| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0242/И |
| Дугаар | 246 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо 15 дугаар байр 133 тоотод оршин суух Боржигон овогт Ядамжавын Туул /РД:УР63071169/-ийн
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би хуулийн дагуу олон хүүхдээр тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс “Тэрэлж амралт зоогийн газарт тогоочоор авч ажиллаж байсан тушаал байгаа боловч 1994 онд халагдсан тушаал архивт байхгүй байна. Иймд1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Тэрэлж амралт, зоогийн газарт тогоочоор ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Туул 1963 оны 07 сарын 11-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр 50 нас хүрч хүүхдийн болзолоор тэтгэвэр тогтоолгоход шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа шалтгаанаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалаар батлагдсан Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3.1.5-д заасан ... “ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар өдөр, дугаар засвартай бөгөөд энэ нь архивын үндсэн баримтаар нотлогдоогүй тохиолдолд уг хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шийдвэрийг хавсаргана” гэснийг үндэслэн 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Тэрэлж амралтын газар/Тэрэлж ХК/-т тогоочоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүсчээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3/1251 тоот албан бичиг, Нийслэлийн Архивын газрын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 97 дугаар тодорхойлолт, гэрч Г.Оюундэлгэр, Ж.Оюунгэрэл, З.Хандхүү нарын мэдүүлгийг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний эцэст нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Я.Туул ажиллаж байсан байдлаа нотлож 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн.
Энэ дэвтэр нь тухайн үед дагаж мөрдөгдөж байсан журмын дагуу хөтлөгдсөн байх бөгөөд дэвтрийн 7 дугаар хуудасны 5-д “1988 оны 6 дугаар сарын 01 Тэрэлж амралтын зоогийн тасагт тогоочоор авч ажиллуулав”, амралтын даргын 1988 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 90 тоот тушаалын 9 дүгээр хуудсаны эхний мөрд 1996 оны 12 дугаар сарын 31 “өөр газар ажиллах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв” Тэрэлж ХК-ний захирлын 1996 оны 12 дугаар сарын 31-ний 29 дүгээр тушаал гэсэн бичилт хийгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно ” гэж заасан.
Нэхэмжлэгч Я.Туулын ажиллаж байсан Тэрэлж амралтын газар/Тэрэлж ХК/ нь татан буугдаж, ажил олгогч архивын үндсэн баримтыг Нийслэлийн Архивын газар, Налайх дүүргийн архивт шилжүүлж өгөөгүйгээс ажиллаж байсан байдал нь архивын үндсэн баримтаар нотлогдоогүй нь Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3/1251 тоот албан бичиг, Нийслэлийн Архивын газрын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 97 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон.
Нэхэмжлэгч Я.Туулыг Тэрэлж амралтын газарт 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тогоочоор орж ажиллан 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тухай хамт ажиллаж байсан Г.Оюундэлгэр, Ж.Оюунгэрэл, З.Хандхүү нар гэрчлэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Эдгээр 3 гэрч нь нэхэмжлэлд дурьдсан хугацаанд Тэрэлж амралтын газар /Тэрэлж ХК/-д ажиллаж байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар давхар нотлогдсон учраас шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн.
Нэхэмжлэгч Я.Туулын хөдөлмөрийн дэвтэр 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн талаар бичилт байгаа хэдий ч тэрээр 1995-1996 оны ажилласан байдал нь 2012 онд батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар зохицуулагдах учраас энэ хугацааны ажилласан байдлыг тогтоолгох шаардлага гаргаагүйг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж улсын орлого оруулсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар суух Боржигон овогт Ядамжавын Туул /РД:УР63071169/-ыг 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Тэрэлж амралтын газар /Тэрэлж ХК/-д тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Я.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ