Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

шүүгдэгч А.А,

нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 21240000000000 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .............оны ......... дугаар сарын .............нд .......... аймгийн ......... суманд төрсөн, ......... настай, ...й, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ........... аймгийн Т............... сумын оршин суух,  ял шийтгүүлж байгаагүй,  А.А.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч А.А нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Түдэвтэй сумын чиглэлд өөрийн эзэмшлийн Серес маркийн 96-48 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг дэвсгэрт Агуйт гэх газар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “...Жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодхыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Э.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:

Хохирогч Э.Нгийн “...Би нөхөр А.А-ы хамт Улаанбаатар хот ороод Серес маркийн 96-48 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж аваад 2021 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 06 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос Түдэвтэй сумын чиглэлд гарсан. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн үед Нөмрөг сумын Агуйт гэх нэртэй газар манай нөхөр машин бариад явж байгаад замаас гарч осолд орсон. Тэгээд дуудлага өгөөд Түдэвтэй сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн. Осол болох үед манай нөхөр А.А тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд зогсоох арга хэмжээ авсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Тээврийн хэрэгслийн хурдыг хассан, тоормос гишгэсэн, тээврийн хэрэгслийг замаас гаргахгүй гэж жолооны хүрдийг эргүүлсэн зэргийг нь мэдэхгүй байна. Зүгээр явж байгаад л замаас гараад зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Э.Б-н “...2021 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрч байхад эмнэлгийн жижүүр залгаад “зам тээврийн осол гарсан байна, таныг дуудлагаар яв гэж байна” гэж хэлсэн. Уг осол замын KMП-ны цаана засмал замын урд хэсэгт болсон байсан ба намайг очиход тухайн машинаас А.А, Э.Н нар гарчихсан байна. Тэгээд А.А, Э.Н нарын биеийг үзээд Түдэвтэй сумын эмнэлэг рүү тээвэрлээд авчирсан. Тухайн тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан талаар би мэдээгүй. А.А, Э.Н нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-н “...Э.Н нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Түдэвтэй сумын эрүүл мэндийн төв дээр хүргэгдэн ирэхдээ баруун талын хөлний гуя хэсгээрээ хугарсан бололтой хавдсан, баруун талын өвдөгний доод хэсгээр 5 см орчим зүсэгдсэн шархтай, цээж хэсгийн 2, 3 дугаар хавирга хөхрөлттэй эмзэг байсан, хэвлийн хэсгээр 2, 3 газар хөхрөлт үүссэн байсан бөгөөд толгой өвдөх, цээжээр өвдөх, баруун хөлөөр хөдөлж болохгүй өвдөөд байна гэх зовиуртай байсан. А.Аы эрүүний доод хэсэгт зулгарсан шархтай, доод уруулын дотор хэсэгт язарсан шархтай, баруун талны хөлний шагай хэсэгт жоохон хавдсан байсан. А.А нь толгой өвдөх, эрүү өвдөх, баруун хөлний шагай хэсгээр өвдөх гэсэн зовиуртай байсан...” гэсэн мэдүүлэгийн нотлох баримтууд /хх-ийн 38 дугаар хуудас/,

Мөн шинжээчийн дүгнэлт, магадлагаа:

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000000340 дугаартай: “...Э.Н-ийн биед гэмтэл учирсан байна. Баруун дунд чөмөгний далд хугарал, баруун талын 3, 4, 5, 6-р хавирга, зүүн 7-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Э.Нгийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Э.Нгийн биед шинжилгээ хийхэд асуултад тусгагдаагүй нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “...Тухайн тээврийн хэрэгслийг жолооодож явсан гэх А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “...Жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодхыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой...” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/

Завхан аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай “...Танай хэлтэст шалгагдаж байгаа 212400073 дугаартай хэрэгтэй танилцаж, уг хэрэгт хамааралтай тээврийн хэрэгслийг шалгахад 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн үзүүлэлттэй байсан ба одоо байгаа байдал нь механик хүчин зүйлийн үйлчлэлээр хэв гажилтад орж /бүхээг, жолооны механизм/ шинжилгээний обьектийн шаардлага хангахгүй байна...” гэсэн тодорхойлолт,

А.А /РД:/-ы “үнэмлэхийн дугаар 00000000, үнэмлэхийн төлөв хүчинтэй, үнэмлэх олгосон огноо 2016/05/27, үнэмлэхийн хүчинтэй огноо 2026/05/27” гэсэн жолоочийн лавлагаа,

Авто тээврийн үндэсний төвийн “улсын дугаар 0000 ЗАА, марк KIA, модель CERES, арал дугаар KNCSB1125XS731429, үйлдвэрлэсэн он 1999, өнгө хөх, эзэмшигчийн овог А, нэр А, регистр, хаяг Завхан, Түдэвтэй 01, утас 7” гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа,

хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /ХХ-ийн 8-19-р хуудас/

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд:

Тайж нар овогт А.А нь урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

А.А /РД:/-ны иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Аыг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Түдэвтэй сумын чиглэлд өөрийн эзэмшлийн Серес маркийн 96-48 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд явсан зорчигч Э.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой  дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Үүнд: Шүүгдэгч А.А нь Э.Нгийн хамт Серес маркийн 96-48 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос гарч Завхан аймгийн Түдэвтэй сумын чиглэлд зорчин явж байгаад 2021 оны 8 дугаар сарын 11-ний өглөөний 7 цагийн үед Завхан аймгийн Нөмрөг сумын Агуйт гэх нэртэй газар зам тээврийн осол гаргаж, зорчигч Э.Нгийн биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун талын 3, 4, 5, 6-р хавирга, зүүн 7-р хавирганы хугарал зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан байна. 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “...Жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодхыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн.

Шүүгдэгч А.А нь тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай  нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эрх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон тэднээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байна.

Мөн хэрэгт хувийн сонирхолгүй, хамааралгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүд болон дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан хэрэгт ач холбогдолтой шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв нотлох баримтууд байна гэж үзлээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчсөний улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч нь А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч А.Аы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын эхээр Улаанбаатар хотруу өөрийн эхнэр Нгийн хамт яваад Да-хүрээ захаас Серес маркийн машин худалдаж аваад уг машиндаа 96-48 ЗАА гэсэн улсын дугаар аваад, Түдэвтэй сумын дэлгүүрийн бараа ачаад 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 06 цагт Улаанбаатар хотоос Завхан аймаг Түдэвтэй сум руу эхнэр Нгийн хамт гарсан. Тэгээд явж байгаад 2021 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн орчим Завхан аймгийн Нөмрөг сум өнгөрөөд явж байгаад машинтайгаа замын хажуу руу орчихсон. Тэр үед хэсэг хугацаанд ухаан алдаад сэрсэн, тэгээд өөрөө машинаасаа гараад дараа нь эхнэрээ машинаас гаргасан. Тэгээд Түдэвтэй сумын эмнэлэг рүү залгаад болсон хэргийн талаар ярьж дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа түргэн тусламж ирээд манай эхнэр бид хоёрыг авч яваад Түдэвтэй сумын эмнэлэг ороод тэндээсээ Улаанбаатар хот явсан...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь давхар нотолж байна.

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч нь А.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй болох нь:

Хохирогч Э.Н.гийн “...Э.Н би 2021 оны 8 сарын 11-нд өөрийн нөхөр А.Аы хамт явж байгаад зам тээврийн осолд орж хөл хугарсан. Миний бие нөхөртөө ямар нэгэн гомдол саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Аы үйлдлийн улмаас хохирогч Э.Нгийн биед хүндэвтэр хохирол учирсан байх боловч шүүгдэгч, хохирогч нар нь нэг гэр бүлийн гишүүд, хохирогч нь өөрийн нөхөр А.Ад гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.А нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Учир нь шүүгдэгч А.А нь  урьдаас төлөвлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна.

Мөн шүүгдэгч нь зам тээврийн ослын дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж, хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчилгээний үр дүнд биеийн байдал нь эдгэрч, хэвийн байдалдаа орсон байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Иймд шүүгдэгч А.Аы үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгж буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож,  хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1036390 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын  2022 оны 01 дүгээр сарын 14ий өдрийн 07/01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч  А.А нь цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн № дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 14ий өдрийн 07/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОТГОНХИШИГ