| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/59 |
| Огноо | 2021-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Баярмаагийн Төрболд Шүүгдэгч Отгондоржийн Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Баярмагнайд холбогдох 2123000330072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, эхнэр хүүхдийн хамтаар Завхан аймаг Сонгино сум Тариат баг Баянголын адаг Улаан толгой гэх газарт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Уухалдай овогт Отгондоржийн Баярмагнай, Регистрийн дугаар: ИТ97092011
Шүүгдэгч О.Баярмагнай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2021 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Сонгино сум Шар нуруу багийн нутаг “Шар шорооны үзүүр” гэх газарт иргэн Н.Жамъяандоржийн гэрт танхайн сэдэлтээр иргэн Д.Чулуунбатын нүүр рүү нь гараараа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Отгондоржийн Баярмагнай нь 2021 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Сонгино сум Шар нуруу багийн нутаг “Шар шорооны үзүүр” гэх газарт иргэн Н.Жамъяандоржийн гэрт Д.Чулуунбатын нүүр рүү нь гараараа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хохирогч Д.Чулуунбатын О.Баярмагнайд зодуулсан талаараа мэдүүлсэн “...2021 оны 03 дугаар сарын 18-ны оройн 19 цагийн үед би ...Жамъяндоржийнд ирээд байж байтал Баярмагнай Жамъяндоржийн гэрт хүрч ирсэн. Жамъяндорж гэртээ ирэхдээ согтуу хүрч ирсэн. Баярмагнай ч бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. 2 шил архи өвөртөлчихсөн байсан. Тэгээд Жамъяндоржийн гэрт нь бид нар бөөнөөрөө байж байтал Баярмагнай 1 шил архи 0.75 литртэй “Ерөөл” гэх нэртэй архи задалсан. Би архи уухгүй гэж хэлтэл архи уухгүй бол ална шүү гэж Баярмагнай хэлэхээр нь би 2 хундага архи уусан. Жамъяндорж архиндаа согтоод тасраад уначихсан. ...Баярмагнай “Та манай ахад хуц ухнаа /мал/ өгчихөөч” гэхээр нь “Би өгөхгүй би Шар нуруу багийнхаа иргэнд л хуц ухнаа хариулуулах гэж өгнө” гэж хэлсэн. Гэтэл тэр үед Баярмагнай сууж байсан газраасаа гэнэт босож ирээд миний толгойн тус газарт гараараа 3-4 удаа цохисон. Тэр үед Амгаа ах голоор орж ирж Баярмагнайг гэрээс авч гарсан. Миний хамарнаас цус гарч байсан учраас би цусаа тогтоох гээд гэрт байж байтал Баярмагнай дахиад орж ирээд миний цээжин тус газарт нэг удаа өшиглөсөн. Би гэрээс зугтаж гараад эхнэр хүүхдийнхээ хамтаар мотоциклоо унаад гэртээ харихаар явсан. Миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Бас миний нүд өвдөөд байсан. Би гэртээ хариад толинд хартал миний нүд бүлтрээд гараад ирсэн байсан. Бөөрөнхий цагаан зүйл нүднээс гарчихсан байсан. Бас дахиж манай гэрт хүрч ирж ална гэж хэлж байсан. Удалгүй сумын төвөөс цагдаа, эмч нар гэрт хүрч ирсэн... Миний толгойн тус газарт зүүн талын нүд болон шанааны хэсэгт 3-4 удаа цохисон. Би хананд шахуулж байгаад цохиулсан. Мөн миний цээжин тус газарт нэг удаа өшиглөсөн. Үүнээс болоод миний нүд 2 удаа нүднийхээ аяганаасаа гарсан... Хоорондоо юм яриад сууж байсан. Баярмагнай намайг хуц ухнаа та миний ахад өгөөд харилуулчхаач гэж асуухаар нь би үгүй гэж хэлсэн. Гэтэл чи хэзээ ийм том болчихсон пизда вэ гээд шууд цохисон... О.Баярмагнай надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийг зодсон талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Ж.Баянжаргалын “... манай нөхөр Д.Чулуунбат манайх өнөөдөр хуцаа барьж авч хөглөөд хөг нь уначихсан явж байна, хонь хөөгөөд гээд ярьсан чинь нөгөө танихгүй залуу “Чи хуцаа миний ахад өг” гэсэн. Тэгсэн манай нөхөр Д.Чулуунбат “Би юу гэж танихгүй чамд хуцаа өгдөг юм өөрийнхөө багийн хуц авч байгаа хүнд өгнө” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу манай нөхрийг “Чи яасан том юм бэ пизда минь” гэсэн. ..согтуу залуу намайг чи ус хийгээд өг гэж хэлэхэд нь манай нөхөр Д.Чулуунбат чи өөрөө усаа хийж уу гэж хэлсэн чинь чи яасан том пизда вэ чамайг ална гээд тэр айлын баруун талын барааны урд сууж байсан манай нөхрийг босохын завдалгүй шууд очоод гараараа цохиж зодсон. ...тэнд байсан Амгаа гэдэг залуу салгаж авч гарсан. ...орж ирээд манай нөхрийг гараад ир гээд дуудаад байсан. ...эргэж орж ирээд манай нөхөр Д.Чулуунбатыг чи миний энгэрийг урдаг хэн бэ гээд дахиад манай нөхрийг цээж рүү нь өшиглөж хэл амаар доромжилсон. Тэгсэн Амгаа гэдэг залуу дахиад чирээд аваад гэрээс гарсан. ...Тэгээд бид нар гэртээ ирсэн чинь манай нөхрийн хамраас нь цус гоожоод тогтохгүй байсан. Тэгээд манай нөхөр Д.Чулуунбат цусаа нийх гэснээ миний нүд гараад ирлээ гээд өөрөө гараараа түлхээд нүдээ оруулсан. Тэгээд хамрын цус нь хатаад амьсгаа авч болохгүй байхаар нь нийх гэсэн чинь дахиад нүд нь гараад ирсэн. Тэгтэл дахиад гараараа нүдээ түлхэж хийсэн. Тэгээд орон дээрээ дээш хараад хэвтсэн чинь миний ам руу цус ороод байна, толгой задарлаа гээд орилоод хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Н.Баасансүрэнгийн “...манай гэрт нөгөө танихгүй залуу чинь Д.Чулуунбатыг цохиж, зодож байсан... Нөгөө залуу эргэж гараад хувцсаа өмсөж гэрт орж ирээд сууж байгаад босоод гарах гэж байгаа юм байх гэж бодсон чинь дахиад Д.Чулуунбатыг цээж рүү нь өшиглөсөн... Д.Чулуунбатын толгой нүүр рүү нь 2-3 удаа цохиж зодсон... Д.Чулуунбат ёстой тэр залууд гар хүрээгүй өөрөө зодуулсан. Манайд ирэхдээ зүгээр байсан...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Д. Чулуунбатад биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 000000118 дугаартай “Иргэн Д.Чулуунбатын биед гэмтэл үүссэн байна. Д.Чулуунбатын биед зүүн нүдэнд цус хуралт, баруун зүүн талын нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамрын таславч ясны муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Д.Чулуунбатын биед учирсан зүүн нүдэнд цус хуралт, баруун зүүн талын нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамрын таславч ясны муруйлт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн нүдэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун зүүн талын нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамрын таславч ясны муруйлт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч О.Баярмагнай нь хохирогчийн нүүр рүү нь гараараа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч О.Баярмагнай нь иргэн Н.Чулуунбатын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд О.Баярмагнайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан, тиймээс гомдол саналгүй” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч О.Баярмагнайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уухалдай овогт Отгондоржийн Баярмагнайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Баярмагнайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баярмагнайд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баярмагнай нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч О.Баярмагнай нь өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч О.Баярмагнай нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА