Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2017/00894

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ы 3-6 тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******ы /РД:*******/  “Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон улсад ажилласан байдлаа тус тус тогтоолгох тухай” хүсэлтийг 2017 оны 7 сарын 31-ний өдөр хүлээн авч 8 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

          Нэхэмжлэгч Ц.******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. 55 настай,  өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, зарим тушаал шийдвэр байхгүй зэргээс бичиг баримтын зөрчилтэй болж өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна.

Намайг *******гийн ******* гэдэг бөгөөд нөхөр Ц.Цэрэнжавтай танилцан гэр бүл болж 1980 онд ******* аймагт шилжин ирж суурьшсан юм. Ингээд би 1981 онд ******* аймгийн БТМСургуульд элсэн суралцаж 1982 оны 6 сард төгссөн. Сургуулиа төгсөөд 1982 оны 7 сарын 05-ны өдрөөс эхлэн Чойбалсан хотын Нийтийн хоолны трестийн 3 дугаар гуанзанд туслах тогоочоор ажилд орж 1985 оны 02 сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд би 1985 оны 2 сарын 27-нд 3 дугаар гуанзандаа цэвэрлэгчээр ажилласан боловч хэд хоног ажиллаж байгаад Барилгын цэргийн 030 дугаар ангийн цэргийн гал тогоонд орон тоо гарснаар туслах тогоочоор ажилласан. Тэгээд цэргийн ангидаа 1991 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл туслах тогоочоор ажилласан. Барилгын цэргийн 030 дугаар анги татан буугдаж энэ ангийн баримт материалууд огт олдохгүй байна. Аймгийн архив болон Тагнуулын газрын архивт ч байхгүй байна. Мөн миний хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ миний нэрийг *******чулуун гэж буруу бичсэнээс болж хөдөлмөрийн дэвтэр маань зөрчилтэй болоод байна. Тухайн үед сургуулиас дэвтэр нээхдээ андуурч бичсэн байх гэж бодож байна. Түүнээс миний гэр бүлд *******чулуун гэдэг нэртэй хүн байхгүй. Гэвч хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаалууд бүгд Ц.******* нэрээр гарсан байна. Иймд миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгох шаардлагатай байгаа тул 1982 оны 6 сарын 18-ны өдөр ******* аймгийн БТМСургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ц.******* миний бие мөн болохыг тогтоож, намайг 1982 оны 7 сарын 05-ны өдрөөс 1985 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Чойбалсан хотын Нийтийн хоолны трестийн 3 дугаар гуанзанд туслах тогтоочоор, мөн 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч *******гийн ******* ******* аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 сарын 18-ны өдөр “******* *******чулуун” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, мөн 1982 оны 7 сарын 05-ны өдрөөс 1985 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Чойбалсан хотын Нийтийн хоолны трестийн 3 дугаар гуанзанд туслах тогоочоор, 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид туслах тогоочоор ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтууд болох нэхэмжлэгчийн  ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэх, №197 дугаартай төрсний гэрчилгээ, №******* дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэрэг баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд,  ******* аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 сарын 18-ны өдөр “******* *******чулуун” нэрээр олгосон №010332 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд бичигдсэн тушаал болох мөн аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан Чойбалсан хотын Нийтийн хоолны трестийн даргын “Ажилд томилох тухай” 1982 оны 7 сарын 01-ний өдрийн №144 тоот тушаалын 1 дэх заалтад “...ТМС төгсөж ирсэн ******* овогтой *******ыг 7 сарын 5-наас 3-р гуанзанд туслах тогоочоор...” гэж бичсэн, “Ажилд авах ба шилжүүлэн ажиллуулах тухай” 1983 оны 5 сарын 25-ны өдрийн №97 тоот тушаалын 1 дэх заалтад “...******* овогтой *******ыг 5 сарын 18-наас дамжлагын цайнд угаагчаар...” гэж бичсэн зэргийг шинжлэн судалж үзвэл  нэхэмжлэгч Ц.******* нь ******* аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 сарын 18-ны өдөр “******* *******чулуун” нэрээр олгосон №010332 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд бичигдсэн 1985-1991 онуудад Барилгын цэргийн 030 дугаар ангид ажиллаж байсан үеийн тушаалууд  өөрт нь болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архив болон ЗХ-327 дугаар ангийн архивт тус тус хадгалагдаж үлдээгүй болох нь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 2017 оны 8 сарын 17-ны өдрийн албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 8 сарын 29-ний өдрийн 02/515 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Барилгын цэргийн 030 дугаар ангид ажилласан байдлыг тогтоохдоо хөдөлмөрийн дэвтрийг үндэслэл болгосон болно.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтууд болон ******* аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 сарын 18-ны өдөр “******* *******чулуун” нэрээр олгосон №010332 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, мөн аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан Чойбалсан хотын Нийтийн хоолны трестийн даргын “Ажилд авах тухай” 1985 оны 3 сарын 26-ны өдрийн №48 тоот тушаалын хуулбар, нэхэмжлэгчтэй хамт Барилгын цэргийн 030 дугаар ангид 1985-1991 онуудад хамт ажиллаж байсан тухайгаа мэдүүлсэн гэрч Ч.*******билэгийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Ц.******* нь 1982 оны 7 сарын 05-ны өдрөөс 1985 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Чойбалсан хотын Нийтийн хоолны трестийн 3 дугаар гуанзанд туслах тогооч, угаагч, цэвэрлэгчээр, 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон улсад ажиллаж байсан байдлыг тус тус тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /РД:*******/ нь ******* аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 сарын 18-ны өдөр “******* *******чулуун” нэрээр олгосон №010332 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.******* нь 1982 оны 7 сарын 05-ны өдрөөс 1985 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Чойбалсан хотын Нийтийн хоолны трестийн 3 дугаар гуанзанд туслах тогооч, угаагч, цэвэрлэгч, 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болмогц 7 хоногийн хугацаа өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН