Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
Хэргийн индекс | 131/2016/0139/Э |
Дугаар | 130 |
Огноо | 2016-09-02 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Мөнх-Эрдэнэ |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 130
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Түвшинжаргал, Д.Бат-Эрдэнэ,
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Г.Баасанжав, Б.Алтангэрэл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201606000177 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын биеийн байцаалт :
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 05 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг эх, ах, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВН00251912 тоот регистрийн дугаартай, Жамбийхан овогт Ганхуягийн Баасанжав,
2. Монгол Улсын иргэн, 2002 оны 03 сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг эх, эгч нарын хамт Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, Баянхонгор аймгийн Жинст сумын Эрдмийн өргөө дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагч, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВН02230631 тоот регистрийн дугаартай, Мөнгөө овогт Буянхүүгийн Алтангэрэл,
Холбогдсон хэргийн талаар:
Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанжав нь Б.Алтангэрэлтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин мехинизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Нарийн бор бут” гэх газарт нутаглаж байсан иргэн Г.Мөнхсуурийн гэрт хууль бусаар нэвтэрч 6 кг 675 граммын хэмжээтэй ноолуурыг хулгайлж бусдад 367.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Алтангэрэл нь Г.Баасанжавтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин мехинизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Нарийн бор бут” гэх газарт нутаглаж байсан иргэн Г.Мөнхсуурийн гэрт хууль бусаар нэвтэрч 6 кг 675 граммын хэмжээтэй ноолуурыг хулгайлж бусдад 367.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.Алтангэрэл, Г.Баасанжав нар нь бүлэглэн 2016 оны 05 сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Нарийн бор бут” гэх газарт нутаглаж байсан иргэн Г.Мөнхсуурийн гэрт нэвтэрч 6 кг 675 граммын хэмжээтэй ноолуурыг хулгайлж бусдад 367.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ...
-хохирогч Г.Мөнхсуурийн ... гэртээ очтол манай гэрийн яндан цухуйхгүй доошоо болчихсон байсан. Тэгээд гэрийн цоожийг онгойлгоод хартал зуух хойшоогоо уначихсан дээр нь байсан тогоотой усыг нь асгачихсан тооноор хүн орсон бололтой байсан. Мөн манай гэрийн хажуу хатавчинд байсан 50 кг ууттай 10 кг орчим ноолуур байсан алга болсон байсан. Тэгээд гараад гадуур ямар нэгэн ул мөр байна уу гээд хартал нэг мотоцикпьтой сундалгаатай 2 хүний гутлын мөр зэрэг байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-18/,
-гэрч Б.Эрдэнэчимэгийн ... Гэрт ороход гэрийн зуухнаас яндан сугарчихсан, зуух арагшаагаа унасан байсан. Хулгайд алдагдсан ноолуур гэрийн баруун талын хатавчинд байсан. Хулгайд алдах өдөр болон түүний урд өдрүүдэд ямаагаа самнасан. Тухайн шуудайтай ноолуур бол 30 тооны борлонг самнаад гарсан 10 кг гаруй ноолуур байсан. Нэг борлонгор ойролцоогоор 300-400 гр гарна. Хамгийн багаар бодоход 300 гр гарна, манай ямаануудаас ноолуур сайн гардаг юм. 50 кг ууттай ноолуураа жинлэж үзээгүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
-иргэний нэхэмжлэгч Ж.Болорын ... Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ганхуяг гэх хүнд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн бүргэд маркийн мотоциклио зарахаар ярьж тохиролцоод мотоциклио мөнгийг нь авалгүйгээр Ганхуягт өгчихсөн байсан юм. Тэгтэл түүнээс хойш удалгүй үнэ мөнгөн дээрээ тохирохоо болиод мотоциклио би 2016 оны 05 дугаар сарын 20-нд гаргаад буцаагаад авчихсан юм. Би мотоциклио 2012 онд 1200000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би мотоциклио 300,000 төгрөгөөр зарахаар тохирсон байсан юм. Миний зараад буцаасан мотоцикпиор Ганхуягийн хүүхэд Баасанжав нь нэг хүүхэдтэй бүлэглэн айлаас ноолуур хулгай хийхдээ ашигласан гэдгийн мэдээгүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,
-насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанжавын ... Явах замд Алтангэрэл хоёулаа Мөнхсуурь ахынд очоодхоё, ноолуур байж магадгүй гэдгийг хэлсэн. Би Алтангэрэлд очъё гэдгийг зөвшөөрөөд бид 2 Мөнхсуурь ахын гэрт очсон. Тэднийх эзэнгүй гэр нь цоожтой байсан. Гэрийн гадаа зогсож байснаа Алтангэрэл чи гэрийн тооноор нь орчих гэж хэлсэн. Би зөвшөөрөөд гэрийн тооноор орсон, тооноор орохдоо зуухан дээр гишгэж орсон. Гэрийн зүүн талаас шуудайтай ноолуур авч Алтангэрэлд өргөж өгсөн. Алтангэрэл гэрийн гадна тооноор шуудайтай ноолуурыг татаж авсан. Би ноолуурыг өргөж өгчихөөд буцаад тооноор гарсан. Тооноор гарсны дараа харахад зуухнаас яндан нь уначихсан, тоононы нүхээр яндан нь дөнгөж цухуйж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,
-насанд хүрээгүй шүүгдэгч Б.Алтангэрэлийн ... Явах замдаа Баасанжавт хандан Мөнхсуурь ахынд очоодхоё, ноолуур байж магадгүй гэдгийг хэлсэн. Тэгсэн Баасанжав зөвшөөрөөд бид 2 Мөнхсуурь ахын гэрт очсон. Тэднийх эзэнгүй гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би Баасанжавт хандан чи тооноор нь орчих гэж хэлсэн. Баасанжав гэр дээр гараад гэрийн тооноор орсон. Би гэр дээр нь сууж байсан. Баасанжав гэр дотор ороод шуудайтай ноолуурыг надад өргөж өгсөн, би дээрээс нь татаж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/,
-ноолуур үнэлсэн тухай хөрөнгийн үнэлгээний төвийн албан бичиг, ноолуур үнэлсэн тухай тайлан /хх-ийн 40-42/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанжав, Б.Алтангэрэл нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Хохирогч Г.Мөнхсуур нь учирсан хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаархи хүсэлтээ илэрхийлсэн байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанжав, Б.Алтангэрэл нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Г.Баасанжав, Б.Алтангэрэл нар нь насанд хүрээгүй болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүй байх нь зохистой гэж үзэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн бүргэд маркын мотоцикль нь иргэн Ж.Болорын эзэмшлийн байх тул түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.
Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Жамбийхан овогт Ганхуягийн Баасанжав, Мөнгөө овогт Буянхүүгийн Алтангэрэл нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанжав, Б.Алтангэрэл нарт 6 /зургаан/ сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах арга хэмжээ оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанжав, Б.Алтангэрэл нарт оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хураагдсан иргэн Ж.Болорын эзэмшлийн бүргэд маркын мотоциклийг түүнд буцаан олгож 2016 оны 08 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанжав, Б.Алтангэрэл нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанжав, Б.Алтангэрэл нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА