Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2179

 

Ц.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02676 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Л,

Хариуцагч Н.Бд холбогдох,

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ц.Лын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ц.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяа Бугант тосгонд Их алт, Сэлэнгэ аймгийн Шарын гол сумын Гахайтын аманд байрлах уурхайд Ц.Л би зохицуулагч даргаар ажиллахаар харилцан тохиролцож, тухайн ажлын хөлсөнд Н.Б нь нэхэмжлэгч миний байрны лизингийн өр болох 38 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Ц.Л би дээрх уурхайнуудын үйл ажиллагааг 24 цаг хариуцаж ажилладаг байсан ба зарим үед өөрөө оператор, засварчин, аж ахуй гэх мэт бүх төрлийн ажлыг хариуцдаг байсан бөгөөд ажилтан албан хаагчдыг удирдан зохион байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлыг дуусган ажлын хөлсөө авахаар шаардсан боловч Н.Б нь тохиролцсон ажлын хөлсөө өгөхгүй цаг хугацаа хожиж, утсаа авахгүй, худал хэлж, ажлын хөлс болох 38 000 000 төгрөгийг өгөхгүй байсан тул 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр уулзаж, нийт 20 000 000 төгрөгийг Н.Бгээс авахаар харилцан тохиролцсон боловч өнөөг хүртэл өгөхгүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлж хүлээн авсан бол харилцаа үүснэ гэснээр үүсэж, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна. Улмаар мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар ажил хийж дууссаны дараа хөлсөө авахаар тохиролцсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, тайлбар өгөөгүй. Хугацаа хэтэрсний дараа тайлбар гэх зүйлийг өгсөн тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъяахүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Л нь Н.Бтэй харилцан тохиролцсон ямар нэгэн гэрээ байхгүй бөгөөд ямар үндэслэлээр 20 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Н.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Бд холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Лын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч уг гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа заавал бичгээр нотлох үүрэгтэй ба уг харилцаа үүссэн талаарх нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа нь нэг талыг барьсан, хуулийг хэрэглээгүй шийдвэр гэж үзэж байна. Учир нь, хуульд гэрээг амаар болон бичгээр байгуулж болохоор хуульчилсан ба амаар байгуулсан гэрээг бичгээр байгуулсантай адилтгаж үзэхээр зохицуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч Н.Б нь хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд тус шүүхэд хэзээ ирүүлсэн нь тодорхойгүй тайлбартаа гэрээ тохиролцоо байхгүй гэснээс бус ажил үйлчилгээ огт хийлгээгүй. Анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэж шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн ажил үйлчилгээний төлбөрт мөнгө өгсөн баримт байхгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд амаар тохиролцсон төлбөрөө өгөөгүй нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

             Нэхэмжлэгч Ц.Л болон түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нь анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлохоор дуу, дүрсний бичлэг /CD/, 9 ширхэг зургийг  нотлох баримтаар шүүхэд өгөх хүсэлт гаргасныг /хх 19/ шүүгч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар мөн өдрийн 2676 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд /хх 18-21/ тусгагджээ.

            Хэрэгт нэхэмжлэгчийн нотлох баримт гаргах хүсэлтийг шийдвэрлэж, бичгээр гаргасан захирамж авагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд хангахаас татгалзсан үндэслэл тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан баримтыг хүлээн авахаас татгалзсан үндэслэл тодорхойгүй байх тул хүсэлтийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлохоор гаргасан хүсэлтийг хангаагүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Талуудыг нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломжоор шүүх хангаагүй тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар гарсан, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн гэж үзэхгүй бөгөөд мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шүүх хуралдаанд оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ