Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 258

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 7 дугаар хороо, хуульчдийн гудамж өөрийн байранд байрлах Налайх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс  /РД:9102973/-гийн нэхэмжлэлтэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “Бүбүка” ХХК, захирал Т.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Орхонтуяа, нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч төлөөлөгч Х.Орхонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бүбүка” ХХК нь 2014 оны 4-6 сарын нийгмийн даатгалын шимтгэл 770.856 төгрөгийг төлөөгүй.  Шимтгэлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч захирал Т.Бямбасүрэнгийн утас холбогдох, хаана оршин байгаа нь тодорхойгүй болсон. Иймд “Бүбүка” ХХК, захирал Т.Бямбасүрэн нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Налайх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “Бүбүка” ХХК, түүний захирал Т.Бямбасүрэн нарыг “оршин суугаа газар нь мэдэгдэхгүй” үндэслэлээр эрэн сурвалжлуулахыг хүсчээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлож  “Бүбүка” ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 4-6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Бямбасүрэнгийн эрх ашгийг хөндөхгүй байх зорилгоор оршин байгаа газрыг тодруулахаар Налайх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 2/258 тоот албан бичиг явуулахад “Т.Бямбасүрэн нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Идэр дээд сургуулийн 00 тоотод оршин суудаг” гэсэн лавлагаа ирсэн. /хх-22/

Уг хаягаар шүүхийн мэдэгдэх хуудасыг хүргүүлэхээр бичиг хүргэгчийг  явуулахад уг хаягт сургуулийн засварын ажил хийгдсэн байдалтай, засвар хийж буй хүмүүс нь тийм аж ахуйн нэгж, айл энд байрладаггүй тухай мэдүүлсэн байна.  Мөн “Бүбүка” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн Налайх дүүргийн 1 дүгээр хороо Бадралын 0 тоот /одоогийн 7 дугаар хороо Өвөршандын 0/ гэсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас явуулахад 7 дугаар хорооны Засаг даргаас “Бүбүка” ХХК нь дээрх хаягт үйл ажиллагаа явуулдаггүй” гэсэн тодорхойлолт/хх-17/-ыг шүүхэд ирүүлсэн.

Эдгээр баримтуудаар иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих  “Бүбүка” ХХК, түүний захирал Т.Бямбасүрэн нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдсон гэж үзсэн.

Иймд Налайх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн  нэхэмжлэлийг хангаж  2911003042 улсын бүртгэлийн дугаартай 4490665 регистийн дугаартай, барилгын материал, блок үйлдвэрлэж борлуулах үйл ажиллагаа явуулдаг “Бүбүка” ХХК-ийг, УР69011213  регистрийн дугаартай,  улсын бүртгэлд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Идэр дээд сургуулийн байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй Шаазгай овогт Түвшингийн Бямбасүрэнг  эрэн сурвалжлахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч төрийн байгууллага учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-д заасныг баримтлан  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих  2911003042 улсын бүртгэлийн дугаартай 4490665 регистийн дугаартай, барилгын материал, блок үйлдвэрлэж борлуулах үйл ажиллагаа явуулдаг “Бүбүка” ХХК-ийг, УР69011213  регистрийн дугаартай,  улсын бүртгэлд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Идэр дээдсургуулийн байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй Шаазгай овогт Түвшингийн Бямбасүрэнг  эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар “Бүбүка” ХХК, Т.Бямбасүрэнг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Налайх  дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ