| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0080/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/01 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч Э.О,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох эрүүгийн 2124000000000 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, _ оны ________дугаар сарын ......-ны өдөр н аймгийн ........... суманд төрсөн, ........ настай, ..............й, .....д боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт аймгийн ....н сумын .............г багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Э.О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.О нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хөхүүрт гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.5904 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хужирт толгой гэх газар руу Бонго маркийн 00-00 000улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 1.448.813 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэний нэхэмжлэгч Б.Б-н: “...Иргэн Э.Оийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сумын Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг ХХ-ийн 24-р хуудас/,
Гэрч Ж.Г-н: “...Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 дугаар урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх удирдамжийн биелэлтийг хангах, мөн Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт сумын засаг даргын тамгын газрын Хантар маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклтой хяналт шалгалтаар ажилласан юм. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хужир толгой гэх газарт иргэн Э.Оийн гэрийн гадаа түлээний модыг ойгоос бэлтгэж хураасан байсан юм. Тухайн моднууд нь 1.50-1.60 метрийн уртаар тайрсан хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Харин хэмжээний үед Бонго юм уу, портер маркийн автомашины тэвшээр 2 удаа ачсан болов уу гэмээр хэмжээтэй моднууд байсан юм. Тухайн үед би Э.Оаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхийг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй тухайн моднуудыг бэлтгэсэн байсан юм. Тухайн түлээний моднуудыг Э.О өөрөө Тэлмэн сумын Баян-айраг багийн нутаг “Хөхүүрт“ гэх газрын ойгоос 2021 оны 07 сарын 18-ны өдөр бэлтгэж, тээвэрлэснээ хүлээсэн юм. Тэр үед иргэн Э.О нь эрхийн бичиг гоожин аваагүй бэлтгэсэн нь миний буруу болжээ одоо яах вэ гоожингоо одоо авчихаж болох уу гээд байхаар нь мод бэлтгэсний дараа мод бэлтгэх эрхийн бичиг авна гэж юу яриад байна вэ гэж хэлээд өнгөрч байсан юм...” гэсэн мэдүүлэг /XXийн 28-29-р хуудас/,
Гэрч Б.О-н: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, Баян-Айраг багийн засаг дарга Б, Нуур багийн засаг дарга Б.П, нарын хамт сумын засаг даргын тамгын газрын Хантар маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтаар явсан юм. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хужир толгой гэх газарт иргэн Э.Оийн гэрийн гадаа түлээний модыг ойгоос бэлтгэж хураасан байсан юм. Тухайн моднууд нь 1.50-1.60 метрийн уртаар тайрсан хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Тухайн үед би Э.Отай өөртэй нь уулзаад мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхийг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй тухайн моднуудыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан. Тухайн үед Э.О өөрөө Тэлмэн сумын Баян-айраг багийн нутаг Хөхүүрт гэх газрын ойгоос 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бэлтгэж, тээвэрлэсэн гэж хэлсэн юм. Э.О 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тэгэхээр Э.Оийн ойгоос бэлтгэсэн дээрх галын түлээний модыг хууль бусаар бэлтгэсэн гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Б.Пийн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021
оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б нарын хамт сумын засаг даргын тамгын газрын Хантар маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтаар явсан юм. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хужир толгой гэх газарт иргэн Э.Оийн гэрийн гадаа очтол гэрийн гадна хэсэгт түлээний модыг ойгоос бэлтгэж хураасан байдалтай байсан юм. Тухайн үед Э.О гэртээ байсан бөгөөд түүнтэй манай сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О нар уулзаж тэр хураалгаастай байсан модны талаар асууж, гоожин эрхийн бичгийг шалгаж байсан юм. Тухайн үед Э.От ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй тухайн моднуудыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн болох нь тогтоогдсон юм. Тэр үед Э.О хэлэхдээ өвөлжөөндөө өвлийнхөө галын түлээнд зориулж дээрх моднуудыг 2021 оны 7 дугаар сард бэлтгэсэн юм гэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй бэлтгэсэн нь миний буруу боллоо гээд байсан юм. Э.Оийн ойгоос бэлтгэсэн байсан моднууд нь 1.50-1.60 метрийн уртаар тайрсан хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/,
Гэрч М.Бын: “...Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хужир толгой гэх газарт иргэн Э.Оийн гэрийн гадаа түлээний модыг ойгоос бэлтгэж хураасан байсан юм. Тухайн үед Э.О өөрөө гэрээсээ гарч ирээд тэгээд тухайн хураасан байсан түлээний модны гоожин эрхийн бичгийг БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О нар шалгахад тухайн иргэнд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан юм. Тухайн үед Э.О ах тэр моднуудаа Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хөхүүрт гэх газрын ойгоос өвлийнхөө галын түлээнд хэрэглэхээр 2021 оны 7 дугаар сард бэлтгэж, өөрийнхөө Бонго Жи-3 маркийн автомашинаар тээвэрлэсэн гэж хэлсэн юм. Тэр өдөр манай сумын байгаль хамгаалагч Б.О ах ярихдаа Э.О 2021 оны 7 сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гээд хэлж байсан юм. Э.О ахын ойгоос бэлтгэж буулгаж хураасан байсан моднууд нь 1.50-1.60 метрийн уртаар тайрсан хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Э.О ах 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр сумын БОХ-ын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт шалгуулахдаа мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй ойгоос хууль бусаар галын мод бэлтгэсэн нь миний буруу боллоо, одоо яанаа гоожингоо авчихаж болохгүй юу гээд БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О нараас гуйгаад байсан юм. Тухайн үед сумын БОХ-ын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хэлэхдээ та мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд байсан юм. Э.О ах ч гэсэн тэр үед гоожингүй мод бэлтгэж тээвэрлэснээ хүлээн зөвшөөрч байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 34 дугаартай: "...Иргэн Э.Оийн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний хуурай мод байна. Хамаарч байгаа үндэслэл нь MNS 5413:2011 монгол улсын стандартаар түлшний мод нь 5-24 см голчтой 2,20 см-хүртэл урттай мод түлшний модонд хамаарах. Уг моднууд нь 8,5904 метр, куб түлшний хуурай мод байна. Иргэн Э.Оийн ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой байна. Тухайн модыг 2021 оны 7 сард ойгоос бэлтгэсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 41-42-р/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн нэмэлтээр гаргасан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай: “...Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хөхүүрт гэх нэртэй газар нь Байгалийн цогцолбор газрын 1-р мужлалд хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр, куб түлшний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 168.655 төгрөг байна. Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хөхүүрт гэх нэртэй газраас бэлтгэсэн 8,5904 метр, куб модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 168.655 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168.655 төгрөг болж, бэлтгэсэн мод 8,5904 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.448.813 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 58-59-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-6 тал/,
мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:
Тайж овгийн Эрдэнэдаваагийн О нь урьд нь ял шийтгэх эдлэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаартай: “...Иргэн ИН0000000 регистрийн дугаартай Эрдэнэхуягийн О нь ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг, тус багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 78-р хуудас/
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний “...тоот регистрийн дугаартай Баян-Айраг багийн иргэн Э.О нь 2017 онд Улс даяар явагдсан орлогыг орлуулан тооцоолох аргачлалын дагуу “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох” судалгаанд хамрагдаагүй болно...” гэсэн тодорхойлолт,
Гэрч Ч.Ш-н “...Хүргэн дүү Э.О нь хүнд тусархуу, нутгийн иргэдийн дунд нэр хүнд сайтай, амьдралын хувьд өөрийн хэдэн малаа маллаж амьдрал ахуйгаа залгуулж явдаг хүн. Гэр бүлийн тухайд хөгшин ээжтэйгээ хамт амьдарч байсан болохоор настай хүн болгонд тусалдаг хүн байгаа юм. Одоогоос 2 жилийн өмнөөс миний төрсөн дүү болох Баянжаргалыг эхнэрээ болгосон. Хэдэн малаа хариулаад хоёулаа Тэлмэн сумын Баян-Айраг багт намаржиж байгаа...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Э.О нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хөхүүрт гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.5904 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хужирт толгой гэх газар руу Бонго маркийн 00-00 000улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 1,448,813 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь :
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн асан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 07-04-335/05 дугаартай акт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт,
гэрч Ж.Гийн “... Э.Оийн гэрийн гадаа түлээний модыг ойгоос бэлтгэж хураасан байсан юм. Тухайн моднууд нь 1.50-1.60 метрийн уртаар тайрсан хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Харин хэмжээний үед Бонго юм уу портер маркийн автомашины тэвшээр 2 удаа ачсан болов уу гэмээр хэмжээтэй моднууд байсан....” гэсэн,
Гэрч Б.Огийн: “Э.Оийн гэрийн гадаа түлээний модыг ойгоос бэлтгэж хураасан байсан..., мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан...” гэсэн,
Гэрч Б.Пийн: “...Э.Оийн гэрийн гадна хэсэгт түлээний модыг ойгоос бэлтгэж хураасан байдалтай байсан...” “... Э.О нь ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй тухайн моднуудыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн миний буруу боллоо гэж байсан...” гэсэн,
Гэрч М.Бын: “...Э.О ах ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гээд хэлж байсан...” гэсэн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Өөрөөр хэлбэл зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.
Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд ургаа мод унанги мод эсэхээс үл хамааран иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.
Хууль бусаар мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Хөхүүрт” гэх газрын ой нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай “...Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хөхүүрт” гэх газар ойн сангийн 1 дүгээр мужлалд хамаарна. Байгалийн цогцолборт газар нутагт хамаарна....” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэтэл шүүгдэгч дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хөхүүрт” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.5904 м3 түлээний хуурай шинэс төрлийн мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.
Шүүгдэгч Э.Оийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг хангаж байх ба шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр Хөхүүртийн ам гэх газраас 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр галын түлээний мод бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ ганцаараа модоо цагаалсан. Тухайн үед би цагаалсан модоо хүргэн дүү Бын 00-00 000улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж өвөлжөөндөө буулгасан...” /хх-ийн 73-74-р хуудас/ гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 1,448,813 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 1,448,813 төгрөг гэж үзнэ.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4,346,439 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч хохирогчид төлөх хохирлын зарим хэсгийг төлсөн мөн зарим хэсгийн нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь:
2021 оны 11 дүгээр сарын 19...”-ний өдрийн төрийн сангийн 100091500914 дугаартай дансанд 1,448,813 төгрөгийг Э.О-аас төлсөн Хаан банкны гүйлгээний баримт...”,
“...Яллагдагч Э.О би 2021 оны 7 дугаар сард Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хөхүүрт” хэмээх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 39 тоот дүгнэлтээр ойн санд 1,448,813 төгрөгийн хохирол учирч үүнийг 3-аар үржиж 4,346,439 төгрөгөөс
2021 оны 11 дүгээр сарын 2-р 10 хоногт 1,448,813 төгрөгийг
2022 оны 12 дугаар сарын 25-нд 1,448,813 төгрөгийг
2023 оны 12 дугаар сары 25-нд 1,448,813 төгрөгийг нөхөн төлж барагдуулахаар иргэний нэхэмжлэгч бид харилцан тохирлоо...” гэсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Э.О нь ойн санд учруулсан хохирол болох 4,346,439 төгрөгөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1.448.813 төгргийг төлсөн нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хаан банкны гүйлгээний баримтаар нотлогдож байх тул нийт хохирол болох 4,346,439 төгрөгөөс 1,448,813 төгрөгийг хасаж тооцон, үлдэх хохирол болох 2,897,626 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.От нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч Э.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдохгүй байх тул уг автомашиныг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 00-00 000улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн хөх цагаан өнгийн моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 8,232 м3 хэмжээтэй, шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 8,232 м3 эзлэхүүнтэй мод, 00-00 000улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Оийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Э.От “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 1,448,813 /нэг сая дөрвөн зуун дөчин найман мянга найман зуун арван гурав/ төгрөгийг төрийн санд төлсөн болохыг дурдаж, гэрээнд заасан хугацаанд шүүгдэгчээс 2,897,626 /хоёр сая найман зуун ерөн долоон мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, эвлэрлийн гэрээг хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 000улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн хөх цагаан өнгийн моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 8,232 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгож, Бонго маркийн 00-00 000улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчид буцаан олгосугай.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 8,232 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугааргүй прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ