Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00787

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00787

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

              Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би 

 

              Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 21 дүгээр байр, 4 дүгээр орцонд байрлах, Н СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 22 дугаар байрны 35 тоотод оршин суух, УЗ89112338 регистртэй, Ямаат овогт Баттулгын Анарт холбогдох

449 900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Н СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Оршин суугч Б.А нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний хөлс зэргийг 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөхгүй хууль зөрчиж байна. Б.А нь элдэв шалтаг заал төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул СӨХ-ны төлбөрт 449 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байшингийн дээврээс ус алдаж, мөөгөнцөрдөж хүн амьдрах нөхцөлгүй болсон тул өөрсдийн мөнгөөр засварласан билээ. Иймд төлбөрийг хүлээн зөвшөөрх боломжгүй гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн  шаардлагаас 149 900 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 300 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Н СӨХ нь хариуцагч Б.Ат холбогдуулан 449 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн  шаардлагаас 149 900 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 300 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон  

 

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Н СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.Ат холбогдох 449 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн  шаардлагаас 149 900 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 300 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 147 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7 087 төгрөг, хариуцагчаас 4 825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                         А.САРАНТУЯА