Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1958

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.М  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02012 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.М , З.А ,  Ш.Д , Н.М- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ж” ХХК-д холбогдох,

 

Тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 800 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баярмагнай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Оюунхишиг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Уянгасайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

  Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.М , З.А , Ш.Д , М.М- нар нь 2015 оны 8 сарын 04-нөөс 12-ны хооронд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанаас “Ж” ХХК-ны газрын тосны хайгуулын тоног төхөөрөмжийг том оврын авто машинаар тээвэрлэхээр тохирч дээрх ачааг ачсан бөгөөд тухайн ачааг 2015 оны 8 сарын 22-ны өдөр тээвэрлүүлэгчийн заасан газар буюу Увс аймгийн Малчин суманд буулгасан. Анх тээвэр хийх үед нэг машины тээврийн хөлсийг 7 300 000 төгрөгөөр тохирсон бөгөөд ачаа ачих үед урьдчилгаа 4 000 000 төгрөгийг жолооч тус бүрт өгсөн. Одоо нэг жолоочид өгөх тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг байна. Ингээд ачааг тогтоосон газар нь хүлээлгэн өгч дагалдах бичгийг “Ж” ХХК-ийн оффис дээр аваачиж өгсөн. Ачаа тээвэрлэх ажлыг Баярбилэг  нь “Ж” ХХК-нд Увс аймгийн Малчин сумруу тээвэрлүүлэх ачаа байна гэж хэлээд “тус компанийн ажилтнуудтай нэхэмжлэгч нарыг уулзуулсан. Нэхэмжлэгч нар “Ж” ХХК-иас тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрөө нэхэхэд “Баярбилэг манай компанид өртэй, та нар үлдэгдэл төлбөрөө Баярбилгээс гаргуулж ав” гэдэг. Мөн Эрээнд гаалийн хашаанд орж ачаа ачихад жолооч нараас гаалийн хашааны төлбөр гэж машин тус бүрээс 500 юань авсан бөгөөд энэ мөнгийг жолооч нар өөрсдөө төлсөн. Юаны ханш 300 төгрөг байсан тул тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр 3 300 000 төгрөг, нэг жолоочид ногдох төлбөр дээр гаалийн хашааны төлбөр 150 000 төгрөг нийт нэг нэхэмжлэгчид 3 450 000 төгрөг болно. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дахь хэсэгт зааснаар “Ж” ХХК-ниас 13 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгоно уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Оюунхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 8 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотоос Увс аймгийн Малчин сум руу тоног төхөөрөмжийн тээврийг иргэн н.Б-тэй үнэ тохиролцон хийлгэсэн. Тээврийн хөлсний урьдчилгааг бэлэн мөнгөөр төлж, үлдэгдлийг н.Баярбилэг урд өмнө нь манай компаниас авч төлбөрийг нь хийгээгүй байсан 54.8 тонн битумны үнэд шилжүүлэн тооцож зөрүүг тохирсон. Мөн Баярбилэг нь манай компаниас 68 000 000 төгрөг авсан бөгөөд жолооч нартай хэдэн төгрөгөөр тохирсныг мэдэхгүй. Бид Баярбилэгтэй тооцоогоо 100 хувь дууссан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан  “Ж” ХХК-иас 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулж Ш.М , З.А , Ш.Д , М.М- нарт тус бүрт 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 7 800 000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас 110 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч байгууллагын зүгээс тээвэрлэлтийн хөлсний хэмжээний талаар маргасан асуудал байхгүй. Тэд зөвхөн Баярбилэг гэдэг хүнтэй үлдэгдэл тооцоог хийж дуусгасан талаар тайлбар хийдэг. Гэхдээ 2017 оны 07 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн төлөөлөгч мэдүүлэхдээ "нийт 126 000 000 төгрөгийн хөлстэй хийхээр тохирсон, нийт 126 000 000 төгрөгөөс 68 000 000 төгрөгийг Баябилэгт бэлнээр нь хүлээлгэн өгсөн" талаар мэдүүлдэг. Мөн гэрч Л.Баярбилэгийн мэдүүлэгт "нийт 17 машин тухайн ачааг тээвэрлэсэн, нэг машинд 4 000 000 төгрөгөөр бодож нийт 68 000 000 төгрөгийг урьдчилгаа хөлсөнд бэлнээр өгсөн" талаар мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбартай тохирч байгаа. Тэгэхээр нийт 126 000 000 төгрөгийн хөлстэй ажлыг 17 машинд хуваахад нэг машинд 7 400 000 орчим төгрөгийн хөлс ногдож байгаа. Энэ нь нэхэмжлэгч нарын 1 машины хөлсийг 7 300 000 төгрөгөөр тохирсон гэдэг тайлбартай тохирч байгаа учир ажлын хөлсийг хэдэн төгрөгөөр тохирсон талаар үйл баримтыг нотлогдсон гэж үзэх боломжтой. Л.Б-ийн гэрчийн мэдүүлэгт жолооч нар “Ж” ХХК-тай тээврийн хөлсийг  5 500 000 төгрөг болгон тохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг ерөөсөө байхгүй. Л.Баярбилэг гэрчийн мэдүүлэг авч байхад нэхэмжлэгч болон хариуцагч талын хүмүүс хамт байсан бөгөөд гэрчийн энэхүү мэдүүлгийн агуулга нь "жолооч нар “Ж” ХХК-тай тохирч 2015 оны 08 сард тухайн газрын тосны хайгуулын тоног төхөөрөмжийг 7 000 000 төгрөгөөр тээвэрлэснийхээ дараа дахин Эрээн хотод очиж хятадуудтай үлдсэн ачааг 5 500 000 төгрөгөөр тохирч ачааны ханш буулгасан талаар" мэдүүлж байсан. Үүнийг шүүх “Ж” ХХК-тай хөлсөө 5 500 000 болгон буулган тохирсон байна гэж буруу ойлгож дүгнэлт гаргасан байна. “Ж” ХХК болон жолооч нар тээврийн хөлсийг 5 500 000 төгрөг болгон бууруулсан талаар өнгөрсөн 1 жилийн хугацаанд энэхүү хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд тайлбар гаргаж байгаагүй бөгөөд үүнийг гэрч Л.Баярбилэг хөндлөнгөөс нотлох ямарч боломж байхгүй. Жолооч нар 2016 оны хавар “Ж” ХХК-ийн захиралтай 1 удаа л биечлэн уулзаж байсан бөгөөд тухайн үед Л.Баярбилэгтэй тооцоо дууссан, та нар Л.Баярбилэгээс үлдэгдэл төлбөрөө олж ав гэж хэлээд гаргаад явуулсан байдаг. Ер нь тээврийн хөлсийг 5 500 000 төгрөг болгон бууруулсан талаар нэхэмжлэгч хариуцагч нap тайлбар өгч байгаагүй байхад хөндлөнгийн гэрчийн мэдүүлгийг буруу ойлгон түүнийг тээвэрлэлтийн хөлсний хэмжээг тогтооход гол нотлох баримт болгох ямарч үндэслэл байхгүй. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодруулсан асуултад тухайн үед өгч байсан хариулт 2017 оны 7 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 169 дахь хуудсанд тусгагдсан байгаа. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хөлснөөс 7 200 000 төгрөг буюу нэг жолоочийн хөлснөөс 1 800 000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин 2017 оны 8 сард Эрээн хот дахь гаалийн хашаанд жолооч нарын төлсөн 500 юань буюу 150 000 төгрөг, нийт 4 машины жолоочийн төлсөн 600 000 төгрөгийг нотлох баримт байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үндэслэлд давж заалдах гомдол гаргаагүй болно. Иймд “Ж” ХХК-иас 7 200 000 төгрөг нэмж гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ш.М , З.А , Ш.Д , Н.М- нар нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 12-ны өдөр хүртэл БНХАУ-ын “Жэнтун интернэйшнл” тээвэр зуучлалын компанийн захиалгаар хариуцагч “Ж” ХХК нь Эрээн хотоос Увс аймгийн Малчин сум хүртэл газрын тосны төхөөрөмжийг тээвэрлэхдээ нэхэмжлэгч буюу жолооч Ш.М , З.А ,  Ш.Д , Н.М- нараар тээвэрлүүлсэн үйл баримтын талаар талууд хэн аль нь маргаагүй, тайлбарласан байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч нар нь тээврийн хөлсийг нэг жолоочид 7 300 000 төгрөг байхаар тохиролцсон, үүнээс 4 000 000 төгрөгийн хөлсийг авсан, үлдэх 3 300 000 төгрөгийн хөлсийг тус бүр шаарджээ. Гэвч тэдгээр нь гэрээний хөлс 7 300 000 төгрөгөөр тохиролцсон гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна уг үйл баримтад хариуцагч маргасан байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болох бөгөөд гэрч Л.Баярбилэг нь гэрээний хөлсийг нэг автомашинд 5 500 000 төгрөгөөр байхаар тохиролцсон талаар мэдүүлсэн байх тул анхан шатны шүүх  тээврийн хөлсийг уг үнийн дүнгээр талууд тохиролцсон гэж дүгнэж, тээврийн хөлсний үлдэгдэлд жолооч тус бүрт 1 500 000 төгрөг /5 500 000 – 4 000 000 = 1 500 000/, нийт 6 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх  хэсэгт заасантай нийцжээ.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нар нь Эрээн хотын гаалийн талбайн төлбөрт тус бүр 500 юань буюу 150 000 төгрөг зарцуулсан гэх тайлбараа мөн баримтаар нотлоогүй  тул анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ