| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00661/И |
| Дугаар | 102/ШШ2017/00786 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/00786
| 2017 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/00786 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4 дүгээр гудамж ..тоотод оршин суух, ШГ 43070378 регистртэй, Боржигон овогт Дамдингийн Шараагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 86А байрны 48 тоотод оршин суух, ШД …регистртэй, Боржигон овогт О.О-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13 280 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Оийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч 5 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлдэгч нь үүргээ гүйцэтгэхгүй явсаар барьцаанд байсан газрыг чөлөөлж өгөөд зээлийн гэрээг шинэчилж барьцаагүй зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй 8 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлдэгч О.О нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул нийт 13 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Шгаас 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг зээлж, зуслангийн газраа барьцаанд тавьсан. 2016 оны 02 дугаар сард 400 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үүнээс хойш зээлийн хүүгээ төлж чадаагүй бөгөөд Д.Ш нь дахин гэрээ байгуулахыг шаардсан болохоор урьд авсан 5 000 000 төгрөг дээр хүү алданги тооцож 8 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Иймд үндсэн зээл болох 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 280 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 8 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч О.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 280 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 280 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 8 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Шгийн нэхэмжлэлтэй, О.От холбогдох 13 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 280 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 8 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг төлбөрийн тал хувь болох 112,975 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох, мөн хариуцагчаас 71,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА