан Террано маркийн автомашин одоо хаана байгаа нь тодорхойгүй, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээдэд автомашиныг буцааж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас уг автомашиныг худалдан авсан үнийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн автомашины өмчлөгч Д.Алтанцэцэг гэдэг хүн байхад түүний өмчлөлийн автомашины үнийг шаардаж буй нь үндэслэлгүй бөгөөд хэрэв уг автомашин биет байдлаар ашиглах боломжгүй болсон тохиолдолд үнийг шаардах нь зөв гэж маргах боловч Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3 дахь хэсэгт “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу маргаан бүхий автомашин бодитоор байхгүй буюу олдохгүй байгаа, мөн хариуцагчийн зүгээс уг автомаиныг ашиглах боломжтой байгаа, эсхүл бодитоор оршин байгаа гэдгийг нотлоогүй тул үрэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Д.Ц нь уг автомашиныг худалдаж авсан үнэ болох 4,800,000 төгрөгийг хариуцагч И.Өаас шаардах эрхтэй.

Хариуцагч И.Ө нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд түүний оршин суугаа газар мэдэхгүй байсны улмаас эрэн сурвалжлуулах ажиллагаа хийлгэхэд гарсан 70,200 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцжээ.

Харин нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч И.Өт автомашины татварт төлөх байсан 650,000 төгрөгийг шилжүүлэн өгснийг буцаан гаргуулах шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх мөнгийг хариуцгачид өгсөн болохоо баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд шүүх дээрх үндэслэлээр  хариуцагч И.Өаас 4,870,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 650,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч … регистртэй, Хиад Боржигон овогт И.Ө-с 4,870,200 /дөрвөн сая найман зуун далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЧТ72010609 регистртэй Хөрөнгө овогт Д. Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 650,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,280 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 92,873 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

ДАРГАЛАГЧ                     А.САРАНТУЯА