Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

Шүүгдэгч Н.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 27 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйлийнхэн овогт Нямсүрэнгийн Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 2107000000280 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Вишнфанд ББСБ-д зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ****** дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх хороолол 7-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Бэйлийнхэн овогт Нямсүрэнгийн Мягмарсүрэн /РД:УХ90121191/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Мягмарсүрэн нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гоолд мүүн рестораны караокены өрөөнд хохирогч Л.Даваадоржийг эхнэртэйгээ хардаж, улмаар түүний нүүр рүү хөлөөрөө өшиглөх, толгой руу нь гараараа цохих зэргээр зодож хохирогч Л.Даваадоржийн баруун нүдний ухархайн ясны хугарал, хамрын мурийлт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Н.Мягмарсүрэн нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд нийт 12.800.000 төгрөг төлсөн” гэв.

Хохирогч Л.Даваадорж нь шүүхийн хэлэлцүүлэгт:Хохирол төлбөрт нийт 12.000.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Л.Даваадоржийн мэдүүлэг /хх-11-13/, гэрч Б.Аягүлийн мэдүүлэг /хх-19/, гэрч Б.Батбаатарын мэдүүлэг /хх-23/, гэрч Г.Ханджамцын мэдүүлэг /хх-25/, шинжээчийн 19 дугаартай дүгнэлт, яллагдагч Н.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-38/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: гэрч Б.Батбаатарын мэдүүлэг /хх-23/, гэрч Г.Ханджамцын мэдүүлэг /хх-25/, гэрч Ж.Гантулгын мэдүүлэг /хх-27/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/,  ВишнФанд ББСБ-ын тодорхойлолт /хх-57/, хохирол 12.800.000 төгрөг төлсөн баримт /хх-58-59/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Улмаар яллагдагч нь прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт гаргасан. Үүнийг прокурорын зүгээс зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.500.000 төгрөгөөр торгуулийн ялын саналыг оногдуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хорих ялын доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон үндэслэлээ хэлье гэж бодож байна. Учир нь өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мөн мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцдог. Хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг харгалзан. Ялын санал дээр тохиролцсон шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч Н.Мягмарсүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол гарах хүртэл хэвээр үлдээлгэх саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ...Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тухайн гэмт хэрэг гарах болох шалтгаан нь түүний эхнэр болох Ханджамцын үйлдлээс болсон байдаг. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурортой тохиролцсон ялын хэмжээнд шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус оногдуулсан  торгуулийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү. Яагаад гэвэл цалин 1.000.000 төгрөг авдаг. Цаашдаач гэсэн саналын хүрээнд торгуулиа төлж явна. Иймд хугацааны хувьд харж үзнэ үү гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.Мягмарсүрэнгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч  Н.Мягмарсүрэн нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гоолд мүүн рестораны караокены өрөөнд хохирогч Л.Даваадоржийг эхнэртэйгээ хардаж, улмаар түүний нүүр рүү хөлөөрөө өшиглөх, толгой руу нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь биед суурь ясны бага далавч, суурийн хөндийн баруун гадна хажуу хана, баруун нүдний ухархайн дээд хана, баруун нүдний ухархайн дээд ханаас дух зулайн заадас хүрсэн шугаман хугарал, баруун хоншоор ясны бүх ханын сэлтэрсэн зөрүүтэй хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн сэлтэрсэн хугарал, их тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун чихний дэлбээ, хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Мягмарсүрэнгийн өгсөн: “...2021 оны 12  дугаар сарын 02-ны өдөр би Багануур дүүрэг рүү ажлаар яваад 17 цагийн үед ирээд эхнэр рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байхаар нь ажил дээр нь очтол байхгүй гараад явсан байхаар нь архи ууж байгаа юм болов уу гэж бодоод дотор аягүй бол Даваадоржтойгоо хамтдаа байгаа байх гээд караокенуудаар явж үзье гэж бодоод Голд мүүн рестораны караоке ороод өрөөнүүдээр шагайгаад явж байтал нэг өрөөнд Даваадорж, Аягүл манай эхнэр гурвуулаа дуулаад байж байхыг хараад тухайн үед уураа барьж дийлэлгүй очоод шууд Даваадоржийг сандал дээр сууж байхад нь нэг удаа нүүр рүү нь цохиод доошоо тонгойхоор нь дахиад цохиход надтай хамт явсан манай найз Батбаатар намайг араас татаад салгасан. Ингээд л би хадам аав руу залгаад охиноо ирж хар энд ингээд байж байна гэж хэлээд сууж байтал эмнэлэг ирээд Даваадоржийг аваад явсан...Даваадоржийг караокены сандал дээр дуулаад сууж байхад нь нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...Даваадоржтой урьд нь манай эхнэр урьд нь хоёулхнаа Өвөрхангай аймаг руу явчхаад ирж байсан. Тэр үед нь би юм хэлэлгүй чимээгүй өнгөрөөсөн. Тэгтэл дахиад караокед архи уусан хамт байж байхыг хараад уураа барьж дийлээгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.Даваадоржийн өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ сууж байтал 17 цагийн үед манай ажлын Аягүл, Ханджамц нар залгаад бид нар уусан байна машин бариад өгөөч дэлгүүр орох гэсэн юм гэхээр нь машиныг нь бариад дэлгүүр ороод дараа нь Голд мүүн рестораны караокед 19 цагийн үед ороод 2 цаг аваад дуулж байтал 20 цагийн үед гаднаас 2 залуу орж ирсэн ба сүүлд мэдсэн Ханджамцын нөхөр Мягмарсүрэн гэж залуу намайг сууж байхад шууд ирээд намайг жийгээд газар унагаад зүүн шанаанд нэг удаа цохихоор нь би нүүрээ дараад хэвтсэн. Тэгтэл дээрээс өшиглөөд байсан ба баруун нүд рүү өшиглөсөн өшиглөлт нь ороод би манараад явсан. Ингээд хэсэг ухаан балартаад нэг мэдэхэд намайг зодохоо больсон...Баруун нүдний ухархайн яс хугарсан, хамар мурийсан, цээж хөндүүртэй, гарын сарвуу шуу өвчтэй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

 

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Аягүлийн өгсөн: “...удалгүй 20 цаг өнгөрч байхад болов уу гэнэт гаднаас Ханджамцын нөхөр Мягмарсүрэн нэг залуугийн хамт орж ирээд Даваадоржийг буйдан дээр сууж байхад Мягмарсүрэн очоод шууд нүүр рүү нь цохиход Даваадорж шууд нүүрээ дараад доошоо хэвтсэн. Тэгтэл Мягмарсүрэн дээрээс нь толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохихоор нь очоод салгаад боль гээд Мягмарсүрэнг холдуулаад Даваадорж нүүрээ хаасан гараа холдуулахад нүүр нь тэр чигтээ цус болсон байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Батбаатарын өгсөн: ...Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голд мүүний караоке руу явж очоод өрөөнүүдийнхэн цонхоор хартал Мягмарсүрэнгийн эхнэр Ханджамц, танихгүй нэг залуу, нэг эмэгтэйн хамт Ханджамц зогсоод дуулаад танихгүй залуу бэлхүүсээр нь тэвэрсэн байдалтай суусан, танихгүй эмэгтэй нь бараг тасарсан бололтой сандал дээр хөлөө жийгээд хэвтэж байсан. Тэгтэл тэрийг хараад Мягмарсүрэн шууд гүйгээд орохоор нь араас нь дагаад ортол Мягмарсүрэн нөгөө залууг сууж байхад шууд нүү рүү нь цохиод авахад нөгөө залуу хойшоо сандал дээр хэвтсэн байдалтай нүүрээ гараараа хаагаад Мягмарсүрэн болохоор дээрээс нь дарсан байдалтай байхаар нь би шууд очоод татаж салгаад холдуулаад найзыгаа тайвшруулаад зогсож байтал Мягмарсүрэн Ханджамцын аав руу нь залгаад болсон асуудлыг хэлээд зогсож байтал эмнэлэг ирээд зодуулсан залууг аваад явсан. Би Мягмарсүрэнгийн араас орсон болохоор эхлээд яаж зодолдож цохилцсоныг хараагүй ямар ч байсан араас нь гүйгээд ороход нөгөө залуу нь сандал дээр нүүрээ гараараа хаагаад хэвтсэн. Мягмарсүрэн нүүр рүү нь миний харснаар нэг удаа цохиод толгой дээрээс нь гараараа дарахаар нь би араас нь очоод татаад авсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Ханджамцын өгсөн: ...19 цагийн үед очоод 2 цаг аваад дуулж байтал Сансармаа архи ууж чаддаггүй болохоор их амархан согтчихдог. Удаагүй гараад яваад өгсөн. Удалгүй араас нь Гомбосүрэн бас харилаа гээд явсан. Тэгтэл 21 цагийн үед болов уу Даваадорж, Аягүл эгч бид гурав дуулаад сууж байтал манай нөхөр Мягмарсүрэн гаднаас орж ирээд шууд Даваадоржийг сууж байхад нь нүүр рүү нь цохиж унагаад дээрээс нь 2-3 удаа цохисон. Ингээд Мягмарсүрэнтэй хамт орж ирсэн найз Батбаатар очоод татаж салгаад бид нар хоорондоо болсон асуудлаа яриад байж байтал Даваадоржийн нүүр нь тэр чигтээ цус болсон байхаар нь эмнэлэг дуудаад удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирсэн...Мягмарсүрэн сууж байхад нь нүүр рүү нь цохиход Даваадорж хойшоо нүүрээ дараад хэвтэхэд дээрээс нь 2-3 удаа нүүр рүү нь цохих шиг болсон... гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/19 дүгээр: “Л.Даваадоржийн биед суурь ясны бага далавч, суурийн хөндийн баруун гадна хажуу хана, баруун нүдний ухархайн дээд хана, баруун нүдний ухархайн дээд ханаас дух зулайн заадас хүрсэн шугаман хугарал, баруун хоншоор ясны бүх ханын сэлтэрсэн зөрүүтэй хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн сэлтэрсэн хугарал, их тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун чихний дэлбээ, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 30 дугаар тал/

 

7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 50 дугаар тал/

8. Шүүгдэгч Н.Мягмарсүрэнгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 41-49 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Л.Даваадоржийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь хохирогч Л.Даваадоржийн нүүр лүү цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/19 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Н.Мягмарсүрэнг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.Мягмарсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Даваадоржийн бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогч “...12.800.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Н.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Н.Мягмарсүрэнг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Бэйлийнхэн овогт Нямсүрэнгийн Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мягмарсүрэнд 10.500 /арван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.           

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мягмарсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ