Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 26

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо 38 дугаар байр 4-55 тоотод оршин суух Алаг адуу  овгийн Пүрэврагчаагийн Тунгалаг /РД:КЮ62012762/-ийн

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Тунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд Налайх дүүргийн найман жилийн 3 дугаар дунд сургуульд багшилж байсан ба тэтгэвэр тогтоолгохоор зохих байгууллагад хандахад зөвхөн ажилд орсон тушаал байгаад, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэрт ч бичилт хийгдээгүй байна. Иймд холбогдох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд Налайх хотын найман жилийн 3 дугаар дунд сургуулийн бага ангийн  багшаар ажиллаж байсныг тогтоож  өгнө үү  гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   журмын   дагуу  цугларсан  бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  П.Тунгалаг нь 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд Налайх хотын найман жилийн 3 дугаар дунд сургуулийн бага ангийн  багшаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүсчээ.

Тэрээр дээрх шаардлагаа нотолж 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Налайх хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Ардын Боловсролын хэлтсийн даргын хүмүүжүүлэгч түр томилох тухай 118 дугаар тушаалын хуулбар /хх-3/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-6/, сайшаалын үнэмлэх /хх-7/, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 3/49 тоот тодорхойлолт /хх-8/, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн 04 тоот тодорхойлолт /хх-9/, гэрч Ж.Оюунцэцэг, Ц.Чулуун, Ц.Алтанцэцэг нарын тодорхойлолт /хх-10-12/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Алтанцэцэг, Ж.Оюунцэцэг, Ц.Чулуун нарыг гэрчээр асуухад  “...П.Тунгалагийг 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд Налайх дүүргийн найман жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан” тухай үйл баримтыг гэрчлэн  мэдүүлсэн.

Эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолж байх тул  нэхэмжлэгч П.Тунгалагийг 1980 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл  Налайх хотын найман жилийн 3 дугаар дунд сургуулийн бага ангийн багшаар ажиллаж  байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн  115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Алаг адуу  овгийн Пүрэврагчаагийн Тунгалагийг 1980 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл Налайх хотын найман жилийн 3 дугаар дунд сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч П.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                             Л.ЭНХБИЛЭГ