Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар  2022/ШЦТ/455

 

 

 

  2022        05          19                                     2022/ШЦТ/455

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Г.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Од холбогдох эрүүгийн 2211 00000 0906 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн гол 108-14 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт Г.О /РД:.............................................................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч Ганболдын Одонсүрэн нь 2022 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB” клубт иргэн З.Мөнхзултай маргалдаж улмаар түүний нүүр рүү гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ганболдын Одонсүрэн нь:

2022 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB” клубт иргэн З.Мөнхзултай маргалдаж улмаар түүний нүүр рүү гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч З.Мөнхзулын “...миний бие 2022 оны 03 дугаар сарын 28-ны  өдрийн шөнийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо UB клубт орсон ...Тэгээд би тэр хоёрыг юу болоод байгаа юм бэ гэж асуугаад салгатал Сора гэх UB клубт бүжигчин хийдэг охин намайг үсдээд доошоо дараад тэгэхээр нь би өөрийг нь бас үсдээд тэгээд бид хоёр салсан. Тэгээд би гадуур хувцсаа өмсөөд гарах гэтэл араас ирээд дахин намайг үсдээд 5-6 удаа дэвсээд, нүүр толгой руу ойролцоогоор 7-8 удаа цохисон. Тэнд байсан хүмүүс нь намайг салгахгүй над руу дайраад чи наад нүдээ хардаа гээд байсан. Тэгээд би тэр газраас гараад явсан ... намайг Сора гэх охиноос өөр хүн цохиж зодоогүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

Гэрч А.Мөнх-Ундралын “...Мөнхзул нь Сораг шууд үсдээд авсан. Тэгтэл Сора уурлаад Мөнхзулыг 2 удаа алгадсан. Өөр зүйл болоогүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Гэрч Б.Эрдэнэбаатарын “...манай эхнэр Золзаяагийн Мөнхзул нь гаднаас хүнд зодуулчихлаа гээд уйлаад ороод ирсэн ... манай эхнэрийн зүүн талын нүд нь нэлээд хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд үс гэзэг нь нэлээд сэгсийсэн байдалтай орж ирсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5058 дугаартай дүгнэлтэнд “З.Мөнхзулын биед зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэжээ /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “ ...Мөнхзулын биед тогтоогдсон дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Огийн“...би тэр үедээ З.Мөнхзулыг миний үснээс зулгаагаад байхаар нь нүүр лүү нь гараараа эхлээд нэг удаа алгадаж байсан тэгээд миний үснээс зулгаагаад гараа ороогоод тавихгүй байхаар нь дахиад нэг удаа нүүрэн тус газарт алгадаж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,   

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт /хх 48/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх 49/, хохирогч, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 58-59/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Ганболдын Одонсүрэн нь 2022 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB” клубт иргэн З.Мөнхзултай маргалдаж улмаар түүний нүүр рүү гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч З.Мөнхзулаас “...эмчилгээний зардал 200.000 төгрөг авсан, хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй ...” гэх хүсэлт /хх 59/-ийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан;

мөн шүүгдэгч нь хохирогчийн 2022 оны 03 дугаар сард Гэмтэл Согог үндэсний төвөөс 214000 төгрөгийн гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч үйлчлүүлсэн тусламж үйлчилгээний 214.000 төгрөгний зардлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 64 дүгээр тал/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Ог бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ог 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ