Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

улсын яллагч Б.Чулуунхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2124000000000 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... оны .......... дугаар сарын ...........-нд.............. аймгийн ......... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, .......... боловсролтой, мэргэжилгүй, .............. буудалд галч ажилтай, ам бүл 7, 4-18 насны 6 хүүхдийн хамт .........н аймгийн ...........л сумын Д............агийн оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Хөдөө аж ахуйн хорооллын оршин суух иргэн Ш.Бийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Иын толгойн тус газар нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:

Үүнд: Хохирогч Б.Иын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14-15 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэр Чандмань хорооллын 14-1403 тоотод оршин суух гэрээсээ гараад найз Бийн гэрт нь очсон. Тэр үед Б нэг шил архи аваад Бийн гэрт орж ирсэн. тэр архийг ууж дууссаны дараагаар би Бийн гэрээс ганцаараа гараад дахин нэг шилтэй архи дэлгүүрээс аваад Бийн гэрт ирээд архийг ууж дуусгасны дараа тарцгаасан. Тэр үед би Бийн гэрийн баруун талын орон дээр унтсан. Тэгээд нилээн харанхуй болсны дараагаар Б нэг шил архитай Бийн гэрт ирээд Б нь аяганд архи хийж ирээд өгөхөөр би 2 удаа ууснаа санаж байна. Уугаад дууссаны дараагаар Б нь миний орны хажууд талд байсан сандлаар миний толгой руу цохиод Бийн гэрээс гараад явсан. Тэр үед би Биар толгойгоо боолгоод, Бийн гэрээс гараад шууд гэртээ ирсэн. Гэртээ ирээд би цагдаад дуудлага өгсөн. Би Д.Быг сайн танихгүй, зүгээр зүс танина. Тухайн үед хамт архи уусан. Тэр үед Бийн хоёр хүүхэд болон эхнэр нь унтсан байсан. Бь, Б нар байсан. Намайг Б сандлаар цохих үед 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-03 цагийн үе байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20, 50-р хуудас/,

Гэрч Ш.Бийн “...Тэгээд би ажлаа дуусгаад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед гэртээ ирэх үед Б болон И нар манай гэрт архи ууж байсан. Тэгээд би гэртээ ороод хамт архи уусан. Тэгээд байж байтал Б миний утас алга болчлоо гэж хэлэхээр нь би Болдын утасны дугаар руу өөрийн дугаараас залгах үед холбогдсон мөртлөө гэрт утас нь дуугарахгүй байсан. Тэгээд би болон Б нар Иын гэрт очиход орон дээр 2 хөлөө унжуулаад хэвтэж байсан. Тэгээд Б Иаас утсаа авья гэж хэлэх үед гутлын түрүүнээс гаргаад өгсөн. Болдын утсыг гаргаж өгсний дараагаар би болон Б нь манай гэр рүү явсан, араас И манайд хүрээд ирсэн. Манай гэрт орж ирээд гэрийн баруун талын орон дээр И хэвтэх үед Б нь Итай бага зэрэг маргалдаад Б нь баруун талын орны хажууд байсан сандлаар Иын толгой хэсэг руу цохьсон. Би Иын толгойг нь мааралаар боогоод, гэрийн шалан дээр дуссан цусыг цэвэрлэсэн. Тэгсний дараагаа И нь манайхаас гараад явсан. Б нь Иыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шөнийн 02-03 цагийн хооронд манай гэрт сандлаар толгой хэсэг рүү нь цохьсон. Уг үйл явдал манай гэрт болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 52-р хуудас/,

Гэрч Д.Д-н “...Манай гэрт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15-16 цагийн хооронд И орж ирсэн. Иыг орж ирээд удаа ч үгүй байтал араас нь Б орж ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд Б болон И нар архи уусан. Тэгээд үед би нөхөр рүүгээ залгаад манай гэрт Б болон И нар ирчихсэн байна гэж хэлсэн. 19 цагийн үед манай нөхөр болох Бь ажлаа тараад ирсэн. Тэгээд тухайн үед Б болон И нартай хамт архи уусан. Би их архи ууж хэрэггүй шүү, энэ архийг уугаад тараарай гэж хэлээд 21 цагийн үед 2 хүүхэдтэйгээ орондоо орсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 54-р хуудас/,

Шинжээчийн дүгнэлт:

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 000000414 дугаартай: “...Б.Иын биед гэмтэл учирсан байна, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Б.Иын биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2021.11.10-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Б.Иын биед олон тооны гэмтэл тогтоогдсонгүй. Б.Иын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаартай “...Д.Б нь сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчинтэй болно. Уг өвчин нь төрөлхийн болон удамшлийн шалтгаантай дахин даамжирдаггүй явцтай болно. Д.Б нь манай байгууллагын хяналтад 2001 оноос хойш байгаа болно. Д.Бын удамд сэтгэцийн өвчинтэй хүн байсан эсэхийг тодорхой мэдэх боломжгүй байна. Үүнд ойр дотны хамаатны хүний бодит асуумж шаардлагатай. Д.Б нь хэргйн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Д.Б нь хэрэг үйлдэгдэх үед болон, үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байгаа. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай болно. Д.Бод өөртөө болон орчиндоо аюултай шинж одоогоор байхгүй байна. Д.Бод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 36-37-р хуудас/

мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Д.Б-н иргэний үнэмлэхний хуулбар,

Завхан аймгийн Цагдаагийн газрын Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10ы өдрийн 1/10 дугаартай: “...Д.Б нь ам бүл-7, хүүхдүүдийн хамт амьдардаг. Дархан-Уул багийн үндсэн иргэн. Түүний нэр дээр тоологдсон мал, бүртгэгдсэн машин, техник байхгүй нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 71-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Д.Б /РД/-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

Гэрч Ш.Б-н “...Би 2007 оноос эхлэн Д.Быг танина. Д.Б нь бага насандаа эцэг эхийн гар дээр өсөж торнисон, цэргийн алба хаагаагүй. Төлөв даруу зантай, найз нөхөд, ах дүү ар гэрийнхэнтэйгээ эвсэг харьцаатай, ажилсаг хичээнгүй, хүний үгэнд оромтгой зан чанартай. Хэлсэн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэдэг, хүнд тусархуу нийтэч зантай, тамхи татдаг, архийг хааяа найз нөхдийн хүрээнд зөв боловсон хэрэглэчихдэг. Уусан үедээ элдэв зан ааш гаргадаггүй. Түүний амьдрал ахуй нь амьжиргааны төвшин доогуур орлоготой өрхөд орно, бөхийн сонирхолтой олон хүүхдийг сайн өсгөж яваа залуу юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/,

Гэрч Б.С-н “...Би Д.Быг 2018 оноос эхлэн уг байгууллага буюу гэх нэртэй зочид буудалд галч хийснээс нь хойш сайн таньдаг болсон. Түүнийг хөндлөнгөөс харахад даруу төлөв зантай, ажилчдынхаа үгэнд сайн ордог, хүнд тусархуу, ажилсаг залуу байгаа юм. Завхан аймгийн Хайрхан багийн нутаг Хөдөө аж ахуйн хороололд 6 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэргүй өрх толгойлсон ганц бие эцэг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байна.

Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Хөдөө аж ахуйн оршин суух иргэн Ш.Бийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Иын толгойн тус газар нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Иын: “...Д.Б нь миний орны хажууд талд байсан сандлаар миний толгой руу цохиод Бийн гэрээс гараад явсан. Тэр үед би Биар толгойгоо боолгосон... гэсэн,

Гэрч Ш.Бийн: “...Д.Б нь Итай бага зэрэг маргалдаад Б нь баруун талын орны хажууд байсан сандлаар Иын толгой хэсэг руу цохьсон. Тэр үед би сандлыг нь барьж авах гэтэл сандалаар цохьсон...” гэсэн,

 “...Б.Иын биед гэмтэл учирсан байна. Духанд шарх гэмтэл тогтоогдлоо...., Б.Иын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд түүний гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн түүнчлэн шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бийнд байж байтал И орж ирээд баруун орон дээр нь гуталтай шууд хэвтээд байхаар нь би айлын орон дээр яагаад гуталтай хэвтэж байгаа юм бэ, гэхэд чамд ямар хамаа байна гээд намайг ганц бие эхнэргүй, хүүхдүүдээ өөрөө өсгөж байгаа гээд доромжлоод орноос өндийж ирээд гараа далайхаар нь би орны хажуу талд байсан улбар шар өнгийн 4 хөлтэй сандлыг аваад толгой хэсэгт нь цохисон...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирлоо төлсөн болох нь:

Хохирогч Б.Иын “...Батчулууны И би иргэн Д.Боос эмчилгээний зардал болох 263,000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт,

2021 оны 12 дугааэр сарын 23-ны өдрийн 500000000 тоот данс руу “Бс Ит ” гэсэн утга бүхий 263,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримт,

шүүгдэгч Д.Бын “... миний бие гэмт хэргийг улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөн хөлтэй улбар шар өнгийн модон сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,  энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Бод шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас гадагш зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналтандаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөн хөлтэй улбар шар өнгийн модон 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ