Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч М.П,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч М.П-д холбогдох эрүүгийн 2124000000000 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ********************************

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.П нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн Хорооллын тоот хашаанд байрлах Б.Бын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, эрэгтэй хүний буудаг халтар булган малгай, эмэгтэй хүний буудаггүй халтар булган малгай, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, эмэгтэй хүний оюу шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний жижиг хар шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, өлзий хээтэй эрэгтэй, эмэгтэй 1 хос бөгж, чүнчигноров шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, хүүхдийн хүзүүнд зүүдэг дээр үеийн шар хув 20 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, цагаан өнгийн гар буу шиг хэлбэртэй асаагуур 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, улаан чулуун толгойтой хүүхдийн цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, 1 литрийн Финланд архи 1 ширхэг, 0.750 литрийн болор архи 1 ширхэг, 0.750 литрийн эдэн архи 1 ширхэг, 1 литрийн америк виски 1 ширхэг, 2 ширхэг 5 литрийн усны савтай, 1 ширхэг 2.5 литрийн пивоны савтай монгол архи /нийт 12.5 литр/, андройд гар утасны цэнэглэгч 1 ширхэг, модны гар харуул 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Б.Бд 2,195,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.П нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн Хорооллын 713 тоот хашаанд байрлах Б.Бын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод эрэгтэй хүний буудаг халтар булган малгай, эмэгтэй хүний буудаггүй халтар булган малгай, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, эмэгтэй хүний оюу шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний жижиг хар шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, өлзий хээтэй эрэгтэй, эмэгтэй 1 хос бөгж, чүнчигноров шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, хүүхдийн хүзүүнд зүүдэг дээр үеийн шар хув 20 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, цагаан өнгийн гар буу шиг хэлбэртэй асаагуур 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, улаан чулуун толгойтой хүүхдийн цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, 1 литрийн Финланд архи 1 ширхэг, 0.750 грамм болор архи 1 ширхэг, 0.750 грамм эдэн архи 1 ширхэг, 1 литрийн америк виски 1 ширхэг, 2 ширхэг 5 литрийн усны савтай монгол архи, 1 ширхэг 2.5 литрийн пивоны савтай монгол архи /нийт 12.5 литр/, андройд гар утасны цэнэглэгч 1 ширхэг, модны гар харуул 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж авсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нөмрөг сумын Хөдрөг багийн Хорооллын 713 тоотод байх гэртээ байж байгаад 12 цагийн үед хөдөө гэр рүүгээ явсан юм. Тэгээд хөдөө 2 хоноод буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сумын төв дээрх гэртээ ирээд хашааны хаалгаа онгойлгоод ортол манай байшингийн хаалга дэлгээтэй онгорхой байсан. Би дөхөж очоод хартал цоожийг эвдлээд хаалга хөшөөд онгойлгосон байхаар нь гэртээ ороод хартал унтлагын өрөөнд байдаг 2 ширхэг авдрын цоожийг эвдлээд доторх зүйлийг нь ухсан байдалтай онгорхой байсан. Авдар дотор байсан эрэгтэй хүний буудаг халтар булган малгай, эмэгтэй хүний буудаггүй халтар булган малгай, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг граммыг нь мэдэхгүй, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг граммыг нь мэдэхгүй, эмэгтэй хүний оюу шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг граммыг нь мэдэхгүй, эмэгтэй хүний жижиг хар шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг граммыг нь мэдэхгүй, өлзий хээтэй эрэгтэй, эмэгтэй 1 хос бөгж, чүнчигноров шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, хүүхдийн хүзүүнд зүүдэг дээр үеийн шар хув 20 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, цагаан өнгийн гар буу шиг хэлбэртэй асаагуур 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, улаан чулуун толгойтой хүүхдийн цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, 1 литрийн Финланд архи 1 ширхэг, 0.750 литрийн Болор архи 1 ширхэг, 0.750 литрийн Эдэн архи 1 ширхэг, 1 литрийн америк виски 1 ширхэг, 2 ширхэг 5 литрийн усны савтай, 1 ширхэг 2.5 литрийн пивоны савтай монгол архи /нийт 12.5 литр/, андройд гар утасны цэнэглэгч 1 ширхэг, модны гар харуул 1 ширхэг зэрэг зүйл алдагдсан байсан. Би өмнөх мэдүүлэгтээ зарим нэг зүйлийг хэлээгүй мартсан байсан. Бас зарим нэг зүйлийн нэрийг нь мэдэхгүй байсан. Манай гэрт эдгээр зүйлс байсныг манай эхнэр бид 2 мэдэж байсан, өөр хүн мэдэхгүй. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Б, С нар манай гэрт орж ирээд орны доор байсан архи хараад тэр архиа өг гэхээр нь би уурлаад 2.5 литрийн монгол архи өгөөд гаргасан. Орон доор архи байсан талаар Б, С нар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 23-28/,

Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед М.П нь өөрийн 93260620 дугаарын гар утаснаас миний 98197182 дугаарын гар утас руу залгаад манай хашаан дотор эвдэрхий амбаар байгаа түүн дотор 5 литр монгол архи байгаа. Тэр монгол архийг аваад эхнэрт мэдэгдэхгүй нуугаадхаач. Би Бын гэрийг дэлбэлчихлээ гэж хэлсэн. Тэгээд би М.Пгийн гэрт очоод амбаараас нь 5 литр монгол архи аваад гэртээ аваачиж хөлдөөгчид хийсэн. Тухайн архинаас амсаж үзэхэд хатуу монгол архи байсан. 5 литрийн цэвэр усны саванд дүүрэн хийсэн монгол архи байсан...” гэх мэдүүлэг /хх 30-33/,

Гэрч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед М.П нь өөрийн 93000000 дугаарын гар утаснаас миний 98241625 дугаарын гар утас руу залгаад Б-н хашаан дотор жижиг амбаар дотор 5 литр монгол архи байгаа, тэр монгол архийг аваарай гэж хэлсэн. Тухайн үед би эмнэлэг дээр байсан бөгөөд завгүй байсан болохоор аваагүй...” гэх мэдүүлэг /хх 39/,

Гэрч Н.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд намайг хотод байж байхад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим манай нөхөр Б.Б миний дугаар руу залгаж орж ирээд манай гэрт хулгай орсон байна, авдар сав ухсан байна гэж хэлэхээр нь би нөхөртөө цагдаа дуудаад өгчих гэж хэлээд юу, юу алга болсон талаар ярилцахад авдар дотор байсан манай нөхрийн мөнгөн бүс, архи дарс гээд эд зүйл алга болсон байсан. Тухайн үед манай нөхөр хаана юу байж байгаад алга болсон талаар мөнгөн бүс, архи дарснаас өөр зүйл мэдэхгүй байсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Нөмрөг суманд ирээд сумын төв дээрх хулгай орсон гэр рүүгээ ороод нягтлан үзэхэд миний хэрэглэж байсан 1 ширхэг бор өнгийн шигтгээтэй мөнгөн бугуйвч, 4 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг монётон зүүлт манай хүүгийн шар хуван зүүлт, чулуун жижигхэн цагаан хөөрөг, 1 литрийн савалгаатай Финланд архи 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх 43-44/,

Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын эхээр яг хэзээ байсныг санахгүй байна, би авга ахын хүүхэд болох Б-тай явж байгаад Б.Бын сумын төв дээр байдаг байшинд нь орсон. Тэгэхэд Б.Б гэртээ ганцаараа байж байсан. Бид хоёр ороод архи байна уу гэж асуухад гал тогооны өрөөнөөсөө 2.5 литрийн хэмжээтэй пивоны савтай монгол архи авч өгсөн. Тэгэхээр нь бид 2 аваад гараад явсан. Тэр архийг Б-тай бид 2 авч яваад гэрт нь очоод талыг нь уугаад би гэр рүүгээ явсан. Би Б гэх айлын сумын төвд байдаг гэрт эхлээд ороод том өрөөнд нь сууж байхад миний араас Б орж ирсэн. Б ороод ирэхээр нь Б.Б бид хоёр хамт босоод гал тогооны өрөөнд орсон. Бын гал тогооны өрөөнд цэвэр усны савтай, пивоны савтай нэлээн хэдэн ширхэг юм байсан. Том өрөөнд нь сууж байхад Б.Бын том өрөөнд орон доор хөх өнгийн тагтай шилтэй архи хайрцаг дотроос харагдаж байсан. Тэгэхээр нь би Бд тэр архиа өгчих гэсэн чинь үгүй гэж хэлсэн. Орон доор архи байхыг би харсан...” гэх мэдүүлэг /хх 48-49/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 000000045 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 3 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 4, 5 гэж дугаарласан гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй. 1 гэж дугаарласан гарын мөр М.Пгийн зүүн гарын долоовор хурууны дардастай тохирч байна. Харин 3 гэж дугаарласан мөр тохирохгүй байна. Папилляр шугамын эхлэл, салаалт, төгсгөл гэсэн шинж тэмдгээр тохирч байна...” гэсэн дүгнэлт, /хх 56-57/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 51-53/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч М.Пгийн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нөмрөг сумын Нуур багийн нутаг Бэрхийн пооль гэх газраас өөрийн эхнэр хүүхдийн хамт өвс ачаад Нөмрөг сумын төв орж ирсэн. Тэгээд машинаа хашаандаа тавьчхаад гэртээ ганцаараа 0.5 литрийн Ерөөл гэдэг архи уусан. Тэгээд нэмж уумаар санагдаад байхаар нь гэрээсээ гараад дэлгүүр орох гэтэл дэлгүүр хаасан байсан. Нөмрөг сумын төв дээр байдаг ангийн хүүхэд болох Бын гэрт очсон чинь Бын хашааны хаалга цоожтой байхаар нь хашааг нь давж ороод байшин руу нь очиход байшин нь гаднаасаа цоожтой байсан. Тэгэхээр нь Бын байшингийн хаалгыг онгойлгох гээд хашаан дотроос төмөр хайсан. Тэгээд хашааны баруун талын барилгын арматурын төмөр байхаар нь авч очоод байшингийн хаалганы цүүг нь хөшиж онгойлгосон. Тэгээд байшинд нь ороод гал тогооны өрөөнд байсан цэвэр усны савтай архинаас 2 ширхэг аваад том өрөө рүү орсон. Том өрөөнд орсон 2 ширхэг авдар байсан ба би баруун гар талынх нь авдрын цоожийг нөгөө арматурын төмрөөр онгойлгоод эрэгтэй хүний мөнгөн бүс байхаар нь аваад гарсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн Хорооллын 713 тоот хашаанд байрлах Б.Бын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод эд зүйл авсан үйл баримтыг давхар нотолж байна.

Шүүгдэгч М.Пд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

Шүүгдэгч М.Пгийн Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн Хорооллын тоотод байрлах Б.Бын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод эрэгтэй хүний буудаг халтар булган малгай, эмэгтэй хүний буудаггүй халтар булган малгай, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, эмэгтэй хүний оюу шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний жижиг хар шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, өлзий хээтэй эрэгтэй, эмэгтэй 1 хос бөгж, чүнчигноров шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, хүүхдийн хүзүүнд зүүдэг дээр үеийн шар хув 20 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, цагаан өнгийн гар буу шиг хэлбэртэй асаагуур 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, улаан чулуун толгойтой хүүхдийн цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, 1 литрийн Финланд архи 1 ширхэг, 0.75 литрийн Болор архи 1 ширхэг, 0.75 литрийн Эдэн архи 1 ширхэг, 1 литрийн америк виски 1 ширхэг, 2 ширхэг 5 литрийн усны савтай, 1 ширхэг 2.5 литрийн пивоны савтай монгол архи /нийт 12.5 литр/, андройд гар утасны цэнэглэгч 1 ширхэг, модны гар харуул 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч байгаа үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид 2,195,000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 144 дугаартай “...эрэгтэй хүний булган малгай 200,000, эмэгтэй хүний булган малгай 175,000, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг 150,000, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг 240,000, эмэгтэй хүний оюу шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг 55,000, эмэгтэй хүний жижиг хар шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг 35,000, өлзий хээтэй эрэгтэй, эмэгтэй хос бөгж 90,000, чүнчигноров шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг 175,000, хүүхдийн хүзүүнд зүүдэг дээр үеийн шар хув 20 ширхэг 100,000, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг 240,000, цагаан өнгийн гар буу шиг хэлбэртэй асаагуур 1 ширхэг 5,000, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг 215,000, улаан чулуун толгойтой хүүхдийн цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг 140,000, 1 литрийн Финланд архи 1 ширхэг 60,000, 0.75 литрийн Болор архи 1 ширхэг 27,000, 0.75 литрийн Ндэн архи 1 ширхэг 27,000, 1 литрийн америк виски 1 ширхэг 100,000, монгол архи нийт 12.5 литр 100,000, андройд гар утасны цэнэглэгч 1 ширхэг 11,000, модны гар харуул /хуучин/1 ширхэг 50,000 төгрөг нийт 2,195,000...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх 54-55/

Шүүгдэгч М.П нь хохирогчид хохирол төлбөрийг төлсөн болох нь хохирогчийн “...1 сая төгрөгийг бэлнээр авсан...” гэсэн, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “...Б би Пгаас 1 сая 95 мянган төгрөгийг дансаар авсан...” гэсэн хавтаст хэрэгт бичгээр гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн байх тул шүүгдэгч М.Пд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 1 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, 2 ширхэг 5 литрийн усны савтай монгол архийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч М.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.П-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.П-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч М.П нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг 5 литрийн усны савтай монгол архи, эрэгтэй хүний 1 ширхэг мөнгөн бүсийг хохирогч Б.Бд буцаан олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох 1 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ