| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0231/И |
| Дугаар | 250 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 250
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 5 дугаар хороо, өөрийн үйлдвэрийн байранд байрлах “Баясгалант өргөө констракшин” ХХК /РД:5468183/-ийн
Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Баясгалант өргөө констракшин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 542 дугаар захирамжаар төлбөр авагч "Эм Эй Эф ББСБ" ХХК-д 93.521.500 төгрөгийг олгохоор шийдвэрлэж захирамж гарсан байна. Тус захирамжийн дагуу Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тус хэсгийн гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах "Баясгалант өргөө констракшн" ХХК-ийн ажилчдын байр, агуулахын барилга, автомашины гараж, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, гүний худаг, дэд станц, уурын зуух, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1.498.856.900 /нэг тэрбум дөрвөн зуун ерөн найман сая таван зуун наян зургаан мянга есөн зуун/ төгрөг хэмээн үнэлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр "Баясгалант өргөө констракшн" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Я.Цэрэндэндэв нь дээрх эд хөрөнгүүдийг 6 тэрбум 800 сая төгрөгийн үнэлгээтэй болохыг бичгээр мэдэгдсэн. Бид энэхүү үнэлгээг үнэлгээний компаниар хийлгүүлсэн бөгөөд "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь хэт бага үнэлсэн. Өөрөөр хэлбэл 2 үнэлгээний компаний гаргасан үнэлгээ хэт зөрүүтэй байна.
2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 07 тоот тогтоолоор "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлсэн үнэлгээний 70 хувь болох 1.049.010.830 төгрөгөөр Анхны албадан дуудлага худалдаагаар оруулах нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Энэ тухай гомдол гаргасан боловч 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн "Өргөдлийн хариу" 01/857 дугаар албан тоотоор тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаа тухай хариу өгсөн болно. Түүнчлэн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Үл хадлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 749.293.450 төгрөгөөр оруулах тухай тогтоолыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгох, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийг хоёрдах албадан дуудлага худалдаанд оруулах тухай 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Баясгалант өргөө констракшин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт "Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно" гэж зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.
Хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэг шүүхэд ирүүлсэн тайлбарлахдаа: Төлбөр төлөгч "Баясгалант өргөө констракшн" ХХК-ны Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах ажилчдын байр, ажлын байрны зориулалттай 1 давхарын барилга, блокны үйлдвэр, 20.000 м2 талбайтай газрыг 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолоор хураасан. Дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар үнийн санал авахад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар зах зээлийн ханшаар үнэлгээ тогтоолгоход 1,498,586.900 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зуйлийн 37.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт "Баясгалант өргөө констракшн" ХХК-ны эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг мэдэгдсэн. Мөн 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дээрх үнэлгээг "Баясгалант өргөө констракшн" ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболдод мэдэгдсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу үнэлгээнд гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг хүлээж авах боломжгүй болохыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Төлбөрт хураагдсан "Баясгалант өргөө констракшн" ХХК-ны Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах ажилчдын байр, конторын зориулалттай 1 давхарын барилга, блокны үйлдвэр, 20.000 м2 талбайтай газрыг үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр оруулсан боловч санал ирээгүй тул 2 дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулахаар болсон. Төлбөр төлөгч нь төлбөр авагч "Эм Эй Эф" ББСБ-д 42 м.кв талбай бүхий орон сууцыг төлбөртөө тооцож өгөхөөр санал болгосон боловч үнийн дүн дээр харилцан тохиролцоогүй тул төлбөр авагч дээрх орон сууцыг авахаас татгалзсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдаж байгаа болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Баясгалант өргөө констракшин” ХХК хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан агуулгатай хүсэлтийг бичгээр илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх-20/
Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Шүүх хуралдааны үед хариуцагчийн зөвшөөрөлгүй нэхэмжлэлээ татан авах, мөн нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эдлэнэ.
Энэ хэргийг шүүх хуралдаанд шилжүүлээгүй байсан учраас түүний хүсэлтэд дурьдсан татан авахыг татгалзаж байгаатай адилтган үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Баясгалант өргөө констракшин” ХХК /РД:5468183/ хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг ХААН банкны 5749909359 тоот дансанд хэвээр үлдээж, уг данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч “Баясгалант өргөө констракшин” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ