Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 249

 

                         Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баржаны 1 дүгээр гудамж 05 тоотод оршин суух Бор овогт Ламжавын Чимгээ /РД:ИЖ71121701/-гийн

Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршанд 1 дүгээр гудамж 05 тоотод оршин суух Боржигон овогт Ганхуягийн Ууганбаяр /РД:УЕ87052212/-т холбогдох

Эд хөрөнгөд учирсан хохирол 796.173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Туулын гүүрний хойд талын зам дээр ММС Ризо маркын 72-34 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ганхуягийн Ууганбаяр нь жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс Туул голын гүүрээр гарч явсан хонь, ямаа, хурга нийлсэн 25 тооны малыг дайрч зам тээврийн осол гаргаж хохирлын хэмжээ хүрэхгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээний "Вэндо" ХХК уг 25 малыг 1.223.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд "Миг" даатгал ХХК-иас жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт 426.827 төгрөгийг надад төлсөн. Одоо үлдэх 796.173 төгрөгийг Г.Ууганбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ууганбаяр хариу тайлбартаа: Би Л.Чимгээгийн нэхэмжилсэн 796.173 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлд дурьдсан үйл баримтад маргаагүй, хариуцагч Г.Ууганбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч  бичгээр тайлбар ирүүлсэн./хх-19/

Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан.

Хариуцагч Г.Ууганбаярын “2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Туулын гүүрний хойд замд зам тээврийн осол гаргасны улмаас Л.Чимгээгийн эд хөрөнгөд 1.223.000 төгрөг хохирол учруулснаас 796.173 төгрөг төлөөгүй үйл баримттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” хүсэл зоригийн илэрхийлэлийн утга ойлгомжтой, тодорхой, түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч Г.Ууганбаярын “нэхэмжлэгч Л.Чимгээд эд хөрөнгөд учруулсан хохирол 796.173 төгрөг төлөх зөвшөөрөл”-ийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан  улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.,75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Бор овогт Ламжавын Чимгээ/РД:ИЖ71121701/ хариуцагч Боржигон овогт Ганхуягийн Ууганбаяр/РД:УЕ87052212/-аас эд хөрөнгөд учирсан хохирол 796.173  /долоон зуун ерэн зургаан мянга нэг зуун далан гурван/ төгрөг гаргуулахыг хариуцагч зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Л.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.658 /хорин гурван мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийг ХААН банкны 5749909359 тоот дансанд хэвээр үлдээж, уг данснаас 11.829 /арван нэгэн мянга найман зуун хорин ес/ төгрөгийг, хариуцагч Г.Ууганбаяраас 11.829 /арван нэгэн мянга найман зуун хорин ес/ төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгч Л.Чимгээд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч Г.Ууганбаяр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар  энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                                                ШҮҮГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ