Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 38 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох эрүүгийн 2207000000014 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* ХХК-нд *******, ам бүл 3, аав, ээжийн хамт ****** дүүргийн ******* тоотод оршин суух,

Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа/,

*******гийн ******* /РД:*******/,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед **** дүүргийн ******* бааранд Х.ийг мөрлөсөн гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Бааранд ажилладаг байж байхад манай найзууд ирээд хэдэн лааз пиво уусан. Баарнаас гарч тамхилах гээд хаалгаар гарах үед Х. ирж мөрлөхөөр нь нүүр лүү нь цохисон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

 

            Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Х.ийн мэдүүлэг /хх-6/, гэрч М.гийн мэдүүлэг /хх-8/, гэрч Д.ын мэдүүлэг /хх-14/, гэрч С.ийн мэдүүлэг /хх-16/, шинжээчийн 32 дугаартай дүгнэлт /хх-26-27/, прокурорын санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс:  Хохирогч Х.ийн хүсэлт /хх-72/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-74/, шинээр 400.000 төгрөгийг төлсөн, гомдол саналгүй гэх хохирогчийн гаргасан  хүсэлт, ял шалгах хуудас /хх-9/, Налайх дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоол /хх-46-48/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчШүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч Х.д 400.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн бөгөөд хохирогч өөр хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, тус торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг хохирогчид төлсөн. Хохирогч гомдол саналгүй гэсэн байх тул прокурортой тохиролцсон ялын хүрээнд буюу 600.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг дэмжиж байна гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 12 дугаар сарын 20- ноос 21-ний шижлих шөнө 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** дүүргийн ******* бааранд хохирогч Х.ийг намайг мөрлөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.*******ий өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед 3 найзын хамт Налайх дүүрэг ******* баар луу 0.5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво 8 ширхгийг авч уусан..Х. гадаа тамхи татаад зогсож байх үед хүрч ирээд тай юм ярьж байгаад энэ хэн юм гэснээ миний нүүр хамар хэсэг рүү нэг  удаа мөргөсөн. Тэгээд тэр баар луу орчихсон. Тэгээд араас нь орсон чинь бид хоёрын сууж байсан ширээн дээр сууж байсан. Тэгэхээр нь би араас нь ороод хамар хэсэг лүү нь нэг удаа цохисон...Би бол нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би бол нэлээн согтуу байсан зарим зүйлээ санахгүй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 40 дүгээр тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Х.ийн өгсөн: ...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлын хүмүүстэйгээ Налайх дүүргийн ******* бааранд сууж байх үед гэх манай хорооны залуу намайг манай ширээн дээр хүрээд ир гээд дуудсан. Ширээн дээр нь очиход болон нэг залуу хоёр сууж байсан. Тэгтэл намайг очоод суухад удалгүй босоод явчихсан. Тэгэх үед үл таних залуу миний нүүр хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохиод зугтаачихсан...Би баар луу орж байх үед Д.*******тэй мөрлөчихсөн юм. Тэр нь дээр юм бодоод намайг цохисон гэж бодож байгаа. Миний хувьд бол зүгээр санамсаргүй шүргэсэн. Намайг юу ч хэлэлгүй шууд цохисон. Би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 6 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр М.гийн өгсөн: ...манай нөхөр нойл орж бие засчхаад түрүүлээд гараад ирсэн байсан чинь нэг танихгүй залуу нүүр лүү нь цохисон байна лээ. Тэгээд мэдээд над дээр ирээд танай нөхрийг нэг хүн зодчихлоо гээд хэлэхээр нь би яваад очиход хамраас нь цус гарчихсан байж байхаар нь би цагдаа дуудсан бөгөөд нөгөө зодоон хийсэн залуу зугтаах гэхээр нь би барьж цагдаад хэлсэн... гэх мэдүүлэг,

/хх-ийн 8 дугаар тал/

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.ын өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бид СУ-д ажилладаг ажлын хамт олноороо Баян Налайхад ороод Караоке ороод хүний 2 лааз пиво уусан. Тэгээд баар ороод сууж байгаад бид хоёр нойл орох гээд явж байтал хажуу талын ширээн дээр ийн таньдаг хүн байсан. Тэгээд тухайн ширээ рүү явчихсан. Тэгээд би нойл орчхоод гараад ирэх үед ийг нэг залуу цохих шиг болсон. Тэгэхээр нь гүйгээд очтол доошоо харчихсан цусаа гоожуулчихсан байж байсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

 

5. Мөрдөн байцаалтад гэрчээр С.ийн ...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг өнгөрч байх үед найзтайгаа хамт луу очсон...баарны гадаа тамхи татаад зогсож байх үед Х. баарнаас гарч ирээд Д.*******ийг мөргөчихсөн. Тэгэхээр нь би салгаад баар луу орсон...Х. нойл орох гээд явж байсан. Тэгэхээр нь би дуудаад Д.******* тэр хоёр ярилцаж зогсож байгаад Д.*******, Х.ийн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би салгаад хартал Х.ийн хамраас нь цус гарчихсан байсан... гэх мэдүүлэг,

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/32 дугаар: Х.ийн биед хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

/хх-ийн 23 дугаар тал/

 

5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/57 дугаар: Д.*******ий биед гэмтэл тогтоогдоогүй. гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

 

6. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

7. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 61 дүгээр тал/

 

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 43 дугаар тал/

 

9. шүүгдэгч Д.*******ий хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 56-68 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Х.ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Х.ийн  нүүрэн тус газар нь цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/32 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Д.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.*******ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...нэхэмжилсэн хохирол төлбөрөө төлүүлсэн тул гомдолгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын хэмжээнд буюу 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Түүнчлэн улсын яллагч яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын 18 дугаартай саналдаа: ...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд даруй шилжүүлэхээр тогтсон атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 баримтлан шүүхэд ирүүлэх дээ “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналыг Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. гэж зөрүүтэй, эргэлзээ төрүүлэхүйц саналыг шүүхэд гаргаж байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

     шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. *******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д. ******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д. *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ