Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0435

 

 

2015 оны 9 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/435

Улаанбаатар хот

 

 

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ч.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 414 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Г.Сэлэнгэ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Европын сэргээн босголт, хөгжлийн банктай холбоотой илүү төлсөн татвар, түүний алдангийн хэмжээг тогтоосон захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ч.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Татварын улсын байцаагчийн буруугаас татварыг үндэслэлгүй, илүү хураагдсан гэдэг дээр санал нийлэхгүй. Тухайн тайланг буруу хийсэн бол татвар төлөгч өөрөө залруулах үүрэгтэй. 137 сая төгрөгийн татварыг суутган тооцохыг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 414 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 18 дугаар зүйлийн 18.1.6, 59 дүгээр зүйлийн 59.1.3, 60 дугаар зүйлийн 60.3.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасныг тус тус баримтлан Европын сэргээн босголт, хөгжлийн банктай холбоотойгоор Г ХК-ийн илүү төлсөн татвар, түүний алдангийн хэмжээг тогтоосон захиргааны акт гаргахыг Татварын ерөнхий газарт даалгах шаардлага бүхий Г ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц давж заалдах гомдолдоо: ...Бид өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Европын сэргээн босголт хөгжлийн банктай Зээлийн гэрээ-г байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Тухайн үед 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 04/32 тоот албан хүсэлтээр зээлийн хүүгийн шилжүүлгэнд татвар ногдуулах нь зөв эсэх талаар зөвлөгөө хүсэхэд хүсэлтийн хариу болох Татварын ерөнхий газрын 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 8/386 тоот албан бичигтэй Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хоорондын конвенцийн 11 дүгээр зүйлийн 3-д заасан хэмжээгээр татвар ногдуулна гэсэн хариуг өгснөөр бид төлөх ёсгүй татварыг төлж ирсэн.

Гэтэл шүүхээс Татварын ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтуудыг татварын алба, татварын улсын байцаагчийн илт хууль бус үйл ажиллагааны улмаас төсөвт үндэслэлгүй хураасан татвар, энэ үйлдэл нь албадлагын шинжийг агуулсан байна гэж буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрээс харахад маргаантай холбоотой Татварын албаны үйл ажиллагааг Татварын ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-д татварын алба, татварын улсын байцаагчийн бусад шийдвэрээр үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгийн дүн гэсэн заалтын бусад шийдвэрт хамааруулсан боловч үүнийг албадлагын шинжтэй үйл ажиллагаагаар явагдах ёстой гэж үзсэн.

Гэвч татварын албаны энэхүү үйлдэл нь мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-д заасан үйлдэл боловч мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан алданги тооцох хариуцлагаас чөлөөлөгдөх учиргүй гэж үзэж байна. Учир нь: Татварыг зөвхөн Улсын Их хурлаас бий болгох, өөрчлөх, хүчингүй болгодог. Ингэж татварыг хуулиар тогтоож өгдөг нь Татвар өөрөө заавал төлөгдөх, хураалгах буюу татвар төлөгчөөс заавал авах үүрэг хүлээлгэсэн албадлагын шинжтэй байдаг. Манай компани сайн дурын даатгалыг төлсөн бол Татварын алба хураасан гэж маргахгүй байсан. 7 хувиар хүүгийн орлогод тооцож төлсөн татвар нь Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар бөгөөд улсын төсөвт төлсөн хөрөнгө нь банкнаас бус манайхаас гарсан хөрөнгө юм.

Шүүхээс татварын албаны хууль бус үйлдлийг тухайн үед татвар төлөгч мэдэж байсан байх шаардлагатай гэж үзсэн. Татвар төлөгч нь татвараа татварын албанаас гаргасан тайлангийн маягт, загварын дагуу үнэн зөв тодорхойлдог бөгөөд Татварын алба нь тайланг хүлээн аваад үнэн зөв, хуульд нийцсэн эсэхийг хянан шалгах үүрэгтэй. Үүний дагуу бид улирал тутам тайлангаа өгч татварын албаны нэг цэгийн байцаагч тайлан хүлээж аваад хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл Татварын алба, Татварын байцаагч аль аль нь бүх шатандаа татвар хураахгүй гэдгийг мэдсээр байж илүү татвар хурааж ирсэн мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл, татварын тайлангийн үнэн зөв эсэхэд хяналт тавих үүрэг нь Татварын албанд байдаг бөгөөд Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д зааснаар Татварын алба, татварын улсын байцаагч нь тайланг хүлээн авахдаа 46.4.3 тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож тодорхойлсон эсэх талаар хянаж нягтлах, 47 дугаар зүйлийн 47.1-д заасан Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана гэсэн үүргүүдийг татварыг алба, улсын байцаагч бүрэн биелүүлээгүй, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан татвар төлөгчид үйлчлэх үүргээ биелүүлээгүй зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Мөн шүүхийн шийдвэрт хариуцагчийн хүлээн зөвшөөрлийг баталсан хэрнээ шийдвэрийг биелүүлэх арга, журмыг бүрэн тодорхойлоогүй. Учир нь, Татварын алба нь буцаан олгох мөнгөн хөрөнгийг төлөхгүй тохиолдолд албадан биелүүлэх, иргэний журмаар нэхэмжилж болох зэрэг арга замыг тодорхойлоогүй байна. Иймд, дээрх гомдлыг хүлээн авч, хэргийн бүхэлд нь хянан үзэж, Татварын ерөнхий газарт Г ХК-ийн илүү төлсөн татварыг буцаан олгуулах болон тус татварт алданги тооцсон захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр гаргуулах хүсэлтэй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар уг захиргааны хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г ХК нь Татварын ерөнхий газарт холбогдуулан Европын сэргээн босголт, хөгжлийн банктай холбоотойгоор Г ХК-ийн илүү төлсөн татвар, түүний алдангийн хэмжээг тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/1521 дугаар албан бичгээр Х.А, Ч.С нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.1-27.2.8 дахь хэсэгт заасан төлөөлөгчийн эрхийг бүрэн олгосон тухай итгэмжлэлийг анхан шатны шүүхэд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирүүлжээ.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ч.С нар нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Г ХК нь давхар татварын гэрээний дагуу 7 хувийн суутган тооцох, татвар болох 137.340.037.58 төгрөгийн илүү төлөлтийг хүлээн зөвшөөрч байна гэж хүсэлтээ илэрхийлснээс үзэхэд хариуцагч Татварын ерөнхий газар нь нэхэмжлэгчийн Европын сэргээн босголт, хөгжлийн банктай холбоотойгоор Г ХК-ийн илүү төлсөн татвар тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Г ХК-ийн илүү төлсөн 137.340.037.58 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн Европын сэргээн босголт, хөгжлийн банктай холбоотойгоор Г ХК-ийн илүү төлсөн татвар тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн хэдий ч нэхэмжлэгч хуулийн этгээдийн илүү төлсөн татвар болох 137.340.037.58 төгрөгт тооцох алдангийн хэмжээг тогтоосон захиргааны акт гаргахыг хариуцагчид шүүхээс даалгах боломжгүй юм.

Г ХК-иас Манай компани нь Англи улсын Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээл авсан. Гэрээнд зээл авахтай холбоотой зардлыг зээл авагч тал нь хариуцна гэсний дагуу хуулийн үйлчилгээний зардлыг төлсөн... Мөн зээлийн хүү шилжүүлэх үед орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Засгийн газар хоорондын конвенцийн 11 дүгээр зүйлийн 3-д заасан хэмжээгээр ногдуулах нь зөв үү. Үүнд хуулийн тайлбар хийж өгнө үү гэсэн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Зөвлөгөө хүсэх тухай 04/32 дугаар албан бичгийг Татварын ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтэст хүргүүлжээ.

Татварын ерөнхий газрын 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 8/386 дугаар албан бичгээр Танай компани Англи улсын банкнаас авсан зээлийн хүүгээ шилжүүлэхэд Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хоорондын конвенцийн 11 дүгээр зүйлийн 3-д заасан хэмжээгээр татвар ногдуулна гэж дээрх албан бичгийн хариуг хүргүүлсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах гэж татвар төлөгчийн эрхийг заасан хэдий ч хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт алданги тооцно гэж заажээ.

Иймээс эдгээр дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээс үзэхэд Г ХК нь 137.340.037.58 төгрөгийн татварын илүү төлөлт хийсэн татварыг татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаас үндэслэлгүй, илүү хураасан татвар гэж шууд үзэх боломжгүй бөгөөд уг илүү төлсөн татварт алданги тооцох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Европын сэргээн босголт, хөгжлийн банктай холбоотойгоор Г ХК-ийн илүү төлсөн татвар хэмжээг тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах шаардлагыг өөр, өөр байдлаар шийдвэрлэснийг зөвтгөсөн өөрчлөлтийг хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 414 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг ...Европын сэргээн босголт, хөгжлийн банктай холбоотой Г ХК-ийн илүү төлсөн татварт алдангийн хэмжээг тогтоосон захиргааны акт гаргахыг Татварыг ерөнхий газарт даалгах шаардлага бүхий Г ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР