| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0568/И |
| Дугаар | 285 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Сөүлийн гудамж 25 тоотод байрлах ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 6 дугаар гудамж 744 тоотод оршин суух Боржигон овгийн Нямжавын Алтанцэцэг /РД:УД60022505/-т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,567,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагч Н.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одонжав, Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Алтанцэцэг нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10-206 тоот зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 1,537,500.38 төгрөг дээр нэмээд 8,462,499.62 нийт 10,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай “цалингийн зээл” авсан бөгөөд зээлийн барьцаанд орлого, гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан.
Иймд 2,172,393.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,090,109.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 493,885,96 төгрөг, нийт 5,756,398.3 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Н.Алтанцэцэгийн тэтгэврийн данснаас 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 64,000 төгрөг, 3 дугаар сарын 16-ны өдөр 62,000 төгрөг, 5 дугаар сарын 31-ний өдөр 63,000 төгрөгийг тус тус татаж нийт 189,000 төгрөгний төлөлт хийгдсэнийг үндсэн зээлээс хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагыг 5,567,392 төгрөг болгосон. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан гэв.
Хариуцагч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оноос хойш “Сонин зул” хоршооны захирал асан Н.Чойжхорлоо гэгч эмэгтэйн дэлгүүрт өдрийн 5,000 төгрөгийн цалинтайгаар хуалдагчийн ажил эрхэлж ирсэн бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж байгаагүй юм. Манай захирал эмэгтэй маань маш их өр зээлтэй байсны улмаас дэлгүүрийн ажлыг цааш ажиллуулах хүндрэлтэй байна гээд миний нэр дээр зээл авмаар байна, өөр арга алга гэсээр 4,000,000 төгрөгийн зээлийг анх Хаан банкнаас авсан. Надад энэ мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй ба өөрөө мөнгийг төлөөд явж байсан. Банкинд холбогдох баримтууд байгаа гэж итгэж байна. Энэ зээлийн үлдэгдэл дээр нэмж дахин зээл авсан нь энэхүү 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бөгөөд миний бие 2011 оноос 108,000 төгрөгөөр бодож нийгмийн даатгалын дэвтэр нээлгэснийг ашиглаж 150,000 төгрөгөөр 6 сарын шимтгэл төлөөд үлдсэн 3 сарын хугацаанд шимтгэл төлөгдөөгүй байхад 2012 онд цалингийн зээл нэрээр 8,000,000 орчим төгрөгийг нэмж авсан байдаг. Энэ зээл миний нэр дээр гарсан боловч мөнгийг би хүлээн аваагүй, Н.Чойжхорлоо миний нэр дээр хөөцөлдөн гаргаж авсан зээл юм.
Иймд би энэ зээлийн төлбөрийг төлбөл зохих этгээд биш бөгөөд Хаан банк миний нэр дээр өөр хүнд зээл олгосон нь буруутай гэж үзэж байгаа. Энэ талаар ч цагдаагийн байгууллагад гомдолоо гаргаад шалгуулж байгаа. Мөнгийг би өөрөө хүлээж аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Н.Алтанцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,756,389.3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 5,567,392 болгож өөрчилсөн.
Хариуцагч Н.Алтанцэцэг “би энэ зээлийг аваагүй, “Сонин зул” хоршооны захирал байсан Н.Чойжхорлоо авсан” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Н.Алтанцэцэгт 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 1,537,500.38 төгрөг дээр нэмээд 8,462,499.62 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай “цалингийн зээл”-ийн зориулалтаар, бичгээр гэрээ байгуулж, Н.Алтанцэцэгийн эзэмшлийн 5749541624 дугаарын дансруу 8,462,499.62 төгрөгийг шилжүүлж, 8,377,900 төгрөгийг зээлдэгч гарын үсэг зурж бэлнээр авсан үйл баримт нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэж өгсөн баримтууд, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Хишигжаргал, Чойжхорлоо нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Хариуцагч Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч ХААН банк ХХК хариуцагч Н.Алтанцэцэгтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, түүнд мөнгийг хүлээлгэж өгсөн нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр гарын үсгийн шинжилгээ хийсэн 3490 дугаартай шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон тул нэхэмжлэгч ХААН банк ХХК Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээл 1.983.393 төгрөгийг, гэрээний 2.1.4-т зээлийн хүү жилийн 21.6 гэж тохирсон учраас энэ хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар 3.090.109.53 төгрөгийг шаардах эрхтэй.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 36 сар бөгөөд энэ хугацаанд хариуцагч Н.Алтанцэцэг зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн учраас гэрээний 2.4.5-д зааснаар зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож 493,885.96 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-тэй нийцсэн гэж үзсэн.
Хариуцагч Н.Алтанцэцэг ажил олгогчийн шахалт дарамтаар зээлийг авсан бол энэ тухайгаа банкинд мэдээлж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар гэрээнээс татгалзах, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх боломж байсан бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7.-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Алтанцэцэг мөнгийг теллерээс гарын үсэг зурж аваагүй гэж маргасантай холбогдуулан түүний хүсэлтээр зээлдэгчийн хувийн хэргийг ХААН банкнаас ирүүлсэн бөгөөд уг баримтуудыг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд эхээр нь шинжлэн судлуулж хэрэгт хавсаргуулсаныг дурьдах нь зүйтэй.
Гэрч Н.Чойжхорлоо маргааны зүйл болсон 8,462,499.62 төгрөгийг Н.Алтанцэцэгээс авсан үйл баримтад маргаагүй учраас хариуцагч Н.Алтанцэцэг өөрт учирсан хохирлыг мөнгийг дамжуулан хүлээлгэн өгсөн этгээдээс шаардах эрх нээлттэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107.503 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Алтанцэцэгээс нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 104.028 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Нямжавын Алтанцэцэг /РД:УД60022505/-ээс 5,567,392 /таван сая таван зуун жаран долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж ХААН банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчан төлсөн 107.503 /нэг зуун долоон мянга таван зуун гурав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Алтанцэцэгээс 104.028 /нэг зуун дөрвөн мянга хорин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Хариуцагч Н.Алтанцэцэгийн өмчлөлд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүйг дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч зохих журмын дагуу хийхийг зөвшөөрсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ