Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 338

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Д

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “...олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м2 газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож 1702,2 м2 газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах.

НЗД-ын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “К Ц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ё.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ж.Д миний бие танай шүүхэд “...НЗД-д газар эзэмших гэрчилгээ гаргуулахыг даалгаж өгнө үү“ гэсэн нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар нэмж тодруулж байна.

Би 1996 онд тухайн үеийн Иргэний хамгаалалтын сургалт арга зүйн төв гэдэг байгууллагаас жижиг оврын барилгыг, “М э И” ХК-аас 161 м.кв агуулахын барилгыг тус тус худалдаж авсан ба дээрхи байгууллагуудаас ЧД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг үл хөдлөх хөрөнгүүдийг надад өмчлүүлэхээр шилжүүлсэн. Олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгө байрлах 1702,2 м2 газрыг эзэмшихийг хүсч НЗД-д удаа дараа хүсэлт өгсөн боловч шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгохыг хүсэж шаардлага гаргаж байна.

            НЗД-ын дээрхи эс үйлдэхүйг тогтоолгосны үндсэн дээр ЧД 12 хорооны нутагт Нарантуул-2 зах, Цагдаагийн 5 дугаар хэлтсийн дунд миний 1990 оноос хойш гуанз, бараа хадгалах үйлчилгээний барилга бүхий 1702,2 м.кв газрыг эзэмшүүлж, холбогдох гэрээг байгуулан газар эзэмших гэрчилгээг олгож өгөхийг даалгуулах шаардлага гаргаж байна.

            Ингэснээр миний үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж
баталгаажуулах, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газраа хуулийн дагуу эзэмших эрхээ баталгаажуулж, орц гарцны асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй болж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримт гаргуулахад НЗД-ын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаартай захирамжаар “К Ц” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлжээ. Гэтэл уг газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай газар эзэмшигч “БГС” ХХК нь тухайн үеийн Нийслэлийн газрын харилцаа, Хот байгуулалтын газарт хүсэлт гаргаагүй байх ба харин “К Ц” ХХК-наас Нийслэлийн газрын харилдаа, Хот байгуулалтын газарг 2375 метр квадрат газар шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлг гаргасан байхад 2550 м2 газрыг шилжүүлж эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан нь илт хууль бус болжээ.

Иймд НЗД-ын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаартай захирамжийн “К Ц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ж.Д-ийн нэхэмжлэл гаргасан маргаан бүхий газар нь НЗД-ын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжаар 2550 м.кв газрыг “БГС” ХХК-д 4 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд НЗД-ын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар “К Ц" ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.

Иргэн Ж.Д-ийн маргаан бүхий газар дээр нийслэл болон дүүргийн Засаг даргын ямар нэгэн шийдвэр байхгүй, бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн кадастрын зураг байхгүй, тухайн барилга нь Эд хөрөнгийн эрхийн улсын буртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж заасаны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй иргэн Ж.Д-ийн өмч болох нь Иргоогдохгүй байгаа мөн захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ."Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд тухайн иргэн Ж.Д нь НГЗБ-ын албанд хандаж газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй нь эс үйлдэхүйг даалгах нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй байна.

“К Ц” ХХК-ийн эзэмшиж буй газрыг НЗД-ын 2002 оны 180 дугаар захирамжаар ЧД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2550 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар “БГС” ХХК-д 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон байна.

НЗД-ын 2003 оны 283 дугаар захирамжаар ЧД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус газрын эзэмших эрхийг “К Ц” ХХК-д эзэмшүүлэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон...Бид үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд тухайн үл хөдлөх хөрөнгийн баталгаажсан гэрчилгээ, эсхүл шүүхийн шийдвэр шаардлагатай учраас үүнийгээ бидэнд өгөөч ээ гэдэг шаардлагыг Ж.Д гуайд хэлдэг. Энэ баримтаа авч ирсний дараа объектынхоо харгалзах газраа шийдвэрлүүлсний үндсэн дээр орц, гарцын асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэсэн ойлгомжтой хариу тайлбаруудыг өгч байсан.

Түүнчлэн нэмэгдүүлсэн шаардлагаар захиргааны актыг илт хууль бусад топгоолгох гэж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан 7 тохиолдлын алинд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд “К Ц” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “К Ц” ХХК-ний эзэмшлийн Улаанбаатар хот, ЧД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэр “Б” гэх нэртэй газарт байршилтай 2682 м.кв талбай бүхий газар анх НЗД 2002 оны 180 дугаар захирамжаар “БГС” ХХК-д үүссэн. Улмаар НЗД-ын 2003 оны 283 дугаар захирамжаар эзэмших эрхийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авч, Өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж, үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...“газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг...” гээд 27 дугаар зүйлийн 27.1-д “...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж заасны дагуу газрыг эзэмшиж зориулалтын дагуу ашигласаар ирсэн.

НЗД 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/530 дугаар захирамжийн дагуу Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000002372 тоот гэрчилгээг дахин авч, Улаанбаатар хот, ЧД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэр “Б” гэх нэртэй газарт 2682 м.кв талбай бүхий газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхээ баталгаажуулж нэгж талбарын 1501711467 дугаартай кадастрьга зураглал хийлгэж, эрхийн улсын бүртгэлийн Э-2202000985 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан.

“К Ц” ХХК нь иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрчилгээ, гэрээ байгуулсаны дагуу гэрээнд заасан үнийн дүнгээр газрын улирал бүрийн жил бүрийн газрын төлбөрийг тогтмол төлж гэрээнд заасан үүргээ биелүүлсээр ирсэн.

Гэтэл газар эзэмших эрхийг авсанаас хойш манай эзэмшил газраар дамжин өнгөрдөг байсан Ж.Д нь шүүхэд манай эзэмшлийн газраас хасалт хийлгэж өөрийн нэр дээрх газаргаа нэмж захирамж гаргуулах утга бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны ыгүүхэд гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж хөндөгдөх үйл явдал манай компанийн газар эзэмших эрхээс улбаатай гэх нөхцөл байдал үгүй байна.

“К Ц” ХХК-ийн газар нь Нарантуул-2 гэх худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд байршилтай анх уг газрын эзэмших эрхийг авахад л энэ байршилд байсан, ямар нэгэн байдлаар газрын байршлын хэмжээг өөрчлөөгүй болно.

Маргаан үүсгэж буй Ж.Д-ийн газар нь манай компанийн эзэмшил газрын залгаа, түүний урд талд ЧД-ийн цагдаагийн хэлтэс, хойд хэсгээр Нарантуул-2 худалдааны төв байршиж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл баруун болон баруун урд хэсэгт нь байршилтай газар эзэмшдэг манай компанитай маргаж, эзэмшил газраас цуцлуулах шийдвэр гаргуулах гээд байгаа нь үндэслэлгүй.

Одоо бодит байдал дээр 1702 м.кв газрыг олгох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ газрыг Ж.Д гуай эзэмших эрхтэй байсан уу гэдэг асуудал яригдана. Эзэмших эрхтэй холбоотой болон газрын асуудлыг дурдсан хэлэлцэж тохиролцсон баримт байдаггүй, 161 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн нэр дээр 1997 онд хэлцэл хийж шилжсэн, 1702 м.кв газрыг нэхэмжлэгчид олгохгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүй байхгүй байна...н.О-ын хувьцааг нь эзэмшдэг  “БГС” ХХК-ийн нэр дээр цагаан гэрчилгээ гарсан. “БГС” ХХК нь одоо “К Ц” ХХК болчхоод байгаа. Нэхэмжлэгч 161 м.кв барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авах ёстой байсан боловч аваагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр маргаад байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу татгалзах,  үндэслэлгүй гэж үзвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.Д тус шүүхэд хандаж “...олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м2 газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож 1702,2 м2 газрыг эзэмшүүлж гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад НЗД-ын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “К Ц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Нэг. “...Олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м2 газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа НЗД-ын эс үйлдэхүйг “хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухай:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл МУШУБЯ-ны харьяа Иргэний хамгаалалтын сургалт арга зүйн төвийн захирлын 1996 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 76 дугаар бүхий “Барилгын тухай” албан бичигт “ ...жижиг оврын барилгыг зориулалтаар нь ашиглах боломжгүй тул иргэн Ж.Д-д 350 000 төгрөгөөр худалдсан нь үнэн болно” гэж тодорхойлсон, 1996 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон “Түрээслэгч О.О, Ж.Д нарын хооронд тохиролцсон хэлцэл”-д “...400 м2 талбай бүхий барилгын хэсгийг түрээслэгч О-д худалдаж 5704000 төгрөг, 161 м2 талбай бүхий хэсгийг Ж.Д-д худалдаж төлбөрт 2296000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиров, хойшид эдгээр хүмүүсийн байр болон үндсэн хөрөнгө нь тус тусын эзэмшил хөрөнгө болно” гэж тэмдэглэсэн, 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “БГС” ХХК-ийн захирал О.О-с Нийслэлийн газрын харилцаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд хүсэлт гаргаж...0,2 га газрыг “БГС” ХХК эзэмшиж байна, өөрийн эзэмшиж буй барилгаас 161 м2 талбай бүхий агуулахын барилгыг Ж.Д болон компанид шилжүүлэн өгөх...газар эзэмших гэрээг тус тусад нь салган хийж барилгыг харгалзах газартай нь баталгаажуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан, 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “БГС” ХХК-д ЧД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 400 м2 8000 000 төгрөгийн үнэ бүхий агуулахын зориулалттай нэг давхар барилгын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон, НЗД-ын 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг үндэслэн тус компанид ЧД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2375 м2 газар эзэмшүүлэх эрхийн 5770018 дугаар гэрчилгээ олгож, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, 2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг үндэслэн “БГС” ХХК-д ЧД-ийн 12 дугаар хороонд 2550 м2 газрыг 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж гэрчилгээ олгогджээ. 

Түүнчлэн 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “БГС” ХХК нь нэрээ өөрчилж “К Ц” ХХК-г шинээр улсын бүртгэлд бүртгүүлснээр 2002 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “К Ц” ХХК-иас НГХХБГ-т “газар ашиглах эрхийг шилжүүлэх тухай” хүсэлт гаргасныг үндэслэн НЗД-ын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн хавсралтаар “К Ц” ХХК-д хүсэлт гаргасан 2550 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, НЗД-ын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/530 дугаар захирамжийг үндэслэн тухайн барйшилд худалдаа нийтийн үйлчилгээний газар зориулалтаар 2682 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулсан үйл баримтууд тус тус тогтоогдов.

Нэхэмжлэгч Ж.Д-д ЧД-ийн газрын албаны дарга Э.Б-аас 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09/38 дугаар албан бичгээр “...“К Ц” ХХК-д НЗД-ын 2003 оны 283 дугаар захирамжаар 2550 м2 газрыг эзэмшүүлсэн...” тухай хариу, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр НГАД Э.Б-аас 3/200 дугаар албан бичгээр “...газартай холбоотой асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх”-ийг мэдэгдсэн, мөн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01-06/125 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...газар эзэмших эрх баталгаажуулах...хүсэлтийг судалж үзлээ...161 м2 үл хөдлөх эд хөрөнгийг Таны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон талаархи баримтуудыг ирүүлсэн байна...иймд тус барилгын хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгосноор газар эзэмших эрхийг батагаажуулах, орц гарц гаргах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой”-г мэдэгджээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн газар дээр орших хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч мөн болохоо тогтоолгоогүй, энэ талаар шүүхэд хандаж байгаагүйн дээр нэхэмжлэгч Ж.Д-ийн гаргасан гомдол хүсэлтэд эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас хуульд заасан журмын дагуу, удаа дараа хариу өгч, шүүхэд хандахыг мэдэгдэж байсан нь тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллагыг 10 жилийн хугацаанд тасралтгүй эс үйлдэхүй гаргаж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд хуулийн энэ заалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага эс үйлдэхүй гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэлт, гомдолд хариуцагчаас хуульд заасан хугацааны дотор хариу өгсөн, тухайн шийдвэрт холбогдуулж нэхэмжлэгчээс шүүхэд хандаагүй тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч Ж.Д-аас гаргасан “...1702,2 м2 газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Хоёр. НЗД-ын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн хавсралтын “К Ц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

НЗД-ын 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг үндэслэн ЧД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2375 м2 газар эзэмшүүлэх эрхийн 5770018 дугаар гэрчилгээ олгож, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулснаар БГС /К Ц/ ХХК-д анх газар эзэмших эрх үүссэн, нэхэмжлэгч дээрхи захирамжтай маргаагүй, энэ тохиолдолд НЗД-ын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн хавсралтаар “К Ц” ХХК-д хүсэлт гаргасан 2550 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүйн дээр НЗД-ын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/530 дугаар захирамжийг үндэслэн тухайн байршилд худалдаа нийтийн үйлчилгээний газар зориулалтаар 2682 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг захирамж одоо хүчин төгөлдөр байна.

НЗД-ын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-д заасныг үндэслэн хавсралтаар “К Ц” ХХК-д, хүсэлт гаргасан ЧД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 2550 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6-д зааснаар эрхгүй этгээдийн хүсэлтээр шийдвэрлэсэн, нөгөө талаар хүсэлт гаргаагүй байхад газар нэмж олгосон нь илт хууль бус” гэж тодорхойлон, хариуцагч “...илт хууль бус биш” гэж, гуравдагч этгээд “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж  маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус байхаар тус тус заасан, тухайн тохиолдолд 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “БГС” ХХК нь нэрээ өөрчилж “К Ц” ХХК-г шинээр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул  “К Ц” ХХК-иас хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүйн дээр “К Ц” ХХК нь НЗД-ын 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар үүссэн газар эзэмших эрхээ баталгаажуулахаар гаргасан хүсэлт, түүнийг үндэслэн гарсан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, дээр дурдсан үндэслэлүүд нь НЗД-ын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэл биш гэж шүүх дүгнэв.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-д НЗД  “...хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны актыг хариуцагч хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд гаргасан, нэхэмжлэгч Ж.Д нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч биш, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд мөн гэдэг нь тогтоогдоогүй, хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09/38 дугаар албан бичгээр “...“К Ц” ХХК-д НЗД-ын 2003 оны 283 дугаар захирамжаар 2550 м2 газрыг эзэмшүүлсэн...” гэж мэдэгдсэн байхад шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахаар маргаагүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр НЗД-ын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг газар эзэмших хүсэлт гаргахаас өмнө нэхэмжлэгчийн маргаж буй газрыг эзэмших эрх “К Ц” ХХК-д түрүүлж үүссэнээр уг газрын хууль ёсны эзэмшигч болсон байх тул гуравдагч этгээдийн хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан шаардлага тавигдахгүйн дээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл хамаарахгүй.

 Иймд НЗД-ын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн хавсралтын “К Ц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Гурав. НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож 1702,2 м2 газрыг эзэмшүүлж гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “...захиргааны акт... гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заажээ.

Шүүх энэ шийдвэрээр хариуцагч НЗД-аас тасралтгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх, улмаар нэхэмжлэгч Ж.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлгүй талаар дүгнэсэн тул хариуцагч НЗД-д 1702,2 м2 газрыг иргэн Ж.Д-д эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 1702,2 м2 газрын тодорхой хэсгийг, өөрөө худалдан авч одоо шударгаар эзэмшиж буй үл хөдлөх эд хөрөнгийн суурийн газар, үлдэх хэсгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн орчны газар гэж тодорхойлж байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх, ийнхүү шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших хүсэлтээ эрх бүхий захиргааны байгууллагад гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Ж.Д-аас гаргасан “...олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м2 газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож 1702,2 м2 газрыг эзэмшүүлж гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах, НЗД-ын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “К Ц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧН.ДУЛАМСҮРЭН