Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 68

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ж.Долгормаа, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Б.Ичинхорол

Иргэдийн төлөөлөгч Ж.Уранчимэг              

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Хохирогч Э.Бадрал

Гэрч Б.Алтантуул, Б.Шинэтулга, Э.Бадамсүрэн, Э.Батсүх

Шүүгдэгч Т.Ганзориг нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баацагаан овогт Төмөрсүхийн Ганзоригт холбогдох эрүүгийн 201611000079 дугаартай хэргийг 2016 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Хар байрны 1-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Баацагаан овогт Төмөрсүхийн Ганзориг /РД: ЖЮ 86071934/

Шүүгдэгч  Баацагаан овогт Төмөрсүхийн Ганзориг нь  2016 оны 02 сарын 09-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 14-08 тоотод иргэн Э.Бадралтай  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хэвлийн тус газарт  нь  хутгалж   бие  махбодид  нь  хүнд  зэргийн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Баацагаан овогт Төмөрсүхийн Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын 09-ний өдөр Батсүхийнд Алтантуул, Мөнх-Эрдэнэ, Шинээ бид хэд цай уух гэж очсон. Батсүхийнд очоод байхад гаднаас Бадрал согтуу орж ирээд та нар хаана ирчихээд айлд танхайраад байна гэж агсраад байсан. Тэгээд Алтантуулыг ална гээд хутга аваад дайраад байсан. Би Бадралтай ноцолдоод хутгыг нь салгаж аваад хөргөгчин дээр тавиад гарсан. Би Бадралын шуунаас нь бариад хутгыг нь салгаж авсан.Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Би Бадралыг хутгалаагүй. Гэрт гэрэл унтарсан гээд байна, гэрэл унтраагүй гэв.

Хохирогч Энхболдын Бадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би орой Батсүхийнд орсон. Намайг гэрт ороход Ганзориг, Алтантуул, Мөнх-Эрдэнэ, Шинээ нар ирчихсэн гэрийн идээ, будааг нь буулгаад унийг нь хугалсан байсан. Тэгээд би их уурласан. Би тухайн үед Алтантуултай маргалдсан нь үнэн. Норкозтой хүнд хагалгаанд орсон учраас би зарим зүйлийг мартаад байна. Алтантуултай маргалдаж, унагаасан нь үнэн. Гэрт ороод маргалдсан. Гэрэл унтарсан нь үнэн. Би тухайн үед Алтантуул, Ганзориг нарт утсаа өгчих, түргэн дуудаад өгье гэхэд энэ хэд утсаа өгөөгүй.  Гэрэл унтарсан үед намайг Ганзориг хэвлийн доод хэсэгт хутгалсан. Би бусад хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Гэрт маргалдсан зүйл нь манай дүүг Алтантуул загнаад байсан. Би тухайн үед ухаан алдсан байсан. Үүрээр ухаан ороод хутгалуулснаа мэдээд түргэн дуудсан. Эмчилгээний зардалд 817290 төгрөгний баримт өгсөн. Биеийн эрүүл мэнд муу байгаа учраас Ганзоригоос эмчилгээний зардлаас гадна 3 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Энхболдын Бадрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би 2016 оны 02 сарын 09-ний өдөр Батсүхийн гэрт ороход Ганзориг, Алтантуул, Мөнх-Эрдэнэ, Шинээ, манай дүү Батсүх нар байсан. Тэгээд би гэр дотор орсон чинь тэд нар архи уучихсан гэр үймүүлчихсэн байхаар нь би тэд нарт хандаж гэр сандаалаа гэж хэлээд маргалдсан. Тэгээд би Бадамсүрэнтэй хамт дэлгүүр орж 0,5 граммын архи худалдаж аваад Батсүхийн гэрт тэд нартай хувааж уусан. Тэгээд Алтантуул, Ганзориг, Мөнх-Эрдэнэ, Шинээ нар гадагш гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад тэр хэд рүү очиход Алтантуул надад агсам тавиад өөрөө газар уначихаад намайг газар унагаасан гээд дайраад байсан. Тэгээд Ганзориг, Алтантуулыг өмөөрөөд намайг нэг удаа гараараа мангасдахаар нь би буцаад Батсүхийн гэр рүү нь орсон чинь миний араас Ганзориг, Алтантуул хоёр орж ирээд Алтантуул над руу дайраад байхаар нь би Алтантуулыг айлгах гээд хөргөгчин дотор байсан никель оруулгатай хар иштэй хутгыг аваад Алтантуул руу далайсан чинь урдуур Ганзориг орж ирээд надтай зууралдахаар нь би хутгыг хөргөгчин дээр буцаагаад тавьсан. Тэгэхэд гэрийн гэрэл хальт унтрах шиг болоход Ганзориг намайг хутгалчихаад гараад явсан" гэжээ. /хх-ийн 34-37/

Гэрч Баярсайханы Алтантуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хэд цагаан сараар Батсүхийн гэрт байхад Бадрал гаднаас согтуу орж ирээд намайг янхан, гичий гэж дуудаад байсан. Би айсандаа цагдаа дуудах гээд гарах гэтэл Бадрал ах намайг гаргаагүй. Тэгээд гэрээс гараад Бадрал ах надаас архины 2000 төгрөг нэхсэн. Байхгүй гэтэл намайг тонгорч унагасан. Дахин гэрт ороод Бадрал ах хутга бариад надруу дайрахад Ганзориг миний урдуур орж Бадралаас хутгыг нь булаан авч намайг аваад гэрээс гарсан. Ганзориг Бадралыг хутгалаагүй гэдгийг би гэрчилж байна гэв.

Гэрч Баярсайханы Алтантуул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...2016 оны 02 сарын 09-ний өдөр Ялалтын 14-08 тоотод Батсүхийн гэрт нь нөхөр Ганзориг, Шинэтулга, Мөнх-Эрдэнэ нартай хамт очсон. Тэгээд 19 цаг өнгөрч байхад Батсүхийн ах Бадрал гаднаас орж ирээд сууж байгаад надаас 2000 төгрөг байвал өгчих хэдүүлээ ганц шил архи аваад уучихъя гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлээд Батсүхийн гэрээс Мөнх-Эрдэнэ, Шинэтулга, Ганзориг бид нар гараад гэр лүүгээ харих гээд зүүн талынх нь айлын хашааны баруун урд талд явж байхад Бадрал ах бид нарын араас гарч ирээд надтай маргалдаж байгаад Бадрал ах Батсүхийн  гэр лүү нь орсон. Би нөхөр Ганзоригтой хамт араас нь гэр лүү нь орсон. Мөнх-Эрдэнэ, Шинэтулга хоёр Батсүхийн гэрийнх нь гадаа үлдсэн. Тэгээд гэрт байхад Бадрал ах хөргөгчин дотроос хутга аваад намайг ална гээд дайрахаар нь манай нөхөр Ганзориг миний урдуур ороод Бадрал ахтай гэрийн баруун хэсэгт нь зууралдаад хутгыг нь авах гээд байсан. Тэгэхэд хаалгаар намайг Шинэтулга хойшоо татаж гаргасан" гэжээ. /хх-ийн 41-43/

Гэрч Баатарчулууны Шинэтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр Алтантуул над руу залгаад бид хэд Батсүхийн гэрт очсон. Ингээд байж байтал Батсүхийн гэрт Бадрал орж ирээд бидэнтэй муудалцсан. Би тэндээс Алтантуулыг авч гарсан. Би хутганы талаар мэдэхгүй. Гэр дотор Ганзориг, Бадрал хоёр ноцолдоод байсан гэв.

Гэрч Баатарчулууны Шинэтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Алтантуул, Бадрал ахтай маргалдаад байсан. Бадрал ах буцаад Батсүхийн гэрт орсон. Араас нь Ганзориг, Алтантуул хоёр Батсүхийн гэр рүү нь орсон. Мөнх-Эрдэнэ бид хоёр гэрийнх нь гадаа зогсож байгаад дотогш орох гээд хаалга онгойлгоход Бадрал ах хутга барьчихсан Алтантуулыг ална гээд дайраад байхаар нь Ганзориг Алтантуулыг өмөөрөөд Бадрал ахын хутгыг булааж авах гээд зууралдаад байсан" гэжээ.  /хх-ийн 46-47/

Гэрч Эрдэнэтуяагийн Бадамсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхлээд Ганзориг манай нөхөртэй муудалцаад манай гэрийн идээ, будааг нураасан. Тэр үед гаднаас Бадрал ах орж ирээд манай дүүгийн гэр орныг яагаад сандаагаад байна вэ? гээд Ганзоригтой муудалцсан. Би өөрөө гадаа гарсан тул юу болсныг хараагүй. Тэгээд энэ хэд гэрийн гадаа гарангуут нь би гэр лүүгээ орсон. Ороход гэрэл унтарсан байсан. Би нөхрийгөө гэрэл асаа гэхэд нөхөр маань гэрэл асаасан. Гэрэл асаахад ах орны наана доошоо хараад хэвтэж байсан. Шөнө Ганзориг намайг хутгалчихлаа гэсэн. Түргэн дуудъя гэхэд хэн нь ч утсаа өгөөгүй. Өглөө нь хүний утас гуйгаад түргэн дуудаж ирүүлсэн. Би энэ хоёрыг муудалцахаар нь айсандаа хутгаа хөргөгчинд хийсэн гэв.    Гэрч Эрдэнэтуяагийн Бадамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бадрал ах гаднаас орж ирээд араас нь Алтантуул эгч, Ганзориг нар гаднаас манай гэрт орж ирээд Бадрал ах Алтантуул, Ганзориг нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд удалгүй Алтантуул гараад араас нь Ганзориг гараад явсан. Тэгээд Бадрал ах гэрийн баруун хэсэгт тонгойгоод доошоо хараад суугаад байхаар нь би гудас дэлгээд дээш нь харуулаад хэвтүүлсэн. Тэгээд өглөө гэгээ орж байхад манай нөхөр Батсүх түргэн тусламж дуудъя гэж хэлээд гарсан. Тэгэхэд Бадрал ах надад гэдсээ харуулахад хэвлийн хэсэгтээ 1 сантиметр орчим хатгагдсан байсан" гэжээ. /хх-ийн 45/

Гэрч Энхболдын Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдэ: Надад мэдэх зүйл байхгүй. Би айл руу яваад ирэх хооронд маргалдсан байсан. Өглөө 7 цагийн үед ахыгаа хүнд хутгалуулсан талаар мэдсэн гэв.

Гэрч Энхболдын Батсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт Бадрал ах Ганзориг, Алтантуул хоёртой маргалдаад байсан. Тэгээд Бадрал ах гэнэт хөргөгчнөөс хар бариултай никель оруулгатай хутга аваад Алтантуулыг ална гээд далайхаар нь Ганзориг урдуур нь ороод болио гээд байсан. Тэгэхэд Алтантуул гэрээс гарсан. Бадрал ахын хутгыг Ганзориг тавиулах гээд зууралдаад байсан. Тэгээд удалгүй Ганзориг гараад явчихсан Бадрал ах гэрийн баруун хэсэгт очиж газарт суусан. Тэгээд үүрээр Бадрал ах намайг дуудаад ах нь хүнд хутгалуулсан юм шиг байна түргэн дуудаад өгчих гэж хэлсэн" гэжээ /хх-ийн 48/

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 117 тоот дүгнэлтэнд

1. Э. Бадралын биед хэвлийн хөндий, нарийн бүдүүн гэдэсний нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 88/   

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/

Хураан авах тогтоол /хх-ийн 21/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25/

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 31, 32/

Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 84-85/

2016 оны 03 сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагааны дүгнэлт /хх-ийн 61/

2016 оны 03 сарын 22-ны өдрийн 1727 тоот шинжээчийн дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 65-69/

Өвчний түүх /хх-ийн 102-153/

Хохирогч Э.Бадралын эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 155-238/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Т.Ганзоригийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 88/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Баацагаан овогт Төмөрсүхийн Ганзориг нь согтуугаар 2016 оны 02 сарын 09-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 14-08 тоотод иргэн Э.Батсүхийн гэрт хохирогч Э.Бадралтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь хэвлийн хөндий, нарийн бүдүүн гэдэсний нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Э.Бадралын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "Батсүхийн гэр рүү нь орсон чинь миний араас Ганзориг, Алтантуул хоёр орж ирээд Алтантуул над руу дайраад байхаар нь би Алтантуулыг айлгах гээд хөргөгчин дотор байсан никель оруулгатай хар иштэй хутгыг аваад Алтантуул руу далайсан чинь урдуур Ганзориг орж ирээд надтай зууралдахаар нь би хутгыг хөргөгчин дээр буцаагаад тавьсан. Тэгэхэд гэрийн гэрэл хальт унтрах шиг болоход Ганзориг намайг хутгалчихаад гараад явсан" гэх мэдүүлэг, гэрч Б.Шинэтулгын мөрдөн байцаалтад өгсөн  "... 2016 оны 02 сарын 09-ний өдөр Алтантуул, Бадрал ахтай маргалдаад байсан. Бадрал ах буцаад Батсүхийн гэрт орсон. Араас нь Ганзориг, Алтантуул хоёр Батсүхийн гэр рүү нь орсон. Мөнх-Эрдэнэ бид хоёр гэрийнх нь гадаа зогсож байгаад дотогш орох гээд хаалга онгойлгоход Бадрал ах хутга барьчихсан Алтантуулыг ална гээд дайраад байхаар нь Ганзориг Алтантуулыг өмөөрөөд Бадрал ахын хутгыг булааж авах гээд зууралдаад байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,  гэрч  Б.Алтантуулын мөрдөн байцаалтад өгсөн "... Бадрал ах бид нарын араас гарч ирээд надтай маргалдаж байгаад Бадрал ах Батсүхийн  гэр лүү нь орсон. Би нөхөр Ганзоригтой хамт араас нь гэр лүү нь орсон. Мөнх-Эрдэнэ, Шинэтулга хоёр Батсүхийн гэрийнх нь гадаа үлдсэн. Тэгээд гэрт байхад Бадрал ах хөргөгчин дотроос хутга аваад намайг ална гээд дайрахаар нь манай нөхөр Ганзориг миний урдуур ороод Бадрал ахтай гэрийн баруун хэсэгт нь зууралдаад хутгыг нь авах гээд байсан. Тэгэхэд хаалгаар намайг Шинэтулга хойшоо татаж гаргасан" гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, гэрч Э.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн "... Бадрал ах Алтантуул, Ганзориг нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд удалгүй Алтантуул гараад араас нь Ганзориг гараад явсан. Тэгээд Бадрал ах гэрийн баруун хэсэгт тонгойгоод доошоо хараад суугаад байхаар нь би гудас дэлгээд дээш нь харуулаад хэвтүүлсэн. Тэгэхэд Бадрал ах би хутгалуулчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд өглөө гэгээ орж байхад манай нөхөр Батсүх түргэн тусламж дуудъя гэж хэлээд гарсан. Тэгэхэд Бадрал ах надад гэдсээ харуулахад хэвлийн хэсэгтээ 1 сантиметр орчим хатгагдсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 45/, гэрч Э.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн "... 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт Бадрал ах Ганзориг, Алтантуул хоёртой маргалдаад байсан. Тэгээд Бадрал ах гэнэт хөргөгчнөөс хар бариултай никель оруулгатай хутга аваад Алтантуулыг ална гээд далайхаар нь Ганзориг урдуур нь ороод болио гээд байсан. Тэгэхэд Алтантуул гэрээс гарсан. Бадрал ахын хутгыг Ганзориг тавиулах гээд зууралдаад байсан. Тэгээд удалгүй Ганзориг гараад явчихсан Бадрал ах гэрийн баруун хэсэгт очиж газарт суусан. Тэгээд үүрээр Бадрал ах намайг дуудаад ах нь хүнд хутгалуулсан юм шиг байна түргэн дуудаад өгчих гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 48/ болон Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 117 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/, хураан авах тогтоол /хх-ийн 21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 31, 32/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 84-85/, 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 1727 тоот шинжээчийн дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-69/ зэрэг нотлох  баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ганзоригийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт "Шүүгдэгч Т.Ганзориг нь хохирогч Э.Бадралыг хутгалаагүй, энэ хэргийн бодит үнэнийг зөв тогтоож чадаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэж байна.

Шүүгдэгч Т.Ганзориг нь хохирогч Э.Бадралыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Э.Бадрал, гэрч   Б.Алтантуул, Б.Шинэтулга, Э.Бадамсүрэн, Э.Батсүх нарын "шүүгдэгч Т.Ганзориг, хохирогч Э.Бадрал нар нь хутга булаалцаад хоорондоо маргалдаад байсан" гэх мэдүүлгүүд, тухайн цаг үед шүүгдэгч Т.Ганзориг, хохирогч  Э.Бадрал хоёр хоорондоо маргалдсаны дараа хохирогчийн биед хэвлийн хөндий, нарийн бүдүүн гэдэсний нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл үүссэн нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед үүссэн хүнд зэргийн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж байна.

Мөн Э.Бадралын биед үүссэн гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэж шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 117 тоот дүгнэлтээр давхар нотолж байгаа болно.

Иймд шүүгдэгч Т.Ганзоригт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ганзориг нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Э.Бадрал нь эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 817290 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан эм тариа авсан 155600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас ямар эм тариа авсан, ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй банкны орлого, зарлагын баримт, кассын машины билл зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй 661690 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг иштэй хутга 1 ширхэгийг устгаж, хохирогчийн өмсөж явсан цамц 4 ширхэг, майк 1 ширхэг, футболка 1 ширхэг зэргийг буцаан олгож, баримт бичгээр ирсэн түүний ЖЮ 86071934   регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ганзориг нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.    

      Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баацагаан овогт Төмөрсүхийн Ганзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Төмөрсүхийн Ганзоригийг 5 /тав/ жил, 10 /арав/ хоногийн хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан  Т.Ганзоригт оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Ялтан Т.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан Т.Ганзоригоос бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 155600 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Бадралд олгож, нэхэмжлэлээс 661690 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг иштэй хутга 1 ширхэгийг устгаж, хохирогч Э.Бадралын өмсөж явсан цамц 4 ширхэг, майк 1 ширхэг, футболка 1 ширхэг зэргийг буцаан олгосугай.

7. Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Т.Ганзоригийн ЖЮ 86071934 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.       

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.Ганзоригт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтан Т.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

                              ШҮҮГЧИД                                Ж.ДОЛГОРМАА

 

                                                                                Б.ЭНХБААТАР