Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0431

 

 

2015 оны 9 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0431

Улаанбаатар хот

 

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.О-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/22 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...сумын 90 жилийн ойн ажлын нэг хэсэг Миний гэрээс манай хотын хөгжил эхэлнэ сэдэвт аяны хүрээнд 2,3,6,8,9 дугаар багийн иргэд хэлэлцүүлэгт огт оролцоогүй. Гэхдээ үүнд тухайн багуудын нийгмийн ажилтнуудад сануулаад сахилгын шийтгэл ногдуулаагүй. Мөн иргэдэд хууль, эрх зүйн сургалт сурталчилгааны багийн 3 өдрийн ажилд багийн иргэдээ хамруулаагүй бөгөөд тухайн ажлын илтгэх хуудастай сумын Засаг дарга танилцаад 3, 7 дугаар багийн нийгмийн ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулахыг үүрэг болгосон. Албан хаагчдыг ажилдаа идэвх гаргаагүй, хариуцлагагүй хандсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж үзэн сахилгын арга хэмжээ авсан. Тухайн шийдвэр нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байна гэжээ.

 

Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн "Ц.Н, Б.О, Ж.А нарт сахилгын арга хэмжээ авах тухай" Б/22 дугаар тушаалын Б.Од холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан албан тушаалтай Б.О нь сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/22 дугаар тушаалын өөрт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргасан байдаг. Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцож 2015 оны 07 дугаар сарын 10-ны 13 дугаар шийдвэрээр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны Б/22 дугаар тушаалын Б.Од холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүх 90-н жилийн ойн ажлыг угтан олон бүтээлч ажил хийгдэхээр төлөвлөсний нэгээхэн хэсэг нь "Миний гэрээс манай хотын хөгжил эхэлнэ" сэдэвт аян байсан бөгөөд аяны хүрээнд иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр 3,6,9 болон хөдөөний малчин айл өрхтэй 2,8 дугаар багийн иргэд хэлэлцүүлэгт огт оролцоогүй байх тул энэхүү ажлыг өөрийн биеэр зохион байгуулж ажилласан Улаангом сумын Засаг даргын орлогч Б.Гомбосүрэн иргэдээ зохион байгуулж хэлэлцүүлэгт оролцуулаагүй багийн нийгмийн ажилтнуудад арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Улаангом сумын Засаг даргын тамгын газрын дарга миний бие нэг удаа гэж харж үзээд өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг хатуу анхааруулан ажилчдын цуглаан дээр тухайн албан хаагчдад үүрэг болгож, сахилгын ямар нэгэн арга хамжээ аваагүй болно.

 

Удирдлагаас өгсөн анхааруулгыг хүлээн авч өөрийн эрхэлсэн ажилдаа мөрдлөг болгон ажиллах нь ажилтан, албан хаагчдын чиг үүрэг байдаг.

Улаангом сумын Засаг даргын тамгын газрын жилийн ажлын төлөвлөгөөний дагуу иргэдэд хууль эрх зүйн сургалт сурталчилгааны ажлыг багийн иргэдэд зохион байгуулж ажилладаг. Энэхүү ажлын хүрээнд Улаангом сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасаг хамтран сумын төвийн 9 багийн 181 иргэдэд 3 өдрийн турш 2 цагийн давтамжтайгаар 18 цагийн сургалтыг зохион байгуулж ажилласан. Энэхүү сургалтын чанар, хүртээмж болон нэгдсэн тайлан илтгэх хуудастай Засаг дарга танилцаад багийнхаа иргэдийг идэвхи сул хамруулсан 3,7 дугаар багийн нийгмийн ажилтан нарт сахилгын арга хэмжээ авах талаар үүрэг болгосон байдаг.

Албан хаагчид өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи чармайлт гаргахгүй, хариуцлагагүй хандан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гэж үзээд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн удирдлага болгон Улаангом сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан Б.О хуулийн 26.1.2 дах заалтаар, 7 дугаар багийн нийгмийн ажилтан Ж.Ариунзаяа хуулийн 26.1.1 дэх заалтаар сахилгын арга хэмжээг Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар авсан байдаг.

Засаг даргын тамгын газрын дарга миний бие эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж ажилласан ажилтан, албан хаагч нартаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцож, сахилгын арга хэмжээ авч ажиллах нь эрх хуулийн хүрээнд баталгаажсан байдаг.

3 дугаар багийн нийгмийн ажилтан Б.О-ийн гаргасан гомдолд томилогдсоноос хойш ажил олгогчоос үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ биелүүлж ажиллаж байгаа гэж дурьдсан байдаг. Багийн нийгмийн ажилтан багийн иргэдээ сургалт сурталчилгаа, хурал цуглаан, хэлэлцүүлэг ... г.м зэрэг олон нийтийг хамруулах ажилд идэвхитэй, ач холбогдол өгч оролцуулж байх талаар ажлын байрны тодорхойлолтонд зааж өгсөн байдаг. Эхний зохион байгуулалтын хэлэлцүүлэгт иргэд хамруулаагүй, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулахад 3900 гаруй хүн амтай багаас 7 иргэд хамруулсан нь ажилдаа хангалтгүй ажиллаж байгаа нь илт харагдаж байна гэж үзэж байна. Менежертэй төрийн захиргааны албан хаагч нь хөдөлмөрийн гэрээ бус үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах ёстой байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолд "төрийн албан хаагч нь менежертэй байгуулсан гэрээг гэрээнд заасан хугацааны дагуу тайлагнаж, дараа оны гэрээний төслийг танилцуулан харилцан санал солилцож, гэрээг байгуулах үүрэгтэй" гэж заасан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэлийг заавал дэс дарааллан авах шаардлагагүй гэж заасан байдаг. Б.Од эхний гаргасан ажлын хариуцлагагүй байдалд удирдлагын зүгээс хатуу анхааруулга байгууллагын цуглаан дээр амаар өгсөн, удалгүй дахин нэг төрлийн алдааг давтан гаргаж байгаад хуулийн дагуу сахилгын арга хэмжээг авсан. Төрийн албан хаагч хүн гаргасан алдаа дутагдал дээрээ дахин дахин халитараад байвал энэ төрийн ажил ер нь яаж урагшлах юм. Байгууллага хамт олныг удирдаж, төрийн олон талт үйлчилгээг явуулдаг байгууллагад төрийн албаны захирах захирагдах ёс, удирдах удирдуулах зарчим баримтлан хуулийн дагуу ажиллаж байгаа гэж би бодож байна.

Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасныг баримтлан шийдвэр гаргасан байдаг. Энэхүү заалтыг баримтлан тушаалыг хүчингүй болгож байгаа нь хангалтгүй гэж үзэж байна. Хуулийн 27.1.2-т "албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах" гэж заасан байдаг. Улаангом сумын Засаг даргын тамгын газар нь ажилтан, албан хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор жил бүр өрөө тасалгаа тохижуулах, шинэлэг орчин бүрдүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг. Төрийн байгууллагын төсөв хүрэлцээгүй байдгийг ажилтан бүр л мэддэг, гэсэн хэдий ч орчин, өрөө тасалгааны тохижилт хийгддэг. Өнгөрсөн жил багийн төвийг ашиглалтанд оруулсан, албан хаагч бүр интернетийн сүлжээнд холбогдсон, энэ жил Улаангом сумын ЗДТГ-ын багийн нийгмийн ажилтан нарын өрөөнд бүрэн засвар, тохижилтын ажил хийгдсэн. Мөн багийн нийгмийн ажилтан нарын иргэдтэй уулзах, сэтгэл судлалын өрөөг бэлтгэн тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна. Байгууллагын зүгээс ажилтан албан хаагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, дээшлүүлэх талаар шинэлэг олон талт ажлыг хийж байгаа гэж бодож байна. Мөн Багийн Засаг дарга нартаа төсөв хүндрэлтэй, дийлэхгүй байгаа ч гэсэн сар бүр утасны ярианы нэгж өгдөг. Цаг үеийн албан ажлын шаардлагаар ажиллах үед шаардлагатай бензин тосоор ханган ажилладаг. Б.Од сургалт, хэлэлцүүлэгт иргэдийг хамруулахдаа төрөөс утасны нэгж; эсвэл албан унаа хэрэглэх ёстой гэж шүүх үзээгүй байхаа гэж найдаж байна.

 

Мөн багийн нийгмийн ажилтан нарыг баг дээрээ иргэдтэйгээ ажиллах өдөр гэж долоо хоног бүрийн пүрэв гарагийг гаргаж өгсөн байдаг. Тухайн өдөр багийн иргэдтэй уулзаж мэдээ мэдээлэл өгч, нөхцөл байдлын үнэлгээ хийж, айлын өрхтэй харилцах дэвтэрт тэмдэглэл хийж ажиллах ёстой байдаг. Энэ үедээ сургалт, хэлэлцүүлгийн мэдээллийг урьдчилан хэлж мэдээллэж ажиллах боломжтой.

Иймд хуулийн 27.1.2 дахь заалтыг эс зөвшөөрч байна

Мөн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын дарга миний бие хавтаст хэрэгтэй танилцаж байх үед Б.О-ийн иргэдэд сургалтанд хамрагдах талаар мэдээлэл өгсөн баримт байхгүй байсан. Гэтэл шүүх хуралдааны үед тэр материалыг оруулж ирсэн байдаг. Тэр материалыг яагаад өмнө нь хавтаст хэрэгт хавсаргаагүй, шүүх хуралдаанаас өмнө яагаад гомдол гаргагчаас нэхэж аваагүй нь ихээхэн нууцлал, сонирхол, хардалтыг дагуулж байна. Мөн энэхүү шүүх хуралдаанд оруулж ирсэн нотлох материалыг нягтлан шалгах шаардлагатай гэж үзэж байна.

 

Хэлэлцүүлэг зохион байгуулахад иргэдийн тоо заасан байдаг. Гэтэл 3 дугаар багаас иргэд хэлэлцүүлэгт оролцоогүй. Харин сургалтанд хамрагдах иргэдийн тоог заагаагүй, баг тус бүр дээр зохион байгуулж байгаа болохоор урьд урьдын сургалтуудаас харьцангуй их иргэдийг хамрагдан байх гэж төлөвлөсөн. Гэтэл 3900 гаруй иргэдтэй 3 дугаар багаас Б.О өөрөө дур мэдэн 30 иргэнд мэдээллэн 7 иргэн хамрагдсан. Б.Оийг 30 иргэнд мэдээллэсэнд гайхаж байна, магадгүй 50, 100, 300 ... иргэнд мэдээллээгүй талаар шүүх нягтлан хянаж өгөхийг хүсч байна. Яагаад иргэдтэйгээ ажиллахгүй байна гэдэг асуудал эндээс харагдаж, цаашлаад пүрэв гараг бүр иргэдтэй ажиллах өдрийн ажлын үр дүн харагдахгүй байгаа нь энэ мэтээр ажиглагдаж байгаа юм. Б.О нь хэлэлцүүлэг, сургалтанд иргэдийг дутуу дулимаг оролцуулж байгаа нь өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи чармайлт гаргадаггүй, удирдлагын үүрэг даалгавар биелүүлдэггүй гэсэн төрийн албан хаагчийн өөрөөс шалтгаалах доголдол, дутагдал ихээхэн харагдаж байна.

Иймд 3 дугаар багийн нийгмийн ажилтан Б.Од холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2 дахь заалтыг баримтлан Ажилдаа хариуцлагагүй хандан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан Б.О-ийн албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулжээ.

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан Миний гэрээс манай хотын хөгжил эхэлнэ сэдэвт хэлэлцүүлэгт тус сумын 3 дугаар багийн иргэдээс оролцоогүй бөгөөд уг үйл ажиллагаанд багийн иргэдийг хамруулаагүй нь багийн нийгмийн ажилтны Б.О-ийн буруу байгаа боловч уг зөрчлийг хариуцагч сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргал 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн болох нь түүний тайлбар, гэрч Б.Гомбосүрэнгийн мэдүүлгээр тогтоогдож байгаа.

 

Тиймээс Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан Миний гэрээс манай хотын хөгжил эхэлнэ сэдэвт хэлэлцүүлэгт тус сумын 3 дугаар багийн иргэдийг оролцуулах үүргээ Б.О биелүүлээгүй бөгөөд Б.О-ийн энэ үйлдэлд хариуцагч Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан хугацаанд хариуцлага ногдуулаагүй нь нотлогджээ.

Мөн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан тус сумын 3 дугаар багийн иргэдэд байгаль орчны багц хуулийн талаар сурталчлах, сургалт зохион байгуулах ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уг сургалт, сурталчилгаанд 3 дугаар багийн иргэдийг хангалттай хамруулах үүргийг нийгмийн ажилтан Б.Оийг хангалтгүй гүйцэтгэсэн гэх зөрчлийг хариуцагч өөрөө бүрэн тогтоогоогүй, мөн хэрэгт авагдсан 3 дугаар багийн нийгмийн ажилтан Б.О-ийн гаргасан Урилга хүргэсэн тухай жагсаалт, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Байгууллагын цуглааны тэмдэглэл зэргээр Б.Оийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хангалтгүй биелүүлсэн гэж шууд дүгнэн үзэх боломжгүй юм.

 

Дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.О нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/22 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.4 дэх заалттай нийцээгүй гэж үзэхээр байна.

Тиймээс анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                             ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

                            ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

                            ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР