Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1095

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Х-холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ганбулган,

хохирогч М.Ц-өмгөөлөгч П.Учралгэрэл,

шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2324 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаартай эсэргүүцлээр Д.Х-холбогдох 1806059711387 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-ийн Х, Улаанбаатар хотод 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................ оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

 

Д.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бэрх Гол” хүнсний дэлгүүрийн орчим 17 настай М.Ц-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Д.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтас хэрэгт, насанд хүрээгүй хохирогч М.Ц-, С.Б-нарыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг аваагүй нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүх үзлээ.

Мөн насанд хүрээгүй С.Б-хохирогчоор тогтоосон атлаа түүний хохирсон хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь хавтас хэрэгт тодорхойгүй бөгөөд яллах дүгнэлтэд хохирсон эсэх талаар дурдаагүй нь буруу болсон гэсэн үндэслэл зааж, Д.Х-холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Х-урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй М.Ц-, С.Б-нарыг хохирогчоор тогтоон, мэдүүлэг авах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хууль ёсны төлөөлөгчийг оролцуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөлийг тодорхой заасан бөгөөд 1.1-д хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй; 1.2-д өсвөр насны; 1.3-д Монгол хэл, бичиг мэдэхгүй; 1.4-т бүх насаар хорих ял оногдуулж болох; 1.5-д хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч; 1.6-д төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулахаар тус тус хуульчилсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд “Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах” тухай тусгай журмыг зохицуулсан байдаг. мөн хуулийн 25.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна” гэж заасан байдаг. Харин хэрэгт насанд хүрээгүй хохирогч М.Ц-, С.Б-нарын эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл тогтоогдоогүй. Өмгөөлөгч оролцуулах үндэслэл тогтоогдоогүй.

Насанд хүрээгүй хүнийг хохирогчоор тогтоон, мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд харин хохирогчийн нийтлэг эрхийн хүрээнд өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээ эдлээгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Х- нь насанд хүрээгүй М.Ц-, С.Б-нарыг зодсон болох нь тогтоогддог. Гэвч Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй М.Ц-биед хөнгөн гэмтэл, харин С.Б-ын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч насанд хүрээгүй С.Батнягт, М.Ц- нарыг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан.

Иргэн Д.Х-холбогдуулан насанд хүрээгүй М.Ц-г зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан, харин С.Б-зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлагад татах үндэслэл тогтоогддоггүй, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2324 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Х тус шүүх хуралдаанд: “...Тайлбаргүй. ...” гэв.

 

Хохирогч М.Ц-өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тус шүүгчийн захирамжид, шүүгдэгч Д.Х-холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч М.Ц-, гэрч Г.Б нар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Д.Х- ганцаараа зодоогүй, Хишигсүрэн болон бусад хүмүүсийн оролцоотойгоор зодсон. Г.Б мөн зодуулсан, одоо ч гэсэн бие нь өвддөг. Компьютер томографикийн шинжилгээ гараагүй байсан учраас гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэдэг нөхцөл байдлыг ярьсан.

Шүүгдэгч Д.Х- одоогоор ямар нэгэн хохирол төлсөн асуудал байхгүй. Хохирогч М.Ц-шүд бэхлэгдээд суурилагдсан зүйл байхгүй, бусад шүднүүд суларч хөдөлгөөнд орсон. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Х-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Х- нь хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруутай үйлдэлд маргадаггүй. Тухайн үед хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн. Шүүгдэгч Д.Х-ын мэдүүлгээр 500,000 төгрөгийн хохирол төлсөн. Цаашид хохирлыг төлөх ба баримтаа гаргаж өгөхөд хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Мөн хохирогч М.Ц- хохирлоо цаашид иргэний шүүхээр нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Ц-, С.Б-нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцуулаагүй, насанд хүрээгүй хохирогч С.Б-хохирогчоор тогтоосон атлаа түүний хохирсон үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, 1806059711387 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Тухайлбал, насанд хүрээгүй хохирогч С.Б-ын гаргасан гомдлоор /хх 2/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байх ба С.Б-мөрдөн байцаалтад анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ч /хх 6/, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо ч /хх 69/ “...цусаар хааяа шээдэг болсон. ...нуруу хүнд юм өргөж чадахгүй байгаа...” талаараа мэдүүлсэн байх ба насанд хүрээгүй хохирогч С.Б-д учирсан гэмтлийг тогтоох зорилгоор үзлэг хийсэн шинжээч “...Хэсэг газрын үзлэгт: Биед ил харагдах гэмтэлгүй, бүсэлхий хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй... Дүгнэлт: ...бүсэлхийн зөөлөн эдийн няцрал...” гэсэн дүгнэлтийг /хх-21/ гаргажээ.

 

Мөн насанд хүрээгүй хохирогч С.Б-анхан шатны шүүх хуралдаанд ”...миний байцаалтыг надад уншуулаагүй, ...надад өөрөө хэлж бичүүлсэн, ...хууль зүйн мэдлэггүй учраас би мэдээгүй...” гэж мэдүүлсэн зэргийг нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал ...өмгөөлөгчийг оролцуулна” гэж зааснаар тус эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Б-өмгөөлөгчтэй оролцох үндэслэл, шаардлага байсан байна.

 

Түүнчлэн, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “...КТГ-н шинжилгээнд явсан боловч ирээгүй....” гэсэн үндэслэлээр/хх 21/ насанд хүрээгүй хохирогч С.Б-ын биед учирсан гэмтлийг тогтоох ажиллагааг бүрэн явуулаагүй байх тул насанд хүрээгүй хохирогч С.Б-ын биед гэмтэл учирсан эсэх асуудлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Иймд дээрхи ажиллагааг мөрдөн байцаалтаар нэмж хийлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, 1806059711387 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх “...Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойн гадна мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдсонгүй...” гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн яллагдагч Д.Х-ыг шүүхэд шилжүүлж /хх 54-55/ , хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг удирдлага болгон 1806059711387 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан зөрчлийг гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2324 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ганбулганы бичсэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ