| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2022/0030/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/34 |
| Огноо | 2022-02-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Г.Баясгалан,
Шүүгдэгч Ж.Мөнгөнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 24 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Жаргалдоржийн Мөнгөнчимэгт холбогдох эрүүгийн 1907004690287 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, Азийн топ эхлэл ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Оюун ухааны музейн 07-105 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Хотгойд овогт Жаргалдоржийн Мөнгөнчимэг /РД:ЖГ86082264/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ж.Мөнгөнчимэг нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Н.Нэргүй, С.Ерболот, А.Рина нарт “танай хүүхдийг онцгой байдлын албанд аврагч, гал сөнөөгчийн курст оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас С.Ерболот, А.Рина нар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдчилгаа 500.000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Н.Нэргүй нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт мобайл банкаар үлдэгдэл 1.500.000 төгрөгийг шилжүүлж нийт 2.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Мөнгөнчимэгийн өгсөн: “...сургалтад суулгах хүүхдийн бичиг баримтыг 500.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд маргааш нь данс руу 1.500.000 төгрөг хийгээд би сургалтад суулгахаар өгсөн бичиг баримтыг нь өгөөгүй юм учир нь хаана яаж өгөх аргаа олоогүй байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирол төлсөн баримт /хх-ийн 166-167/, хохирогч Н.Нэргүй /хх-ийн 40-43/, С.Ерболот /хх-ийн 47-48/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтож түүнтэй 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тавихад зөвшөөрсөн. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, түүнийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ж.Мөнгөнчимэгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Мөнгөнчимэг нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Н.Нэргүй, С.Ерболот, А.Рина нарт “танай хүүхдийг онцгой байдлын албанд аврагч, гал сөнөөгчийн курст оруулж өгнө” гэх шалтгаанаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас С.Ерболот, А.Рина нар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдчилгаа 500.000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Н.Нэргүй нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт мобайл банкаар 1.500.000 төгрөгийг шилжүүлж, нийт хохирогч нараас 2.000.000 төгрөгийг залилж авсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.Мөнгөнчимэгийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сард Нэргүй эгч над руу залгаад Энхбат яриулсан юм өөртөө чинь уулзах гэсэн юм гэхээр нь тухайн үед би Баянгол дүүрэг хэддүгээр хороо гэдгийг нь сайн мэдэхгүй байна Богд ар хорооллын цайны газарт уулзаад хоорондоо ярилцаад сургалтад суулгах хүүхдийн бичиг баримтыг 500.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд маргааш нь данс руу 1.500.000 төгрөг хийгээд би сургалтад суулгахаар өгсөн бичиг баримтыг нь өгөөгүй юм учир нь хаана яаж өгөх аргаа олоогүй байсан...хүлээлтийн байдалтай байсаар байгаад сүүлдээ Нэргүй эгч цагдаад өргөдөл өгсөн...Би 2.000.000 төгрөг авснаас 500.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Одоо 1.500.000 төгрөг өгөх ёстой байгаа...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 147 дугаар тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.Нэргүйн өгсөн: “...манай гэр бүлийн найз болох С.Ерболот нь 2018 онд хүүхдээ ОБЕГ-т ажилд оруулмаар байна, чамд таних хүн байна уу гэж надаас асууж байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр миний фейсбүүк хаягт Болдбаатарын Энхбат гэсэн хаягаас “Онцгой байдлын албанд дуудлага хүлээн авагч, гал сөнөөгчөөр ажилд орох хүн байвал холбогдоорой” гэсэн мессеж чат ирсэн...Тэгэхээр нь би өөрийн найз С.Ерболотод, А.Рина хоёрын хамт Улаанбаатар хот ороод 88100532 дугаарын гар утсаар Жаргалдоржийн Мөнгөнчимэг гэх эмэгтэйтэй холбогдоод Баянгол дүүрэгт байрлах “ТБД-АНДУУД” дэлгүүрийн замын эсрэг талын 10А нэртэй байрны 1 давхарт уулзсан. Тэгэхэд “2 сая төгрөг бэлэн өг, хүүхдийн бичиг баримтуудыг нь одоо өгчих, сургалт эхлэх гэж байгаа, танай хүүхдийг сургалтад суулгаад төгсөхөөр нь ажилд оруулж өгчхөөд 1 сая төгрөг авна” гэж хэлсэн. Тэгээд бид гурав ярилцаад шууд бэлэн өгчих хоёр сая төгрөг байгаагүй болохоор мөнгө нийлүүлээд бэлэн гарсан 500.000 төгрөгийг Ж.Мөнгөнчимэгт бэлнээр өгөөд Ерболотын хүүхдийн хорооны оршин суугаа...баримт бичиг, 500.000 өгчхөөд маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үлдэгдэл мөнгийг нь би Ерболотын өмнөөс Ж.Мөнгөнчимэгт 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэрнээс хойш Ж.Мөнгөнчимэгтэй дахиж уулзаагүй. Гар утсаар нь Ж.Мөнгөнчимэгтэй холбогдож байгаад Ж.Мөнгөнчимэг огт сураггүй алга болохоор нь фейсбүүк чатаар надтай холбогдож над руу зар явуулсан Болдбаатарын Энхбатын гар утсаар нь холбогдож байгаад уулзсан чинь Б.Энхбат “би Ж.Мөнгөнчимэгтэй огт холбогдож чадахгүй байгаа, таны явуулсан мөнгөнөөс 500.000 төгрөгийг Ж.Мөнгөнчимэг надад өгсөн юм. Энэ мөнгийг буцаагаад танд өгье” гэж хэлээд 2 хувааж надад өгсөн...Хамгийн анх уулзаж 500.000 төгрөг өгөхөд би мөнгө гаргаагүй. С.Ерболот, эхнэр А.Ринатайгаа ярьж байгаад гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 40-43 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ерболотын өгсөн: “...Мөнгөнчимэг шууд уулзаад хүүхдийг чинь асуудалгүй Онцгой байдлын албаны курст оруулж өгнө гэж хэлээд бид гурваас эхлээд 2 сая төгрөг урьдчилгаанд өгчих курст оруулж өгсний дараа үлдэгдэл 1 сая төгрөгийг авна гэж хэлэхээр нь бид 3 нийлээд 500.000 төгрөгөө эхлээд урьдчилгаанд өгсөн. Дараа нь үлдэгдэл 1.5 сая төгрөгийг өнөө маргаашийн дотор өг гэж хэлэхээр нь тухайн үед эхнэр бид хоёрт мөнгө байгаагүй болохоор найз болох Нэргүйгээс 1.5 сая төгрөг зээлэхээр тохиролцсон юм. Мөнгөнчимэгийн хэлсэн мөнгийг уулзсан өдрийн маргааш нь манай найз Нэргүй Налайх дүүрэгт ирээд өөрийн данснаасаа шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлснээс хойш Мөнгөнчимэг манай хүүхдийг курст оруулж өгөөгүй ор сураггүй алга болсон. Тэгээд олдохгүй болохоор нь Нэргүй цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 48 дугаар тал/
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.Ринагийн өгсөн: “2019 оны 01 сард өдрийг санахгүй байн...Мөнгөнчимэг гэх эмэгтэй манай том хүүхдийг Онцгой байдлын албаны 3 сарын курст сургаад ажилд оруулж өгнө, эхний удаа курст оруулж өгөхөд 2 сая төгрөг хэрэг болдог юм гэж хэлээд 2 сая төгрөг байхгүй байсан болохоор эхний удаа бид 3 байгаа мөнгөө нийлүүлээд 500.000 төгрөг өгсөн юм. Мөнгөнчимэг үлдэгдэл 1.5 сая төгрөгийг ойрын хугацаанд өнөө маргаашийн дотор өгчихвөл сайн байна гэж хэлэхээр нь нөхөр бид хоёрт мөнгө байхгүй байсан болохоор найз Нэргүйгээс мөнгө зээлээд өгөх болохоор хоорондоо тохиролцоод Мөнгөнчимэгээс салж явсан юм. Маргааш нь манай найз Нэргүй өөрийнхөө данснаас Мөнгөнчимэг гэх эмэгтэй рүү мөнгө шилжүүлээд хүүхдээ курст явуулах болсон чинь Мөнгөнчимэг бид нараас мөнгө авчхаад олдохгүй, манай хүүхдийг сургуульд оруулж өгөхгүй болохоор нь бид нар цагдаад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 53 дугаар тал/
5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Энхбатын өгсөн: “...би өөрийн танил Мөнгөнчимэгтэй фейсбүүк чатаар харилцаад “Онцгой байдлын ерөнхий газарт хүүхэд оруулж өгч чадах уу, их дээд сургууль төгсөөгүй хүүхэд байна” гэж хэлэхэд “Онцгой байдлын ерөнхий газарт аврагчаар юм уу, дуудлага хүлээн авагчаар оруулах боломжтой” гэж надад хэлсэн...Гэвч миний хүргэн дүү Бат-Эрдэнэ нь Солонгос улс руу явахаар болоод больсон. Тэгэхээр нь би өөрийн фейсбүүк хаягийн мессеж чатаар хүмүүст “Онцгой байдлын ерөнхий газарт дуудлага хүлээн авагч юм уу гал сөнөөгчөөр ажилд орох хүсэлтэй хүмүүс холбогдоно уу” гэж зар тараасан. Үүний дагуу Налайх дүүрэгт оршин суух Н.Нэргүй гэх эмэгтэй надтай холбогдоод “хүүхэд оруулмаар байна” гэж чат бичихээр нь би холбогдоод Ж.Мөнгөнчимэгийн дугаарыг өгсөн. Н.Нэргүй, Ж.Мөнгөнчимэг нар өөрсдөө Улаанбаатар хотод биечлэн мөнгө төгрөг, бичиг баримтаа өгсөн гэсэн...Н.Нэргүй гэдэг хүний өгсөн мөнгөнөөс Ж.Мөнгөнчимэг надад 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр 500.000 төгрөг өгсөн...Ж.Мөнгөнчимэг ярьсан хүүхдийг нь курст оруулж өгч чадахгүй Н.Нэргүй гэдэг хүн надаас мөнгө нэхээд байхаар нь би Н.Нэргүйд 500.000 төгрөг буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 68-69 дүгээр тал/
6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 81 дүгээр тал/
7. Шүүгдэгч Ж.Мөнгөнчимэгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 77-90, 92-98, 112-118 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ж.Мөнгөнчимэг нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, хохирогч Н.Нэргүй, С.Ерболот нарыг залилсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ж.Мөнгөнчимэгийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.Мөнгөнчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.Мөнгөнчимэгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Нэргүй, С.Ерболот нар нь “...2.000.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Ж.Мөнгөнчимэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Ж.Мөнгөнчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хялбаршуулсан журмаар прокурортой тохиролцсон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Мөнгөнчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотгойд овогт Жаргалдоржийн Мөнгөнчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнгөнчимэгт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Мөнгөнчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнгөнчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ