Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

 

   2022        05            09                                  2022/ШЦТ/174

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гд холбогдох эрүүгийн 2112001160164 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч Т.Г нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баян- Замын 1-5 тоотод гэртээ байхдаа 95538740 дугаарын утсаар 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хооронд иргэн Н.Нт “төлөг зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Ц.Бгийн хаан банкны 5096043060 дугаарын дансаар 700.000 төгрөг, иргэн Б.Пгийн хаан банкны 5096038425 дугаарын дансаар 600.000 төгрөг тус тус шилжүүлэн авч 1.300.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Т.Г мэдүүлсэн: Н мөнгө авсан нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна. Мөнгөний хэрэгцээ гараад худал хэлж авсан. Хохирол 1,300,000 төгрөгөө төлсөн гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан

-хохирогч Н.Нын мэдүүлсэн...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн иргэн Энэбишийн дүү Ганаа байна гэж хэлэн танайх төлөгний мөнгө тарааж байгаа гэсэн надад мөнгө хэрэг болоод байна гэж 95538740 дугаарын утсаар ярьж чи фэсбүүкт төлөгний мөнгө тарааж байгаа гэж бичсэн байсан болохоор чинь ярьж байна 4 төлөгний мөнгө өгчих гэж хэлээд 5096043060 дугаарын дансаар Ц.Б гэх хүний данс руу 200.000 /хоёр зуун гучин мянган/ төгрөг шилжүүлүүлсэн. Би төлөгний мөнгөө өөрийн үеэл ах Өлзий-Орших ахыг гуйж 5173002312 гэсэн данснаас нь шилжүүлүүсэн. 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ахин Ганаа ах нь байна гэж хэлэн өмнө ярьсан дугаараасаа ярьж 6 төлөгний мөнгө 300.000 /гурван зуун мянган/ төгрөг 5096043060 гэсэн данс руу шилжүүлж авсан. Би мөн урьдын адил үеэл ах Ганболдын Өлзий-Оршихын данснаас шилжүүлүүлсэн. 2021 оны 03 дугаар сарын 12-нд 4 төлөгний мөнгө болох 200.000 /хоёр зуун мянган төгрөг мөн адилхан данс руу хийлгэсэн ярихдаа адилхан утасны дугаараас ярьсан би үеэл ахын данснаас шилжүүлсэн. Үүний дараа 2021 оны 03 сарын 22-нд ахин 95538740 гэсэн дугаараасаа Ганаа ах нь байна ах нь ажил явдал гараад хүн нас барчихлаа 6 эм хонины мөнгө ахдаа өгчих гэж хэлэн 5096038425 дугаарын данс руу 600.000 /зургаан зуун мянган төгрөг/ шилжүүлж авсан. Тэрнээс хойш ахин холбогдохгүй байж байгаад 2021 оны 04 сард ахин залгаж 2 эм хонины мөнгө авъя гэж ярихад нь би одоо мөнгө өгч чадахгүй та одоо өмнө авсан мөнгөндөө хонь болон төлгөө өгөхгүй юм уу? гэхэд буяны ажил гараад 49 хоног нь дуусаагүй байна дуусгаад би өөрөө аваачаад өгье гэж хэлээд ахин яриагүй бөгөөд бид хоёр сүүлд нь 2021 оны 04 сарын сүүлчээр Ганаа гэх хүн дээр очиж эм хонь болон төлгөө авъя гэхэд би чамаас мөнгө аваагүй надад тийм 95538740 гэсэн дугаар ч байхгүй гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан юм..... Би хохирлоо барагдуулж авсан тул надад гомдол санал байхгүй... Шүүх хуралд оролцож чадахгүй тул миний энэхүү саналыг харгалзан үзэж надад хэргийн материал танилцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

- гэрч Г.Өын мэдүүлсэн...2020 оны 07 дугаар сарын сүүлчээс 2020 оны 01 дугаар сарын 10-ныг хүртэл манай компанид ажиллаж байгаад нутаг буцах үедээ өөрсдийн хэрэглээ цөөхөн мөнгө надаас аваад үлдсэн цалин болох 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг надад үлдээгээд дараа хавраас дүү нь төлөг, эм хонь цуглуулах санаа байна тэр үед танаас наад мөнгийг чинь авъя гэж тохирсон юм. Ингээд 2021 оны 03 сарын 08-ны өдөр манай дүү Н.Н над руу утсаар ярьж би хүнд төлөгний мөнгө өгөх хэрэг гарлаа та 5096043060 гэсэн данс руу 4 төлөгний мөнгө болох 200.000 / хоёр зуун мянган төгрөг/ шилжүүлчих гээд би тухайн данс руу нь тухайн мөнгийг шилжүүлсэн. Мөн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ахин Н.Н холбогдож 5096043060 гэсэн дугаарын данс руу 6 төлөгний мөнгө гэж 300.000 /гурван зуун мянган төгрөг / шилжүүлчих гээд би тухайн мөнгийг нь шилжүүлсэн. 2021 оны 03 сарын 12-нд 5096043060 гэсэн данс руу 4 төлөгний мөнгө 200.000 /хоёр зуун мянган төгрөг шилжүүлчих гэж Н.Н ярихаар нь би шилжүүлсэн. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 22-нд мөн Н.Н ахиж надтай утсаар ярьж 5096038425 гэсэн дугаарын данс руу 6 ширхэг эм хонины мөнгө 600.000 /зургаан зуун мянган төгрөг/ шилжүүлчих гэж ярихаар нь мөн шилжүүлсэн юм. Үүнээс хойш байж байтал манай дүү Н.Н гэнэт надтай утсаар яриад би мөнгө шилжүүлүүлсэн хүнтэйгээ очиж уулзсан чинь надаас мөнгө аваагүй гэж байна. Дансны хуулгаа аваад манай суманд хүрээд ирээч цагдаад мэдэгдэж шалгуулъя би залилуулсан юм шиг байна гэж хэлсэн. Н.Н болон түүний эхнэр Б нар 2020 онд манай компанид ажпаад авсан цалингаасаа 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг надад үлдээсэн байсан тэр мөнгөнөөс нь би шилжүүлж өгч байсан юм. Би өөрийн эзэмшлийн 5173002312 дугаартай хаан банкны данснаас гүйлгээ хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

-гэрч А.Бы мэдүүлсэн....”Манай нөхөр бид 2 2020 оны 07 дугаар сарын сүүлээс 2020 оны 10 дугаар сарын 10-ны хооронд Улаанбаатар хотод Нын үеэл ах Өлзий-Оршихын команид ажиллаж байгаад нутагтаа ирэхдээ ажиллаж авсан цалингаасаа 4,000,000 төгрөг үлдээгээд дараа хавар төлөг эм хонь худалдаж авч малтай больё гэж бодож байна тэр үедээ мөнгөө авъя гэж хэлэн үлдээсэн юм. Ингээд 2021 оны хавар төлөгний мөнгө хүмүүст тараана гэж зар тараагаад хүмүүс ярихаар нь мөнгөө Өлзий-Орших ахаар шилжүүлүүлсэн юм. ...Н тэгж ярих болсон шалтгаан нь Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн иргэн Энэбишийн дүү Ганаа ах нь байна төлөг эм хонины мөнгө өгч байгаа гэж сонсоод ярьж байна. Төлөг болон эм хонины мөнгө авъя гэж 4 удаа 2021 оны 03 сарын 08- наас 2021 оны 03 сарын 22-ны хооронд 95538740 гэсэн дугаарын утсаар манай нөхөр Н руу танихгүй хүн худлаа өөр хүний нэр барьж ярьж байгааг нь мэдэхгүй мөнгө өгсөн юм. Үүнээс хойш байж байгаад 2021 оны 05 сард ахин манай нөхөр рүү Ганаа ах нь байна 2 эм хонины мөнгө авъя гэж манай нөхөр рүү ярьсан боловч манай нөхөр мөнгө өгөөгүй. Ингэж байж байгаад сүүлд нь Ганаа гээд хүнтэй манай нөхөр болон манай дүү Үнэнбат нар явж очиж уулзахад Ганаа ах би та нараас мөнгө төгрөг аваагүй би биш шүү миний нэрийг л өөр хүн барьж ярьсан байх цагдаад мэдэгдэж шалгуулаарай гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал /

-гэрч Ц.Бгийн мэдүүлсэн... 2021 оны 03 дугаар сард манайд Архангай аймгаас Гантулга гэх хүн ирж манайд хэдэн хоног хоносон юм. Тэгэхдээ өөрийн виза картны кодийг мартчихсан гээд миний дансруу 200,000 төгрөг хийлгэсэн. Утга дээр нь төлөг гээд биччихсэн байхаар нь юун төлөг гээд бичсэн юм бэ гэж асуухад би хүнд төлөг өгөөд мөнгө авч байгаа юм гэсэн. Миний дансыг хэд хэдэн удаа ашигласан хэдэн төгрөг авч байсныг сайн санахгүй байна. Утга дээр нь бас ямаа гэсэн байсан. Гантулга хурга өгсөн тэрнийхээ мөнгийг авч байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

-гэрч Б.Пгийн мэдүүлсэн:....Аавын найз Гантулга гэх хүн виза картаа өгөөч мөнгө аваадахъя гээд авсан. Утга дээр нь 6 ш хонь гэж бичсэн байгаа шүү гэж байсан. Гантулга дээрх дансруу шилжүүлээд өгөөч гэхээр нь  өөрийн мобайл банкаар 400,000 төгрөг шилжүүлсэн. Би гэртээ байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/

Шүүгдэгч Т.Г яллагдагчаар мэдүүлсэн.... Би 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаар орж байх үед Архангай аймгийн Өлзийт сумын нэгдсэн зар дээр миний зүс таних Н нь төлөгний мөнгө тарааж байна гэж зар тавьсан байсан. Энэ үед би Нын зар дээр байршуулсан дугаар луу өөрийнхөө 95538740 дугаарын утсаар залгаж “Ганаа ах нь байна төлөгний мөнгө авьяа” гэж хэлээд 4 ширхэг төлөг өгөхөөр болоод миний танил Б эгчийн 5096043060 дугаарын данс руу 200,000 төгрөг авсан. Дараа нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ...300,000 төгрөгийг мөн Б эгчийн данс руу шилжүүлж авсан, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...200.000 төгрөгийг мөн Б эгчийн данс руу шилжүүлж авсан, дараагаар нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ...Б эгчийн охин Пүрэвсүрэнгийн 5096038425 дугаарын данс руу 600.000 төгрөг шилжүүлж авсан юм. Тухайн мөнгөнүүдийг миний бие бэлнээр гаргуулж аваад өөрийхөө өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан юм...Н нь Архангай аймгийн Өлзийт сумых би түүнийг танина, ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/

-Г.Өийн эзэмшлийн ХААН банкны 5173002312 тоот дансны хуулга /хх-ийн 65-67-р тал/

-Б.Пгийн эзэмшлийн ХААН банкны 5096038425 тоот дансны хуулга /хх-ийн 71-77-р тал/

-Ц.Бгийн эзэмшлийн ХААН банкны 5096043060 тоот дансны хуулга /хх-ийн 79-88-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Т.Г  нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баян-Замын 1-5 тоотод буюу гэртээ байхдаа 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүкт Архангай аймгийн нэгдсэн зар дээр иргэн Н.Нын  байршуулсан “Төлөгний мөнгө тарааж байна” гэх зарын дагуу өөрийн 95538740 дугаарын утсаар Н.Нтай холбогдон төлөг зарна гэж хэлж 200,000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 12-нд 200.000 төгрөгийг тус тус 5096043060 тоот дансаар, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 600.000 төгрөгийг 5096038425 тоот  дансаар шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан хохирогч Н.Нт нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Т.Г үйлдлийн улмаас Н.Нт 1,300,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Н.Нын мэдүүлсэн...нийт 1,300,000 төгрөг авсан.... Тэрнээс хойш ахин холбогдохгүй байж байгаад 2021 оны 04 сард ахин залгаж 2 эм хонины мөнгө авъя гэж ярихад нь би одоо мөнгө өгч чадахгүй та одоо өмнө авсан мөнгөндөө хонь болон төлгөө өгөхгүй юм уу? гэхэд буяны ажил гараад 49 хоног нь дуусаагүй байна дуусгаад би өөрөө аваачаад өгье гэж хэлээд ахин яриагүй бөгөөд бид хоёр сүүлд нь 2021 оны 04 сарын сүүлчээр Ганаа гэх хүн дээр очиж эм хонь болон төлгөө авъя гэхэд би чамаас мөнгө аваагүй надад тийм 95538740 гэсэн дугаар ч байхгүй гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан юм.....гэх мэдүүлэг, гэрч Г.Өын мэдүүлсэн.... цалин болох 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг надад үлдээгээд дараа хавраас дүү нь төлөг, эм хонь цуглуулах санаа байна тэр үед танаас наад мөнгийг чинь авъя гэж тохирсон юм. Ингээд 2021 оны 03 сарын 08-ны өдөр манай дүү Н.Н над руу утсаар ярьж би хүнд төлөгний мөнгө өгөх хэрэг гарлаа та 5096043060 гэсэн данс руу 4 төлөгний мөнгө болох 200.000 / хоёр зуун мянган төгрөг/ шилжүүлчих гээд би тухайн данс руу нь тухайн мөнгийг шилжүүлсэн.... Үүнээс хойш байж байтал манай дүү Н.Н гэнэт надтай утсаар яриад би мөнгө шилжүүлүүлсэн хүнтэйгээ очиж уулзсан чинь надаас мөнгө аваагүй гэж байна. Дансны хуулгаа аваад манай суманд хүрээд ирээч цагдаад мэдэгдэж шалгуулъя би залилуулсан юм шиг байна гэж хэлсэн. гэх мэдүүлэг,А.Бы мэдүүслэн...Үүнээс хойш байж байгаад 2021 оны 05 сард ахин манай нөхөр рүү Ганаа ах нь байна 2 эм хонины мөнгө авъя гэж  ярьсан боловч манай нөхөр мөнгө өгөөгүй. Ингэж байж байгаад сүүлд нь Ганаа гээд хүнтэй манай нөхөр болон манай дүү Үнэнбат нар явж очиж уулзахад Ганаа ах би та нараас мөнгө төгрөг аваагүй би биш шүү миний нэрийг л өөр хүн барьж ярьсан байх цагдаад мэдэгдэж шалгуулаарай гэж хэлсэн байсан... гэх мэдүүлэг,  гэрч Ц.Бгийн мэдүүлсэн.... 2021 оны 03 дугаар сард манайд Архангай аймгаас Гантулга гэх хүн ирж манайд хэдэн хоног хоносон юм. Тэгэхдээ өөрийн виза картны кодийг мартчихсан гээд миний дансруу 200,000 төгрөг хийлгэсэн. Утга дээр нь төлөг гээд биччихсэн байхаар нь юун төлөг гээд бичсэн юм бэ гэж асуухад би хүнд төлөг өгөөд мөнгө авч байгаа юм гэсэн... Миний дансыг хэд хэдэн удаа ашигласан хэдэн төгрөг авч байсныг сайн санахгүй байна.. гэх мэдүүлэг,гэрч Б.Пгийн мэдлүүлсэн....Аавын найз Гантулга гэх хүн виза картаа өгөөч мөнгө аваадахъя гээд авсан. Утга дээр нь 6 ш хонь гэж бичсэн байгаа шүү гэж байсан. Гантулга дээрх дансруу шилжүүлээд өгөөч гэхээр нь  өөрийн мобайл банкаар 400,000 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Т.Г энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан үйлдлийг санаатай үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.Нт төлөг зарна гэж хуурч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж,

- шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: гэм буруугийн тухайд маргахгүй,хохиролоо төлсөн гэж тус тус дүгнэлт гаргажээ.

 

 Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд:шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг болон өөрийн үйлдлийн зөв, бурууг ялгах, буруугаас зайлсхийх ухаарал дутмаг, бусдыг хайрлах, өөрийгөө хүндэтгэх төлөвшил хангалтгүй зэрэг нөлөөлсөн гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан           шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж  торгох ялыг сонгож оногдууллаа. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч: шүүгдэгчид 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар уг ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих санал гаргасныг шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал зэрэгт нийцээгүй, хүнд байна гэж үзсэн бөгөөд шүүгдэгч улирлын шинжтэй ажил эрхэлж байгаа гэж мэдүүлсэн тул торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Нт учирсан хохирол болох 1,300,000 төгрөг нөхөн төлөгдсөн, хохирогч цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бааяа ургийн овогт Төмөр-Очирын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ